A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ОЙД АРЧИЛГАА, ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ ЖУРАМ /1-р хавсралтыг БОНХС-ын 2013 оны А-244-р хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын

2013 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн

 А-53 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

 

ОЙД АРЧИЛГАА, ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ ЖУРАМ  /1-р хавсралтыг БОНХС-ын 2013 оны А-244-р хүчингүй болгосон/

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх ажлыг төлөвлөх, зохион байгуулах, хяналт тавих үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад  энэ журмын зорилго оршино.

1.2. "Арчилгааны ажил" гэж зулзаган ойн титэм нийлэх үеэс эхлэн ашиглалтын нас хүртэлх хугацаанд түүний бүтэц, бүрэлдэхүүн, шигүүрлийг зохицуулж, модны өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор мод, сөөгийг үе шаттайгаар сонгон огтлох ойн аж ахуйн арга  хэмжээг хэлнэ. Арчилгааны ажил нь дор дурдсан хэлбэртэй байна.

1.2.1. Шигүү ургасан зулзаган ой  дахь  гэрлийн  хэмжээг  нэмэгдүүлж,  модны  өсөлт, хөгжилтийг түргэтгэх зорилго бүхий гэрэлжүүлэх;

1.2.2. Өсвөр  залуу  модны байршлыг талбайд жигд болгох зорилго бүхий тохируулах;

1.2.3. Залуу модны титэм, ишний  хэлбэрийг  сайжруулж,  модны  өндрийн  өсөлтийг нэмэгдүүлэх тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий сийрэгжүүлэх;

1.2.4. Дунд насны модны өсөлтийг түргэтгэж, болцын насыг богиносгох зорилго бүхий завсрын.

1.3. Арчилгааны ажлыг ойн арчилгаа, цэвэрлэгээний эрх бүхий мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.

          1.4. “Цэвэрлэгээний ажил” гэж ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдэж амьдрах чадваргүй болсны улмаас хатсан, хүчтэй салхи, их цасанд өртөж  унасан модыг огтлох болон мөчир, гишүү, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх зэрэг ойн төлөв байдлыг сайжруулах, эрүүлжүүлэхэд чиглэгдсэн ойн аж ахуйн арга хэмжээг хэлнэ. Цэвэрлэгээний ажил нь дор дурдсан хэлбэртэй байна.

1.4.1. Ойг хамгаалах, ойн төлөв байдлыг сайжруулах зорилго бүхий ойн цэвэрлэгээ;

1.4.2 Ой дахь шатах материалын хуримтлалыг багасгах, хөнөөлт шавьж, өвчний голомт үүсэх нөхцлийг хаах, унасан, хатсан модны чанарыг муудахаас өмнө авч ашиглах  зорилгоор явуулах цэвэрлэгээний огтлолт.

1.5. Ойн цэвэрлэгээнд түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдэх болон хүчтэй салхи, их цасанд өртсөний улмаас амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх ажил хамаарна.

1.6. Цэвэрлэгээний огтлолтыг доорхи шалтгааны улмаас цаашид ургах чадваргүй болсон ойд явуулна. Үүнд:

1.6.1.Түймэр болон хөнөөлт шавж өвчинд  өртсөний улмаас нэлэнхүйдээ хатсан

1.6.2. Байгалийн гамшгийн нөлөөгөөр хугарч гэмтсэн, булгарч унасан  

1.6.3. Биологийн болцын насандаа хүрч хөгширч, өсөлт хөгжилт нь зогсож өмхөрсөн

          1.7. Цэвэрлэгээний огтлолтыг түймрийн шаталтын сул, дунд зэрэглэлд өртсөн ойд хатсан ба амьдрах чадвараа алдсан модыг түүвэрлэн огтлох аргаар, хүчтэй зэрэглэлд өртсөн болон иш, холтос, модлогийн хөнөөлт шавьжид нэлэнхүйдээ нэрвэгдсэн ойд эхний ээлжинд нөөцийн 60 хүртэл хувийн эрчимтэй явуулна.

          1.8. Энэ журмын 1.4.1-д заасан ойн цэвэрлэгээг арчилгаа, цэвэрлэгээний эрх бүхий мэргэжлийн байгууллагаас гадна ойн нөхөрлөл, иргэн зохих зөвшөөрлийг авсны үндсэн дээр гүйцэтгэж болно.

1.9. Энэ журмын 1.4.2-т заасан цэвэрлэгээний огтлолтыг үйлдвэрлэлийн болон арчилгаа, цэвэрлэгээний эрх бүхий ойн мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.

1.10. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн ойд явуулах арчилгаа, цэвэрлэгээний ажлыг хуулиар зөвшөөрөгдөх бүсүүдэд явуулах ба үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна.

