- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ТАТВАР ТӨЛӨГЧИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ
Татварын ерөнхий газрын даргын 2012 оны 03
дугаар сарын 26 -ны өдрийн 236 тоот тушаалын
1 -р хавсралт
ТАТВАР ТӨЛӨГЧИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 12,13 дугаар зүйлд заасан татвар төлөгчийг бүртгэх, нэмэлт өөрчлөлт оруулах, бүртгэлээс хасах, харилцах татварын албаны харъяаллыг тогтоох, шилжилт хөдөлгөөнийг хийх, мэдээллийн санг хөтлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2 Татвар төлөгчийн бүртгэл нь шинээр үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнийг татвар төлөгчөөр бүртгэж, татвар төлөгчийн бүртгэлийн дугаар олгох, татварын албаны харъяаллыг тогтоох, татвар төлөгчийн бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах, татвар төлөгчийн бүртгэлээс хасах үйл ажиллагаа юм.
1.3 Гадаад орнуудын элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагуудыг татвар төлөгчөөр бүртгэх асуудлыг олон улсын гэрээнд заасны дагуу шийдвэрлэнэ.
1.4 Бүртгэх байгууллагаас бичгээр болон цахим мэдээлэл хүлээн авах харилцааг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан журмаар зохицуулна.
Хоёр. Татвар төлөгчийн дугаар
2.1 Хуулийн этгээдийн улсын бүртгэл, бүртгэх байгууллагад бүртгүүлэн бүртгэлийн гэрчилгээнд олгогдсон регистрийн дугаар нь татвар төлөгчийн дугаар байна. Татвар төлөгчийн дугаар нь /цаашид ТТД гэж товчлох/ татвар төлөгчид зөвхөн нэг удаа олгогдох байнгын дугаар байна.
2.2 Монгол Улсын нутаг дэвсгэрт оршиж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, төсөвт болон төрийн бус байгууллага, шашны байгууллага, улс төрийн нам, сан, олон нийтийн байгууллага, үйлдвэрчний эвлэлийн байгууллага зэрэг өмчлөгчөөс санхүүждэг байгууллагын хувьд улсын бүртгэх байгууллагаас олгогдсон регистрийн дугаар нь ТТД байна.
2.3 Монгол Улсын иргэний хувьд тэдгээрийн иргэний үнэмлэхэд бичигдсэн регистрийн дугаар нь ТТД байна.
2.4 Монгол улсад байнга оршин суугч болон оршин суугч бус гадаадын иргэн, харъяалалгүй хүнд харъяалах нутаг дэвсгэрийн татварын албанаас татвар төлөгчийн бүртгэлийн тусгайлсан дугаар олгоно.
2.5 Татварын албад салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээг үндэслэн харъяалах татвар төлөгчөөр бүртгэнэ. Салбар, төлөөлөгчийн газрын ТТД нь толгой аж ахуйн нэгж, байгууллагын регистрийн дугаар болон салбарын бүртгэлийг илэрхийлсэн 3 орон бүхий дэд дугаар, 1 орон бүхий шалгах дугаарын нийлэмж тоон код байна.
2.6 Хуулийн этгээдийн эрхгүй байгууллагад харъяалах нутаг дэвсгэрийн татварын алба ТТД олгон, татвар төлөгчөөр бүртгэн авч, татвар төлөгчийн гэрчилгээг олгоно.
2.7 Монгол улсад орлого олж байгаа гадаадын хуулийн этгээдийн төлөөний газарт ТТД олгон, татвар төлөгчөөр бүртгэн авч, татвар төлөгчийн гэрчилгээ олгоно.
2.8 ТТД-ыг цахим хэлбэрээр олгож болно.
2.9 ТТД-ыг давхардуулан олгохгүй бөгөөд хэрэв давхардсан тохиолдолд цаг тухайд нь илрүүлэн арилгах арга хэмжээг Татварын ерөнхий газрын Мэдээлэл, статистикийн хэлтэс хийж гүйцэтгэнэ.
2.10 Татвар төлөгч нь татварын албанд ирүүлж байгаа бүх төрлийн бүртгэл, тайлан, мэдээнд ТТД-аа бичсэн байна. Хэрэв ТТД бичигдээгүй бол санхүүгийн баримт нь анхан шатны баримтын шаардлага хангахгүй гэж татварын алба үзнэ.
2.11 Татвар төлөгч нь бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй хийж байгаа бүх төрлийн орлого, зарлагын гүйлгээний анхан шатны баримт, гаалийн мэдүүлэг, төлбөрийн болон бусад шаардлагатай баримтуудад өөрийн ТТД-аа заавал бичих бөгөөд тэднээс ирүүлэх анхан шатны баримтанд ТТД-аа бичихийг шаардана.
