A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2012 оны 101 дүгээр
                                                                               тогтоолын 1 дүгээр хавсралт

 

“ЦАХИМ ЗАСАГ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

Төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төрийн бодлого боловсруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг хүртээмжтэй, чирэгдэлгүй болгож, цахим засгийн үйлчилгээг хөгжүүлж нэвтрүүлэх зорилгоор “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийг боловсруулж байна. 

Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, Засгийн газраас батлагдсан “Цахим Монгол” үндэсний хөтөлбөр, Монгол Улсад бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр, Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр, Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтууд, тэдгээрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээний дүн, хөгжиж байгаа орнуудад цахим засгийг хөгжүүлэх талаар Дэлхийн банкнаас гаргасан зөвлөмж, судалгааг энэхүү хөтөлбөрийг боловсруулахад үндэслэл болгов. Хөтөлбөрийг боловсруулах явцад цахим засгийг хөгжүүлэн, амжилттай хэрэгжүүлж байгаа АНУ, ХБНГУ, БНСУ, Малайз Улс, Шинэ Зеланд Улс, Япон Улс, БНЭУ зэрэг орны туршлагыг судалсан болно.

Цахим гарын үсгийн тухай хууль, “Цахим гарын үсгийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2011 оны 61 дүгээр тогтоол гарсан нь цахим хэлбэрээр мэдээлэл солилцох харилцааг хангах, цахим засгийг хөгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх анхны алхам болсон.

Манай улсын 170  сум, суурин газар 21000 км орчим өндөр хурдны шилэн кабелийн сүлжээгээр холбогдсон бөгөөд ойрын жилүүдэд бүх сум, суурин газрыг шилэн кабелиар бүрэн холбохоор ажиллаж байна.  2011 оны байдлаар гаргасан судалгаагаар төрийн байгууллага албан ажлын хэрэгцээнд нийт 56000 гаруй компьютер ашиглаж байна. Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын аж ахуйн нэгж,  байгууллагад 82 мянга орчим хүн ажиллаж, ойрын 5 жилд улсын хэмжээнд мэдээллийн технологи, харилцаа холбооны мэргэжилтний эрэлтийн өсөлт дунджаар 15 хувь байхад энэ чиглэлээр бэлтгэгдэж байгаа мэргэжилтний өсөлт дөнгөж 4 хувь байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Мөн мэдээллийн технологийн өнөөгийн болон ирээдүйн хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн салбарын ажилтны мэргэжлийн ур чадварыг сайжруулах шаардлагатай байна.

Цаашид төрийн байгууллагыг шилэн кабелийн сүлжээгээр холбосон нэгдсэн сүлжээ бий болгож, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, нийт ашиглагдаж байгаа компьютерийн 50-иас доошгүй хувийг шинэчлэх, программ хангамжийг лицензтэй болгох, мэдээллийн систем, контентийг хөгжүүлэх, хүний нөөц, мэдээллийн технологийн менежментэд шинэчлэл хийх зэрэг арга хэмжээ авснаар цахим засгийн үйлчилгээг иргэдэд хүргэх нөхцөл бүрдэх юм. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн түгээмэл хэрэглээ болсон хөдөлгөөнт холбоонд суурилсан цахим засгийн үйлчилгээг нэвтрүүлснээр иргэн бүр хэрэгцээтэй үйлчилгээг шууд  гар дээрээсээ хүртэх бүрэн  боломжтой болох юм. 

 

Хоёр. Нэр томъёоны тодорхойлолт

 

2.1. Энэ хөтөлбөрт хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

2.1.1. “Цахим засаг” (Electronic Government, E-Gov) гэж төрийн үйл ажиллагааг иргэдэд ил тод мэдээлэн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын хамтын ажиллагааг хангах, тэдгээрийн оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагаанд мэдээллийн технологи, харилцаа холбооны дэвшилтэт технологийг ашиглах замаар цахим үйлчилгээг тулгуур болгон улс орны дотоод, гадаад харилцаа, засаглалын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах үйл явцыг;

