A

A

A

Бүлэг: 1979


  Засгийн газрын 2013 оны 287 дугаар
  тогтоолын хавсралт

 

ТӨРИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Төрийн санд нээсэн төсвийн хэрэгжилт, төсөл хөтөлбөрийн үйл ажиллагааг хангахтай холбоотой төсвийн ерөнхий данс болон бүртгэлийн дансны бэлэн, бэлэн бус төлбөр тооцоо болон бусад харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

     1.2.1. “Төрийн сан” гэж Төсвийн тухай хуулийн 36.1-д заасныг;

     1.2.2. “Төрийн сангийн нэгдсэн данс” (цаашид “TСНД” гэх) гэж Төсвийн тухай хуулийн 4.1.41-д заасныг;

     1.2.3. “Төсвийн ерөнхий данс” гэж Төсвийн тухай хуулийн 4.1.42-т заасныг;

     1.2.4. “Бүртгэлийн данс” гэж Төрийн санд байршиж байгаа төсвийн байгууллагын дансыг;

     1.2.5. “Тэтгэвэр, тэтгэмж хуваарилагч байгууллага” гэж аймаг, нийслэл, дүүрэг дэх тэтгэвэр, тэтгэмж, халамжийн тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговрыг олгож байгаа нийгмийн даатгалын хэлтэс, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний албыг;

     1.2.6. “Амлалт” гэж бэлтгэн нийлүүлэгч байгууллагатай байгуулсан худалдан авах гэрээ, хэлцэл, захиалгын дагуу ирээдүйд бараа, ажил, үйлчилгээ хүлээн авснаар үүсэх төлбөрийн үүргийг;

     1.2.7. “Амлалтын бүртгэл” гэж төсвийн байгууллага бэлтгэн нийлүүлэгчтэй байгуулсан худалдан авах гэрээ, хэлцэл, захиалгыг үндэслэн түүнд зарцуулагдах хөрөнгийг өөрийн батлагдсан төсвөөс нөөцлөх буюу тусгаарлан бүртгэх үйл ажиллагааг;

     1.2.8. “Гадаад валютын хөрвүүлгийн данс” гэж төсвийн байгууллагын гадаад төлбөр тооцоог гүйцэтгэх, хүлээн авах зорилгоор Монголбанк, арилжааны банкинд байршуулсан хөрвүүлгийн дансыг хэлнэ.

 

Хоёр.  Төрийн сангийн нэгдсэн дансны төлбөр тооцоо

 

2.1. Төрийн сангийн нэгдсэн данс нь Монголбанкинд төгрөгөөр байршина.

2.2. Төрийн сангийн дансны бүртгэлийг холбогдох Төсвийн ерөнхийлөн захирагч тус бүрээр нэгтгэн хөтөлнө. Өдөр тутмын гүйлгээний хаалт хийгдсэний дараа Монголбанк дахь ТСНД-ны үлдэгдэл, Төрийн сангийн системийн үлдэгдэлтэй тохирч байна.

2.3. Төв төрийн сан нь Монголбанк дахь ТСНД-ны үлдэгдэл, Төрийн сангийн системийн үлдэгдэлд зөрүү гарсан тохиолдолд шалтгааныг тодруулан, залруулах арга хэмжээ авна.

2.4. Төв төрийн сан нь ТСНД-ны үлдэгдлийг Монголбанктай тооцоо нийлж, сар бүр дансны үлдэгдлийн баталгааг гаргаж баталгаажуулна.

2.5. Төв төрийн сан, Монголбанкны хооронд жил бүрийн эхэнд банк хоорондын их дүнтэй (нэг сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй гүйлгээ), бага дүн (нэг сая төгрөг түүнээс доош үнийн дүнтэй гүйлгээ)-тэй гүйлгээг дамжуулах гэрээ байгуулж ажиллана.

2.6. Монголбанк ТСНД-наас банк хоорондын үйлчилгээний шимтгэлийг гэрээнд заасны дагуу суутган авч болно.

2.7. Төв төрийн сан нь Монголбанкны үйлчилгээний шимтгэлийг холбогдох баримтад үндэслэн шилжүүлнэ.

 

Гурав. Төсвийн ерөнхий дансны орлого, зарлага

 

3.1. Төсвийн тухай хуулийн 7.7, 44.6-г үндэслэн төсвийн жил дуусахад улсын төсвийн байгууллагын зарцуулаагүй дансны үлдэгдлийг Төв төрийн сангийн улсын төсвийн дансанд, орон нутгийн төсвийн байгууллагын үлдэгдлийг тухайн орон нутгийн төсвийн дансанд оны сүүлийн ажлын өдрийн банк хоорондын сүлжээгээр хамгийн сүүлийн орлого татсаны дараа төрийн сангууд шууд татан төвлөрүүлнэ.

 

Дөрөв. Төрийн сангийн бүртгэлийн данс

 

4.1. ТСНД-ны тогтолцооны хүрээнд төсвийн байгууллага бүр бүртгэлийн данстай байна. Төрийн сан нь төсвийн байгууллагын бүртгэлийн дансыг батлагдсан төсвийн хуваарийн дагуу орлого, зарлагын гүйлгээг хянаж, төлбөр тооцоог ТСНД-аар хийж гүйцэтгэнэ.

4.2. Төсвийн байгууллагын үйл ажиллагааны онцлогоос хамааран төрийн санд дараах төрлийн данстай байж болно:

     4.2.1. төсвийн байгууллагын урсгал санхүүжилтийн данс;

     4.2.2. Төсвийн тухайн хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт төсвийн санхүүжилтийн данс;

     4.2.3. төсвийн байгууллагын хөрөнгө оруулалт, барьцаа, техник хяналтын данс;

      4.2.4. олон улсын гэрээнд тусгайлан заасан төслийн санхүүжилтийн данс;
  4.2.5. хуульд заасан бусад үйл ажиллагааны данс.