2.12 Татвар төлөгчийн бүртгэлээс хасагдсан татвар төлөгчийн бүртгэлийн дугаарыг дахин олгохгүй.
Гурав. Хуулийн этгээдийг татвар төлөгчөөр бүртгэх
3.1 Шинээр байгуулагдсан хуулийн этгээд нь бүртгэх байгууллагаас гэрчилгээ авснаас хойш ажлын 14 өдрийн дотор харъяалагдах татварын албанд ТБ-01, ТБ-02 маягтыг бөглөж татвар төлөгчөөр бүртгүүлнэ. Тухайн татварын алба уг татвар төлөгчид хувийн хэрэг нээн, татвар төлөгчийн гэрчилгээг олгож, татварын албанд бүртгэсэн тухай тодорхойлолтыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлнэ.
3.2 Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын хооронд байгуулсан мэдээлэл солилцох журмын дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай хуулийн этгээдийн талаарх мэдээллийг Татварын ерөнхий газар бүртгэх байгууллагаас цахим хэлбэрээр хүлээн авч, энэхүү журмын 7 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлтийн дагуу татварын албаны харьяаллыг тогтоон, харъяалах татварын албадын бүртгэлийн баазад цахим хэлбэрээр оруулна.
3.3 Татвар төлөгчийн бүртгэлийн баазад шинээр орсон этгээдийн бүртгэлийн мэдээлэл нь “хүлээгдэж байгаа” гэсэн бүртгэлтэй байх ба Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу татварын албанд ирж бүртгүүлсэн өдрөөс эхлэн “байнгын” гэсэн бүртгэлд шилжин бүртгэгдэнэ.
3.4 Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй татвар төлөгчдөд хуулиар хүлээсэн бүртгүүлэх үүргийн талаар татварын улсын байцаагч утсаар болон цахим захидлаар мэдэгдэнэ.
3.5 Өөрчлөн байгуулах замаар шинээр үүссэн хуулийн этгээдийг татвар төлөгчийн бүртгэлд бүртгэх, нэмэлт өөрчлөлт оруулах, бүртгэлээс хасах харилцааг Монгол улсын “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 21, 22 дугаар зүйлд заасан журмын дагуу зохицуулна.
3.6 “Татвар төлөгчийн гэрчилгээ” авсан өдрөөс эхлэн аж ахуйн нэгж нь хувь хүний орлогын албан татвар суутган төлөгч болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгчөөр, байгууллага нь суутган төлөгчөөр тус тус бүртгэгдэнэ. Бусад татварын хувьд тухайн төрлийн татварын хуулиар татвар төлөгч болсон өдрөөс эхлэн татвар төлөгчийн бүртгэлд бүртгэгдэнэ.
3.7 “Татвар төлөгчийн гэрчилгээ”-ний загварыг Татварын ерөнхий газрын дарга батална.
Дөрөв. Хувь хүнийг татвар төлөгчөөр бүртгэх
4.1 Монгол Улсад байнга оршин суугч Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн нь татвар ногдох орлого олж эхэлснээс хойш нэг сарын дотор тухайн нутаг дэвсгэрийнхээ татварын албанд ТБ-03 маягтаар бүртгүүлэх ба татварын алба хувийн хэрэг нээн, “Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр”, татвар төлөгчийн гэрчилгээ олгоно.
4.2 Монгол Улсад байнга оршин суугч Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн бүртгүүлэхдээ дараахь материалыг бүрдүүлнэ.
4.2.1 Иргэний үнэмлэхийн хуулбар
4.2.2 Гадаадын иргэн болон харьяалалгүй хүний хувьд аль улсын иргэн болохыг нотолсон баримт бичиг, гадаад паспорт, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт бүртгүүлсэн харьяалалгүй хүний түр үнэмлэх
4.2.3 Цээж зураг /3х4/ 2 хувь
4.3 Монгол Улсад байнга оршин суугч болон оршин суугч бус татвар төлөгчид орлого олгож буй хуулийн этгээд, хувь хүн нь хувь хүний орлогоос суутган тооцсон татварын тайлан, мэдээллийг ТТ-11(1), ТТ-11(2), ТТ-12(1), ТТ-12(2) хавсралт маягтаар харъяа татварын албанд гаргаж өгөх бөгөөд үүнийг үндэслэн суутгуулагчийг татвар төлөгчийн бүртгэлд бүртгэнэ.
