- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах журам батлах тухай
Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 143/836 дугаар тогтоол/тушаалын хавсралт
СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫГ НЯГТЛАН ШАЛГАХ, ТҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгаж, давхардлыг арилгах, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй иргэнийг бүртгэх, иргэний үнэмлэхийн мэдээлэл нь зөрүүтэй бүртгэгдсэн сонгуулийн эрх бүхий иргэний мэдээлэлд залруулга хийх, санал авах өдөр сонгогчийн бүртгэлийг сонгогчдын нэрийн жагсаалтаас иргэний үнэмлэхийн мэдээлэлтэй тулгаж, нягтлан шалгахтай холбогдсон ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангана.
1.3.Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрийн байнга оршин суугаа газрын харъяа сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт хаягийн бүртгэлтэй, төрсөн он, сар, өдрөөс нь тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө 18 насанд хүрсэн, биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/-өөр хянагдсан, эрх зүйн бүрэн чадамжтай иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийг бүртгэх бөгөөд сонгогчдын нэрийг хаягийн бүртгэлийн дагуу дараалуулан бичнэ.
1.4.Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19.3, 19.4-д тус тус заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас сонгуулийн хэсэг тус бүрээр гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан аймаг, дүүргийн сонгуулийн хороо, хэсгийн хороо, түүний гишүүд өөрчлөх, нэмэх, шинээр үйлдэхийг хориглоно.
1.5.Сонгогчдын нэрийн жагсаалтын цахим санд сонгогчийн гэрэл зураг ба биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/-ийн мэдээллийг оруулсан байна.
1.6.Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгахдаа иргэний үнэмлэх, иргэний бүртгэл, мэдээллийн улсын санг ашиглана.
1.7.Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах үйл ажиллагаанд сонгуулийн тухай хууль тогтоомж болон энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.8.Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгасны үндсэн дээр оруулсан өөрчлөлтийн үнэн зөвийг түүнийг гаргасан улсын бүртгэлийн холбогдох байгууллага, салбар, нэгж, ажилтан, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан тус тус хариуцна.
1.9.Сонгуулийн хороод, улсын бүртгэлийн байгууллагууд мэдээллийн технологийн ололтод тулгуурлан цахим хэлбэрээр мэдээлэл солилцож болох бөгөөд цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.
Хоёр.Аймаг, нийслэл дэх улсын бүртгэлийн салбар, нэгж сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах
2.1.Сум, дүүрэг, хорооны улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтны Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу тухайн нутаг дэвсгэрийн баг, хорооны хүн амын хаягийн бүртгэлийг үндэслэн гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтыг аймаг, нийслэл дэх улсын бүртгэлийн салбар, нэгж хүлээн авч, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.
2.2.Аймаг, нийслэл, дүүрэг дэх улсын бүртгэлийн салбар, нэгж нь хүлээн авсан сонгогчдын нэрийн жагсаалтыг дараах байдлаар нягтлан шалгана:
2.2.1.тухайн аймаг, нийслэл, дүүргийн харьяалах нутаг дэвсгэрт оршин суух бүртгэлтэй бүх сонгогч бүртгэгдсэн эсэх;
2.2.2.сонгогчийн талаарх мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд бүртгэгдсэн эсэх;
2.2.3.сонгогчдын нэрийн жагсаалтаас нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан иргэдийн мэдээллийг хассан эсэх.
2.3.Аймаг, нийслэл, дүүрэг дэх улсын бүртгэлийн салбар, нэгж нь сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгасны дараа түүний дүнг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтад дараах өөрчлөлт оруулна:
2.3.1.сонгогч нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй орхигдсон бол сонгогчийг нэмж бүртгэх;
2.3.2.сонгогчийн мэдээлэл зөрүүтэй бүртгэгдсэн тохиолдолд иргэний бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээллийг үндэслэн зөрчлийг арилгах;
2.3.3.энэ журмын 2.2.3-д заасан иргэнийг сонгогчдын нэрийн жагсаалтаас хасах.