Тав. Төрийн санд бүртгэлийн данс нээх, хаах

 

5.1. Төрийн санд дараах тохиолдолд шууд данс нээж болно:

      5.1.1. улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлагын данс, тухайн төсвийн жилд тусгагдсан шинэ нэр төрлийн татварын орлогын данс;

      5.1.2. төсвийн байгууллагын бэлэн мөнгөний төлбөр, тооцоог зохицуулах зорилгоор Төрийн сангийн кассын данс;

      5.1.3. нэр, данс зөрүүтэй орж ирсэн орлогыг бүртгэх Төв төрийн сангийн түр саатлын данс;

      5.1.4. Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн системд шинээр холбогдох сумдын орлого, зарлагын бүртгэлийн данс.

5.2. Төсвийн байгууллага бүртгэлийн данс нээлгэх хүсэлтийг харьяалах төрийн сангийн нэгжид дараах  мэдээллийн хамт албан бичгээр хүргүүлнэ:

      5.2.1. төсвийн байгууллагыг үүсгэн байгуулсан дээд шатны байгууллагын шийдвэрийн хуулбар;

     5.2.2. дансны зориулалт, санхүүжилтийн эх үүсвэрийн талаархи шийдвэр.

5.3. Төв төрийн санд тусгай сангийн данс нээлгэх хүсэлтийг тухайн шатны Төрийн сан дараахь мэдээллийн хамт албан бичгээр хүргүүлнэ:

     5.3.1. тусгай сан байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэрийн хуулбар;

     5.3.2. тусгай сангийн зориулалт, санхүүжилтийн эх үүсвэрийн талаархи шийдвэр;

     5.3.3. тусгай санг зарцуулахтай холбогдсон дүрэм, журмын хуулбар.

5.4. Төрийн сангийн бүртгэлийн дансыг дараах тохиолдолд хаана:

     5.4.1. төсвийн байгууллага нь Төрийн сан дахь өөрийн бүртгэлийн дансыг хаалгах болсон шалтгаан, үндэслэл, дансны үлдэгдлийн талаархи мэдээллийг тодорхой тусгасан албан хүсэлт ирүүлсэн;

     5.4.2. тухайн байгууллагыг татан буулгасан, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа төрийн байгууллагын ангиллаас бусад ангилалд шилжсэн шийдвэрийг эрх бүхий байгууллага гаргасан;

     5.4.3. дээд шатны  байгууллагаас мөн Төрийн сан тухайн дансыг цаашид ашиглах шаардлагагүй гэж үзсэн;

     5.4.4. Үндэсний аудитын газраас тавьсан албан шаардлага, актыг үндэслэн.


5.5. Төсвийн байгууллагын албан ёсны нэр өөрчлөгдсөн тохиолдолд Төрийн сан дахь тухайн байгууллагын бүртгэлийн дансны нэрийг өөрчлөх хүсэлтийг харьяалах Төрийн санд уг байгууллагын нэр өөрчлөгдсөн тухай дээд шатны байгууллагын шийдвэрийн хамт хүргүүлнэ.

5.6. Төсвийн байгууллагаас ирүүлсэн бүртгэлийн данс нээх, хаах болон нэр өөрчлөх тухай хүсэлтийг тухайн шатны Төрийн сан ажлын гурав хоногт багтаан хянаж, Төв төрийн санд албан бичгээр хүргүүлнэ. Төв төрийн сан тухайн шатны Төрийн сангаас ирүүлсэн хүсэлтийг хянаж ажлын гурав хоногийн дотор шийдвэр гаргаж хариу мэдэгдэнэ.

5.7. Хотоос алслагдсан Төрийн сангийн нэгж албан бичгийг шуудангаар болон факсаар ирүүлж болно.

5.8. Төв төрийн сан бүртгэлийн данс шинээр нээсэн, хаасан тухай шийдвэрийн огноогоор жагсаалт гарган дансны мэдээллийн санг үүсгэн, нэгдсэн бүртгэл хөтөлж, ирүүлсэн албан ёсны хүсэлт, холбогдох баримтын хамт архивын нэгж үүсгэнэ.

5.9. Төрийн сан нь өөрийн салбар нэгжийн бүртгэлд байгаа Төрийн сангийн бүртгэлийн дансанд хяналт тавин, бүртгэл хөтөлж архив үүсгэнэ.

5.10. Төрийн сангийн бүртгэлийн дансны дугаар, байгууллагын нэрийг хагас жил тутам Сангийн яамны цахим хуудсанд байршуулж, олон нийтэд ил тод мэдээлнэ.

 

Зургаа. Төсвийн байгууллагын бүртгэлийн дансны орлого

 

6.1. Төсвийн байгууллагын бүртгэлийн дансанд Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн орлого, тусламжийн орлого, туслах үйл ажиллагааны орлогыг хүлээн авна.

6.2. Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн орлогыг төсөвт төвлөрүүлэх үйл ажиллагааг төсвийн байгууллага хариуцан гүйцэтгэнэ.

 

Долоо. Төсвийн байгууллагын бүртгэлийн дансны зарлага

 

7.1. Төсвийн байгууллагын бүртгэлийн дансанд хяналт тавих, зарлагын гүйлгээ хийх эрхийг хоёр гарын үсэгтэйгээр баталгаажуулна. 1 дүгээр гарын үсгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн тушаалаар эрх олгосон албан тушаалтан, 2 дугаар гарын үсгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогч нарт гарын үсэг зурах эрх олгогдоно. Шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын шийдвэрээр Төрийн өмчийн хорооны гуравдагч этгээдийн гарын үсгийн баталгаа байж болно.

7.2. Тухайн байгууллагын төсвийн ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогчийг Төсвийн тухай хуулийн 19.4, 19.5, 19.6-д заасны дагуу томилогдсоноор бүртгэлийн данснаас гүйлгээ хийх эрх үүснэ.


