- Нүүр
- Сайдын тушаал
- ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын
2013 оны 5 дугаар сарын 15 -ны өдрийн
А-153 тоот тушаалын 1 дүгээр хавсралт
ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
НЭГ. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлж, мод бэлтгэх, тээвэрлэх, худалдан борлуулах үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулахтай холбогдсон мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг олгох, хэрэглэхэд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2. Энэ журам нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр Ойн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөнө.
1.3. Мод бэлтгэх эрхийн бичгийг үндэслэн гарал үүслийн гэрчилгээг олгоно.
ХОЁР. Журмын нэр томъёоны тодорхойлолт
2.1. Энэхүү журамд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
2.1.1. мод бэлтгэх эрхийн бичиг /цаашид “эрхийн бичиг” гэх/ гэж иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад Ойн тухай хуулийн 34.1-д заасны дагуу олгосон ойн нөөц ашигласны төлбөр төлснийг баталгаажуулсан баримт бичгийг;
2.1.2. мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ /цаашид “гарал үүслийн гэрчилгээ” гэх/ гэж мод, модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдахад ойгоос зохих журмын дагуу бэлтгэсэн мод болохыг гэрчилж Ойн тухай хуулийн 34.1, 34.4-д заасны дагуу олгосон баримт бичгийг;
2.1.3. “тээвэрлэгч” гэж тухайн мод, модон материалыг тээвэрлэж яваа иргэн, хуулийн этгээдийг;
2.1.4. “мод, модон материал” гэж гуалин, шургааг, бэлдэц, зүсмэл материал / дүнз, дүнзэнцэр, банз, брус, дранк/ түлээг;
2.1.5. “цахим сүлжээ” гэж эрхийн бичиг болон гарал үүслийн гэрчилгээ тараасан, олгосон тухай цахим хуудсанд суурилуулсан байнгын нэгдсэн мэдээллийг;
2.1.6. “бэлтгэх арга” гэж Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.2, 35.1.3-д тус тус заасныг.
ГУРАВ. Эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний загвар
3.1. Эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ нь аймаг, нийслэлийн нэрийг илэрхийлсэн хэвлэмэл сери, дугаартай байна. Сери нь аймаг, нийслэлийн нэрийн гурван үсгийг оролцуулсан байна.
3.2. Эрхийн бичгийн бүрдүүлбэр нь Ойн тухай хуулийн 34.2-д заасны дагуу байхаас гадна мод бэлтгэх аргыг заасан байна.
3.3. Эрхийн бичиг нь үлдэх, олгох тасалбар гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
3.4. Гарал үүслийн гэрчилгээ нь олгох, сунгах үед тэмдэглэгээ хийх хэсэг, хяналтын хэсэг, шалгасан тухай тэмдэглэл хийх хэсэг болон санамж, үлдэх хувь гэсэн 5 үндсэн агуулгатай байна.
3.5. Гарал үүслийн гэрчилгээний хяналтын хэсэгт 1-100 гэсэн тоо бүхий нэг, 1-10 гэсэн тоо бүхий нэг нийт 2 баганатай хүснэгт байна. Энэ нь тухайн тээврийн хэрэгсэлд ачих мод, модон материалын хэмжээг заана.
3.6. Гарал үүслийн гэрчилгээ нь тодорхой нууцлалтай байна.
ДӨРӨВ. Эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг олгох
4.1. Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийг бүрэн төлсний дараа Ойн тухай хуулийн 34.1-д заасны дагуу эрхийн бичгийг олгоно.
4.2. Эрхийн бичгийг олгохдоо хэрэглээний модны эзлэхүүнийг нягт шоометр /м3/ -ээр, түлээний эзлэхүүнийг сийрэг шоометр /м3/ -ээр тооцно.
4.3. Гарал үүслийн гэрчилгээг эрхийн бичгийг үндэслэн тээврийн хэрэгсэл тус бүрээр Ойн тухай хуулийн 34.4-д заасны дагуу олгоно.
4.4. Тээвэрлэгч чиргүүл ашиглаж байгаа тохиолдолд гарал үүслийн гэрчилгээг нийт тээвэрлэгдэх модны хэмжээгээр бичнэ.