4.4 Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын хороонд байгуулсан мэдээлэл солилцох журмын дагуу иргэнийг улсын бүртгэлд бүртгэсэн тухай мэдээллийг Татварын ерөнхий газар бүртгэх байгууллагаас цахим хэлбэрээр хүлээн авч, “Taх Act” програмын хөндлөнгийн мэдээллийн “Иргэний бүртгэлийн лавлагаа” гэсэн цонхонд байршуулна.
4.5 Хувь хүн нь татвар төлөгчийн бүртгэлд цахим хэлбэрээр бүртгүүлэхдээ татварын албаны веб сайтад байрлуулсан цахим бүртгэлийн программд хандан, холбогдох мэдээллийг үнэн зөв оруулж, татварын албанд илгээнэ.
4.6 Татварын алба цахим хэлбэрээр ирүүлсэн иргэний бүртгэлийн мэдээллийг үндэслэн цахим хувийн хэрэг нээж, татвар төлөгчийн гэрчилгээ /дэвтэр/-г олгоно.
Тав. Татвар төлөгчөөр бүртгүүлэх үүрэг бүхий бусад этгээдийг бүртгэх
5.1 Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь байгуулагдсанаас хойш ажлын 14 өдрийн дотор харьяалах татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлэх ба татварын алба хувийн хэрэг нээн, татвар төлөгчийн гэрчилгээг олгоно.
5.2 Гадаадын аж ахуйн нэгжийн Төлөөний газар нь Монгол улсад үйл ажиллагаа явуулах бол үйл ажиллагаа эхэлснээс хойш хуанлийн 30 хоногийн дотор харьяалах татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлэх ба татварын алба ажлын 3 хоногт багтаан татвар төлөгчийн гэрчилгээг олгоно. /Дээрхи заалтыг Татварын Ерөнхий газрын даргын 2013 оны 435 дугаар тушаалаар өөрчилсөн/
5.3 Монгол Улсын Засгийн газраас бусад улсын Засгийн газруудтай байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”-тэй бол төлөөний газрыг хэлэлцээрийн холбогдох зүйл, заалтыг баримтлан бүртгэнэ. /Дээрхи заалтыг Татварын Ерөнхий газрын даргын 2013 оны 435 дугаар тушаалаар нэмсэн/
5.4 Гадаадын аж ахуйн нэгж нь Төлөөний газраа татвар төлөгчөөр бүртгүүлэхдээ дараахь материалыг бүрдүүлнэ
5.4.1 Татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдөл, гадаадын аж ахуйн нэгж Монгол улсад төлөөний газраа байгуулах албан бичиг
5.4.2 Оршин сууж байгаа улсдаа хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлснийг нотлох баримт бичгийн хуулбар, бүртгэлийн дугаар, татвар төлөгчийн дугаар
5.4.3 Төлөөний газрын зорилго үйл ажиллагааны чиглэл, ажиллах хугацаа, ажиллагсадын тоо
5.4.4 Татвар төлөгчөөр бүртгүүлж буй төлөөний газрын удирдлагын анкет
5.4.5 Төлөөний газрыг удирдах хувь этгээдэд эрх олгосон итгэмжлэл, бусад баримтын хуулбар
/Дээрхи заалтыг Татварын Ерөнхий газрын даргын 2013 оны 435 дугаар тушаалаар нэмсэн/
5.5 Орлогоос бусад татвар ногдох зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч нь уг зүйлийг өмчилж, эзэмшиж эхэлснээс хойш нэг сарын дотор харъяалагдах татварын албанд бүртгүүлнэ.
5.6 Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын хороонд байгуулсан мэдээлэл солилцох журмын дагуу эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэсэн тухай мэдээллийг бүртгэх байгууллагаас цахим хэлбэрээр хүлээн авч, мэдээллийг боловсруулан мэдээллийн санд оруулна.
5.7 Татвар төлөгчийн өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн мэдээллийг үндэслэн уг хөрөнгийг шинээр эзэмшигчийг татварын алба татвар төлөгчөөр бүртгэнэ.
5.8 Аж ахуйн нэгж, байгууллага нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны холбогдох байгууллагаас авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор бүртгэх байгууллага болон харьяалагдах татварын албанд мэдэгдэж татвар төлөгчийн гэрчилгээнд тэмдэглүүлнэ.
Зургаа. Татвар төлөгчийн бүртгэлийн мэдээллийн санг хөтлөх
6.1 Татварын алба нь татвар төлөгч, татвар суутган төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн бүрт ТТД-аар нь үүсгэсэн татвар төлөгчийн бүртгэлийн мэдээллийн сантай байна.
6.2 Татвар төлөгчийн бүртгэлийн мэдээллийн сан нь Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т заасан татвар төлөгчийн хувийн хэргийн баримт, мэдээлэл болон цахим мэдээллийн сангаас бүрдэнэ.