7.3. Төсвийн байгууллага гарын үсгийн баталгааг энэхүү журмын 3 дугаар хавсралтаар баталж, №ТТ-3 маягтаар үйлдэн төсвийн ерөнхийлөн захирагчаар баталгаажуулж, нотариатаар батлуулан энэхүү журмын 7.2-т заасан зөвшөөрлийн хамт харьяа Төрийн санд хүргүүлнэ.

7.4. Төсвийн байгууллага Төрийн сангаас өгсөн нэр, нууц үгийг ашиглан Сангийн яамны цахим хуудаснаас хуулга, тайланг авч өөрийн нягтлан бодох бүртгэлийн мэдээлэлтэй тулган өдөр тутам хяналт тавьж ажиллана. Төрийн сангаас өгөгдсөн нэр, нууц үгийг бусад этгээдэд өгөх, ашиглуулахыг хориглоно.

7.5. Тухайн байгууллага бүртгэлийн данснаас гүйлгээ хийхдээ байгууллагын 1 болон 2 дугаар гарын үсэг, байгууллагын тамга, тэмдгээр баталгаажсан төлбөрийн хүсэлтийг энэхүү журмын 1 дүгээр хавсралтаар баталсан №ТТ-1 маягтын дагуу 2 хувь, бэлэн мөнгөний төлбөрийн хүсэлтийг энэхүү журмын 2 дугаар хавсралтаар баталсан №ТТ-2 маягтын дагуу 2 хувь үйлдэн харьяалагдах Төрийн санд хүргүүлнэ.

7.6. №ТТ-1 маягт нь дараах мэдээллийг агуулна:

     7.6.1. төлбөрийн хүсэлтийн дугаар, огноо;

      7.6.2. төсвийн байгууллагын бүртгэлийн дансны дугаар;

     7.6.3. төсвийн байгууллагын албан ёсны нэр;

     7.6.4. харилцагч Төрийн сангийн нэгжийн нэр;

     7.6.5. төлбөр хүлээн авагчийн улсын бүртгэлийн регистрийн дугаар;

      7.6.6. төлбөр хүлээн авагчийн нэр болон дансны дугаар;

     7.6.7. төлбөр хүлээн авагчийн банк;

     7.6.8. төлбөрийн нийт хэмжээ тоогоор болон үсгээр;

     7.6.9. төлбөрийн нийт дүн, эдийн засгийн ангилал болон үнийн дүнгийн задаргаа;

     7.6.10. гүйлгээний утга;

      7.6.11. амлалтын бүртгэлийн хуудасны дугаар, хяналтын хуудасны дугаар.

7.7. №ТТ-2 маягт нь дараах мэдээллийг агуулна:

      7.7.1. төлбөрийн хүсэлтийн дугаар, огноо;

      7.7.2. төсвийн байгууллагын бүртгэлийн дансны дугаар;

      7.7.3. төсвийн байгууллагын албан ёсны нэр;

      7.7.4. харилцагч Төрийн сангийн нэгжийн нэр;

      7.7.5 төлбөрийн дүнг тоогоор болон үсгээр;

      7.7.6. төлбөрийн нийт дүн, эдийн засгийн ангилал болон үнийн дүнгийн задаргаа;

      7.7.7. бэлэн мөнгө татан авах итгэмжлэгдсэн няравын овог, нэр;

      7.7.8. бэлэн мөнгө хүлээж авагчийн регистрийн дугаар, төрийн сангаас олгосон итгэмжлэхийн дугаар.

7.8. Тухайн байгууллага төлбөрийн хүсэлтийг үндэслэх баримт, хяналтын хуудсыг энэхүү журмын 4 дүгээр хавсралтаар баталсан хяналтын хуудас (№ТТ-4 маягт)-ны хамт ирүүлэх үүргийг хүлээнэ. Үндэслэх баримтад: Төсвийн ерөнхий менежерийн тушаал, төсвийн задаргааг баталсан хавсралт, баталгаажуулсан цалингийн жагсаалт, товчоо (цалингийн жагсаалт болон товчоон доторхи мэдээллийн үнэн зөв байдлыг тухайн байгууллага хариуцна), ажил, үйлчилгээ гүйцэтгэх, бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ, бараа, ажил, үйлчилгээ хүлээн авсан акт, нэхэмжлэх, бараа матариалын орлого, зарлагын баримт эсхүл өр төлбөр байгааг нотолсон тооцоо нийлсэн акт, жижиг мөнгөн сангийн тайлан, арилжааны банк дахь бэлэн мөнгөний дансны хуулга болон бусад бичиг баримт хамаарна. Хуулийн дагуу тендер шалгаруулж, бэлтгэн нийлүүлэгчийг сонгосон бол Үнэлгээний хорооны шийдвэрийг холбогдох материалд хавсаргаж ирүүлнэ.

7.9. Хяналтын хуудас нь төлбөрийн хүсэлтийн үндэслэх баримтын нэгдсэн товчоо буюу жагсаалт байх бөгөөд байгууллагын санхүүгийн алба, хэлтсийн дарга баталгаажуулж санхүүгийн тэмдэг дарсан байна. Энэхүү хяналтын хуудас нь Төрийн сан тухайн байгууллагын гүйлгээг төлбөрийн хүсэлтийн дагуу хийхдээ ямар баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг нотлох баримт болно.

7.10. Төсвийн байгууллага нь Төсвийн тухай хуулийн 37.1.5-д заасны дагуу төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэх зорилгоор байгууллагууд Төрийн сангаас батлагдсан загварын дагуу №ТТ1, №ТТ2 маягтын мэдээллийг цахим хэлбэрээр бэлтгэж урьдчилан илгээж болно.