Хоёр. Арчилгаа, цэвэрлэгээний ажлыг төлөвлөх, зохион байгуулах

2.1. Тухайн жилд хийх арчилгаа, цэвэрлэгээний ажлын хэмжээг “Ойн менежментийн төлөвлөгөө”-г үндэслэн Байгаль орчны асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага аймаг, нийслэл тус бүрээр тогтооно.

2.2. Аймаг, нийслэлийн Байгаль хамгаалах газар энэ журмын 2.1-д заасан байгууллагаас тогтоосон хэмжээнд багтаан  тухайн жилд хийх арчилгаа, цэвэрлэгээний ажлын талбай, огтлолтын хэлбэрийг хэсэглэл, ялгарал тус бүрээр сонгож төлөвлөнө.

 2.3. Сум, дүүрэг болон ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын арчилгаа, цэвэрлэгээний ажил хийхээр төлөвлөсөн ойд  ойн мэргэжлийн байгууллага эсхүл сум дундын болон сум, дүүргийн ойн анги /цаашид “Ойн анги” гэх/ дүгнэлт гаргана.

2.4. Арчилгааны ажил явуулах талбайг тусгаарлах ажлыг огтлолт явуулахаас нэг жилийн өмнө мод ногоорсон үед “Ойд арчилгааны огтлолт явуулах технологийн заавар”-ын дагуу ойн мэргэжлийн байгууллага, эсхүл ойн анги хийнэ.

2.5. Цэвэрлэгээний ажил явуулах талбайг тусгаарлах ажлыг энэ журмын 2.3-д заасан дүгнэлтийг үндэслэн “Ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлах заавар”-ын дагуу ойн мэргэжлийн байгууллага, эсхүл ойн анги хийнэ.

2.6. Арчилгааны ажлын гэрэлжүүлэх, тохируулах хэлбэрийг Ойн тухай хуулийн 28.2.1-д заасны дагуу улсын төсвөөс санхүүжүүлэх ба бусад хэлбэрийн арчилгаа, цэвэрлэгээний ажлыг 28.2.2-д заасны дагуу гүйцэтгэгч зардлыг хариуцан гүйцэтгэнэ.

2.7. Насны II ангиас дээш ойд хийх арчилгаа болон цэвэрлэгээний ажил явуулахад ойн нөөц ашигласны төлбөрт холбогдох хууль, тогтоомжид заасан хөнгөлөлт үзүүлнэ.

2.8. Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар  нь улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх гэрэлжүүлэх, тохируулах арчилгааны ажлын зардлын 80 хүртэл хувийг гүйцэтгэгчид урьдчилан олгож болно.

2.9. Арчилгаа, цэвэрлэгээний ажлыг эрх бүхий байгууллагаас баталсан “Ойд арчилгаа, цэвэрлэгээний огтлолт явуулах технологийн заавар”-ын дагуу гүйцэтгэнэ.

Гурав. Арчилгаа, цэвэрлэгээний ажил гүйцэтгэх иргэн, нөхөрлөл,

аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг

3.1.  Аж ахуйн нэгж, байгууллага нь Ойн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан үүргийг хүлээхийн зэрэгцээ дараах үүргийг биелүүлнэ.

3.1.1. Иргэн ахуйн зориулалтаар өөрийн хэрэгцээнд мод авах зорилгоор энэ журмын 1.4.1-д заасан ойн цэвэрлэгээг хийхдээ мод бэлтгэх эрхийн бичгийг ойн анги, /байхгүй тохиолдолд Засаг даргын томилсон албан тушаалтан/-аас авч байгаль хамгаалагчийн хяналтан дор гүйцэтгэнэ.

                    3.1.2. Нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага нь ойд арчилгаа, цэвэрлэгээний ажил хийх гэрээ байгуулсаны дараа энэ журмын 2.4-д заасны дагуу талбай тусгаарлах ажлыг хийлгэсэн байна.

3.1.3. Арчилгааны ажлыг гүйцэтгэх технологийн картыг хэлбэр тус бүрээр боловсруулж гэрэлжүүлэх, тохируулахыг аймаг, нийслэлийн Байгаль орчны газрын; сийрэгжүүлэх, завсрынхыг Ойн ангийн даргаар тус тус батлуулна.

3.1.4. Арчилгаа, цэвэрлэгээний ажил хийх эрх бүхий нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага энэ журмын 2.4-д заасан талбай тусгаарласан материалыг үндэслэн ойн нөөц ашигласны төлбөрийг төлж, Ойн тухай хуулийн 28.4-д заасан "Эрхийн бичиг"-ийг авна.