2.4.Аймаг, нийслэл дэх улсын бүртгэлийн салбар, нэгж нь энэ журмын 2.3-т заасан өөрчлөлт оруулсан тухай мэдээ, тайланг үндэслэл бүрээр гаргаж Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
Гурав.Сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байрлуулах, түүнд өөрчлөлт оруулах
3.1.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь аймаг, нийслэл дэх улсын бүртгэлийн салбар, нэгжээс нягтлан шалгасан сонгогчдын нэрийн жагсаалтыг хуульд заасан хугацаанд өөрийн www.burtgel.mn цахим хуудаст байрлуулна.
3.2.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь цахим хуудаст байрлуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад дараах өөрчлөлтийг тусгана. Үүнд:
3.2.1.сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн талаар сонгогчоос гаргасан гомдлын дагуу оруулсан өөрчлөлт;
3.2.2.сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн өөрчлөлт зэрэг иргэний бүртгэлтэй холбоотой өөрчлөлт;
3.2.3.нас барсан иргэний бүртгэлтэй холбогдсон өөрчлөлт;
3.2.4.эрх зүйн чадамжгүй нь шүүхээр тогтоогдсон, хорих газар ял эдэлж байгаа иргэдийн мэдээлэл.
Дөрөв.Сонгогчдын нэрийн жагсаалтыг Аймаг, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлэх, нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах
4.1.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 3.2-т заасан сонгуулийн насны иргэдийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг тусгасан сонгогчдын нэрийн жагсаалтыг хуульд заасан хугацаанд аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн байгууллагаар дамжуулан аймаг, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ.
4.2.Сонгогчдын нэрийн жагсаалтын цаасан болон цахим хувийг хүлээлцэж буй этгээд нь хүлээлцсэн тухай акт үйлдэж, гарын үсэг зурна.
4.3.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.1.3-д заасны дагуу гаргасан сонгуулийн хэсгийн хорооны мэдэгдэл, энэ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3-д заасны дагуу гаргасан сонгогчийн гомдол, хүсэлт, холбогдох нотлох баримтыг тухайн сонгогчийн иргэний үнэмлэхийн хуулбарын хамт сум, хорооны улсын бүртгэгчид хүргүүлнэ.
4.4.Сум, хорооны улсын бүртгэгч энэ журмын 4.3-д заасан баримт бичгийг хүлээн авч 7 хоногийн дотор холбогдох лавлагааг /журмын 2 дугаар хавсралт/ иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд гаргаж өгнө.
4.5.Аймаг, нийслэл, дүүрэг дэх улсын бүртгэлийн салбар, нэгж нь иргэний бүртгэлтэй холбогдсон өөрчлөлтийг сум, хорооны улсын бүртгэгчид хүргүүлнэ. Сум, хорооны улсын бүртгэгч нь уг жагсаалтыг хэсгийн хорооны дэргэд ажиллах иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд нэн даруй хүлээлгэн өгнө.
4.6.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан нь энэхүү журмын 4.4, 4.5-д заасны дагуу зөвхөн сонгогчийн бүртгэлийн талаар улсын бүртгэлийн холбогдох байгууллагын мэдээллийн сангаас гаргасан иргэний улсын бүртгэлийн лавлагааг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтад холбогдох өөрчлөлтийг 2 хоногийн дотор оруулна.
4.7.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасныг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах бөгөөд энэ тухай мэдээллийг хэсгийн хороонд тухай бүр лавлагаагаар гаргаж өгнө.
4.8.Хэсгийн хороо энэ журмын 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтны лавлагаагаар ирүүлсэн мэдээллийг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтын бүртгэлийн дэвтэрт холбогдох өөрчлөлтийг бүртгэн авч, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.
4.9.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан нь Аймаг, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19.10-т заасан иргэний мэдээллийг хүлээн авмагц нэн даруй хэсгийн хороонд өгнө.
