- Нүүр
- Сайдын тушаал
- ХДХВ/ДОХ-ООС СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ДҮРЭМ /УУХҮС-ын 2016.10.05 дугаар сарын А/32 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын
2012 оны 086 дугаар тушаалын
гуравдугаар хавсралт
ХДХВ/ДОХ-ООС СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ
ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ
САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хорооны Эрдэс баялаг, эрчим хүчний салбар зөвлөл /цаашид “салбар зөвлөл” гэнэ/-ийн үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Салбар зөвлөлийн зорилго нь эрдэс баялаг, эрчим хүчний салбарын ажилтан, ажиллагсдыг ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжилтийг хангахад оршино.
1.3. Салбар зөвлөл нь орон тооны бус байх бөгөөд эрдэс баялаг, эрчим хүчний салбарын асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан байна.
1.4. Салбар зөвлөл нь эрдэс баялаг, эрчим хүчний салбарын ажилтан, ажиллагсдыг ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх арга хэмжээг хараат бус, шударга, ил тод зарчмыг баримтлан зохион байгуулж, хэрэгжүүлнэ.
Хоёр. Салбар зөвлөлийн эрх, үүрэг
2.1. Салбар зөвлөлийн гишүүд нь үйл ажиллагаагаа явуулахдаа холбогдох журам, дүрмийг чанд баримтлан ажиллана.
2.2. Салбар зөвлөл нь салбарын агентлаг, байгууллагуудаас шаардлагатай мэдээ, мэдээлэл, тайланг хугацаанд нь гаргуулах, холбогдох байгууллагаас магадлах эрхтэй.
2.3. ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагааны хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгах, хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд хяналт тавина.
2.4. Хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт, шинжилгээ, үнэлгээ өгч, түүний үр дүнг дээшлүүлэх талаар санал, зөвлөмж боловсруулна.
2.5. ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагаанд зөвлөгөө, арга зүйн туслалцаа үзүүлж, сургалт, судалгааны ажлыг зохион байгуулна.
2.6. ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх ажлын хүрээнд зохиогдох аливаа арга хэмжээг төлөвлөх, батлах, гүйцэтгэгчийг томилон ажиллуулах, энэ талаар шийдвэр гаргуулахаар холбогдох байгууллагад уламжилна.
2.7. ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх чиглэлээр дотоод, гадаадын байгууллага, иргэдтэй хамтран ажиллах төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
2.8. Салбар зөвлөлийн жилийн ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батална.
2.9.ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх үндэсний бодлого, стратегийг хэрэгжүүлэхэд агентлаг, байгууллага хоорондын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, дэмжлэг үзүүлнэ.
2.10. Салбар зөвлөлийн эрх хэмжээнд хамаарах болон агентлаг, байгууллагын төсвийн удирдлагын зардлын төслийг зохиох, хянаж батлахад зохих журмын дагуу санал өгөх, хүсэлт гаргана.
2.11. ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх хууль, тогтоол, үндэсний стратеги, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээг тодорхойлох, төсөвт тусгуулах, гадаад, дотоодын хандивлагчдын тусламж, дэмжлэг болон санхүүжилтийг шийдвэрлүүлэх арга хэмжээг авна.
2.12. Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нь хуралдааны бэлтгэлийг хангаж, гишүүдэд холбогдох мэдээллийг хүргэнэ.
Гурав. Салбар зөвлөлийн үйл ажиллагаа
3.1. Салбар зөвлөл нь эрдэс баялаг, эрчим хүчний салбарын ажилтан, ажиллагсдыг ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх арга хэмжээг холбогдох журмын дагуу удирдан зохион байгуулах, түүнтэй холбогдсон асуудлуудыг хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргана.
3.2. Салбар зөвлөлийн хэлэлцэх, шийдвэр гаргах ажиллагаа нь салбар зөвлөлийн хуралдаан байна. Салбар зөвлөлийн хуралдааны явцын талаар тэмдэглэл хөтөлж, хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргана.
3.3. Салбар зөвлөл нь улиралд 1-ээс доошгүй удаа хуралдах бөгөөд шаардлагатай үед ээлжит бус хуралдааныг салбар зөвлөлийн дарга зарлан хуралдуулж болно.
3.4. Хуралдааны товыг салбар зөвлөлийн дарга зарлаж, хуралдааныг удирдана. Хуралдааныг нийт гишүүдийн олонхи ирсэн тохиолдолд хуралдана.
3.5. Салбар зөвлөлийн хуралдаанаас гарсан санал, зөвлөмжийг шаардлагатай гэж үзвэл Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж болно.
3.6. Аливаа асуудлыг хуралд оролцогчдын олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хэрэв олонхийн саналаас өөр саналтай гишүүн байвал энэ тухай хурлын тэмдэглэлд тодорхой бичнэ.
3.7. Салбар зөвлөлийн дарга хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батална. Уг жагсаалтыг салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга ээлжит хуралдаанаас 3 хоногийн өмнө гишүүдэд тараана.
3.8. Салбар зөвлөл нь ХДХВ/ДОХ-оос сэргийлэх Үндэсний хороонд жил бүрийн 1 дүгээр улирлын дотор тайлангаа хүргүүлнэ.
----- оОо -----
Текст томруулах
A
A
A