2.1.2. “Засгийн газрын энтерпрайз архитектур” (Government Enterprise Architecture) гэж цахим засгийг бий болгох үйл явцад чиглэгдсэн стандарт, харилцан уялдаа бүхий бизнес архитектур, мэдээллийн архитектур, шийдлийн архитектур, техник, технологийн архитектур зэргээс бүрдсэн  үр ашигтай системийн шийдлийг;

2.1.3. “Мэдээллийн технологийн дэд бүтэц” гэж мэдээллийн сүлжээ, техник (хатуу) болон программ хангамж, мэдээллийн сан, мэдээллийн системийн загвар (зөөлөн) зэргийг;

2.1.4. “Хөдөлгөөнт холбоо” гэж утасгүй зөөврийн харилцаа холбооны төхөөрөмж (гар утас, таблет гэх мэт)-ийг ашиглан мэдээлэл солилцохыг;

2.1.5. “Үүлэн тооцоолол” гэж компьютер болон бусад төхөөрөмж нь программ хангамж, дундын өгөгдөл, мэдээллийг интернэтийн орчинд дамжуулан боловсруулдаг тооцооллыг.

 

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн зарчим, хамрах хүрээ, хугацаа

 

3.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь үндсэн зарчмыг баримтална:

     3.1.1. төрийн байгууллагын мэдээллийн систем нь Засгийн газрын нэгдсэн энтерпрайз архитектурт нийцсэн, үр ашигтай, өгөөжтэй, уян хатан байх;

     3.1.2. лицензтэй программ хангамжийг хэрэглэх, зохиогчийн эрхийг хүндэтгэх ёс зүйг эрхэмлэх;

     3.1.3. төрийн цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангасан байх;

     3.1.4. төрийн байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтний ур чадварыг дээшлүүлэх нэгдсэн бодлоготой байх;

     3.1.5. хөдөлгөөнт холбооны технологид суурилсан төрийн үйлчилгээг түлхүү дэмжих;

     3.1.6. төр, хувийн хэвшлийн түншлэл, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих;

     3.1.7. хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлоготой байх.

3.2. Хөтөлбөрийг Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт төрийн байгууллага, иргэдийг хамруулж хэрэгжүүлнэ.

3.3. Хөтөлбөрийг 2012-2016 онд хэрэгжүүлнэ.

 

  Дөрөв. Хөтөлбөрийн зорилго, зорилт

 

4.1. Төрийн байгууллагыг холбосон мэдээллийн технологийн дэд бүтцийг байгуулан мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглах замаар төрийн бодлого боловсруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ, мэдээ, мэдээллийг орон зай, цаг хугацаанаас үл хамааран иргэдэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэж, төрийн ой санамжийг төгөлдөржүүлэх, түүнд суурилсан цахим засгийн үйлчилгээг хөгжүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

4.2. Энэхүү хөтөлбөрийн зорилгыг хангахад дараахь зорилтуудыг дэвшүүлж байна:

4.2.1. Нэгдүгээр зорилт: Цахим засгийг хөгжүүлэх бодлого зохицуулалт, эрх зүйн орчинг боловсронгуй болгох;

4.2.2. Хоёрдугаар зорилт: Мэдээллийн технологийн дэд бүтцийг хөгжүүлэх;

4.2.3. Гуравдугаар зорилт: Төрийн үйл ажиллагаа, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж,  иргэдэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй болгох;

4.2.4. Дөрөвдүгээр зорилт: Төрийн албан хаагчдын мэдээллийн технологийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, төрийн цахим үйлчилгээг ашиглах мэдлэг иргэдэд олгох.

 

Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

 

5.1. Цахим засгийг хөгжүүлэх бодлого зохицуулалт, эрх зүйн орчинг боловсронгуй болгох нэгдүгээр зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.1.1. мэдээллийн болон кибер орчны аюулгүй байдлыг хангах, бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий   болгох, цахим үйлчилгээг нэвтрүүлэхтэй холбогдох нийгмийн харилцааг зохицуулан,  цахим засгийг хөгжүүлэх чиглэлээр  шаардагдах хуулийн төсөл боловсруулах, одоо мөрдөгдөж байгаа зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах;