7.11. Тухайн байгууллагын данснаас дараах тохиолдолд орлого бууруулах гүйлгээ хийхийг зөвшөөрнө:

     7.11.1. улсын болон орон нутгийн төсвийн орлогын төвлөрүүлэлт;

     7.11.2. төсвийн ерөнхий дансанд үлдэгдлийг төвлөрүүлэх;

      7.11.3. нэр, данс зөрүүтэй орлогыг;

     7.11.4. нийгмийн даатгалын сан, даатгалын компаниас тухайн даатгуулагчтай холбоотой даатгалын төлбөрийг;
     7.11.5. гадаад орон, олон улсын байгууллага, дээд шатны төсвийн эрх захирагчаас олгосон арга хэмжээний санхүүжилтийн зарцуулагдаагүй үлдэгдлийг санхүүжүүлсэн байгууллагад шилжүүлэх;

      7.11.6. барьцаа хөрөнгийн зориулалтаар орж ирсэн орлогыг тухайн мөнгө тушаасан байгууллага, иргэнд шилжүүлэх;

     7.11.7. ялтны хөдөлмөрийн хөлс;

     7.11.8. тендерийн орлого;

     7.11.9. шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн орлого;

     7.11.10. ажлын байр, сургалтын төлбөрийн буцаалт.

7.12. Төсвийн байгууллага орлогын хуулгыг өдөр тутам хянаж тодорхой бус орлогын талаар нягталж орлого бууруулах гүйлгээг гаргахдаа холбогдох нотлох баримт болон орлогын дэлгэрэнгүй хуулгыг төлбөрийн хүсэлтийн хамт хавсаргаж, ажлын гурав хоногийн дотор Төрийн санд мэдэгдэн залруулах хүсэлт гаргана.

7.13. Дараах тохиолдолд зарлагын гүйлгээ гаргахыг хориглоно:

     7.13.1. Төсвийн тухай хуулийн 24.4, 25.10, 44.3-т заасан;

     7.13.2. Төрийн санд тухайн төсвийн байгууллага нь ерөнхий нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч болон төсвийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс бусад этгээдээр дамжуулан бүртгэлийн данснаас гүйлгээ хийлгэх;

     7.13.3. Төрийн сан энэхүү журмын 7.11, 7.12-т зааснаас бусад тохиолдолд орлого бууруулах гүйлгээ хийх;

     7.13.4. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж байгаа хөрөнгө оруулалтын зардлын гүйлгээг бэлнээр хийх;

     7.13.5. энэхүү журмын 7.1, 7.2, 7.3-т заасан бүрдэл болоогүй гарын үсгээр гүйлгээ хийх;

     7.13.6. Төсвийн тухай хуулийн 4.1.24-т заасан хөрөнгө оруулалтын зардлыг урсгал зардлаас гаргах;

     7.13.7. энэхүү журмын 7.8-д заасан анхан шатны баримт дутуу, иж бүрдэл болоогүй тохиолдолд.

7.14. Төрийн сан төсвийн байгууллагын данснаас нэр болон данс, эдийн засгийн ангилал зөрүүтэй, данс андуурч гаргасан зарлагын гүйлгээг төлбөрийн хүсэлтийг хавсарган мемориалын баримт үйлдэн 1 дүгээр гарын үсгийг тухайн Төрийн сангийн хэлтсийн дарга, 2 дугаар гарын үсгийг гүйлгээ хариуцсан мэргэжилтэн нар зурж баталгаажуулан залруулж, мемориалын нэг хувийг тухайн байгууллагад хүргүүлнэ.

 

Найм. Төрийн сангийн төлбөр тооцоо

 

8.1. Төрийн сан нь Төсвийн тухай хуулийн 37, 38 дугаар зүйлд заасны дагуу төсвийн байгууллагын орлого, зарлагын өдөр тутмын гүйлгээг батлагдсан төсвийн хуваарийн дагуу хянаж, төлбөр тооцоог хийж гүйцэтгэнэ.

8.2. Төрийн сан төсвийн байгууллагын төлбөр тооцоог баталгаажуулж, ажлын гурав хоногт багтаан эцсийн төлбөр гүйцэтгэх үүргийг хариуцна.

8.3. Төрийн сангийн бэлэн мөнгөний чекний 1, 2 дугаар гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтныг Төв төрийн сангийн хувьд Сангийн сайдын тушаалаар, орон нутгийн Төрийн сангийн нэгжийн хувьд Засаг даргын захирамжаар томилно.

8.4. Төрийн сан төсвийн байгууллагын  ирүүлсэн төлбөрийн хүсэлтийг холбогдох баримт, цахим хэлбэрээр шивсэн гүйлгээ, батлагдсан төсвийн зарцуулалтын эрх, эдийн засгийн ангиллын дагуу бүлгийн дүнгээр хянаж төлбөрийг гүйцэтгэнэ. Төлбөрийн хүсэлт, холбогдох баримт нь шаардлага хангаагүй, батлагдсан төсөв, эдийн засгийн ангилал, бүлгийн дүн нь төлбөр гүйцэтгэх хэмжээний эх үүсвэргүй тохиолдолд гүйлгээг  буцаана.

8.5. Төсвийн байгууллага төлбөрийн хүсэлт №ТТ-1 маягт, бэлэн мөнгөний хүсэлт №ТТ-2 маягтыг 2 хувь хийж ямар нэгэн засваргүй бичиж ирүүлнэ. Засварыг зөвхөн төлбөрийн хүсэлтийн он, сар, өдөр, эдийн засгийн ангиллалд хийхийг төсвийн байгууллагад зөвшөөрөх бөгөөд эдгээрт засвар хийсэн тохиолдолд байгууллагын тамга, санхүүгийн тэмдгийг засвар хийсэн хэсэгт дарж баталгаажуулсан байна.