Тав.Сонгуулийн санал авах өдөр сонгогчийн бүртгэлийг нягтлан шалгах ажиллагаа
5.1.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан сонгуулийн санал авах өдөр сонгогчийн бүртгэлийн ажиллагаанд ашиглах техник хэрэгслийг ашиглан сонгогчийн бүртгэл хөтлөх ажлыг хариуцан ажиллах ба саналаа өгөхөөр ирсэн сонгогчийн хувийн мэдээллийг тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтын цахим сангаас дараах байдлаар шалгана:
5.1.1.сонгогч биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/-ийг уншуулан таниулж, сонгогчийг гэрчлэх иргэний үнэмлэх дэх регистрийн дугаар, оршин суух хаяг, гэрэл зураг зэрэг мэдээллийг нягтлан шалгах;
5.1.2.хэрвээ тухайн сонгогчийн хурууны хээний мэдээлэл цахим санд байхгүй буюу уншигдахгүй бол сонгогчийг гэрчлэх иргэний үнэмлэх дэх регистрийн дугаар, оршин суух хаяг, гэрэл зураг зэрэг мэдээллийг нягтлан шалгах.
5.2.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан сонгогчийн хувийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалтын цахим сангаас шалгаж сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчид “Бүртгэлийн хуудас” /журмын 3 дугаар хавсралт/ хэвлэж олгоно. Бүртгэлийн хуудсанд тухайн сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, нэр, регистрийн дугаар, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн дугаар, сонгуулийн хэсгийн дугаар хэвлэгдсэн байна.
5.3.Сонгогчдын нэрийн жагсаалтын бүртгэлийн дэвтэрт бүртгэл хөтлөхөөр үүрэг хүлээсэн хэсгийн хорооны гишүүн энэ журмын 5.2 дахь хэсэгт заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчийн “Бүртгэлийн хуудас”-ыг хураан авч иргэний үнэмлэхийг сонгогчдын нэрийн жагсаалтын бүртгэлийн дэвтэр дэх бүртгэлтэй тулгаж, тухайн сонгогчийн нэрийн ард гарын үсгийг нь зуруулж саналын хуудас олгоно.
5.4.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 5.1 дэх хэсэгт заасны дагуу сонгогчийн хувийн мэдээллийг шалгахад тухайн сонгогч уг санд бүртгэгдээгүй, мэдээлэл нь буруу эсхүл дутуу бүртгэгдсэн бол Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт заасныг баримтлан сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулж болохгүй учрыг тухайн сонгогчид мэдэгдэж, бүртгэхгүй.
5.5.Сонгогчийн иргэний үнэмлэхийн хаягийн бичвэр нь сонгогчдын нэрийн жагсаалтын хаягийн бичвэрээс бичилт өөр боловч нэг утгыг илэрхийлж байвал хаягийн бүртгэлийн зөрүү гэж үзэхгүй.
Зургаа.Бусад
6.1.Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 4 дүгээр зүйлд заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгаж, түүнд зохих өөрчлөлтийг оруулсан талаарх тайлан, мэдээг гаргаж гарын үсэг зурж баталгаажуулан тухайн сонгуулийн хэсгийн хороо, сум, хорооны улсын бүртгэгчид санал авах өдрөөс өмнө тус тус хүлээлгэн өгөх бөгөөд түүнд дараах мэдээллийг тусгасан байна:
6.1.1.сонгогчдын нэрийн жагсаалтад нийт хэдэн сонгогчийн мэдээлэлд ямар өөрчлөлт оруулсныг жагсаалтаар гаргах;
6.1.2.сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулсан үндэслэл тус бүрээр гаргах;
6.1.3.сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулсан огноог сонгогч тус бүрийн мэдээлэлд үндэслэн гаргах.
6.2.Хэсгийн хороо /сум, хорооны улсын бүртгэгч/ энэ журмын 6.1 дэх хэсэгт заасан итгэмжлэгдсэн ажилтны тайлан, мэдээг санал хураалт дууссаны дараа аймаг, дүүргийн сонгуулийн хороонд /аймаг, нийслэлийн улсын бүртгэлийн салбар нэгжид/ тэмдэглэл үйлдэж, хүлээлгэн өгнө.
