- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ САНГИЙН ДҮРЭМ
Засгийн газрын 2013 оны 245 дугаар тогтоолын хавсралт
АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ САНГИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Архидан согтуурахтай тэмцэх сан (цаашид "Сан" гэх)-гийн зорилго нь архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, хяналт тавих, архидан согтуурсны улмаас хүн амын эрүүл мэнд, нийгэмд учирч байгаа хор уршгийг арилгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг санхүүжүүлэхэд оршино.
1.2. Сангийн үйл ажиллагааг сангийн зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх) удирдах бөгөөд зөвлөлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тэргүүлнэ.
1.3. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд жилд нэгээс доошгүй удаа хуралдана. Зөвлөлийн гишүүдийн олонхи оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно.
1.4. Зөвлөл хэлэлцсэн асуудлаа олонхийн саналаар шийдвэрлэнэ. Зөвлөлийн хуралдааны явцын тухай тэмдэглэл хөтөлнө.
Хоёр. Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт
2.1. Сангийн хөрөнгө Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 132.2-т заасан эх үүсвэрээс бүрдэнэ.
2.2. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 132.4-т заасныг үндэслэн дараах үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг Засгийн газар санхүүжүүлж болно:
2.2.1. архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, архины хор уршгийг бууруулах талаар улсын хэмжээнд авч хэрэгжүүлэх нэгдсэн арга хэмжээ;
2.2.2. архидан согтуурснаас олон нийтэд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл, үр дагаврыг тогтоох судалгаа, шинжилгээний ажил;
2.2.3. архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын оролцоог дэмжих;
2.2.4. архидан согтуурснаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг судалж, архины хамааралтай сөрөг зан үйлд нь нөлөөлөх, улмаар сургалт, хөдөлмөрийн арга барил, дадал чадварыг эзэмшүүлэх, суллагдан гарсны дараа сургалт, хүмүүжлийн тусгай хөтөлбөрт түр хугацаагаар хамрагдах боломжийг бүрдүүлэх.
2.3. Сангийн хөрөнгийг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 132.6-д заасан зориулалтаар зарцуулна.
Гурав. Зөвлөлийн бүрэн эрх
3.1. Сангийн зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
3.1.1. сангийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
3.1.2. сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг шалгаруулах;
3.1.3. сангийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн явцад хяналт тавих, тайланг хэлэлцэх.
Дөрөв. Бусад зүйл
4.1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар хариуцах бөгөөд дараах байдлаар зохицуулна:
4.1.1. Зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;
4.1.2. Сангийн хөрөнгийг төвлөрүүлэх, зарцуулахтай холбоотой бусад ажлыг зохицуулах;
4.1.3. сангийн хөрөнгийг төвлөрүүлэх, зарцуулах болон бусад үйл ажиллагаатай холбогдсон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх.
4.2. Шаардлагатай бол зөвлөлийн шийдвэрийг Засгийн газарт танилцуулна.
------оОо------
Текст томруулах
A
A
A