A

A

A

Бүлэг: 1979

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2012 оны 01 дүгээр  сарын 17-ны өдрийн
А-28 тоот тушаалын 3 дугаар хавсралт

 

 

Гидрогеологийн судалгааны ажлын тайлангийн

агуулгын тайлбар

 

 

Оршил

Судалгааны тухай товч мэдээлэл, ажлын зорилго, үр дүн, орон нутгийн засаг захиргааны харъяалал, боловсон хүчин ба техник тоног төхөөрөмжийн хангамж, ажлын зохион байгуулалт зэрэг үндсэн бүлэгт үл хамаарах асуудлуудыг тусгах бөгөөд судалгааны объектын байршлын тойм зургийг хавсаргана.

Бүлэг I. Физик-газар зүйн ба эдийн засгийн нөхцөл

Судалгааны бүс нутгийн физик-газар зүй, байгаль, цаг уурын онцлог, уул, ус зүй, хөрс, ургамал, амьтны аймаг, эдийн засгийн хөгжлийн талаар тодорхой ойлголт өгч, холбогдох зураг, бүдүүвчээр баяжуулсан байна.

Бүлэг II. Гидрогеологийн судалгааны тойм

Тухайн талбайд урьд өмнө явуулсан гидрогеологийн зохих шатны ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, ойлголт өгч, уг судалгааны холбогдох үр дүн, судлагдсан түвшинд үнэлэлт, дүгнэлт өгнө.

Бүлэг III. Усан хангамжийн өнөөгийн байдал ба хэтийн төлөв

Усан хангамжийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ усны хэрэглээ болон ус авах байгууламжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Түүнчлэн ус хэрэглээний хэтийн төлвийн талаар үнэлэлт, дүгнэлт гаргана.

Бүлэг IV. Геологийн тогтоц

Бүс нутгийн геологийн тогтоц, давхрага зүйн онцлог байдлын талаар тодорхой бичнэ.

 

Бүлэг V. Гидрогеологийн нөхцөл

Судалгааны бүс нутгийн геологийн тогтоц, давхрага зүйн онцлог байдлыг үндэслэн биеэ даасан уст цогцолбор, уст үе давхрага, усжсан бүс болон газрын доорх усны бусад хэлбэрийн хуримтлал, бөөгнөрлийг ангилан ялгаж, улмаар тухайн талбайд тархсан газрын доорх усны бүрэлдэлт, тархалтын үндсэн зүй тогтолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Бүлэг VI. Гидрогеологийн судалгааны талбайг сонгосон үндэслэл

Тухайн судалгааны талбайг сонгосон үндэслэл, гидрогеологийн эрлийн шалгуур, шинж тэмдгийн тухай тодорхойлон тусгаж өгнө.

Бүлэг.VII Гидрогеологийн судалгааны арга зүй, аргачлал ба үр дүн

Гидрогеологийн судалгааны арга зүй, аргачлал, судалгаа явуулсан үе шат, хүрсэн үр дүнгийн талаар дэлгэрэнгүй бичнэ.

Бүлэг VIII. Усны чанар

Гидрохимийн усан дээжний лабораторийн шинжилгээний холбогдох үр дүн, бусад мэдээлэлд тулгуурлан судалгааны бүс нутгийн хэмжээнд тархсан газрын доорх болон гадаргын усны чанар, химийн найрлага, физикийн шинж чанарт  нарийвчилсан үнэлэлт, дүгнэлт өгнө.

Бүлэг IX. Гидрогеологийн тооцооны параметрийн тодорхойлолт

Гидрогеологийн тооцооны параметрийг тодорхойлсон арга, аргачлал, үр дүн болон тооцооны параметрийг сонгосон үндэслэлийн талаар тусгана.

Бүлэг X. Газрын доорх усны ашиглалтын нөөц баялгийн үнэлгээ

Газрын доорх усны ашиглалтын нөөц баялагт үнэлгээ өгсөн арга болон тооцооны үр дүнгийн талаар бичнэ.

Бүлэг XI. Газрын доорх усны ордын ашиглалтад бэлтгэгдсэн байдал 

Газрын доорх усны ордыг тодорхой хэрэглэгчдийн усан хангамжийн эх үүсвэрийн зориулалтаар худгийн байгууламжаар ашиглах талаар мэргэжлийн заавар, зөвлөмжийг өгнө.

 

Бүлэг XII. Гидрогеологийн судалгааны үр ашиг

Гидрогеологийн судалгааны үр дүнд газрын доорх усны ордын үйлдвэрлэлийн зэргээр үнэлж тодорхойлсон ашиглалтын нөөц баялгийн нэгжид оногдох эдийн засгийн үзүүлэлтийн талаар тусгасан байна.

Хавсралт зураг

Гидрогеологийн судалгааны ажлын үр дүнгийн тайлангийн дагалдах хавсралт зураг (тухайн шатны судалгааны баримтат материалын болон геологи-гидрогеологийн зураг гэх мэт) болон зүсэлт нь зохих хураангуйлалттай байр зүйн зургийн суурь дээр зохиогдсон байх шаардлагатай. Түүнчлэн зургийн тайлбар болон таних тэмдгийг ойлгомжтой хэлбэрээр илэрхийлсэн байна. Шаардлагатай тохиолдолд тайлангийн агуулгын хэсэгт дурьдсанаас бусад нэмэлт зургийг хавсралт байдлаар оруулж болно.