- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ СТРАТЕГИ
Засгийн газрын 2011 оны 36 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ СТРАТЕГИ
Нэг. Нийтлэг үндэслэл
Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод: “Зах зээлийн эдийн засгийн зарчим, шударга өрсөлдөөнд суурилсан хувийн хэвшил нь Монгол Улсын үндэсний хөгжилд, түүний дотор ажлын байр шинээр бий болгож, иргэдийг ядуурлаас гаргахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Хувийн хэвшлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, тэдгээрт тулгарсан бэрхшээлийг арилгах, гадаад зах зээлд гарах таатай орчин бүрдүүлэх үүргийг төр хүлээнэ.” гэж,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 49 дүгээр зарлигт “Хувийн хэвшлийн хөгжлийн стратегийн баримт бичгийг хувийн хэвшлийн төлөөлөл, олон улсын байгууллагатай хамтран боловсруулсугай.” гэж,
Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.10.1-д “Хувийн хэвшлийн хөгжлийн стратегийн баримт бичгийг батлуулан, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулна.” гэж тус тус заасан нь энэхүү стратегийг боловсруулах үндэслэл болно.
Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих практик шаардлага
Монгол Улсын хэмжээнд 2010 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар 68 мянган хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагаас 40 мянга орчим аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж нь сүүлийн 4 жилийн байдлаар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 64,4-71,9 хувийг бүрдүүлж байна.
Татварын нийт орлогын 30 орчим хувийг аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татвар эзэлж, ажиллах хүчний 70 гаруй хувь буюу 800 мянга гаруй хүн хувийн хэвшлийн салбарт ажиллаж байгаа нь ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулахад хувийн хэвшил томоохон үүрэг гүйцэтгэж байгааг харуулж байна.
Дэлхийн банк 2004 оноос эхлэн жил бүр “Бизнес эрхлэх нь” тайланг гаргаж ирсэн. Уг тайланд дэлхийн улс орнууд дахь бизнес эрхлэх орчны нөхцөл байдал, бизнест үзүүлж байгаа төрийн үйлчилгээний хүндрэл бэрхшээл зэргийг тодорхой шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг байна. Монгол Улс бизнесийн таатай орчныг үнэлэх үзүүлэлтээр 2009 онд 181 орноос 58-д, 2010 онд 183 орноос 60-д, 2011 оны тайланд 183 орноос 73-т тус тус оржээ.
Үүнд зээлжих нөхцөл таатай бус, хугацаа богино, хүү өндөр, төрийн зүгээс бизнест үзүүлэх үйлчилгээ ил тод бус, зөвшөөрөл, лиценз авахад олон шат дамжлагатай, төр, хувийн өмчийн зээлийн нэгдсэн мэдээллийн сан үүсээгүй, санхүүжилтийн олон хэлбэрийн эх үүсвэрийг бий болгох эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй зэрэг сөрөг хүчин зүйлс нөлөөлсөн байна.
Түүнчлэн хувийн хэвшлийн хөгжил, үйл ажиллагааг зохицуулах төрийн бодлого, шийдвэрт тэдний санал, санаачилга, зөвлөмжийг тусгах арга механизм төлөвшөөгүй, төрөөс хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, арга хэмжээнд хувийн хэвшлийн оролцоо, үүрэг, хариуцлага бага, төр, хувийн хэвшлийн хооронд мэдээлэл солилцох ил тод байдал бүрдээгүй зэрэг нь хувийн хэвшлийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна.
Иймд хувийн хэвшлийн бизнес эрхлэх орчныг боловсронгуй болгох, санхүүжилт авах таатай нөхцөл, боломжийг бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай болгох шаардлагатай байгаа бөгөөд эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад бизнес эрхлэгчдийн чадавхи, нөөц бололцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үндэсний стратеги”-ийг (цаашид “Cтратеги” гэх) боловсруулав.
Хоёр. Стратегийн зорилго, зорилт
2.1. Стратегийн зорилго
“Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үндэсний стратеги”-ийн зорилго нь Монгол Улсад бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг харилцан ашигтайгаар хөгжүүлэх, ажлын байр, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхэд оршино.
2.2. Стратегийн зорилгыг дараахь зорилтуудаар дамжуулан хэрэгжүүлнэ:
Зорилт 1. Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх.