8.6. Төрийн сан төсөвт байгууллагын төлбөрийг гүйцэтгэхдээ анхан шатны болон үндэслэх бусад баримтын хяналтын хуудастай тулган хянаж, Төрийн сангийн тэмдэг дарж, төлбөрийн хүсэлтийн нэг хувь дээр гарын үсэг зуран, тэмдэг дарж баталгаажуулан төсвийн байгууллагад өгнө. Төлбөрийн хүсэлтийн     1 хувь хяналтын хуудасны хамт Төрийн санд үлдэнэ.

8.7. Төсвийн байгууллага нь төлбөрийн хүсэлтийн үндэслэх  баримтуудад Төрийн сангийн тэмдэг дарагдсан эсэхийг гүйлгээ хийсэн тухай бүр хянаж байна.

8.8. Бэлэн мөнгөний хүсэлтийн 1 дүгээр хувийг үндэслэн бэлэн мөнгөний чекийг төсвийн байгууллагын бэлэн мөнгөний итгэмжлэгдсэн нярав бичиж, Төрийн сангийн эрх бүхий албан тушаалтнаар хянуулж, 1, 2 дугаар гарын үсэг зуруулж, тамга даруулна.

8.9. Төрийн сан бэлэн мөнгөний чекийн гүйлгээг хянаж, баталгаажуулан гарын үсэг зурж, чекийн тасалбар дээр тэмдэг дарж тухайн байгууллагын бэлэн мөнгөний итгэмжлэгдсэн няравт өгнө.

8.10. Төсвийн байгууллагын №ТТ-1, №ТТ-2 маягтаар бичигдсэн төлбөрийн хүсэлт нь бичигдсэн өдрийг оролцуулан ажлын гурав хоногт хүчинтэй.

 

8.11. Төсвийн байгууллагын ус, цахилгаан, дулаан, холбооны инкассыг тухайн төсвийн байгууллагын 2 дугаар гарын үсэг төлөхийг зөвшөөрсөн тухай тэмдэглэл хийн гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарсан тохиолдолд Төрийн сан төлбөрийг гүйцэтгэж болно.

8.12. Төрийн сан төлбөрийн хүсэлт, бэлэн мөнгөний хүсэлтийг үндэслэн  төсвийн байгууллагын зардал, өглөгийн бүртгэлийн бичилтийг цахим хэлбэрээр хийнэ.

8.13. Төрийн санд үлдэх төлбөрийн хүсэлт болон бэлэн мөнгөний хүсэлт, хяналтын хуудсыг тухайн өдрийн зарлагын гүйлгээний жагсаалттай тулгаж, өдөр тутмын мемориалын баримтад хавсаргана.

8.14. Төрийн сангийн хаалтыг дараахь үе шаттайгаар хийнэ:

      8.14.1. сар бүрийн эцэст улсын төсөвт төвлөрөх орлогын дансны хаалтын гүйлгээг тухайн сарын сүүлчийн ажлын өдөр банк хоорондын орлогын гүйлгээ импортолж дууссанаас хойш сум дүүргийн төрийн сан нэг цагийн дотор, аймаг, нийслэлийн  төрийн сан хоёр цагийн дотор хийж гүйцэтгэнэ. Төв төрийн санд бүртгэлтэй улсын төсвийн орлогын дансны хаалтын гүйлгээг Төв төрийн сан  шууд хийж гүйцэтгэнэ.

      8.14.2. сар бүрийн эцэст орон нутгийн төсвийн орлогын дансны хаалтын гүйлгээг тухайн сарын сүүлчийн ажлын өдөр банк хоорондын орлогын гүйлгээ импортолж дууссанаас хойш сум, дүүргийн төрийн сан нэг цагийн дотор, аймаг, нийслэлийн  төрийн сан хоёр цагийн дотор хийж гүйцэтгэнэ. Орон нутгийн төрийн санд  бүртгэлтэй орлогын дансны хаалтыг тухайн орон нутгийн Төрийн сан шууд хаана.

8.15. Төрийн сан дахь бүртгэлийн дансанд арилжааны банкнаас ирүүлсэн данс тодорхойгүй орлогыг түр саатлын дансанд бүртгэн, дараагийн ажлын өдөрт багтаан холбогдох арилжааны банкны ирсэн данс руу буцаан шилжүүлэх ажлыг Төв төрийн сан хариуцна.

8.16. Төрийн сангаас түр саатлын дансны залруулгын гүйлгээг зөвхөн дараах тохиолдолд өөр данс руу шилжүүлж болно:

      8.16.1. түр саатлын дансанд бүртгэгдэн орж ирсэн данс тодорхойгүй гүйлгээг арилжааны банкны данс тодорхой болсон үед нь залруулан буцаана;

      8.16.2. түр саатлын дансанд дансны дугаар, мөнгөн дүн зөрүүтэй орж ирсэн гүйлгээг дамжуулсан банк, гүйлгээ хийсэн харилцагч байгууллага, иргэнээс гүйлгээг залруулах хүсэлтийг албан ёсоор бичгээр ирүүлсэн тохиолдолд гүйлгээг хянаж, залруулан гаргаж болно.

8.17. Түр саатлын данснаас 8.16-д заасан залруулгын гүйлгээ хийсэн тохиолдолд тус журмын 8.15-д заасан хугацаа зөрчигдсөн гэж үзэхгүй.

8.18. Түр саатлын дансны нэгдсэн тайланг сар тутам гаргаж дараа сарын ажлын тав хоногийн дотор Төрийн сангийн газрын даргад, хагас, бүтэн жилээр гаргаж дараа сарын ажлын арав хоногийн дотор Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад тус тус танилцуулна.

8.19. Түр саатлын дансны тайланд хяналтын түвшний хуулга, орлого, зарлагын дэлгэрэнгүй хуулгыг хавсаргаж сар, хагас болон бүтэн жилээр үлдэгдлийг баталгаажуулж архивын нэгжийг дараа сарын ажлын арав хоногийн дотор архив үүсгэж хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэж өгнө.