6.3.Аймаг, дүүргийн сонгуулийн хороо /аймаг, нийслэлийн улсын бүртгэлийн салбар нэгж/ уг тайлан, мэдээг үндэслэн нэгдсэн тайлан, мэдээг гаргаж хэсгийн хороодоос ирүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнуудын тайлан, мэдээний хамт Сонгуулийн ерөнхий хороонд /Улсын бүртгэлийн ерөнхий газарт/ хүргүүлнэ.
6.4.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгуулийн хэсгийн хорооны дэргэд ажиллах иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтныг томилж, түүнд үнэмлэх /журмын 1 дүгээр хавсралт/олгоно.
6.5.Энэхүү журмын 4.6-д заасан лавлагаа нь зөвхөн аймаг, нийслэл, дүүрэг дэх улсын бүртгэлийн салбар, нэгжээс олгох бөгөөд газар, хэсгийн дарга, сум, хорооны улсын бүртгэгч гарын үсэг, тэмдэгээр, итгэмжлэгдсэн ажилтан гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.
6.6.Аймаг, нийслэл, дүүрэг дэх улсын бүртгэлийн салбар, нэгж нь сум, хорооны улсын бүртгэгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн лавлагааг нэн даруй гаргаж, хүргүүлнэ.
”Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах журам”-ын 1 дүгээр хавсралт
СОНГУУЛИЙН ХЭСГИЙН ХОРООНЫ ДЭРГЭД АЖИЛЛАХ ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖИЛТНЫ ҮНЭМЛЭХИЙН ЗАГВАР
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
Эцэг /эх/-ийн нэр:
Өөрийн нэр:
РД:
...... Аймаг, ...... сум, ...... дүүргийн ИТХ-ын сонгуулийн ... дугаар хэсгийн хорооны дэргэдэх Иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан Дугаар: 0001 |
Олгосон хугацаа: 2012 оны ... дугаар сарын ...-ны өдөр
Дуусах хугацаа: 2012 оны ... дугаар сарын ...-ны өдөр
... аймаг /нийслэл/-ийн Улсын бүртгэлийн хэлтэс /газар/-ийн дарга ......................... тамга
Дугаар: 0001 |
9.5 см
”Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах журам”-ын 2 дугаар хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ЛАВЛАГАА
... он ... сар ... өдөр
Үндсэн мэдээлэл:
РД:
Ургийн овог:
Эцэг /эх/-ийн нэр:
Нэр:
Хүйс:
Төрсөн огноо:
Хаяг:
_____________________________________________________
Сонгогчдын нэрийн жагсаалтад
өөрчлөлт оруулсан утга:
Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал өгөх:
Хэсгийн хорооны дугаар: Аймаг, сум
/дүүрэг, хороо/
Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах үндэслэл:
_____________________________________________________
......... Аймаг /нийслэл, дүүрэг/-ийн ............... сум /хороо/-ын
Улсын бүртгэлийн улсын бүртгэгч
хэлтэс /газар/-ийн дарга ............... ..................................
тэмдэг тэмдэг
_____________________________________________________
Лавлагааг үндэслэн жагсаалтад “түр хасав”, нэмэлт, өөрчлөлт оруулсан:
...... аймаг, ...... сум, ...... дүүргийн ИТХ-ын сонгуулийн ..... дугаар хэсгийн хорооны иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан
Нэр: ................................. .................................
/Гарын үсэг/
”Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах журам”-ын 3 дугаар хавсралт
БҮРТГЭЛИЙН ХУУДАС
Эцэг /эх/-ийн нэр: ............................ Нэр: ............................ РД: ............................ Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн дугаар: ............................
...... аймаг, ...... сум, ...... дүүргийн ИТХ-ын сонгуулийн хэсгийн хорооны дугаар |
Текст томруулах
A
A
A