A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХҮРЭЭНД ХДХВ/ДОХ/БЗДХ-ААС СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ /УУХҮС-ын 2016.10.05 дугаар сарын А/32 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын

2012 оны 086 дугаар тушаалын

нэгдүгээр хавсралт

 

ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХҮРЭЭНД ХДХВ/ДОХ/БЗДХ-ААС СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ

ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

  1.1 Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын ажилтан, ажиллагсдын ажилллах нөхцөл нь орон гэрээсээ хол, гэр бүлээсээ тусдаа, нийтийн байранд болон ажлын байранд удаан хугацаагаар амьдардгаас ХДХВ/ДОХ-ын халдварт өртөх магадлалтай нь олон улсын баримтаар тогтоогдсон. Монголын хүн амын нөхөн үржихүйд аюултай, хор хөнөөл дагуулж, Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй ХДХВ/ДОХ/БЗДХ-аас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, үүнд байгууллага, албан тушаалтан, ажиллагсдын идэвхи оролцоог нэмэгдүүлэх, нэн ялангуяа халдвараас сэргийлэх талаар мэдлэг, мэдээллийг түгээх зэрэг арга хэмжээг салбарын байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хэрэгжүүлэх үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

 

1.2 Энэхүү журмын зорилго нь салбарын ажилтан, ажиллагсдын дунд ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх зөв ойлголт, хандлага мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, халдвартай амьдарч буй хүмүүсийн хүний эрхийг хүндэтгэх, нууцыг хадгалах, салбарын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө үйл ажиллагаа, үүрэг, хариуцлага, тогтолцоог бий болгоход чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оршино.

 

1.3 Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний салбарын агентлаг, байгууллага, аж ахуйн нэгжүүд (түншлэгч тал, туслан гүйцэтгэгч орно) ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа энэхүү журмыг мөрдлөг болгоно. 

 

Хоёр. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

 

2.1. Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний салбарын агентлаг, байгууллагын түвшинд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

 

          2.1.1 ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэхтэй холбогдон гарсан Монгол Улсын хууль тогтоол, шийдвэрийн биелэлтийг салбарын хэмжээнд зохион

           байгуулах,

 

          2.1.2 ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд энэхүү журмыг салбарын байгууллага, аж ахуйн нэгжүүдэд мөрдүүлэх,

 

2.1.3 Агентлаг, байгууллагууд ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжүүлэх зардлыг жил бүрийн төсөвтөө тусгаж байх,

2.1.4 Аж ахуйн нэгж, байгууллагуудтай байгуулах гэрээ, орд ашиглах /уурхай, уулын үйлдвэрийн/ техник, эдийн засгийн үндэслэлд ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түүнтэй холбогдон гарах зардлыг тусгах,

 

2.1.5 ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг холбогдох бүтцийн нэгж, ажилтандаа хариуцуулан ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарьт нь тусгах,

 

2.1.6 ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх асуудлаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа, зан үйлийг өөрчлөх чиглэлийн ажлуудыг зохион байгуулах.

 

2.2 Аж ахуйн нэгжийн түвшинд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

 

          2.2.1 Аж ахуйн нэгжийн удирдлагын шийдвэрээр ХДХВ/ДОХ/БЗДХ-аас  сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах удирдлагын баг байгуулж,  сургалтанд хамруулж байх

 

         2.2.2 Ажлын байранд ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж батлах,

 

         2.2.3 Аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн системд ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх талаар асуудлыг тусгаж оруулах,

 

        2.2.4 Аж ахуйн нэгжийн түвшинд сургагч багш нарыг бэлтгэх, тэднээр дамжуулан ажилчдын дунд Эрүүл мэндийн үе тэнгийн сургагч бэлтгэх,

 

          2.2.5 Аж ахуйн нэгжийн нийт ажиллагсдад ХДХВ/ДОХ/БЗДХ-аас  сэргийлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулж, шаардлагатай сургалт, сурталчилгааны материалуудаар хангах,

 

        2.2.6 ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх сайн дурын зөвлөгөө, шинжилгээнд  хамрагдах, бэлгийн замаар дамжих халдварын оношлогоо, эмчилгээ үйлчилгээ авахад нь дэмжлэг үзүүлэх,

 

          2.2.7 ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх талаарх Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журмыг аж ахуйн нэгжийн түвшинд мөрдөж ажиллах,

 

   2.2.8 Аж ахуйн нэгж нь тухайн орон нутгийн ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран ажиллах.

 

Гурав. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, тайлагналт

 

          3.1 Аж ахуйн нэгжийн Удирдлагын баг нь ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагааны мэдээ, тайланг ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Салбар зөвлөлөөс баталсан маягтын дагуу бүтэн жилээр гаргаж дараа оны 1 дүгээр сард багтаан харъяа агентлаг, байгууллагад хүргүүлнэ.

 

           3.2 Агентлаг, байгууллага нь аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн тайланг нэгтгэн дүгнэж Эрдэс баялаг, эрчим хүчний салбар зөвлөлд дараа оны 2 дугаар сард багтаан хүргүүлнэ.

 

           3.3 Эрдэс баялаг, эрчим хүчний салбар зөвлөл нь агентлаг, байгууллагуудаас ирүүлсэн тайланг нэгтгэж, салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн санал, дүгнэлт гаргаж дараа оны нэгдүгээр улиралд багтаан ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хороонд хүргүүлнэ.

 

 

 

----- оОо -----