- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХОНИНЫ НООС, ТЭМЭЭНИЙ НООС БЭЛТГЭЖ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРТ ТУШААСАН ХОРШООНЫ ГИШҮҮН МАЛЧИН, МАЛ БҮХИЙ ЭТГЭЭДЭД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ /ЗГ-ын 2015 оны 122-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Засгийн газрын 2013 оны 394 дүгээр
тогтоолын 1 дүгээр хавсралт
ХОНИНЫ НООС, ТЭМЭЭНИЙ НООС БЭЛТГЭЖ ҮНДЭСНИЙ
ҮЙЛДВЭРТ ТУШААСАН ХОРШООНЫ ГИШҮҮН МАЛЧИН,
МАЛ БҮХИЙ ЭТГЭЭДЭД МӨНГӨН УРАМШУУЛАЛ
ОЛГОХ ЖУРАМ
/ЗГ-ын 2015-3-30-ны өдрийн 122-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Үргэлж-хэвийн ангиллын ноос боловсруулдаг үндэсний үйлдвэр (үйлдвэр, цех зэрэг)-т тушаасан хоршооны гишүүн* малчин, мал бүхий этгээд (цаашид “малчин, мал бүхий этгээд” гэх)-д мөнгөн урамшуулал олгох ажлыг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Ноос боловсруулдаг үндэсний үйлдвэр (цаашид “үйлдвэр” гэх)-т хонь, тэмээний ноос нийлүүлсэн малчин, мал бүхий этгээдэд урд оны жилийн эцсээр тоологдсон малын А данс дахь хонь, тэмээний тоо болон ноосны гарцын стандартыг үндэслэн урамшуулал олгоно.
1.3. Үйлдвэр нь ноосыг самнах эсхүл дараа (ээрэх, нэхэх, сүлжих)-гийн шатны боловсруулалт хийх эсхүл хивс, эсгий, эсгий бүтээгдэхүүн хийх зэрэг дагнасан болон цогц технологи бүхий эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байна.
1.4. Үйлдвэрт ноос бэлтгэж тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох талаархи хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, энэхүү журмыг тухайн нутаг дэвсгэртээ сурталчлах, энэ чиглэлээр малчдад сургалт явуулах ажлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулна.
Хоёр. Урамшуулалд хамрагдах малчин, мал бүхий этгээд болон
ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоонд
тавигдах шаардлага
2.1. Малчин, мал бүхий этгээд нь дараах шаардлагыг хангасан байна:
2.1.1. хонь болон тэмээг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд технологит хугацаанд тогтмол хамруулсан байх;
2.1.2. энэхүү журмын 1.2-т заасан стандартын шаардлагыг хангасан ноосыг төрлөөр нь 50-100 кг-аар савлаж бэлтгэх;
2.1.3. энэ журмын 3.3-т заасан баримтад өөрийн харилцах банкны нэр, дансныхаа дугаарыг бичиж, малчин өрхийн баталгааны тэмдэг*-ээр баталгаажуулна.
*Тайлбар: Энэхүү журамд заасан “хоршооны гишүүн” гэснийг 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
*Тайлбар: Энэхүү журамд байгаа "малчин өрхийн баталгааны тэмдэг" гэсэн тодотголыг 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2.2. Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо (цаашид “холбоо” гэх) нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
2.2.1. үйлдвэрийн жагсаалтыг жил бүрийн 4 дүгээр сард багтаан баталж, олон нийтэд зарлах;
2.2.2. энэхүү журамд заасан баримтын загварыг 2002 оны Санхүү, эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын хамтарсан “Загвар батлах тухай” 171/111 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Бараа материалын тооцооны баримт”-ын загварт нийцүүлэн холбогдох мэдээлэл, ялгах тэмдэглэгээг тусгаж хэрэглэх;
2.2.3. үйлдвэрийн төлөөлөгчид итгэмжлэл олгох;
2.2.4. худалдан авсан ноосонд чанарын тордолт хийх, гарах хохирлыг бүрэн хариуцах гэрээг үйлдвэрийн төлөөлөгчтэй байгуулж ажиллуулах;
2.2.5. энэхүү журмын 2.2.2-т заасан баримтын маягтыг хуваарилах, олгох, тооцох.
