- Нүүр
- Сайдын тушаал
- Газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглах бордооны аюулгүй байдалд тавих шаардлага
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2013 оны 08 дугаар сарын
23-ны өдрийн А/105 дугаар тушаалын хавсралт
Газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглах бордооны
аюулгүй байдалд тавих шаардлага
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. “Газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглах бордооны аюулгүй байдалд тавих шаардлага” (цаашид Аюулгүй байдлын шаардлага гэх)-д таримал ургамлын ургалтын хугацаанд өргөн хэрэглэдэг эрдэс, органик, бактер, биоялзмагийн бордоо ба ургамлын өсөлт идэвхжүүлдэг үйлчилгээтэй бодис, ургамлын болц түргэсгэх үйлчилгээтэй бодис (цаашид- бордоо)-ын чанар болон тэдгээрийг үйлдвэрлэх, савлах, шошголох, хэрэглэх, хадгалах, тээвэрлэх, худалдах, импортлох үеийн аюулгүй байдалд тавих шаардлагыг тогтооно.
1.2. “Химийн хорт болон аюултай бодисын тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтын дагуу Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар бордооны нэр, төрлийг тогтоохдоо энэхүү шаардлагыг баримтална.
Хоёр. Бордооны чанарт тавигдах шаардлага
2.1. Бордоо нь “Фосфорын бордоо MNS 4304:1996”, “Гумины бордоо MNS 4456:1997”, “Фосфор, азотын холимог бордоо MNS 4474:2006”, “Шим бордоо. Чийгийн улаан хорхойн биоялзмаг MNS 4722:1999”, “Ризобактерийн бордоо. Техникийн шаардлага MNS 5263:2003, “Азофос бактерийн бордоо. Техникийн шаардлага MNS 5264:2003” “Буурцагт ургамлын бактерийн бордоо. Техникийн шаардлага MNS 5265:2003”, “Азот, фосфор, калийн холимог бордоо. Техникийн шаардлага MNS 5891:2008”, “Фосфо-гуматын холимог бордоо. Техникийн шаардлага MNS 6265:2011” стандартын шаардлага хангасан байна;
2.2. Үйлдвэрлэснээс хойш 1 жил өнгөрсөн бордоог эрх бүхий байгууллагын итгэмжлэгдсэн лабораторийн чанарын шинжилгээнд хамруулж хэрэглэнэ.
Гурав. Бордооны үйлдвэрлэл болон техник тоног, төхөөрөмжид
тавигдах аюулгүй ажиллагааны шаардлага
3.1. Бордоог үйлдвэрлэхэд дараах нөхцөлийг хангана:
1/ бордоо үйлдвэрлэлд ашиглаж байгаа бодисыг эрүүл ахуйн норм хэмжээнээс хэтрүүлэхгүй байх;
2/ хөрсний бичил биетний амьдрах нөхцөлийг алдагдуулахгүй байх;
3/ хүнд өвчин үүсгэгч нян, бичил биетэн болон бусад биологийн аюулыг бий болгохгүй байх;
3.2. бордоог энэхүү шаардлагын 2.1-д заасан стандарт болон холбогдох технологийн зааврыг баримтлан үйлдвэрлэнэ;
3.3. Бордоо үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмж нь эрх бүхий байгууллагаас баталсан стандартын шаардлагыг хангасан байх;
3.4. Бордооны үйлдвэрт гарч болзошгүй гэнэтийн осол, аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор техник, тоног төхөөрөмжийг зохих ёсоор байрлуулж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зохион байгуулалтыг бүрэн хангах;
3.5. Агаар, усыг цэвэрлэх, шүүх төхөөрөмж зэрэг үйлдвэрийн орчин, ажилчдын аюулгүй байдлыг бүрэн хангахуйц тоног, төхөөрөмжөөр үйлдвэрийг тоноглох;
3.6. Технологийн горим, түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанар, хүрээлэн буй орчин, халдвар, ариун цэвэр, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангах зорилгоор хяналтын системийг нэвтрүүлсэн байх;
3.7. Үйлдвэрлэлийн өдөр тутмын ажил эхлэхийн өмнө ажилтан бүрт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулж, гарын үсэг зуруулна.