Зорилт 2. Хувийн хэвшлийн хөгжлийг эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны бодлогоор дэмжих.
Зорилт 3. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлж, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай болгох.
Зорилт 4. Хувийн хэвшлийн хөгжлийг хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, сургалт, хүний нөөцийн бодлогоор дэмжих.
Гурав. Стратегийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим, нэр
томъёоны тодорхойлолт
3.1. Стратегийг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:
3.1.1. төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаанд тулгуурлах;
3.1.2. бизнесийн шударга өрсөлдөөн, эрх тэгш байдлыг хангах;
3.1.3. хувийн хэвшлийн идэвх санаачилгад тулгуурлан ил тод, ажил хэрэгчээр хамтран ажиллах.
3.2. Нэр томъёоны тодорхойлолт:
3.2.1. төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэдэг нь дунд болон урт хугацааны хөгжлийн стратеги, бизнесийн үйл ажиллагаатай холбоотой аливаа бодлогын баримт бичиг боловсруулах, түүнийг сайжруулах болон хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанд төр, хувийн хэвшил хамтран ажиллах, түншлэх үйл ажиллагааг хэлнэ;
3.2.2. төр, хувийн хэвшлийн түншлэл гэдэг нь төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор нийгмийн болон дэд бүтцийн салбарын суурь үйлчилгээг гэрээний үндсэн дээр шаардлагатай нөөц (ноу-хау, хөрөнгө оруулалт, хүний нөөц, менежмент)-ийг ашиглан хувийн хэвшлээр гүйцэтгүүлж, учирч болох эрсдэлийг талууд зохих хувь хэмжээгээр хүлээх үйл ажиллагааг хэлнэ.
Дөрөв. Стратегийн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх
арга хэмжээ
4.1. Зорилт 1. Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр
4.1.1. хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих зорилгоор шаардлагатай эрх зүйн шинэ баримт бичгийг боловсруулах, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах;
4.1.2. бизнес эрхлэхэд хүндрэл, чирэгдэл учруулж байгаа баримт бичгийг (журам, тушаал, шийдвэр, тусгай зөвшөөрөл, лиценз г.м) хүчингүй болгох, тоог цөөлөх арга хэмжээ авах;
4.1.3. хөрөнгө, санхүүгийн зах зээлийг боловсронгуй болгох эрх зүйн таатай орчныг бий болгох;
4.1.4. бизнес, аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой дагаж мөрдөж байгаа стандартуудыг хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих шаардлагад нийцүүлэн шинэчлэн сайжруулах, олон улсын дэвшилтэт стандартыг нэвтрүүлэх;
4.1.5. ногоон эдийн засаг, ногоон бизнесийн хөгжлийг дэмжих талаар эрх зүйн шинэ баримт бичиг боловсруулах, холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах.
4.2. Зорилт 2. Хувийн хэвшлийн хөгжлийг эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны бодлогоор дэмжих чиглэлээр:
4.2.1.стратегийн ач холбогдолтой болон тэргүүлэх чиглэлийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлж, хэрэгжилтэд хяналт тавих;
4.2.2. жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлийн хөнгөлөлттэй зээл, санхүүжилтийн хэмжээг жил бүр нэмэгдүүлэх;
4.2.3. хувийн хэвшлийн зүгээс Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нэмүү өртөг бий болгоход чиглэсэн томоохон санал болгосон төслүүдийг Хөгжлийн банкаар дамжуулан хэрэгжүүлэх;
4.2.4. бизнесийн үйл ажиллагааны санхүү, зээлийн орчныг сайжруулах бодлогыг уялдуулан шаардлагатай баримт бичгийг боловсруулах;
4.2.5. бизнесийн эрсдэлийг бууруулах зорилгоор давхар даатгалын тогтолцоог нэвтрүүлэх;
4.2.6. хувийн хэвшил дэх гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих, гадаад худалдааг хөнгөвчлөн өртөг, зардлыг бууруулах;
4.2.7. бүсийн тулгуур төвүүдэд хөдөө аж ахуйн түүхий эдэд суурилсан, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж үйлдвэрийн парк, жижиг, дунд үйлдвэрүүд байгуулах.