6.3 Татвар төлөгчийн бүртгэлийн мэдээллийн санд дараахь мэдээллүүд хадгалагдана.
6.3.1 Хуулийн этгээд болон бусад байгууллагын хувьд:
6.3.1.1 Хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг, үүсгэн байгуулагч, удирдлагын гишүүдийн товч анкет, зураг, иргэний үнэмлэхний дугаар,харилцах утас, факс, шуудангийн хаяг, е-мэйл хаяг
6.3.1.2 Хуулийн этгээдийн татвар төлөгчөөр бүртгүүлсэн он, сар, өдөр, эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллын дагуу кодолсон эрхлэх үйл ажиллагааны чиглэл, үндсэн болон туслах үйл ажиллагаа, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, лицензийн дугаар, тэдгээрийн өөрчлөлтүүд
6.3.1.3 Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, газар эзэмшлийн байдал, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн хэмжээ, ажилчдын тоо зэргийг тусгаж баталгаажуулсан тайлангийн хуулбар, хөрөнгийн гэрчилгээний дугаар
6.3.1.4 Хөрөнгө оруулагч болон харьяа салбар нэгжийн нэр, тоо, тэдгээрийн байршил, хаяг, харилцах утасны дугаар
6.3.1.5 Татвар төлөгчийн төлөх татварын нэр, төрөл, харилцагч банкны нэр, харилцах дансны дугаар
6.3.1.6 Тайлан тэнцэл, акт, мэдэгдэх хуудас өгсөн талаарх мэдээлэл
6.3.1.7 Татвар төлөгчид татварын албанаас хийсэн хяналт шалгалтын удирдамж, тайлан, зөрчил дутагдлын акт, мэдэгдэл, шаардах хуудасны мэдээлэл
6.3.1.8 Татварын хуулийн дагуу эдэлсэн хөнгөлөлт, чөлөөлөлтийн мэдээлэл
6.3.1.9 Татварын албанаас олгосон шагналын мэдээлэл
6.3.1.10 Тогтвортой байдлын гэрээ байгуулсан тухай мэдээлэл
6.3.2 Хувь хүний орлогын албан татварын тайлангаар тооцоо хийгч иргэний хувьд:
6.3.2.1 Татвар төлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, регистрийн дугаар, харъяаллын төлөв, иргэний үнэмлэх болон гадаад паспортын дугаар, “Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр”-ийн дугаар, оршин суугаа хаяг, харилцах утасны дугаар, факс, е-мэйл хаяг
6.3.2.2 Татвар төлөгчөөр бүртгүүлсэн он, сар, өдөр, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, тусгай зөвшөөрлийн дугаар, ажлын байрны хаяг
6.3.2.3 Төлөх татварын нэр төрөл, харилцагч банкны нэр, дансны дугаар
6.3.2.4 Хувь хүний орлогын албан татварын тайлангаар тооцоо хийсэн болон татварын хуулийн дагуу эдэлсэн хөнгөлөлт, чөлөөлөлтийн мэдээлэл
6.3.2.5 Татвар төлөгчид татварын албанаас хийсэн хяналт шалгалтын удирдамж, тайлан, зөрчил дутагдлын акт, мэдэгдэл, шаардах хуудас
6.3.2.6 Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, газар эзэмшлийн байдал, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн хэмжээ, ажилчдын тоо;
6.3.2.7 Татвар ногдох бусад зүйлийн нэр, үнэлгээ, холбогдох бусад үзүүлэлтүүд
6.3.3 Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татвар төлөгч иргэний хувьд:
6.3.3.1 Татвар төлөгчийн овог,эцэг /эх/-ийн нэр,нэр, регистрийн дугаар, харъяаллын төлөв, иргэний үнэмлэх болон гадаад паспортын дугаар, татвар төлөгчийн гэрчилгээний дугаар, оршин суугаа хаяг, харилцах утасны дугаар, факс, и-мэйл хаяг
6.3.3.2 Татвар төлөгчөөр бүртгүүлсэн он, сар, өдөр, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, ажлын байрны хаяг
6.3.3.3 Төлөх татварын нэр төрөл, харилцагч банкны нэр, дансны дугаар
6.3.3.4 Татварын тооцоо хийсэн тухай мэдээлэл
6.3.3.5 Татвар төлөгчид татварын албанаас хийсэн хяналт шалгалтын удирдамж, тайлан, зөрчил дутагдлын акт, мэдэгдэл, шаардах хуудас
6.3.3.6 Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, газар эзэмшлийн байдал, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн хэмжээ, ажиллагсдын тоо
6.3.3.7 Татвар ногдох бусад зүйлийн нэр, үнэлгээ, холбогдох бусад үзүүлэлтүүд
6.3.4 Суутган тооцуулагч иргэний хувьд:
6.3.4.1 Татвар төлөгчийн овог,эцэг /эх/-ийн нэр, нэр, регистрийн дугаар, харъяаллын төлөв, иргэний үнэмлэх, гадаадын иргэдийн хувьд гадаад паспортын дугаар, оршин суугаа хаяг, харилцах утасны дугаар, факс, и-мэйл хаяг
6.3.4.2 Татвар төлөгчөөр бүртгүүлсэн он, сар, өдөр, эрхлэх үйл ажиллагааны чиглэл
6.3.4.3 Төлөх татварын нэр төрөл,татварын тооцоо хийсэн тухай мэдээлэл
6.3.4.4 Орлого олгосон хуулийн этгээд, иргэний нэр, татвар төлөгчийн бүртгэлийн дугаар
6.4 Татвар төлөгч нь улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан зүйл өөрчлөгдөх тухай бүр өөрчлөлт орсноос хойш ажлын 20 өдрийн дотор татварын албанд мэдэгдэж, нэмэлт, өөрчлөлт хийлгэнэ. Татварын алба бүртгэх байгууллагаас ирүүлсэн мэдээллийг үндэслэн, татвар төлөгчийн бүртгэлийн нэмэлт, өөрчлөлтийг мэдээллийн санд оруулж байна.
6.3.5 Гадаадын аж ахуйн нэгжийн төлөөний газрын хувьд:
6.3.5.1 Төлөөний газрын удирдлагын овог, нэр, регистрийн дугаар, харьяалалын төлөв, харилцах утас, факс, и-мэйл хаяг
6.3.5.2 Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт бүртгүүлсэн харьяалалгүй хүний түр үнэмлэх
6.3.5.3 Оршин суугаа хаяг, хорооны тодорхойлолт
6.3.5.4 Гадаад паспортын хуулбар
/Дээрхи заалтыг Татварын Ерөнхий газрын даргын 2013 оны 435 дугаар тушаалаар нэмсэн/
Долоо.Татвар төлөгчийн харилцах татварын албаны харъяаллыг тогтоох
7.1 Улсын төсвийн орлого, хяналтын газарт дараах шалгуур үзүүлэлтийн аль нэгийг хангасан аж ахуйн нэгжүүд харъяалагдана.
7.1.1 Аж ахуйн нэгжийн хэлбэрээс үл хамааран жилдээ 5.0 тэрбум төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой ажилласан аж ахуйн нэгжүүд;
7.1.2 Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүд;
7.1.3 Өөрийн хөрөнгийн хэмжээ, татвар ногдуулах орлогоос үл хамааран үйл ажиллагаа нь аймаг, нийслэл, орон нутгийг хамарсан салбарууд болон харилцан хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд;
7.1.4 Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын болон газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд;
7.1.5 Арилжааны банк, үүрэн телефоны үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд;
7.2 Нийслэлийн татварын газарт дараах шалгуур үзүүлэлтийн аль нэгийг хангасан аж ахуйн нэгжүүд харъяалагдана.
7.2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт голлох үйл ажиллагаа нь явагддаг гадаадын хөрөнгө оруулалттай болон бөөний худалдаа, барилгын салбарын томоохон аж ахуйн нэгжүүд;
7.2.2 Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар, бүртгэх байгууллагад бүртгүүлэн салбар, төлөөлөгчийн газрын гэрчилгээ авсан газрууд;
7.3 Аймаг, дүүргийн татварын хэлтэст энэ журмын 7.1, 7.2–т зааснаас бусад хуулийн этгээд харъяалагдах бөгөөд харъяаллыг тогтоохдоо татвар төлөгч хуулийн этгээдийн ерөнхий захиргаа байршин байгаа хууль ёсны хаяг, тухайн татвар төлөгчийн голлох орлого олж буй үйл ажиллагааны 50-иас дээш хувь нь орон нутагт хэрэгжиж байвал тухайн нутаг дэвсгэрийн татварын алба татвар төлөгчөөр бүртгэх зарчмыг баримтлана.
7.4 Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар, төлөөний газрын хувьд ажил, үйлчилгээ эрхэлж буй нутаг дэвсгэрийнхээ татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлнэ.
7.5 Хувиараа ажил, хөдөлмөр, үйлчилгээ эрхлэгч хувь хүн нь өөрсдийн оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлж, татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэр авна.
7.6 Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ эрхлэгч хувь хүний хувьд тухайн ажил, үйлчилгээ эрхлэн явуулж буй нутаг дэвсгэрийнхээ татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлэн ТМ-06, ТМ-07 гэрчилгээ авна.