Дөрөв. Бордооны савлагаа, шошгонд тавигдах шаардлага
4.1. Бордооны сав, баглаа боодол нь түүнийг ашиглах, тээвэрлэх, хадгалах үед хүрээлэн буй орчныг бохирдуулахгүй байх, тухайн бүтээгдэхүүн нь гадны аливаа үйлчлэл, урвалд орохгүй байх шаардлагыг хангасан материалаар хийгдсэн байна;
4.2. Бордооны хаяг, шошгонд хэрэглэгчдэд зориулсан дараах мэдээллийг зайлшгүй тусгана;
1/ үйлдвэрлэгчийн албан ёсны нэр, хаяг;
2/ үйлдвэрлэсэн он, сар, өдөр;
3/ стандартын тэмдэглэгээ;
4/ бордооны үйлчлэх бодисын хэмжээ;
5/ бүтээгдэхүүний аюулын товч тэмдэглэгээ;
6/ хатуу бордооны хувьд нийт жин, шингэн бордооны хувьд савалгааны нэрлэсэн эзэлхүүний хэмжээ;
7/ ашиглах болон хадгалах хугацаа, нөхцөл;
8/ шингэн бордооны аюулгүй хэрэглээний талаар нэмэлт заавар;
4.3. Бордооны шошгыг нь монгол, англи хэл дээр үйлдэнэ;
4.4. Бүтээгдэхүүний шошгонд хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулах үг хэллэг хэрэглэхийг хориглоно;
4.5. Хаяг шошго нь гадны хүчин зүйлсийн нөлөөгөөр гээгдэхгүй, бат, бөх байна.
Тав. Бордоо хэрэглэх үеийн аюулгүй ажиллагааны шаардлага
5.1. Бордоог энэхүү шаардлагын 1.2-т заасан жагсаалт батлагдсан өдрөөс эхлэн хэрэглэхийг зөвшөөрнө;
5.2. Бордоо тус бүрийг эрх бүхий байгууллагаас үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг хүлээн зөвшөөрсөн байх;
5.3. Бордоо тус бүрийн аюулгүйн гэрчилгээнд заасан хэрэглэх, тэдгээрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагааны зааврыг зайлшгүй дагаж мөрдөнө;
5.4. Хүн ам төвлөрсөн газраас 1000 метр, задгай уснаас 200 метрээс багагүй зайд салхины хурд 4м/с-ээс ихгүй байх үед бордоог хэрэглэнэ;
5.5. Бууц, шувууны сангас зэрэг органик гаралтай бордоог хэрэглэхдээ ялзруулах, халаах зэргээр боловсруулан аюулгүй болгож, эрсдэлээс урьдчилан сэргийлнэ. Органик бордоонд ашиглах малын бууц, сангасыг хүн, малын өвчин үүсгэгчээр халдварлаагүй газар, орчноос бэлтгэсэн байвал зохино;
5.6. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөний дагуу бордож, талбайн журналд бордсон хэмжээ, газрын хэмжээ, арга болон хугацааг бүртгэнэ;
5.7. Бордоог хөлдсөн болон цасаар хучигдсан газарт хэрэглэхгүй;
5.8. Бордоотой харьцаж, ажиллагсдыг хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангаж, аюулгүй ажиллагааны сургалтанд хамруулан ажиллуулах ба сургалтанд хамрагдаагүй ажилтныг ажиллуулахыг хориглоно;
5.9. Бордоог хэрэглэгч нь байгаль орчинд хор нөлөөгүй технологийн горимыг мөрдөн ажиллаж, орчиндоо хог, хаягдал гаргахгүй байх, гаргасан тохиолдолд түүнийг саармагжуулах, устгах арга хэмжээг өөрийн хөрөнгөөр авч хэрэгжүүлнэ.
Зургаа. Бордоог хадгалахад тавих шаардлага
6.1. Бордоог хадгалахдаа “Химийн хорт болон аюултай бодисын тухай” хуулийн 10 дугаар зүйлд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна;
1/ агуулахын байршил нь хүн ам оршин суугаа газраас 300-аас доошгүй метрийн зайд үер, усанд автахааргүй байх ба агуулах нь галд тэсвэршилтийн 3-аас доошгүй зэргийг хангасан байх, болзошгүй аюулын үед хөрсөнд болон гадагш бодис алдагдахааргүй шал /цементэн болон плитан г.м/, бат бэх хамгаалалт бүхий цонх, тоноглол, хаалга, үерийн далан, хамгаалалтын сувагтай байна;
2/ бордоог зориулалтын агуулахад, шинж чанар, үзүүлэх хор нөлөөллөөс нь хамаарч доорх хүснэгтэд заасан нөхцөлийн дагуу хадгална.