Гурав. Урамшуулал олгох
3.1. Урамшууллын мөнгийг Монголбанкинд “Малчин” данс нээж, Монголбанкнаас тухайн малчин, мал бүхий этгээдийн банкин дахь дансанд шилжүүлж олгоно.
3.2. Малчин, мал бүхий этгээд нь данс бүхий банкиндаа хүсэлт гаргах эсхүл шинээр данс нээлгэх болон тухайн арилжааны банкны салбар холбогдох мэдээллийг банкны төвд, банкны төв нь Монголбанкинд тус тус хүргүүлнэ.
3.3. Үйлдвэр (ноос бэлтгэлийн төлөөлөгч) нь малчин, мал бүхий этгээдээс ноос хүлээн авахдаа баримтыг 3 хувь үйлдэж, малчин, мал бүхий этгээдээр энэ журмын 3.2-т заасан дансыг нь бичүүлэн 2 хувийг малчин, мал бүхий этгээдэд, 1 хувийг өөртөө үлдээнэ.
3.4. Малчин, мал бүхий этгээд нь урамшуулалд хамрагдах хүсэлтээ энэхүү журмын 3.3-т заасан баримтын 1 хувийг хавсарган сум, дүүргийн мал эмнэлэг, үржлийн тасагт өгнө.
3.5. Сум, дүүргийн мал эмнэлэг, үржлийн тасгийн ажилтан нь ноос хүлээн авсан баримтыг үндэслэн малчин, мал бүхий этгээдийн хаяг, малын тоо, тушаасан ноосны хэмжээ, төрөл зэргийг гарган сум, дүүргийн Засаг даргаар баталгаажуулж холбогдох материалыг аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх хөдөө аж ахуйн асуудал хариуцсан газар (цаашид “хөдөө аж ахуйн асуудал хариуцсан газар” гэх)-т жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний дотор хүргүүлнэ.
3.6. Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан газар нь сум, дүүргээс ирүүлсэн материалыг бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн холбогдох мэдээлэлтэй тулган нэгтгэж, холбогдох материалыг тухайн жилийн 9 дүгээр сарын 15-ны дотор Мал хамгаалах санд хүргүүлнэ.
3.7. Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо нь гишүүн үйлдвэр тус бүрээс ноос худалдан авсан тухай бүртгэл, чанар шалгагчийн дүгнэлтийг авч нэгтгэн баталгаажуулж тухайн жилийн 9 дүгээр сарын 25-ны дотор Мал хамгаалах сангийн “Цахим бүртгэлийн систем”-рүү илгээнэ.
3.8. Мал хамгаалах сан нь энэхүү журмын 3.6, 3.7-д заасан материалыг харьцуулан хянаж, үйлдвэрт ноос бэлтгэж тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох асуудлыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна.
3.9. Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь уг танилцуулгыг үндэслэн урамшуулал олгох шийдвэр гаргаж, Сангийн яам дахь Төрийн сан, Монголбанкинд тус тус хүргүүлнэ.
3.10. Төрийн сан энэхүү журмын 3.9-д заасан шийдвэрийг үндэслэн урамшуулалд шаардагдах хөрөнгийг Мал хамгаалах сангийн данснаас Монголбанк дахь “Малчин” дансанд шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор шилжүүлнэ.
3.11. Монголбанк нь банкны төвөөс ирүүлсэн малчин, мал бүхий этгээдийн дансны талаархи мэдээллийг “Урамшуулал олгох тухай” хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэртэй тулгаж, нягталсны үндсэн дээр малчин, мал бүхий этгээдэд олгох урамшууллын мөнгийг дээр дурдсан банкинд ажлын 1 өдөрт багтаан шилжүүлнэ.
3.12. Малчин, мал бүхий этгээдийн банкны нэр, дансны дугаар, регистрийн дугаар зөрсөн эсхүл урамшуулал авах зорилгоор банкинд давхар данс нээлгэсэн зөрчил илрүүлсэн тохиолдолд Монголбанк урамшууллын мөнгийг шилжүүлэхгүй бөгөөд холбогдох мэдээллийг банк болон Мал хамгаалах сангаас шаардана.