8.20 Дараах зөрчил илэрсэн тохиолдолд зарлагын гүйлгээг зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар зогсооно:

      8.20.1. зөвшөөрөлгүйгээр арилжааны банкинд данс нээлгэн төсвийн орлогыг зарцуулсан;

      8.20.2. Төрийн сан, төсвийн байгууллагын харилцааг зохицуулсан журмыг зөрчсөн;

      8.20.3. төсвийн гүйцэтгэлийн тайлан, мэдээг хууль, журамд заасан хугацаанд үнэн, зөв гаргаж ирүүлээгүй;

      8.20.4. дээд шатны төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн харьяа төсвийн байгууллагын үйл ажиллагааны дансыг түр хаалгах хүсэлтийг ирүүлсэн;

      8.20.5. тухайн төсвийн байгууллагын 1, 2 дугаар гарын үсэг зурах албан тушаалтны ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс дараагийн гарын үсэг баталгаажиж ирүүлэх хүртэл.

8.21. Төсвийн байгууллага 1, 2 дугаар гарын үсэг өөрчлөгдсөн шийдвэр гарсан өдөр энэ тухайгаа Төрийн сангийн газарт албан бичгээр мэдэгдэх бөгөөд дээрх өөрчлөлтийг Төрийн санд мэдэгдээгүйгээс гарах үр дагавар, зөрчлийг Төрийн сан хариуцахгүй.

8.22. Төрийн сан нь төсвийн байгууллагын урсгал зардлын зарлагын гүйлгээг тухайн төсвийн жилийн эцсийн Монголбанк, арилжааны банк хоорондын гүйлгээг хаах өдрөөс ажлын гурав хоногийн өмнөх өдрийн 12 цагт хаана.

 

Ес. Амлалтын бүртгэл

 

9.1. Төсвийн эрх захирагч нар амлалтын бүртгэлийн дараах үйл ажиллагааг удирдан явуулна:

      9.1.1. төсвийн жилийн эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу худалдан авах ажиллагааны төлөвлөгөө болон батлагдсан төсвийг хэрхэн зүй зохистой удирдаж авлага, өр төлбөр шинээр үүсгэхгүй байх талаар төлөвлөгөө гаргаж мөрдүүлэх;

      9.1.2. тухайн жилд төсвийн байгууллагын нийлүүлэгчтэй байгуулсан худалдан авах гэрээ захиалгын үнийн нийт дүн нь жилийн батлагдсан төсвийн хүрээнд байлгах;

      9.1.3. худалдан авах гэрээ захиалгын нөхцөл дэх бараа, ажил, үйлчилгээний төлбөр гүйцэтгэх хуваарь нь батлагдсан сар, улирлын зарцуулалтын эрхтэй нийцүүлэх;

      9.1.4. энэхүү журмын 9.2-оос бусад тохиолдолд урсгал санхүүжилтийн данснаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн нээлттэй тендер шалгаруулалтын  босго үнээс дээш үнийн дүнтэй худалдан авалтын гэрээ байгуулагдсан өдрөөс  хойш ажлын тав хоногт багтаан энэхүү журмын 5 дугаар хавсралтаар баталсан амлалтын бүртгэлийн хуудас (маягт №ТТ-5)-ны хамт Төрийн санд хүргүүлж батлагдсан төсвөөс нөөц үүсгэн бүртгүүлнэ.

9.2. Дараах төлбөрүүдийг амлалт үүсгэлгүйгээр гүйцэтгэж болно:

     9.2.1. цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, гэрэл цахилгаан, түлш халаалт, цэвэр, бохир ус болон албан томилолтын зардал, татаас болон шилжүүлгийн хуваарилалт;

     9.2.2. улсын төсвийн хөрөнгө оруулалт, Засгийн газрын нөөц сангаас санхүүжиж байгаа бараа, ажил, үйлчилгээ.

9.3. Төсвийн байгууллага нь аливаа төлбөр гүйцэтгэхийн өмнө нийлүүлэгчээс бараа, ажил, үйлчилгээг тавьсан чанар, шаардлагын дагуу хүлээн авсан байна.

9.4. Нийлүүлэгчээс зөвхөн хүлээлгэн өгсөн бараа, ажил, үйлчилгээний үнийн дүнд тохирсон төлбөрийн нэхэмжлэхийг хүлээн авна.

9.5. Төлбөрийн нэхэмжлэхийг үндэслэн 9.1.4-т заасны дагуу нөөцөлсөн хөрөнгөөс төлбөрийг гүйцэтгэнэ.

 

Арав. Төсвийн байгууллагын гадаад валютын орлого,
      зарлагын төлбөр тооцоог гүйцэтгэх

 

10.1. Төсвийн байгууллагад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу гадаад улс орноос төлсөн орлого, хандив тусламжийг хүлээн авах болон Монгол Улсад бүртгэлгүй бөгөөд тус улсын нутаг дэвсгэрээс гадна орших аж ахуйн нэгж, байгууллагатай хийх гадаад төлбөр тооцоог гүйцэтгэхэд дараах зарчмыг мөрдөнө:

      10.1.1. төсвийн байгууллага нь Олон улсын гэрээ, хууль эрх зүйн актад тусгайлан гадаад валютын данстай байхаар заагаагүй бол Төв төрийн сангийн Монголбанк, арилжааны банк дахь гадаад валютын дансаар дамжуулан 10.1-д заасан орлогыг хөрвүүлж, хүлээн авна;

      10.1.2. Төрийн сан энэ журмын 10.1-д заасан орлогын гүйлгээний утгад хүлээн авагчийн нэр, данс тодорхой заагдсан тохиолдолд Монголбанкны дансаар дамжин орсон орлогын хувьд тухайн өдрийн албан ханшаар, арилжааны банкаар дамжин орсон орлогын хувьд тухайн банкны өдрийн ханшаар хөрвүүлэн төсөвт байгууллагын төрийн сангийн дансанд шууд шилжүүлнэ;