Бордоог төрлөөр нь тусгаарлан хадгалах нөхцөл
Бордооны төрөл |
Хадгалах нөхцөл |
Жишээ |
Хамтад нь хадгалахыг хориглосон бодис |
Шүвтрийн шүү /Аммиачная селитра/ болон азот агуулсан бордоо |
Ууттай бордоог 5,5-аар нь давхарлан 2 тусдаа давхар тавцанд |
Агуулахын шалнаас хөндий, хананаас 0,5-1м, хураалтын нуруу хооронд 2-3м зайтай гудамлаж хураана. |
Хүлэр, бууц, өвс, сүрэл болон нефтийн бүтээгдэхүүн
|
Фосфорын бордоо /Двойной суперфосфат/ |
Ууттай бордоог 5, 5-аар давхарлан 3 тусдаа давхар тавцанд |
Задгай талбайд шалнаас хөндий, энэ маягаар хурааж ус нэвтрэхгүй материалаар хучих, |
|
Калийн бордоо /Хлористый калий/ |
|||
Шингэн бордоо |
Шингэн бордоог тусгайлсан өрөөнд |
Том савтайг эгнүүлэх ба жижиг савтайг үелүүлсэн тавцанд өрөх, |
|
Органик бордоо /бууц, компост/ |
Задгай цементлэсэн талбайд тусгай хашлаганд 3 м өндөр хүртэл асгаж, ус нэвтрэхгүй хучлагаар хучих |
|
|
Бактерийн бордоо |
Нарны гэрэл шууд тусахаас хамгаалсан, хуурай, сэрүүн, агааржуулалт сайтай газар |
|
3/ агуулах нь хэд хэдэн байгууламжаас бүрдсэн тохиолдолд хадгалах бордооны хэмжээнээс хамаарч гал тархахаас сэргийлж, тодорхой зайтай байрлуулах ба өөр хоорондоо битүү тусгаарлагдсан өрөө тасалгаатай байна;
4/ үйлдвэр нь хүчин чадлын хэмжээндээ дүйцэхүйц хадгалах агуулахтай байх ба нэг агуулахад 500 тонноос, агуулахын доторх нэг тасалгаанд 50 тонноос ихгүй бордоог хадгална;
5/ шингэн бордоог бат бөх хагардаггүй саванд хадгалах ба агуулахын температур нь тухайн бордооны хадгалах нөхцөлд тохирсон байна;
6/ дэгдэмхий хурц үнэртэй бордоог агааржуулалтын системээр тоноглогдсон агуулахад хадгална;
7/ агуулахад асгарч гоожсон эсвэл эвдэрхий сав, баглаа боодолтой бордоог хадгалахыг хориглоно;
8/ агуулахад байгаа бордооны ангилал, нэр төрөл, тоо хэмжээг тусгасан байнгын бүртгэл хөтөлнө;
9/ бордооны агуулахад хүнсний зүйл хадгалах, хэрэглэхийг хориглоно;
10/ Агуулахын гадна, дотор талд “хориотой”, “аюултай”, “ил гал гаргаж болохгүй” гэсэн анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулж, пайз, тэмдэг тавина.
Долоо. Бордоог тээвэрлэхэд тавих аюулгүй ажиллагааны шаардлага
7.1. Бордоог анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ бүхий зориулалтын тээврийн хэрэгслээр, тээвэрлэнэ;
7.2. Тээвэрлэх, ачих, буулгах үеийн аюулгүй ажиллагааг бордоо ашиглах иргэн, хуулийн этгээд бүрэн хариуцах бөгөөд тээвэрлэлтийн үед ачаа унах, сав баглаа, боодол гэмтэх, асгарахаас урьдчилан сэргийлж, бэхэлсэн байна.
7.3. Бордооны сав, баглаа, боодол гэмтэлтэй, тээврийн хэрэгсэл бүрэн бус, бичиг баримт зөрчилтэй, анхааруулга, тэмдэг тэмдэглэгээгүй тохиолдолд тээвэрлэхгүй ба тээвэрлэлтийн дараа тээврийн хэрэгслийг сайтар цэвэрлэнэ.
7.4. Бордоо тээвэрлэх тээврийн хэрэгслийн жолооч болон түүнийг дагалдан явах ажилтанд тухайн бордоо бүрийн талаарх лавлах мэдээлэл, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, тээвэрлэх маршрут, хүрэх газар зэргийг танилцуулж, гарын үсэг зуруулна.
Найм. Бордоог худалдаалах үеийн аюулгүй ажиллагааны шаардлага
8.1. Бордоог зориулалтын худалдаалах цэг дээр худалдан борлуулна;
8.2. Бордоог худалдахдаа аюулгүйн гэрчилгээг зайлшгүй хавсаргана;
8.3. Бордоог хүүхдийн, эмнэлгийн болон эмийн бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүнтэй хамт нэг дор худалдан борлуулахгүй;
8.4. Бордоог жижиглэнгээр худалдаалахдаа зөвхөн савласан хэлбэрээр худалдана;
8.5. Энэхүү шаардлагын 4.2-т заасныг хангаагүй бордоог худалдахыг хориглоно.
Ес. Бордоог импортлоход тавих шаардлага
9.1. Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд энэхүү шаардлагад нийцсэн бордоог дотоодын зах зээлд нийлүүлэх;
9.2. Бордоог нийлүүлэгч нь бордооны аюулгүйн гэрчилгээ бусад дагалдах мэдээллийг хавсаргасан байна.
--- оОо ----
Текст томруулах
A
A
A