3.1.5. Гэрэлжүүлэх, тохируулах хэлбэрийн арчилгаанаас гарсан шургааг, сийрэгжүүлэх, завсрын хэлбэрийн арчилгаа болон цэвэрлэгээний ажлаас гарсан модыг ангилан ялгаж ойн ангиар дамжуулж борлуулна.

3.1.6. Арчилгаа, цэвэрлэгээний ажлаар бэлтгэсэн модыг өөр аймаг, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахдаа Ойн тухай хуулийн 34.4-д заасны дагуу мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг ойн анги /байхгүй бол сум дүүргийн эрх бүхий албан тушаалтан/-аас авсан байна.

3.1.7. Арчилгаа, цэвэрлэгээний ажил дууссаны дараа ойг хариуцсан байгаль хамгаалагчид актаар хүлээлгэн өгнө.

Дөрөв. Арчилгаа, цэвэрлэгээний ажилд тавих хяналт

4.1. Арчилгаа, цэвэрлэгээний ажлын технологийн горимд ойн анги болон ойн асуудал хариуцсан албан тушаалтан хяналт тавьж ажиллана.

4.2. Арчилгаа, цэвэрлэгээний ажлын гүйцэтгэлд байгаль хамгаалагч байнгын хяналт тавина.

4.3. Арчилгаа, цэвэрлэгээ хийх ажлын явцад гарсан хэрэглээний болон түлээний модонд Ойн тухай хуулийн 28.4-т заасны дагуу эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг олгох бөгөөд Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч хяналт тавина.

4.4. Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, ойн анги арчилгаа, цэвэрлэгээний ажлын явцад технологийн хяналт шалгалт хийж, холбогдох хууль тогтоомж, журам, зааврыг сурталчилан таниулж, технологийн зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээг авч ажиллана.

Тав. Арчилгаа, цэвэрлэгээний ажлын гүйцэтгэлийг шалгах,

хүлээн авах, тайлагнах

5.1. Арчилгаа, цэвэрлэгээний ажлын тайланг ойн анги энэ журмын 3.1.7-д заасан актыг үндэслэн хүлээж авна.

5.2. Ойн анги эсвэл захиалагч арчилгаа, цэвэрлэгээний ажлын явцад гүйцэтгэгч байгууллагад мэргэжлийн туслалцаа үзүүлэх ба гүйцэтгэлийг шалган хүлээн авахдаа дараах шалгуурыг баримтлана. Үүнд:

5.2.1. Арчилгааны ажил явуулах ойг зөв сонгосон эсэх, огтлох модны сонголт, гэмтлийн байдал, тооллого, тэмдэглэл, ойн өтгөрөл технологийн картад заасантай тохирч байгаа эсэх, талбай тусгаарласан байдлыг шалгаж, ажлын чанарт үнэлгээ өгнө.

5.2.2. Арчилгааны ажил  явуулсан  нийт  талбайн  2 хувиас багагүй жишиг талбай байгуулж, шалгах тооллого хийж, үлдээсэн модыг зөв сонгосон, модыг хэрэглээ, түлээнд зөв ангилсан, тоолсон эсэхийг шалгана.

5.3. Цэвэрлэгээний ажлын гүйцэтгэлийг хүлээж авахдаа ойн экологийн байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүй, өсвөр модыг хамгаалах технологийг сонгосон эсэх,  үндэсний хүзүү орчимд огтлох тэмдэглэгээ тавьсан модыг огтолсон  эсэхийг шалгаж хүлээж авна.

5.4. Ойн анги нь ойд хийх арчилгаа, цэвэрлэгээний ажлын тайланг гаргаж, холбогдох аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт хүргүүлнэ.

5.5. Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар нь тухайн жилд хийсэн арчилгаа, цэвэрлэгээний ажлын тайланг нэгтгэн Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 1-д заасан улсын мэдээллийн санд оруулна.

5.6. Арчилгааны гэрэлжүүлэх, тохируулах хэлбэрийн ажлын гүйцэтгэлийг шалгаж, хүлээн авсан актыг үндэслэн холбогдох аймаг, нийслэлийн Байгаль орчны газар улс, орон нутгийн төсвөөс эцсийн санхүүжилтийг олгоно.

5.7. Энэ журмын 5.6-д заасан эцсийн санхүүжилтийг олгохдоо арчилгааны ажлын талбайн хэмжээг гэрээнд зааснаас дутуу гүйцэтгэсэн тохиолдолд нормативт зардлыг хувь тэнцүүлэн бууруулж, санхүүжүүлнэ.

Зургаа. Бусад

            6.1.  Арчилгаа, цэвэрлэгээний ажлын технологи зөрчсөнтэй холбогдон гарсан маргааныг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бусад маргааныг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

 

------оОо---