A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2013 оны 330 дугаар
                                                                             тогтоолын 1 дүгээр хавсралт

 

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ЛАВЛАГАА
ЛАБОРАТОРИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтийн талаархи лабораторийн шинжилгээний мэдээллийн нэгдсэн санг удирдах, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдалд тандалт судалгаа, шинжилгээ хийхэд оролцож буй төр, орон нутгийн өмчийн болон хувийн хэвшлийн итгэмжлэгдсэн лабораториудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, тэдгээрт мэргэжил, арга зүйн удирдлага, дэмжлэг үзүүлэх, шинжилгээний дүнгийн нийцмэл байдлыг хангах, маргааныг магадлан шинжлэх, холбогдох төрийн захиргааны байгууллагад дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн (цаашид “Үндэсний лавлагаа лаборатори” гэх) үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

 

1.2. Энэхүү журмыг хүнсний сүлжээн дэх ариун цэвэр, аюулгүй байдлын тандалт судалгаа, сорилт, шинжилгээ хийх үүрэг хүлээсэн бүх шатны итгэмжлэгдсэн лаборатори, Үндэсний лавлагаа лаборатори, холбогдох төрийн захиргааны байгууллагууд дагаж мөрдөнө.

 

1.3. Үндэсний лавлагаа лаборатори нь үйл ажиллагаандаа Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, лабораторийн үйл ажиллагааны талаархи үндэсний болон олон улсын стандарт, техникийн зохицуулалт болон энэхүү журмыг мөрдлөг болгоно.

 

Хоёр. Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа
         лабораторид тавигдах шаардлага

 

2.1. Үндэсний лавлагаа лаборатори нь дараах шалгуур үзүүлэлтийг хангасан байна:

      2.1.1. Үндэсний лавлагаа лаборатори нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд хими, физик, биологийн бохирдлыг шинжлэх, малын эм, пестицидийн үлдэгдэл, хувиргасан амьд организмаас гаралтай эсэхийг тодорхойлох төрөлжсөн дотоод лаборатори бүхий нэгдсэн лабораторийн бүтэцтэй байх;

      2.1.2. энэхүү журмын 2.1.1-д заасан төрөлжсөн лаборатори нь үйл ажиллагааныхаа чиглэлээр үндэсний хэмжээнд эсхүл бүс нутаг, олон улсын түвшинд итгэмжлэгдсэн байх;

      2.1.3. мэргэшсэн, дадлага туршлагатай шинжээчдийн баг, удирдлагын баг, дэмжих үйлчилгээний багтай байх;

      2.1.4. мэргэшсэн ажилтны хангалттай нөөцтэй, боловсон хүчнээ бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх талаар олон улсын жишигт нийцсэн сургалтын хөтөлбөртэй, түүнийгээ хэрэгжүүлж хэвшсэн байх;    

     2.1.5. шаардлагатай дэд бүтэцтэй, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, урвалж бодис, стандарт цомог, лавлагааны материалаар хангагдсан байх;

      2.1.6. хүнсний хяналтын лабораторид мөрдөгдөх дүрэм, журам, зааврыг олон улсын стандарттай нийцүүлэн боловсруулж, баталгаажуулсан байх;

      2.1.7. лабораторийн зохистой дадал (GLP) нэвтрүүлсэн, биоаюулгүйн түвшний шаардлага хангасан байх;

      2.1.8. сорилт, шинжилгээний хүчин төгөлдөр арга зүй, албан ёсны гарын авлага, үйл ажиллагааны стандарт (SOP)-тай, лабораторийн дотоод чадавхийг шалгаж баталгаажуулдаг чанарын удирдлагын хөтөлбөртэй, тэдгээрийг хэрэгжүүлж ажилладаг байх.



Гурав. Үндэсний лавлагаа лабораторийн үйл
          ажиллагааны төрөл, чиг үүрэг

 

3.1. Үндэсний лавлагаа лаборатори нь үйл ажиллагааны чиглэлээрээ хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх дараах эрсдэлийн түвшинг үнэлэх төрөлжсөн лавлагаа лабораторитой байна. Үүнд:

      3.1.1. биологийн эрсдэлийн;

      3.1.2. химийн хорт бодис, хүнд металлын үлдэгдэл, хор судлалын;

      3.1.3. хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний;

      3.1.4. хүнсний нэмэлтийн;

      3.1.5. малын эм, пестицидийн үлдэгдлийн.