4.3. Зорилт 3. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлж, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай болгох чиглэлээр:
4.3.1. бизнес эрхлэгчид, хувийн хэвшилд үзүүлэх төрийн үйлчилгээг ил тод, ойлгомжтой болгох;
4.3.2. төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны мэдээ, мэдээллийг олон нийт, бизнес эрхлэгчдэд шуурхай хүргэх сүлжээ, бүтцийг бий болгох;
4.3.3. Засгийн газар, яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх үүрэг бүхий орон тооны бус зөвлөл байгуулж ажиллуулах;
4.3.4. Засгийн газар, яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн захиргааны байгууллагын зүгээс хэрэгжүүлэх бизнес эрхлэхтэй холбоотой аливаа бодлого, шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулахдаа хувийн хэвшил, тэдний эрх бүхий төлөөллийн байгууллага, мэргэжлийн холбоодын санал зөвлөмжийг авч тусгадаг байх механизмыг бий болгож хэрэгжилтийг ханган ажиллах;
4.3.5. бизнес инкубатор, бизнес зуучлал, бизнес зөвлөгөө болон сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэжлийн холбоодын чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
4.3.6. бизнесийн орчны талаархи судалгаа, бизнес эрхлэгчдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний талаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;
4.3.7. хувийн хэвшлээс санаачлан боловсруулсан бизнесийн орчныг сайжруулах төсөл, хөтөлбөрийг гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагад танилцуулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах;
4.3.8. тухайн салбарыг төлөөлөх эрх бүхий санхүүгийн болон хүний нөөцийн чадавхитай мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, тэдгээрийн нэгдэлд төрийн зарим чиг үүргийг шилжүүлэх.
4.4. Зорилт 4. Хувийн хэвшлийн хөгжлийг хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, сургалт, хүний нөөцийн бодлогоор дэмжих чиглэлээр:
4.4.1.хувийн хэвшлийн салбарт мэргэжлийн зэрэг дэв олгодог тогтолцоог шинэчлэн мөрдүүлэх;
4.4.2. хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх асуудлаар холбогдох яам, их, дээд сургууль хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх;
4.4.3. жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг эрх зүй, татвар, санхүүгийн чиглэлээр сургах, мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
Тав. Стратегийн хэрэгжилтийг зохион байгуулах нь
5.1. Стратегид тусгасан арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үйл ажиллагааг “Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх хороо” хэрэгжүүлнэ.
5.2. “Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх хороо”-ны ажиллах журмыг хорооны дарга баталж, тус хорооноос хэрэгжүүлсэн арга хэмжээний явц, үр дүнгийн талаар жил бүр Засгийн газарт танилцуулж, үр дүнг олон нийтэд мэдээлж ажиллана.
5.3. “Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх хороо”-ны ажлын албаны үүргийг үндэсний хөгжил, шинэтгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран гүйцэтгэнэ.
5.4. “Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх хороо” нь дараахь чиглэлээр орон тооны бус салбар зөвлөлийг байгуулан ажиллуулж болно:
5.4.1.жижиг, дунд бизнес;
5.4.2. уул уурхай, аж үйлдвэр;
5.4.3. барилга, дэд бүтэц;
5.4.4. байгаль орчин, аялал жуулчлал;
5.4.5. хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр;
5.4.6. эрүүл мэнд;
5.4.7. боловсрол, соёл;
5.4.8. хөдөлмөр эрхлэлт, хүний нөөц;
5.4.9. банк, санхүү;
5.4.10. худалдаа, хөрөнгө оруулалт;
5.4.11. орон нутгийн бизнесийн хөгжил.
5.5. Холбогдох яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэл нь дээр дурдсан чиглэлээр орон тооны бус салбар зөвлөл байгуулан ажиллуулж болно.
5.6. Орон тооны бус салбар зөвлөлд тухайн салбарыг төлөөлөх эрх бүхий мэргэжлийн холбоо, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, судалгааны байгууллагын төлөөлөл орж ажиллана. Салбар зөвлөл нь тухайн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлыг судалгааны үндсэн дээр гарган тавьж, шийдвэрлэх арга замын талаар санал, зөвлөмж гаргана.
5.7. Орон тооны бус салбар зөвлөлийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, ажиллах журмыг “Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх хороо” батална.