      10.1.3. хүлээн авагчийн  нэр, данс тодорхойгүй орлогыг хүлээн авах эрх бүхий төсөвт байгууллага албан ёсны хүсэлт, шилжүүлгийн баримт болон бусад холбогдох нотлох баримтын хамт Төв төрийн санд ирүүлнэ. Төв төрийн сан хүсэлтийг ажлын гурван хоногийн дотор хянаж, тухайн орлогыг хүлээн авагчийн дансанд шилжүүлнэ. Албан ёсны хүсэлтэнд дараах зүйлийг заавал дурдсан байна:
     -Валютын төрөл, хэмжээ;
     -Санхүүжилтийн зориулалт;
     -Шилжүүлэгч байгууллагын нэр;
      -Төгрөгөөр хүлээн авах Төрийн сан дахь бүртгэлийн дансны дугаар.

10.1.4. Монголбанк, арилжааны банк дахь Төв төрийн сангийн хөрвүүлгийн дансаар дамжин ороод 6 сараас дээш хугацаанд хүлээн авагч нь тодорхойгүй байгаа гадаад валютын орлогыг тайлант хугацааны эцэст улсын төсвийн бусад орлогод бүртгэнэ;

10.1.5. төсвийн байгууллага нь төсөл хөтөлбөрийн санхүүжилт болон бусад орлогыг гадаад валютаар хүлээн авахдаа, гүйлгээний утга хэсэгт байгууллагын нэр, Төрийн сангийн бүртгэлийн дансны дугаарын мэдээллийг орлого шилжүүлэгч талд хүргүүлж, бичүүлсэн байна;

10.1.6. олон улсын  гэрээ, хууль эрх зүйн актад гадаад валютын данстай байхаар тусгайлан заагаагүй тохиолдолд төсвийн байгууллага Төв төрийн сангийн хөрвүүлгийн дансаар дамжуулан гадаад валютын төлбөр тооцоог хийж гүйцэтгэнэ.  Төсвийн байгууллагын бүртгэлийн данснаас Монголбанк, арилжааны банк дахь Төрийн сангийн хөрвүүлгийн дансанд гүйлгээ хийхдээ Төрийн сан нь холбогдох гэрээ, баримт бичиг, тушаал шийдвэрийг үндэслэн хийнэ;

10.1.7. төсвийн байгууллага гадаад валютаар төлбөр тооцоо гүйцэтгэхдээ Монголбанк дахь валютын дансаар дамжигдах тохиолдолд гүйлгээ гарах өдрийн албан ханшаар, арилжааны банкны хөрвүүлгийн дансаар дамжигдах тохиолдолд тухайн банктай байгуулсан гэрээнд заасан ханшийг үндэслэн төгрөгөөр хөрвүүлж шилжүүлэх бөгөөд үйлчилгээний шимтгэлийг давхар хариуцаж шилжүүлнэ;

10.1.8. төсвийн байгууллага, Төрийн сан нь 10.1.6-д заасан хөрвүүлгийн гүйлгээ болон гадаад шилжүүлэг хийх хүсэлтийг дараах баримт, мэдээллийн хамт төв төрийн санд ирүүлнэ:

     -Хөрвүүлгийн дансанд шилжүүлэг хийсэн төлбөрийн баримтын хуулбар;
      -Хөрвүүлгийн дансанд гүйлгээний шимтгэл төлсөн төлбөрийн баримтын хуулбар;
     -Гадаад хөрвүүлгийн гүйлгээний мэдүүлэг  (№ТТ-7 маягт);
      -Холбогдох тушаал шийдвэр, гэрээ болон бусад баримтын хуулбар.

10.1.9. Төв төрийн сан Монголбанк дахь валютын дансаар дамжигдан хийх гадаад төлбөрийг энэ журмын 10.1.8-д заасан баримтыг үндэслэн ажлын хоёр хоногт багтаан шилжүүлнэ;

10.1.10. арилжааны банк дахь хөрвүүлгийн дансаар дамжин хийх гадаад төлбөр тооцоог тухайн банктай байгуулсан гэрээний нөхцөлд заасан хугацааг үндэслэн хийж гүйцэтгэнэ;

10.1.11. Төв төрийн сан төсвийн байгууллага энэ журмын 10.1.8-д заасан мэдээллээ ажлын  гурван хоногийн дотор ирүүлээгүй болон дутуу ирүүлсэн тохиолдолд нь хөрвүүлгийн дансанд шилжүүлсэн төгрөгийг төсвийн байгууллагын шилжүүлсэн дансанд буцаан шилжүүлнэ;

10.1.12. Монголбанк, арилжааны банк нь төсвийн байгууллагын Төв төрийн сангийн хөрвүүлгийн дансанд шилжүүлсэн төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг гадаад гуйвуулгын мэдээллийн дагуу шилжүүлнэ;

10.1.13. төсвийн байгууллага  мэдээллээ буруу болон дутуу ирүүлсний улмаас гүйлгээ хүлээн авагчийн дансанд оролгүй буцсан, саатсан тохиолдолд гарах үйлчилгээний зардал, эрсдэлийг төсвийн байгууллага хариуцна;

10.1.14. төсвийн байгууллага гадаад валютаар хийгдэж байгаа төлбөртэй холбогдох хариуцлагыг хүлээнэ.

 

Арван нэг. Архивын баримт

 

11.1. Төрийн сан өдөр тутмын мемориалын баримтыг ажлын гурав хоногийн дотор хянаж, архивын нэгж үүсгэнэ.