5.1.2. цахим хэлбэрээр мэдээлэл солилцох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний чанарыг сайжруулах, сүлжээний зохион байгуулалтыг боловсронгуй болгох, мэдээлэл хадгалах, хамгаалах, ашиглахтай холбогдсон цахим засгийг хөгжүүлэхэд шаардлагатай стандарт, дүрэм, журмыг боловсруулан батлуулах;

5.1.3. төрийн байгууллагад ашиглагдах программ хангамж, мэдээллийн систем боловсруулах, нэвтрүүлэх, тэдгээрийн мэдээлэл хадгалалт, хамгаалалт, ашиглалт, мэдээллийн технологийн аудит хийх тогтолцоог бий болгох, хүний нөөцийн хөгжлийн талаар баримтлах чиглэл боловсруулан хэрэгжүүлэх;

5.1.4. цахим засгийн үйлчилгээг найдвартай, аюулгүй явуулах программ хангамж, контентийг хөгжүүлэх бодлого зохицуулалтын таатай орчин бүрдүүлэх.

5.2. Мэдээллийн технологийн дэд бүтцийг хөгжүүлэх хоёрдугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.2.1 төрийн байгууллагыг холбосон өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ байгуулах, өргөтгөх, шинэчлэх, нөөц сүлжээ үүсгэх;

5.2.2. утасгүй өргөн зурвасын сүлжээг бий болгож өргөтгөх үйл ажиллагааг дэмжих;

5.2.3. нийтийн түлхүүрийн дэд бүтцийг бий болгох;

5.2.4. Засгийн газрын нэгдсэн энтерпрайз архитектур боловсруулж, нэвтрүүлэх;

5.2.5. мэдээллийн нууцлал, хамгаалалтын системийн нэгдсэн төлөвлөлт, дизайн боловсруулж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг  хэрэгжүүлэх;

5.2.6. төрийн бүх байгууллагын программ хангамж, үйлдлийн системийг үе шаттайгаар  лицензтэй болгох;

5.2.7. технологийн шинэчлэл, үүлэн тооцооллын технологи нэвтрүүлж эхлэх.

5.3. Төрийн үйл ажиллагаа, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, иргэдэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй болгох гуравдугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.3.1. төрийн байгууллагын вэбсайтын контентийн чанарыг сайжруулж,  тухай бүрт нь баяжилт, шинэчлэлт хийж хэвших;

5.3.2. төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааг илүү хяналттай, өндөр бүтээмжтэй болгох зорилгоор  гүйцэтгэлд тулгуурласан үнэлгээний мэдээллийн системийг нэвтрүүлэх;

5.3.3. эрэлт ихтэй, иргэдэд чирэгдэл учруулан ачааллыг үүсгэдэг төрийн үйлчилгээг үе шаттайгаар  цахим хэлбэрт шилжүүлэх;

5.3.4. хөдөлгөөнт холбооны технологид суурилсан төрийн үйлчилгээг өргөтгөн, хөгжүүлэх;

5.3.5. төрийн үйл ажиллагааны талаар иргэд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, иргэдийн оролцоог хангах, өргөдөл гомдлыг шуурхай шийдвэрлэх, хариу өгөх цахим үйлчилгээг бий болгох;

5.3.6. мэдээллийн технологийн нэг цэгийн үйлчилгээг өргөтгөн хөгжүүлэх

5.4. Төрийн албан хаагчдын мэдээллийн технологийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, төрийн цахим үйлчилгээг ашиглах мэдлэг иргэдэд олгох дөрөвдүгээр зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.4.1. төрийн албан хаагчдад зориулсан мэдээллийн технологийн байнгын сургалт болон мэдлэг, ур чадварыг дээшлүүлж сургалт зохион байгуулах;

5.4.2. мэдээллийн технологийн мэргэжилтэн, мэргэжлийн багш нарын мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд хүргэх, орон нутагт мэргэжлийн боловсон хүчнээр хангах;

5.4.3. төрийн байгууллагад ажиллаж байгаа мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтний ур чадварыг сайжруулан, тогтвортой ажиллах урамшууллын механизм бий болгох;

5.4.4. мэдээллийн технологийн нарийн мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх;

5.4.5. цахим засгийн үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэсэн судалгаа, шинжилгээний ажлыг бүх талаар дэмжих;

5.4.6. иргэд болон төрийн албан хаагчдад зориулсан цахим сургалтыг төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, их, дээд сургуулиудтай хамтран зохион байгуулах;

5.4.7. ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн сургалтын  хөтөлбөрт мэдээллийн технологийн  сургалтын агуулгыг нэмэгдүүлэх;

5.4.8. гэрийн ажилтай эмэгтэйчүүд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  хандсан цахим болон явуулын сургалт зохион байгуулах.