7.7 Орлогоос бусад татвар ногдох зүйл эзэмшиж буй хувь хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, салбар, төлөөлөгчийн газрын хувьд тухайн татвар ногдох зүйл нь оршин байгаа нутаг дэвсгэрийн татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлнэ.
7.8 Татвар төлөгчөөр бүртгүүлээгүй болон үйл ажиллагааны чиглэл, байршил, дансны дугаарын өөрчлөлтөө мэдүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг дараах арга замаар илрүүлэн харьяаллын дагуу татвар төлөгчийн бүртгэлд хамруулна. Үүнд:
7.8.1.1 Татварын хяналт шалгалтаар
7.8.1.2 Хөндлөнгийн мэдээллээр /гааль, банк, цагдаа, бүртгэх байгууллага, хөрөнгийн бирж, зах зээлийн мэдээлэл гэх мэт эх үүсвэрийн мэдээллээр/
7.8.1.3 Татвар төлөгчийн тооллогоор
7.9 Татвар төлөгчид болон татвар ногдох эд зүйлсийн тооллогыг Үндэсний статисткийн хорооноос аж ахуйн нэгж байгууллагын тооллоготой хамтруулан 5 жилд нэг удаа улсын хэмжээнд явуулах бөгөөд уг тооллогыг интернэт технологи ашиглан цахим бүртгэлээр болон нутаг дэвсгэрийн хүрээнд биечлэн тоолох хэлбэрээр явуулна.
Найм. Татвар төлөгчийн бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах
8.1 Татвар төлөгч нь улсын бүртгэлийн гэрчилгээ, хувийн хэрэгт тусгагдсан зүйл, хөрөнгийн хэмжээ, нэр төрөл, эрхэлж буй ажил үйлчилгээний чиглэл өөрчлөгдсөн тохиолдолд өөрчлөлт орсноос хойш ажлын 20 өдрийн дотор ТБ-06 маягтыг бөглөн харьяалах татварын албанд бүртгүүлнэ.
8.2 Татвар төлөгч нь нэмэлт, өөрчлөлтийн мэдээллийг цахим хэлбэрээр бүртгүүлэхдээ татварын албаны веб сайтад байрлуулсан цахим бүртгэлийн программд хандан, холбогдох мэдээллийг үнэн зөв оруулж, татварын албанд илгээнэ.
8.3 Татварын алба нь бүртгэх байгууллага болон татвар төлөгчөөс ирүүлсэн мэдээллийг үндэслэн татвар төлөгчийн мэдээллийн бааз, хувийн хэрэгт нэмэлт, өөрчлөлт оруулна.
8.4 Татвар төлөгч нь өөрийн үйл ажиллагаанд орсон өөрчлөлтийг журамд заасан хугацаанд харъяалагдах татварын алба, гэрчилгээ олгосон байгууллагад мэдэгдээгүй, орсон өөрчлөлт нь татварын хяналт шалгалт, татварын тайлангаар болон бусад хэлбэрээр илэрсэн тохиолдолд татварын албад тухайн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцож, ТБ-06 маягтыг хөтлүүлэн гэрчилгээ, мэдээллийн бааз, хувийн хэрэгт өөрчлөлт хийнэ.
8.5 Татвар төлөгчийн бүртгэлийн программд оруулах татвар төлөгчийн татварын төрлийн бүртгэл, түүний нэмэлт, өөрчлөлтийг холбогдох маягтыг үндэслэн зөвхөн татвар төлөгчийн бүртгэл хариуцсан татварын улсын байцаагч гүйцэтгэнэ.
Ес. Татвар төлөгчийн шилжилт, хөдөлгөөн
9.1 Татварын албад нь энэ журмын 7.1, 7.2-д заасны дагуу татвар төлөгчийн харъяалал нь өөрчлөгдөх нөхцөл бүрдсэн аж ахуйн нэгж, байгууллагын баримт, материалыг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтэст тухайн оны 11 дүгээр сарын 1-ний дотор ирүүлнэ. Уг хэлтэс нь татварын албадаас ирүүлсэн баримт, материал болон шалгуур үзүүлэлт хангасан бусад аж ахуйн нэгжүүдийн холбогдох үзүүлэлтийг судлан, харьяаллыг шинэчлэн тогтоох, татварын алба хооронд шилжилт хөдөлгөөн хийх асуудлыг 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон Татварын ерөнхий газрын даргын тушаалаар шийдвэрлүүлнэ.
