- Нүүр
- Сайдын тушаал
- ОЙД АРЧИЛГАА, ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ ЖУРАМ
/БОАЖС-ын 2020 оны А/684 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын
2013 оны 09 сарын 02 -ний өдрийн
А-244 дүгээр тушаалын хавсралт
ОЙД АРЧИЛГАА, ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Ойд арчилгаа, цэвэрлэгээний хийх ажлыг зохион байгуулах, хяналт тавих үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.
1.2. Арчилгааны ажил гэдэгт ойн хэвийн өсөлт хөгжилтийг хангах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор мод сөөгийг үе шаттайгаар сонгон огтлох арга хэмжээ хамаарна. Арчилгааны ажил нь дор дурдсан хэлбэртэй байна.
1.2.1. Шигүү ургасан зулзаган ой дахь гэрлийн хэмжээг нэмэгдүүлж, модны өсөлт, хөгжилтийг түргэтгэх зорилго бүхий гэрэлжүүлэх;
1.2.2. Өсвөр залуу модны байршлыг талбайд жигд болгох зорилго бүхий тохируулах;
1.2.3. Залуу модны титэм, ишний хэлбэрийг сайжруулж, модны өндрийн өсөлтийг нэмэгдүүлэх тохиромжтой нөхцлийг бүрдүүлэх зорилго бүхий сийрэгжүүлэх;
1.2.4. Дунд насны модны өсөлтийг түргэтгэж, болцын насыг богиносгох зорилго бүхий завсрын.
1.3. Арчилгааны ажлыг ойн арчилгаа, цэвэрлэгээний эрх бүхий мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.
1.4. Ойн цэвэрлэгээ гэдэгт Ойн тухай хуулийн 3.1.15-д заасан арга хэмжээ хамаарна. Цэвэрлэгээний ажил нь дор дурдсан хэлбэртэй байна.
1.4.1. Ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг ойгоос гаргах цэвэрлэгээний ажил;
1.4.2. Ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдэж хатсан цаашид ургах чадваргүй болсон ойн модыг огтлох замаар ойг цэвэрлэх, ойг эрүүлжүүлэхэд чиглэгдсэн цэвэрлэгээний огтлолт.
1.5. Ойн цэвэрлэгээнд түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдэх болон хүчтэй салхи, их цасанд өртсөний улмаас амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх ажил хамаарна.
1.6. Цэвэрлэгээний огтлолтыг доорхи шалтгааны улмаас цаашид ургах чадваргүй болсон ойн модонд явуулна. Үүнд:
1.6.1.Түймэр болон хөнөөлт шавж өвчинд өртсөний улмаас нэлэнхүйдээ хатсан;
1.6.2. хүчтэй салхи, их цасанд өртсөний улмаас амьдрах чадваргүй болж үхжиж унасан.
1.7. Цэвэрлэгээний огтлолтыг түймрийн дунд зэрэглэлд өртсөн ойд, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдэж хатсан, цаашид ургах чадваргүй болсон ойн модыг түүвэрлэн огтлох аргаар, хүчтэй зэрэглэлд өртсөн болон иш, холтос, модлогийн хөнөөлт шавьжид нэлэнхүйдээ нэрвэгдсэн ойд эхний ээлжинд нөөцийн 60 хүртэл хувийн эрчимтэй явуулна.
1.8. Энэ журмын 1.4.1-д заасан ойн цэвэрлэгээг арчилгаа, цэвэрлэгээний эрх бүхий мэргэжлийн байгууллагаас гадна ойн нөхөрлөл, иргэн гэрээ байгуулан хийж гүйцэтгэнэ.
1.9. Энэ журмын 1.4.2-т заасан цэвэрлэгээний огтлолтыг арчилгаа, цэвэрлэгээний эрх бүхий ойн мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.