3.13. Малчин, мал бүхий этгээдийн харилцагч банк нь Монголбанкнаас шаардсаны дагуу банкны нэр, дансны дугаар, регистрийн дугаарын талаар шинэчилсэн мэдээллийг ажлын 3 хоногт багтаан хүргүүлнэ.
3.14. Малчин, мал бүхий этгээдийн материалд байгаа зөрчлийн тухай мэдээлэл болон уг зөрчлийг хэрхэн арилгах тухай мэдэгдлийг Мал хамгаалах сангаас тухайн аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан газарт, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан газар нь сум, дүүргийн мал эмнэлэг, үржлийн тасагт ажлын 3 хоногт багтаан хүргүүлнэ.
3.15. Сум, дүүргийн мал эмнэлэг, үржлийн тасаг нь мэдэгдэл хүлээн авсанаас хойш ажлын 5 хоногт багтаан зөрчлийг арилгаж, аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан газраар уламжлуулан Мал хамгаалах санд хүргүүлнэ.
3.16. Мал хамгаалах сан нь 3.15-д заасан хугацаанд багтаан ирүүлсэн материалыг хүлээн авсанаас хойш ажлын 3 хоногт багтаан Монголбанкинд хүргүүлнэ.
3.17. Монголбанк нь банк болон Мал хамгаалах сангаас ирүүлсэн мэдээллийг хүлээн авсанаас хойш энэхүү журмын 3.11-т заасан хугацаанд тухайн малчны харилцах банк руу шилжүүлнэ.
Дөрөв. Урамшуулал олгохоос татгалзах үндэслэл
4.1. Энэхүү журмын 2.1-д заасан шаардлагыг хангаагүй, материал хүлээн авах хугацаанаас хоцроосон, буруу ташаа мэдээ ирүүлсэн, холбогдох материалыг бүрэн ирүүлээгүй, баримт бичигт засвар хийсэн малчин, мал бүхий этгээдийн материалыг сум, дүүргийн мал эмнэлэг, үржлийн тасгийн ажилтан хүлээн авахаас татгалзаж буцаана.
4.2. Энэхүү журмын 3.15-д заасан хугацаанд холбогдох мэдээллийг шинэчлэн ирүүлээгүй тохиолдолд урамшуулал олгохгүй.
4.3. Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь энэхүү журмын 6.4.2-т заасан жагсаалтад орсон болон мэдээлэл ирүүлээгүй үйлдвэрийг нийтэд мэдээлж, аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан газар, холбоонд хүргүүлнэ.
4.4. Мал хамгаалах сан нь энэхүү журмын 4.3-т заасан үйлдвэрт ноосоо тушаасан малчинд урамшуулал олгохгүй.
Тав. Урамшуулал олгох хөрөнгийг төлөвлөх
5.1. Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан газар нь мал тооллогын дүн, сүргийн эргэлтэд үндэслэн харьяа нутаг дэвсгэртээ дараа жилд бэлтгэн нийлүүлэх боломжтой хонь, тэмээний ноосны хэмжээ, нутаг дэвсгэртээ байгаа үйлдвэрийн жагсаалт, тэдгээрийн хүчин чадлыг сум, дүүрэг тус бүрээр гаргаж, жил бүрийн II улиралд багтаан Мал хамгаалах санд хүргүүлнэ.
5.2. Холбоо нь үйлдвэр тус бүрийн дараа жил худалдан авах ноосны хэмжээг нэр, төрлөөр гаргуулж нэгтгэн жил бүрийн II улиралд багтаан Мал хамгаалах санд хүргүүлнэ.
5.3. Мал хамгаалах сан нь энэхүү журмын 5.1, 5.2-т заасан мэдээллийг харьцуулан судалж, дараа жил үйлдвэрт ноосоо тушаах хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд олгох урамшууллын хэмжээг төлөвлөн хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад тусгуулах санал тавина.