9.2 Татварын албад нь энэ журмын 7.3-д заасны дагуу татвар төлөгчийн харьяалал нь өөрчлөгдөх нөхцөл бүрдсэн аж ахуйн нэгж, байгууллагын баримт, материалыг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтэст тухайн улирлын тайлан тушаасны дараа ирүүлнэ. Уг хэлтэс нь ирүүлсэн материалыг хянаж, шилжилт, хөдөлгөөнийг шийдвэрлэнэ.
9.3 Дүүргийн татварын хэлтэс нь энэ журмын 7.3-д заасны дагуу нийслэлийн дүүрэг хооронд шилжих нөхцөл бүрдсэн аж ахуйн нэгж, байгууллагын материалыг Нийслэлийн татварын газарт тухайн улирлын тайлан тушаасны дараа ирүүлнэ. Нийслэлийн татварын газар нь материалыг хянаж, шилжилт, хөдөлгөөнийг шийдвэрлэнэ.
9.4 Татварын албад Татварын ерөнхий газрын даргын тушаал, Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн шийдвэр, Нийслэлийн татварын газрын даргын тушаалыг үндэслэн татвар төлөгчийн бүртгэлд өөрчлөлт оруулна.
9.5 Татвар төлөгчийн үндсэн харъяалал өөрчлөгдөхгүй, тухайн татварын төрлийн харъяалал өөрчлөгдөх, шинээр бий болох тохиолдолд харьяалах татварын алба давхар татвар төлөгчөөр бүртгэнэ.
9.6 Татварын албад татвар төлөгчийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой дараахь материалыг ирүүлнэ:
9.6.1 Шилжилт хөдөлгөөний талаарх харъяалах татварын албаны албан бичиг
9.6.2 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хоёр тал/
9.6.3 Татвар төлөгчийн гаргасан шилжих хүсэлт
9.6.4 Татвар төлөгчийн карт
9.6.5 Төлөвлөгөөний хуваарь
9.6.6 Өрийн карт
9.6.7 Татвар төлөгчийн харъяалал нь өөрчлөгдөх нөхцөл бүрдсэнийг нотлох баримт /ҮХЭХ-ийн гэрчилгээний хуулбар, газрын гэрчилгээ, лиценз, зөвшөөрөл, баг, хорооны засаг даргын тодорхойлолт, түрээсийн гэрээний хуулбар гэх мэт холбогдох бусад баримтууд/
9.7 Шилжиж буй татвар төлөгчийн татварын өр, авлагыг шилжүүлэн, хүлээн авахдаа ТА-12 маягтаар дараахь хугацааг баримтлан бүртгэнэ.
9.7.1 Энэ журмын 9.1-д хамаарах илүү, дутуу төлсөн татвар, өрийг шилжүүлэхдээ тухайн жилийн 12 дугаар сарын 31-ний өдрөөр
9.7.2 Энэ журмын 9.1-д хамаарах илүү, дутуу төлсөн татварыг хүлээн авахдаа дараа жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөр
9.7.3 Энэ журмын 9.2, 9.3-т хамаарах илүү, дутуу төлсөн татвар, өрийг шилжүүлэхдээ тухайн улирлын сүүлчийн сарын сүүлчийн өдрөөр буюу 3 дугаар сарын 31, 6 дугаар сарын 30, 9 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 31-ний өдрөөр
9.7.4 Энэ журмын 9.2, 9.3-т хамаарах илүү, дутуу төлсөн татварыг хүлээн авахдаа тухайн улирлын дараагийн сарын эхний өдрөөр буюу 1 дүгээр сарын 1, 4 дугаар сарын 1, 7 дугаар сарын 1, 10 дүгээр сарын 1-ний өдрөөр
9.7.5 Энэ журмын 9.5-д хамаарах илүү, дутуу төлсөн татварыг шилжүүлэхдээ тухайн улирлын сүүлчийн сарын сүүлчийн өдрөөр буюу 3 дугаар сарын 31, 6 дугаар сарын 30, 9 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 31-ний өдрөөр
9.7.6 Энэ журмын 9.5-д хамаарах илүү, дутуу төлсөн татварыг хүлээн авахдаа тухайн улирлын эхний өдрөөр буюу 1 дүгээр сарын 1, 4 дугаар сарын 1, 7 дугаар сарын 1, 10 дугаар сарын 1-ний өдрөөр
9.8 Шилжүүлсэн, хүлээн авсан татварын өр, авлагын дүн, хугацаа ижил байна.