4.5. Эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагад олгосон талаарх мэдээллийг ойн ангийн дарга, сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан олгосон өдрөөс цахим сүлжээнд байрлуулна.
4.6. Мод, модон материалыг тээвэрлэх зайнаас хамаарч гарал үүслийн гэрчилгээний хүчинтэй байх хугацааг тогтооно. Тогтоохдоо Монгол улсын батлагдсан авто замын сүлжээний километрээр тооцон 300 километр тутамд хоногийн 24 цагаар тооцон хүрэх цэг хүртэл цаг, минутыг тавьж өгнө.
4.7. Мод, модон материалыг төмөр замаар тээвэрлэх тохиолдолд гарал үүслийн гэрчилгээний хүчинтэй байх хугацаа 7 хоног байна.
4.8. Хүндэтгэх шалтгаантай тохиолдолд тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүсэлт гарган автомашинаар тээвэрлэж буй тохиолдолд Монгол улсын батлагдсан авто замын сүлжээний километрээр тооцон 300 километр тутамд хоногийн 24 цагаар тооцон 1 удаа, төмөр замаар тээвэрлэж буй тохиолдолд 7 хоногийн хугацаатайгаар 1 удаа сунгуулж болно.
4.9. Гарал үүслийн гэрчилгээнд мод, модон материалын нэр төрөл, тоо хэмжээг цэвэр гаргацтай, засваргүй бичнэ.
4.10. Гарал үүслийн гэрчилгээг урьдчилан болон нөхөн олгохыг хориглоно.
ТАВ. Мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг
хэвлүүлж тараах, тайлагнах
5.1. Тухайн жилд тараах эрхийн бичгийн тоог ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоон хэвлүүлнэ.
5.2. Гарал үүслийн гэрчилгээг тухайн жилд хэвлүүлэх тоог байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоон хэвлүүлнэ.
5.3. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг тухайн жилд ойгоос бэлтгэх модны хуваарь, орон нутгийн саналыг үндэслэн аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, эсхүл түүний зөвшөөрлөөр ойн ангид улирал бүрийн эхний сарын 15-ны дотор тус тус хүргүүлнэ.
5.4. Холбогдох албан тушаалтан нь ойн анги, сум, дүүрэгт эрхийн бичиг гарал үүслийн гэрчилгээг тараасан, хүргүүлсэн тухай мэдээллийг тараасан, хүргүүлсэн өдрөөс цахим сүлжээнд байршуулна.
5.5. Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг хүлээн авснаас хойш хуанлийн 7 хоногт багтаан сум, ойн анги, сум дүүргийн Засаг даргын тамгын газарт тус тус хүргүүлнэ.
5.6. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний тараалт (борлуулалт)-ын тайланг улирал бүрийн эхний сарын 10-ны дотор гаргана.
5.7. Ойн анги, сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний олголт, үлдэгдлийн тайланг улирал тутамд гаргаж, улирал бүрийн эхний сарын 10-ны дотор Байгаль орчны газарт, Байгаль орчны газар нь тухайн сарын 15-ны дотор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
ЗУРГАА. Гарал үүслийн гэрчилгээнд хяналт тавих
6.1. Гарал үүслийн гэрчилгээний хүчинтэй эсэхэд байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч хяналт тавьж ажиллана.
6.2. Гарал үүслийн гэрчилгээний олголтод байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Ойн судалгаа, хөгжлийн төв аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, байгаль орчны хяналтын улсын байцаагч хяналт тавина.
6.3. Мод, модон материалыг тээвэрлэгч нь төв замаар явж дамжин өнгөрөх хяналтын цэгүүдэд гарал үүслийн гэрчилгээ болон холбогдох бусад бичиг баримтыг байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, цагдаагийн ажилтан нарт шалгуулна.
6.4. Тухайн модыг хэрэглэгч хүртэл тээвэрлэхэд гарал үүслийн гэрчилгээ дагалдах бөгөөд зөвхөн ачсан модтой хамт байхад хүчинтэй байна.
6.5. Модны бирж болон захуудаас мод, модон материал худалдан авч өөр аймаг, сум руу тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулан, зарлагын баримтын хамтаар тээвэрлэнэ.