Зургаа.Тайлагнах, хяналт тавих
6.1. Үйлдвэрт ноос бэлтгэж тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох талаархи хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт, малчдад урамшуулал олгох ажилд сум, дүүргийн Засаг дарга хяналт тавина.
6.2. Улсын хэмжээнд энэхүү журмын хэрэгжилтэд хөдөө аж ахуйн болон төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж ажиллана.
6.3. Урамшуулал олгох үйл ажиллагааг дараах байдлаар тайлагнана:
6.3.1. Монголбанк нь урамшууллын мөнгө олгож байгаа банктай тооцоо нийлж, тайланг 12 дугаар сарын 20-ны дотор Мал хамгаалах санд хүргүүлнэ;
6.3.2. Төрийн сангаас ноосны урамшуулалд олгосон санхүүжилт нь арилжааны банкинд шилжүүлэх мөнгөнөөс илүү гарсан тохиолдолд үлдэгдэл мөнгийг Төрийн сан дахь Мал хамгаалах сангийн дансанд буцаана;
6.3.3. Мал хамгаалах сан нь тухайн онд урамшуулалд хамрагдсан малчин, мал бүхий этгээдийн бүртгэл, хөрөнгийн зарцуулалтын талаархи мэдээ, тайланг дараа оны 1 дүгээр сарын 30-ны дотор хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ;
6.3.4. Мал хамгаалах сан нь жил бүр урамшуулалд шаардагдах хөрөнгийн зарцуулалт, санхүүгийн тайланд дараа оны II улиралд багтаан аудит хийлгүүлнэ;
6.3.5. Мал хамгаалах сан нь урамшуулал олгох асуудлыг төлөвлөх, олгох асуудалтай холбоотой материал, мэдээлэл, тайланг архивын нэгж болгон хадгална.
6.4. Үйлдвэр худалдан авсан ноосоороо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа эсэхийг дараах байдлаар хянана:
6.4.1. холбоо нь үйлдвэр бүр худалдан авсан ноосоороо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа явцтай улирал бүр танилцаж, тайланг дараа оны 6 дугаар сарын 1-ний дотор хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ;
6.4.2. холбоо үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүний мэдээллээ ирүүлээгүй үйлдвэрийн нэрийг нийтэд мэдээлж, мэдээллийг нөхөн авч нэгтгэн 6 дугаар сарын 15-ны дотор багтаан хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
6.5. Үйлдвэр нь малчин, мал бүхий этгээдээс ноос худалдан авахдаа зах зээлийн үнийг баримталж байгаа эсэхэд холбоо хяналт тавина.
Долоо. Хариуцлага
7.1. Үйлдвэр хуурамч мэдээлэл гаргаж өгсөн эсхүл тогтоосон хугацаанд холбогдох мэдээллийг ирүүлээгүйгээс малчин, мал бүхий этгээдэд учирсан хохирлыг уг үйлдвэр бүрэн хариуцна.
7.2. Үйлдвэр малчин, мал бүхий этгээдийн нийлүүлсэн ноосны хэмжээ, чанар, ангиллын талаар буруу мэдээ ирүүлсэн, худал баримт бүрдүүлж өгсөн тохиолдолд тухайн үйлдвэрийн гаргасан бусад баримтыг мөн адил хүлээн авахгүй бөгөөд зээл болон бусад дэмжлэгт хамруулахгүй.
7.3. Малчин, мал бүхий этгээдийн бэлтгэсэн ноосонд ариун цэврийн хуурамч гэрчилгээ олгосон хувийн мал эмнэлгийн нэгжийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасч, хохирлыг нөхөн төлүүлнэ. Малчин нь өрхийн баталгааны тэмдгийг бусдад ашиглуулахгүй байхыг бүрэн хариуцна.
7.4. Ноосны урамшуулал хариуцсан ажилтан нь урамшуулалтай холбоотой мэдээллийг цахим бүртгэлийн системд буруу оруулсан, засварласан тохиолдолд үүнээс үүдэн гарах хохирлыг бүрэн хариуцна.
Текст томруулах
A
A
A