Хоёр. Арчилгаа, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах
2.1. Тухайн жилд хийх арчилгаа, цэвэрлэгээний ажлын хэмжээг “Ойн менежментийн төлөвлөгөө”-г үндэслэн Байгаль орчны асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага аймаг, нийслэл тус бүрээр тогтооно.
2.2. Аймаг, нийслэлийн Байгаль хамгаалах газар энэ журмын 2.1-д заасан байгууллагаас тогтоосон хэмжээнд багтаан тухайн жилд хийх арчилгаа, цэвэрлэгээний ажлын хэмжээг талбайгаар /га-аар/ илэрхийлж, огтлолтын хэлбэрийг хэсэглэл, ялгарал тус бүрээр сонгож төлөвлөнө.
2.3 Сум дүүрэг болон ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагын арчилгаа, цэвэрлэгээний ажил хийхээр төлөвлөсөн ойд ойн зохион байгуулалтын эрх бүхий ойн мэргэжлийн байгууллага эсхүл сум дундын болон сум дүүргийн ойн анги /цаашид “Oйн анги” гэх/ арчилгаа, цэвэрлэгээ хийх талбайг тусгаарлах ажлыг гүйцэтгэнэ.
2.4. Арчилгааны ажил явуулах талбайг тусгаарлах ажлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан ”Ойд арчилгааны огтлолт явуулах технологийн заавар”-ын дагуу ойн мэргэжлийн байгууллага эсхүл ойн анги гүйцэтгэнэ.
2.5. Арчилгаа, цэвэрлэгээний ажлыг эрх бүхий байгууллагаас баталсан “Ойд арчилгаа, цэвэрлэгээний огтлолт явуулах технологийн заавар”-ын дагуу гүйцэтгэнэ.
Гурав. Арчилгаа, цэвэрлэгээний ажил гүйцэтгэх иргэн, нөхөрлөл,
аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг
3.1. Аж ахуйн нэгж, байгууллага нь Ойн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан үүргийг хүлээхийн зэрэгцээ дараах үүргийг биелүүлнэ.
3.1.1. Иргэн ахуйн зориулалтаар өөрийн хэрэгцээнд мод авах зорилгоор энэ журмын 1.4.1-д заасан ойн цэвэрлэгээг хийхдээ мод бэлтгэх эрхийн бичгийг ойн анги, /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-аас авч, ойн мэргэжлийн байгууллага, албан тушаалтны хяналт, зааварчилгааны дагуу гүйцэтгэнэ.
3.1.2. Нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага нь ойд арчилгаа, цэвэрлэгээний ажил хийх гэрээ байгуулсаны дараа энэ журмын 2.4-д заасны дагуу талбай тусгаарлах ажлыг тодотгон хийлгэж болно.
3.1.3. Арчилгааны ажлыг гүйцэтгэх технологийн картыг хэлбэр тус бүрээр боловсруулж гэрэлжүүлэх, тохируулахыг аймаг, нийслэлийн Байгаль орчны газрын; сийрэгжүүлэх, завсрынхыг Ойн ангийн даргаар тус тус батлуулна.
3.1.4. Арчилгааны ажил, цэвэрлэгээний огтлолтыг хийх эрх бүхий ойн мэргэжлийн байгууллага, ойн цэвэрлэгээний ажил хийх иргэн, нөхөрлөл аж ахуйн нэгж байгууллага нь талбай тусгаарлалтаар тогтоогдсон хэрэгцээний болон түлшний модны хэмжээгээр тооцож, ойн нөөц ашигласны төлбөрийг төлж “Ойн тухай хуулийн 28.4-д заасны “Эрхийн бичиг” авна.
3.1.5. Арчилгаа, цэвэрлэгээний ажлаар бэлтгэсэн модыг өөр аймаг, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахдаа Ойн тухай хуулийн 28.4, 34.4 -д заасны дагуу мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан болон тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч /-аас авсан байна.
3.1.6. Арчилгаа, цэвэрлэгээний ажил дууссаны дараа ойг хариуцсан байгаль хамгаалагчид актаар хүлээлгэн өгнө.