3.2. Төрөлжсөн лавлагаа лабораториуд нь үндсэн үйл ажиллагаатай нь холбоотой дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

     3.2.1. хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх биологийн бохирдлын эрсдэлийг үнэлэх лавлагаа лаборатори нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг биологийн бохирдлоос хамгаалах цогц арга хэмжээний талаар санал боловсруулах, тандалт судалгаа явуулах, гарч болзошгүй эрсдэлийг арилгахтай холбогдсон зөвлөмж гаргах;

      3.2.2. хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх химийн хорт бодис, хүнд металлын үлдэгдэл, хор (токсин)-ын эрсдэлийг үнэлэх лавлагаа лаборатори нь бохирдлын түвшинг бууруулах, үндэсний хэмжээнд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх талаар авах арга хэмжээний тухай санал боловсруулах, тандалт судалгаа явуулах, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, арилгах чиглэлээр зөвлөмж гаргах;

     3.2.3. хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний эрсдэлийн лавлагаа лаборатори нь хувиргасан амьд организмын гаралтай импортын хүнсний бүтээгдэхүүнийг шинжлэх, тандалт судалгаа явуулах, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, арилгах талаар холбогдох байгууллагад зөвлөх, доод шатны лабораториудад судалгаа, шинжилгээний сүүлийн үеийн арга зүй нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

     3.2.4. хүнсний нэмэлтийн эрсдэлийн лавлагаа лаборатори нь хүнсний нэмэлт болон бусад хольцоос гарч болох эрсдэлийн талаар тандалт судалгаа явуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, арилгахад чиглэгдсэн цогц арга хэмжээний санал, зөвлөмж боловсруулах;

     3.2.5. малын эм, пестицидийн үлдэгдлийн эрсдэлийн түвшинг үнэлэх төрөлжсөн лавлагаа лаборатори нь импортын болон дотоодын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх үлдэгдлийн талаар тандалт судалгаа явуулах, үлдэгдлийн хэмжээг улсын хэмжээнд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байлгах цогц арга хэмжээний талаар санал, зөвлөмж гаргах, хяналтын лабораториудад үлдэгдэл тодорхойлох чадавхи бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

 

Дөрөв. Үндэсний лавлагаа лабораторийн эрх, үүрэг

 

4.1. Yндэсний лавлагаа лаборатори нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 15.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлж дараах үйл ажиллагааг явуулна:

      4.1.1. үндэсний болон бүс нутаг, бусад орны холбогдох хяналтын болон эрдэм шинжилгээний байгууллагатай хамтын ажиллагаа хөгжүүлж, шинжилгээний шинэ арга зүй боловсруулах, нэвтрүүлэх ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулах, харилцан мэдээлэл, туршлага солилцох;

       4.1.2. бусад орны ижил төстэй лабораторитой хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинжилгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх гэрээ хэлэлцээр байгуулах;

     4.1.3. хүнсний хяналтын лабораториудыг итгэмжлэлд бэлтгэхэд, лабораторийн чанарын удирдлагын систем нэвтрүүлэхэд мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

     4.1.4. хүнсний хяналтын лабораториудыг шинжилгээний стандарт цомог, урвалж, лавлагаа материалаар нэгдсэн журмаар хангах захиалга хийх, хуваарилан нийлүүлэх ажиллагааг зохион байгуулах;

     4.1.5. Үндэсний лавлагаа лабораторийн жилийн ажлын төлөвлөгөө, тайлан, хүнсний аюулгүй байдлын хяналтын лабораториудад хийгдсэн шинжилгээний дүнд хийсэн судалгаа болон шинжилгээний арга зүй, лабораторийн үйл ажиллагааны стандарт, холбогдох хууль тогтоомжид орсон өөрчлөлтийн талаархи мэдээллийг жил бүр мэдээллийн нэгдсэн санд оруулан төрийн захиргааны байгууллага, хяналтын лаборатори, хүнсний сүлжээнд оролцогч нарыг мэдээллээр тогтмол хангах.

4.2. Үндэсний лавлагаа лаборатори нь өмчийн бүх хэлбэрийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнтэй холбоотой маргаан, хүсэлтийг хянах, баталгаажуулах, эцэслэн шийдвэрлэх арга хэмжээ авна.

4.3. Үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээний хариу Монгол Улсын хэмжээнд эцсийнх байх бөгөөд маргаан үүсгэгч талууд энэхүү хариуг эс хүлээн зөвшөөрвөл өөрийн зардлаар тухайн чиглэлийн олон улсын болон бүс нутгийн лавлагаа лабораторид дээжийг илгээн шинжлүүлж болно.

 

Тав. Үндэсний лавлагаа лабораторийн
      удирдлагын тогтолцоо

 

5.1. Үндэсний лавлагаа лабораторийн ерөнхий захирлыг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн томилж, чөлөөлнө.

5.2. Үндэсний лавлагаа лабораторийн ерөнхий захирлын дэргэд зөвлөх үүрэг бүхий захирлын зөвлөл ажиллана. Захирлын зөвлөлд төрөлжсөн лавлагаа лабораторуудын захирлуудаас гадна Хүн эмнэлэг (хүнснээс гаралтай хордлогот өвчлөлийн лаборатори), мал эмнэлэг, биоаюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн захирлууд болон энэ чиглэлийн олон нийтийн байгууллагын төлөөллийг оруулж болно.

5.3. Үндэсний лавлагаа лабораторийн захирлын зөвлөлийн бүрэлдэхүүн болон түүний ажиллах журмыг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.



Зургаа. Үндэсний лавлагаа лабораторийн
         санхүүжилт

 

6. Үндэсний лавлагаа лабораторийн үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

 

Долоо. Хариуцлага

 

7. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 


------оОо------