Арав. Татвар төлөгчийг бүртгэлээс хасах
10.1 Татвар төлөгчийг дараах тохиолдолд татвар төлөгчийн бүртгэлээс хасах үндэслэл үүснэ. Үүнд:
10.1.1 Татвар төлөгч иргэн нас барсан, нас барсанд тооцогдсон;
10.1.2 Хуулийн этгээд татан буугдсан;
10.1.3 Хуулийн этгээд дампуурсан тухай шүүхийн шийдвэр гарсан;
10.1.4 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.4 дэх заалтын дагуу бүртгэх байгууллагын саналыг үндэслэн хуулийн этгээдийг татан буулгах тухай шийдвэр гарсан;
10.1.5 Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23.2 дах заалтын дагуу нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн саналыг үндэслэн бүртгэх байгууллага улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон;
10.1.6 Хуульд заасан бусад үндэслэлээр;
10.2 Татвар төлөгч хуулийн этгээд, байгууллага нь татвар төлөгчийн бүртгэлээс хасуулах тухай хүсэлтээ харъяалагдах татварын албанд албан бичгээр гаргана.
10.3 Бүртгэлээс хасуулах тухай татвар төлөгчийн ирүүлсэн хүсэлтийг татварын улсын байцаагч хүлээн авч холбогдох баримт, материалыг бүрдүүлэн татварын улсын ахлах байцаагчид өгнө. Үүнд:
10.3.1 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэг, 25 дугаар зүйлд заасан баримт бичиг
10.3.2 Тухайн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний татвар ногдуулалт, төлөлтөд татан буулгахтай холбогдуулан хийсэн татварын хяналт, шалгалтын акт, материал
10.3.3 Актаар тавигдсан татварын өр, төлбөрийг төсөвт төлсөн санхүүгийн баримт
10.3.4 Хаалтын тайлан тэнцэл
10.4 Шүүхийн шийдвэрийн дагуу татан буугдсан, дампуурсан татвар төлөгчийн хувьд уг шийдвэрийг үндэслэн татвар төлөгчийн бүртгэлээс хасна.
10.5 Иргэний хувьд тухайн иргэн нас барсан, нас барсанд тооцогдсон, татвар төлөх үүрэг дуусгавар болсон тухай баримтыг үндэслэн татвар төлөгчийн бүртгэлээс хасна.
10.6 Энэхүү журмын 10.3-д заасан баримт, материалын бүрдлийг үндэслэн Татварын улсын ахлах байцаагч нь ТБ-05 маягтыг хөтлөн Татварын газар /хэлтэс/-ын дарга хянаж баталгаажуулан, бүртгэх байгууллагад хүргүүлэх бөгөөд дээр дурдсан материалын бүрдэл хангагдаагүй нөхцөлд ТБ-05 маягтыг хөтлөхийг хориглоно.
10.7 Хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассан тухай бүртгэх байгууллагаас ирүүлсэн ТБ-05 маягтын мэдээллийг үндэслэн тухайн татвар төлөгчийг бүртгэлээс хасна.
10.8 Татвар төлөгчийн бүртгэлээс хасагдаагүй боловч Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2, 10.1.3-т заасан үндэслэлээр тухайн төрлийн татвар төлөх үүрэг нь дуусгавар болсон тохиолдолд холбогдох баримтын бүрдлийг үндэслэн тухайн төрлийн татвар төлөгчийн бүртгэлээс хасч, татварын албаны бүртгэлийн мэдээллийн баазад өөрчлөлт оруулна.
10.9 Монгол улсын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24.2-т заасны дагуу 2-6 сар хүлээгдэж буй татвар төлөгчдийг холбогдох материалын бүрдлийг үндэслэн тухайн төрлийн татвар төлөгчийн бүртгэлээс хасч, татварын албаны бүртгэлийн мэдээллийн баазад өөрчлөлт оруулна.
10.10 Монгол улсын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 27.4-т заасны дагуу хуулийн этгээдийг татан буулгахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд холбогдох материалын бүрдлийг үндэслэн тухайн төрлийн татвар төлөгчийн бүртгэлээс хасч, татварын албаны бүртгэлийн мэдээллийн баазад өөрчлөлт оруулна. Хэрэв шүүх тухайн хуулийн этгээдийг татан буулгах үндэслэлгүй гэж үзвэл татвар төлөгчийн бүртгэлийг сэргээнэ.
10.11 Татвар төлөгчийг бүртгэлээс хассан тухай мэдээллийг агуулсан ТБ-05 маягтыг Татварын бүртгэлийн мэдээллийн баазаас гарган авч, Татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулан, хувийн хэрэгт хавсаргана.
10.12 Татвар төлөгчийн бүртгэлээс хасагдах тохиолдолд татвар төлөгчийн гэрчилгээг хураан авч хувийн хэргийн хамт архивт шилжүүлнэ.
Арван нэг. Хүлээлгэх хариуцлага
11.1. Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
ооОоо
Текст томруулах
A
A
A