11.2. Төв төрийн сангийн өдрийн мемориалын бүрдүүлбэрт дараах баримтууд орсон байна:

     11.2.1. ТСНД-ны хураангуй тайлан;

     11.2.2. Монголбанк дахь ТСНД-ны өдрийн хуулга;

     11.2.3. Төрийн сан дахь кассын дансны хуулга;

     11.2.4. арилжааны банк дахь кассын дансны хуулга;

     11.2.5. Төрийн сангийн касс, харилцах дансны үлдэгдлийн тайлан;

     11.2.6. их дүнтэй зарлагын гүйлгээний жагсаалт (зөвхөн Төв төрийн санд хамаарна);

     11.2.7. тухайн өдрийн зарлагын гүйлгээний жагсаалт;

     11.2.8. тухайн өдөр хийгдсэн гүйлгээний төлбөрийн хүсэлт, бэлэн мөнгөний хүсэлт болон бэлэн мөнгөний чекийн тасалбар, хяналтын хуудас;

     11.2.9. шаардлагатай тохиолдолд гүйлгээний төлбөрийн хүсэлтэд холбогдох анхан шатны баримт болон орлогын хуулга.

11.3. Банк хоорондын өдөр тутмын орлого, зарлагын гүйлгээний файлыг архив үүсгэж мэдээлэл технологийн хэлтэст хянуулан, дискэнд бичиж хагас, бүтэн жилээр архивт хүлээлгэн өгнө.

 


11.4. Төрийн сангийн нэгжийн өдрийн мемориалын бүрдүүлбэрт дараах баримтууд орсон байна:

     11.4.1. Төрийн сангийн үлдэгдлийн хуулга;

     11.4.2. Төрийн сан дахь кассын дансны хуулга;

     11.4.3. арилжааны банк дахь кассын дансны хуулга;

     11.4.4. тухайн өдрийн зарлагын гүйлгээний жагсаалт;

     11.4.5. тухайн өдөр хийгдсэн гүйлгээний төлбөрийн хүсэлт, бэлэн мөнгөний хүсэлт болон бэлэн мөнгөний чекийн тасалбар, хяналтын хуудас;

     11.4.6. шаардлагатай тохиолдолд гүйлгээний төлбөрийн хүсэлтэд холбогдох анхан шатны баримт болон орлогын хуулга.

11.5. Төрийн сангийн гадаад хөрвүүлгийн гүйлгээний мемориалын бүрдүүлбэрт дараах баримтууд орсон байна:

      11.5.1. гадаад валютын хөрвүүлгийн гүйлгээний Төрийн санд гүйлгээ хийсэн төлбөрийн хүсэлтийн хуулбар хувь;

     11.5.2. гадаад гүйлгээний шимтгэл төлсөн баримтын хуулбар хувь;

      11.5.3. гадаад хөрвүүлгийн гүйлгээ хийх хүсэлтийн №ТТ-7 маягтын  эх хувь;

      11.5.4. тухайн өдрийн гадаад хөрвүүлгийн дансны хуулга (Монголбанк, арилжааны банкны гадаад гүйлгээний төлбөрийн баримт);

     11.5.5. гадаад хөрвүүлгийн гүйлгээний бусад тушаал, шийдвэр, гэрээ, нэхэмжлэх зэрэг анхан шатны баримтын хуулбар.

11.6. Тухайн өдрийн мемориалын баримтыг дараах нэр бүхий албан тушаалтан баталгаажуулна:

     11.6.1. тухайн  өдрийн зарлагын гүйлгээний жагсаалттай тулган шалгаж, архивын нэгж үүсгэсэн мэргэжилтэн;

     11.6.2. хянаж хүлээн авсан архив хариуцсан мэргэжилтэн эсхүл ерөнхий нягтлан бодогч;

     11.6.3. танилцсан Төлбөр тооцооны хэлтсийн дарга, орон нутгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Төрийн захиргааны төв байгууллагын Санхүү, хөрөнгө оруулалтын газар, хэлтсийн дарга нар.

11.7. Архивын нэгжийг Архивын тухай хуулийн 23.1-д заасны дагуу харьяалах архивын байгууллагад хүлээлгэж өгнө.

11.8. Гарын үсгийн баталгааг жил бүр архивын нэгж үүсгэн холбогдох архив хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэж өгнө.

 

Арван хоёр. Тэмдэг, дардас тэдгээрийн
                     хадгалалт, хамгаалалт

 

12.1. Төрийн сан нь өөрийн төрийн сангийн нэгжийг тодорхойлсон тамгатай байна.

12.2. Төрийн сангийн гүйлгээний мэргэжилтэн тус бүр тусгай дугаар бүхий өөрийн тэмдэгтэй байна.

12.3. Орон нутгийн төрийн сангууд өөрсдийн тамга, тэмдгийн нэгдсэн бүртгэл хөтөлж, жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны дотор Төв төрийн санд ирүүлж байна.

12.4. Төрийн санд ашиглагдаж байгаа тамга, тэмдгийн нэгдсэн бүртгэлийг Сангийн  яамны Төрийн сангийн газар хөтөлнө.

12.5. Тамга, тэмдгийн бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалтыг тухайн эзэмшигч хариуцна.

12.6. Тамга, тэмдгийг эзэмшигчээс өөр хүн ашиглахыг хориглоно.

12.7. Тамга, тэмдгийг гээгдүүлсэн, бусдын тэмдэг, дардас, гарын үсгийг хууль бусаар ашигласан албан тушаалтан, мэргэжилтэнд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

Арван гурав. Хяналт

 

13.1. Төрийн сан нь Төрийн сангийн үйл ажиллагаанд дотоод хяналтыг  хэрэгжүүлэхдээ холбогдох журмын дагуу хяналт тавьж ажиллана.

13.2. Энэхүү журмыг зөрчсөн Төрийн сангийн болон төсвийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд Төсвийн тухай болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 


-------оОо-------