 

Зургаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах төрийн байгууллагуудын
хамтын ажиллагаа, хүлээх үүрэг

 

6.1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь цахим засгийг хөгжүүлэхэд төрийн байгууллагуудын үйл ажиллагааны харилцан уялдаа,  хамтын ажиллагааны нэгдмэл байдлыг хангах ажлыг зохион байгуулах.
6.2. Санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсвийн төсөлд тусгах, хандивлагч орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээ авах.

6.3. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь сургалтын хөтөлбөрт холбогдох өөрчлөлтийг оруулах, мэдээллийн технологийн чиглэлээр нарийн мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах, судалгаа шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлэх.

6.4. Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах,  хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх.

6.5. Үндэсний хөгжил, шинэтгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь төсөл хөтөлбөрийг ач холбогдол, гарах үр дүнгээр нь эрэмбэлж, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгах, бусад салбарын төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, хөгжлийн бодлоготой уялдуулах.

6.6. Төрийн захиргааны бусад байгууллага нь хариуцах асуудлынхаа хүрээнд цахим засгийг хөгжүүлэхэд шаардлагатай үйл ажиллагааг холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах,  шаардагдах хөрөнгө оруулалтыг улсын төсөв болон санхүүжилтийн бусад эх үүсвэрт  тусган шийдвэрлүүлэх.     

6.7. Бүх шатны Засаг дарга:

6.7.1. хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусгах;

6.7.2. хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлыг тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд удирдан зохион байгуулж, үр дүнгийн тухай тайланг холбогдох байгууллагад хүргүүлэх.

 

Долоо. Удирдлага, хяналт-шинжилгээ, үнэлгээ

 

7.1. Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавин  үнэлгээ хийж, хэрэгжүүлэгч байгууллагуудын үйл ажиллагаатай уялдуулан зохицуулна.

7.2. Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байна.


Найм. Хөтөлбөрийн санхүүжилт,  хүрэх үр дүн

 

8.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ.

8.1.1. улсын төсвийн хөрөнгө;

8.1.2. орон нутгийн төсвийн хөрөнгө;

8.1.3. хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгө;

8.1.4. олон улсын байгууллагын банк, санхүүгийн байгууллагын зээл, тусламжийн хөрөнгө;

8.1.5. хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт;

8.1.6. бусад.

8.2. Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлсний үр дүнд 2016 онд дараахь түвшинд хүрсэн байна:

8.2.1. цахим засгийг хөгжүүлэх, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, ашиглах хууль эрх зүй, бодлого зохицуулалтын таатай орчин бүрдэнэ;

8.2.2. төрийн байгууллагуудын 90-ээс доошгүй хувь нь өндөр хурдны өргөн зурвасын сүлжээнд холбогдсон байна;

8.2.3. Монгол Улс цахим засгийн хөгжлөөрөө дэлхийд эхний 30-д, Ази тивд эхний 6-д орсон байна;

8.2.4. төлбөр, хураамжийг иргэн, аж ахуйн нэгж бүр цахим болон мобайл хэлбэрээр төлөх боломжтой болно;

8.2.5. төрийн захиргааны албан хаагчдын мэдээллийн технологийн чиглэлийн ур чадвар сайжирч цахим засгийн үйл ажиллагаа, үйлчилгээг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн байна;

8.2.6. цахим хэлбэрт шилжих боломжтой төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэн байна;

8.2.7. цахим засгийн үйлчилгээний хэрэглээ өссөн байна;

8.2.8. иргэн бүр цахим засгийн үйлчилгээг хүртэх боломж бүрдсэн байна;

8.2.9. Монгол Улсын олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ;

8.2.10. төрийн албан хаагчдын ажлын бүтээмж өснө.

 

 

------оОо------