6.6. Гарал үүслийн гэрчилгээгүй, гэрчилгээг баталгаажуулаагүй, дамжин өнгөрөх хяналтын цэгт бүртгүүлээгүй, хугацаа хэтэрсэн зэрэг зөрчилтэй мод, модон материалыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзнэ.
6.7. Мод, модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдан борлуулах тохиолдолд тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч гарал үүслийн гэрчилгээнд бичигдсэн эрхийн бичгийн дугаар, тухайн тээврийн хэрэгсэл, вагонд ачсан мод, модон материалын хэмжээг шалгасны үндсэн дээр хүснэгтэд тэмдэг дарсны дараа гарал үүслийн гэрчилгээг шалгасан тухай тэмдэглэлийг хийж “А” хэсэг болон ачсан модны хэмжээг үлдээн хүснэгтийн зохих хэсгийг таслан авч хадгална.
6.8. Гарал үүслийн гэрчилгээний “үлдэх хувь” гэсэн хэсэгт гэрчилгээний сери, дугаар, мод бэлтгэгчийн нэр, хаяг, мод, модон материалын нэр төрөл, тоо хэмжээний талаар бичилт хийж, санхүүгийн баримт болгон үлдээнэ.
6.9. Дамжин өнгөрөх цэгүүдэд байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар гарал үүслийн гэрчилгээнд шалгасан тухай тэмдэглэл хийж “Б” хэсгийг таслан авч хадгална.
6.10. Төвлөрсөн суурин газар, Улаанбаатар хотын тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх цэг, төмөр замын ачаа буулгах газар, бирж, захуудын дэргэдэх байгаль орчны хяналтын улсын байцаагч нь гарал үүслийн гэрчилгээг шалган энэ тухай тэмдэглэл хийж ”В” хэсгийг таслан авч хадгална.
6.11. Таслан авч хадгалсан хяналтын хэсэг (“А”, “Б”, “В”) нь шаардлагатай нөхцөлд дахин хийгдэх шалгалтын үндсэн баримт болно.
6.12. Гарал үүслийн гэрчилгээний ар талд байгаа шалгасан тухай тэмдэглэлийн эхний босоо хүснэгтийг бичихдээ тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, мод, модон материалын нэр, төрөл, тоо хэмжээг мод бэлтгэх эрхийн бичгийн дугаар, худалдан авсан зарлагын баримттай тулган шалгаж зохих тэмдэглэгээ хийнэ.
6.13. Шалгасан тухай тэмдэглэлийн бусад хүснэгтийг асуултын дагуу гаргацтай бөглөн, он сар, цаг минутыг тодорхой тэмдэглэн, гарын үсэгний тайлалыг бичиж гарын үсэг зуран тэмдгийг гаргацтай тод дарна.
6.14. Тухайн ойн ангийн дарга болон сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан мод, модон материал тээвэрлэгч этгээдэд замын постуудыг зааж өгснөөр батлагдсан төв замаар явж тухайн постуудад бүртгүүлж гарал үүслийн гэрчилгээнд тэмдэглэгээ хийлгэнэ.
6.15. Гарал үүслийн гэрчилгээний эх хувийг мод, модон материал худалдан авагч өөртөө орлого болгон авснаар хувийн болон байгууллагын хэрэгцээнд ашиглах, цаашид худалдан борлуулах эрхтэй болно.
6.16. Мод, модон материал худалдан авагч нь засваргүй, дамжин өнгөрөх хяналтын цэгт бүртгүүлсэн хүчинтэй гарал үүслийн гэрчилгээ бүхий мод, модон материал худалдан авна.
6.17. Мод, модон материал худалдан авагч нь гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон материал, эсхүл гарал үүслийн гэрчилгээ засвартай болон дамжин өнгөрөх хяналтын цэгт бүртгүүлээгүй мод, модон материалын талаарх мэдээллийг холбогдох эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэнэ.
ДОЛОО . Хариуцлага
7.1. Иргэн, аж ахуйн нэгж, албан тушаалтнуудаас энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд хуульд заасан захиргааны болон эрүүгийн хариуцлагын арга хэмжээ тооцно.
7.2. Эрхийн бичиг болон гарал үүслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэхийг хориглоно.
оОо
Текст томруулах
A
A
A