- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗЭЭЛ ТУСЛАМЖААР АВАХ БОЛОН ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ ХҮНСНИЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОХОД АЧИЛТЫН ӨМНӨХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙХ ЖУРАМ
Засгийн газрын 2013 оны 341 дүгээр
тогтоолын хавсралт
ЗЭЭЛ ТУСЛАМЖААР АВАХ БОЛОН ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ ХҮНСНИЙ
ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОХОД АЧИЛТЫН
ӨМНӨХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсад гадаадын зээл тусламжаар авах болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.5-д заасан өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн импортлох (цаашид “өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн” гэх) тохиолдолд ачилтын өмнөх хяналт, шалгалт хийхтэй холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсад импортлоход Дэлхийн худалдааны байгууллагын “Эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хэлэлцээр” (SPS Agreement)-ийн зарчим болон экспортлогч оронтой харилцан тохиролцсон ариун цэвэр, хорио цээрийн нөхцөлийг баримтална.
Хоёр. Өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд,
бүтээгдэхүүний импорт хийхэд тавигдах шаардлага
2.1. Импортлогч хуулийн этгээд нь Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн эсхүл Монгол Улстай ариун цэвэр, хорио цээрийн нөхцөл урьдчилан тохирсон экспортлогч улсаас өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлоно.
2.2. Монгол Улсад импортлох өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний биологи, хими, физикийн бохирдлын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь олон улсын болон Монгол Улсын стандартын үзүүлэлтээс хэтрээгүй байна.
Гурав. Мэдээлэл солилцох, эрсдэлийн үнэлгээ хийх
3.1. Хяналтын эрх бүхий байгууллага өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлохтой холбоотой Монгол Улсын хууль тогтоомж, стандарт болон тэдгээрт орсон өөрчлөлтийн талаархи мэдээллийг экспортлогч улсад тухай бүр нь хүргүүлэн мэдээлж байна.
3.2. Хяналтын эрх бүхий байгууллага нь Монгол Улсад өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн экспортлогч орон, бүс нутаг болон тухайн улсын хуулийн этгээдийн үйл ажиллагаанд импортын өмнөх эрсдэлийн шинжилгээ хийж, үнэлгээг гаргана.
3.3. Экспортлогч улсад мал, амьтны гоц халдварт өвчин гарсан, ургамлын хорио цээртэй зүйл илэрсэн, хүрээлэн буй орчинд хими, физикийн бохирдол үүссэн байж болзошгүй тохиолдолд экспортлогч улсын эрх бүхий байгууллагаас дараах нэмэлт мэдээллийг авсны үндсэн дээр эрсдэлийн үнэлгээ хийнэ:
3.3.1. экспортлогч улсын мал, амьтан, ургамлын өвчин, хортон, хөрс, хүрээлэн буй орчны бохирдлын талаархи мэдээлэл, тэдгээрийн үнэн зөв, баталгаат байдал;
3.3.2. тухайн улсын экспортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс үүсч болзошгүй биологи, хими, физикийн бохирдлоос урьдчилан сэргийлэх болон эрсдэл үүссэн үед яаралтай авах арга хэмжээний тогтолцоо, импортлогч талд мэдээлэх үндэсний сүлжээний талаархи мэдээлэл;
3.3.3. тухайн улсын аж ахуйн нэгжид экспортлох эрх олгох шалгуур, бүртгэх, хянах журам;
3.3.4. тухайн улсын эрсдэлийн үнэлгээнд хамрагдаж байгаа аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл, шаардлага хангаж байгаа байдал, биологи, хими, физикийн бохирдол үүсч болзошгүй нөхцөлийн талаархи бүртгэл, мэдээлэл, түүнчлэн холбогдох байгууллагуудад мэдээлэл хүргүүлж байгаа байдал;
3.3.5. үйлдвэр нь аюулын дүн шинжилгээ болон эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо (HACCP) нэвтрүүлсэн тухай эрх бүхий олон улсын байгууллагын батламжтай эсэх.
3.4. Эрсдэлийн үнэлгээний дүнг хяналтын эрх бүхий байгууллагын удирдлагын томилсон шинжээчдийн багаар хэлэлцүүлж дүгнэлт гаргана.
Дөрөв. Өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний
импортын ачилтын өмнөх хяналт, шалгалт
4.1. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.5, 13.7-д заасан өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд шаардлагатай тохиолдолд ачилтын өмнөх хяналт, шалгалт хийж болно.
4.2. Хяналтын байгууллагын хийсэн эрсдэлийн үнэлгээний дүнг Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцэж, ачилтын өмнөх хяналт, шалгалт хийх эсэх тухай шийдвэрийг гаргана.
4.3. Ачилтын өмнөх хяналт, шалгалтыг экспортлогч улсын эрх бүхий байгууллагад хүсэлт тавьсны үндсэн дээр хамтран хийх эсхүл экспортлогч улсын эрх бүхий хөндлөнгийн байгууллагаар хийлгүүлнэ.
Тав. Импортлогч хуулийн этгээдийн эрх, үүрэг
5.1. Импортлогч хуулийн этгээд нь өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг олон улсын гэрээ, хэлэлцээр, нөхцөлийн дагуу тээвэрлүүлнэ.
5.2. Экспортлогч талын эрх бүхий байгууллагаас хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд олгосон холбогдох баримт бичгийг тээврийн хэрэгсэл нэг бүрт эх хувиар нь дагалдуулж ирүүлнэ.
5.3. Өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн импортлох явцад ямар нэг эрсдэл үүссэн бол хуулийн этгээд нь энэ тухай хяналтын эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.
Зургаа. Олон улсын тээвэр зууч, тээврийн
байгууллагын эрх, үүрэг
6.1. Олон улсын тээвэр зууч, тээврийн байгууллага нь өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг олон улсын тээврийн гэрээ, хэлэлцээр, ариун цэврийн нөхцөл, шаардлагад нийцүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулна.
6.2. Тээврийн байгууллага нь тухайн өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ температурын горим, битүүмжлэлийн шаардлага хангасан тусгай тоноглол бүхий тээврийн хэрэгсэл, чингэлэг ашиглана.
6.3. Монгол Улсын тээвэр зуучийн байгууллага нь экспортлогч талаас олон улсын гэрээ, хэлэлцээр, ариун цэвэр, хорио цээрийн нөхцөл болон Монгол Улсын тээвэрлэлтийн стандартыг мөрдөхийг шаардана.
Долоо. Хариуцлага
7.1. Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A