Зургаа. Хэрэгжүүлэх үе шат
6.1.Стратегийг дараахь хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
Нэгдүгээр үе шат -2011-2013 он
Хоёрдугаар үе шат-2014-2016 он.
Долоо. Санхүүжилт
7.1. Стратегийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
7.1.1. улс, орон нутгийн төсвийн хөрөнгө;
7.1.2. хандивлагч орон, олон улсын байгууллагын тусламж, хандив;
7.1.3. төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын санаачилгаар хуримтлуулсан хөрөнгө;
7.1.4. гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;
7.1.5. хуулиар зөвшөөрөгдсөн бусад эх үүсвэр.
Найм. Хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт
8.1. Стратегийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:
8.1.1. хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих эрх зүйн орчин боловсронгуй болсон байна;
8.1.2. хувийн хэвшлийн тогтвортой хөгжлийг дэмжих эдийн засаг, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдсэн байна;
8.1.3. дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд эзлэх хувийн хэвшлийн оролцоо, хувь хэмжээ нэмэгдсэн байна;
8.1.4. бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн хувьд хөрөнгө, санхүүгийн олон эх үүсвэр бий болж, зээлийн орчин, нөхцөл сайжирна;
8.1.5. бизнес эрхлэхэд тавигдах шаардлагагүй тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, лиценз, дүрэм, журмын тоо тодорхой хувиар цөөрсөн байна;
8.1.6. экспортын бүтээгдэхүүний нэр төрөл олширч, экспортын хэмжээ нэмэгдэнэ;
8.1.7. төрийн үйлчилгээ илүү ил тод, шуурхай, ойлгомжтой болно;
8.1.8. төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа ил тод, тунгалаг зарчмын дагуу явагдаж сайжирна;
8.1.9. Засгийн газар, яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллагын бодлого, шийдвэрт хувийн хэвшлийн санал, зөвлөмж тусгагддаг болно;
8.1.10. төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлийг төлөөлөх эрх, чадвар бүхий мэргэжлийн холбоод хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.
8.2. Стратегийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:
8.2.1. шинээр батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт оруулж батлуулсан бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн эрх зүйн баримт бичгийн тоо;
8.2.2. дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд эзлэх хувийн хэвшлийн оролцоо, хувь хэмжээ 65 хувиас доошгүй байх;
8.2.3. хувийн хэвшилд арилжааны банкнаас бусад санхүүгийн эх үүсвэрээс олгосон зээл, хөрөнгө оруулалтын хэмжээ нийт хөрөнгө оруулалтын 20-иос доошгүй хувийг эзэлж байх;
8.2.4. экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоог жил тутам 10 хувиар өсгөсөн байх;
8.2.5. холбогдох яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэл, дүүрэг төрийн үйлчилгээг нэг цэг, нэг цонх зарчмаар хүргэх ажлыг бүрэн нэвтрүүлсэн өсөлт жил тутам 20 хувиар өссөн байх;
8.2.6. мэдээлэл солилцох цахим тогтолцоог нэвтрүүлсэн төрийн байгууллагын тооны өсөлт жил тутам 20-иос доошгүй хувиар өссөн байх;
8.2.7. төрийн үйлчилгээний шат дамжлага 50 хүртэл хувиар буурсан байх;
8.2.8. аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, зөвшөөрлийн тоо тодорхой хувиар буурсан байх;
8.2.9. Дэлхийн банкны “Бизнес эрхлэх нь” тайлангийн үзүүлэлтэд Монгол Улсын эзлэх байр 2012 онд эхний 50-д, 2013 онд эхний 40-д орсон байх.
Ес. Хяналт-шинжилгээ, үнэлгээ
9.1. Стратегид тусгасан арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үйл ажиллагааг “Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх хороо” хэрэгжүүлнэ.
9.2. Орон тооны бус салбар зөвлөлүүд нь энэхүү стратегийн зорилтод тусгасан үйл ажиллагааны хэрэгжилтийн тайлан, материалыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагаас авч нэгтгэн дүнг “Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх хороо”-нд хагас жил тутамд танилцуулна.
9.3. Орон тооны бус салбар зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг тус стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний зардалд тусгаж байна.
---оОо---
Текст томруулах
A
A
A