Дөрөв. Арчилгаа, цэвэрлэгээний ажилд тавих хяналт
4.1. Арчилгаа, цэвэрлэгээний ажлын технологийн горимд ойн анги болон ойн асуудал хариуцсан албан тушаалтан хяналт тавьж ажиллана.
4.2. Арчилгаа, цэвэрлэгээний ажлын гүйцэтгэлд байгаль хамгаалагч байнгын хяналт тавина.
4.3. Арчилгаа, цэвэрлэгээ хийх ажлын явцад гарсан хэрэглээний болон түлээний модонд Ойн тухай хуулийн 28.4-т заасны дагуу эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг олгох бөгөөд Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч хяналт тавина.
4.4. Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, ойн анги арчилгаа, цэвэрлэгээний ажлын явцад технологийн хяналт шалгалт хийж, холбогдох хууль тогтоомж, журам, зааврыг сурталчилан таниулж, технологийн зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээг авч ажиллана.
Тав. Арчилгаа, цэвэрлэгээний ажлын гүйцэтгэлийг шалгах,
хүлээн авах, тайлагнах
5.1. Арчилгаа, цэвэрлэгээний ажлын тайланг ойн анги энэ журмын 3.1.6-д заасан актыг үндэслэн хүлээж авна.
5.2. Ойн анги эсвэл захиалагч арчилгаа, цэвэрлэгээний ажлын явцад гүйцэтгэгч байгууллагад мэргэжлийн туслалцаа үзүүлэх ба гүйцэтгэлийг шалган хүлээн авахдаа дараах шалгуурыг баримтлана. Үүнд:
5.2.1. Арчилгааны ажил явуулах ойг зөв сонгосон эсэх, огтлох модны сонголт, гэмтлийн байдал, тооллого, тэмдэглэл, ойн өтгөрөл технологийн картад заасантай тохирч байгаа эсэх, талбай тусгаарласан байдлыг шалгаж, ажлын чанарт үнэлгээ өгнө.
5.2.2. Арчилгааны ажил явуулсан нийт талбайн 2 хувиас багагүй жишиг талбай байгуулж, шалгах тооллого хийж, үлдээсэн модыг зөв сонгосон, модыг хэрэглээ, түлээнд зөв ангилсан, тоолсон эсэхийг шалгана.
5.3. Цэвэрлэгээний ажлын гүйцэтгэлийг хүлээж авахдаа ойн экологийн байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүй, өсвөр модыг хамгаалах технологийг сонгосон эсэх, үндэсний хүзүү орчимд огтлох тэмдэглэгээ тавьсан модыг огтолсон эсэхийг шалгаж хүлээж авна.
5.4. Ойн анги нь ойд хийх арчилгаа, цэвэрлэгээний ажлын тайланг гаргаж, холбогдох аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт хүргүүлнэ.
5.5. Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар нь тухайн жилд хийсэн арчилгаа, цэвэрлэгээний ажлын тайланг нэгтгэн Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан улсын мэдээллийн санд оруулна.
5.6. Арчилгааны гэрэлжүүлэх, тохируулах хэлбэрийн ажлын гүйцэтгэлийг шалгаж, хүлээн авсан актыг үндэслэн холбогдох аймаг, нийслэлийн Байгаль орчны газар улс, орон нутгийн төсвөөс эцсийн санхүүжилтийг олгоно.
5.7. Энэ журмын 5.6-д заасан эцсийн санхүүжилтийг олгохдоо арчилгааны ажлын талбайн хэмжээг гэрээнд зааснаас дутуу гүйцэтгэсэн тохиолдолд нормативт зардлыг хувь тэнцүүлэн бууруулж, санхүүжүүлнэ.
Зургаа. Бусад
6.1.Арчилгаа, цэвэрлэгээний ажлын технологи зөрчсөнтэй холбогдон гарсан маргааныг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бусад маргааныг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.
------оОо---
Текст томруулах
A
A
A