- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- ШҮҮГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 165 дугаар зарлигийн хавсралт
ШҮҮГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмаар бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч /цаашид “шүүгч, Ерөнхий шүүгч” гэх/-ийн албан тушаалд нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх, дүгнэх, сонгон шалгаруулах, өргөн мэдүүлэх арга ажиллагааг зохицуулна.
1.2.Монгол Улсын Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон эдгээрт нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжид энэ журам нийцсэн байна.
1.3.Энэ журмын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааг нээлттэй, ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай, хууль, шударга ёсыг эрхэмлэх зарчмыг баримтлан хэрэгжүүлнэ.
Хоёр.Сонгон шалгаруулалтыг зарлах, нэр дэвшигчийг бүртгэх
2.1.Шүүгчийн сул орон тоонд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан зарыг Шүүхийн ерөнхий зөвлөл хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд зарлана.
2.2.Энэ журмын 2.1 дэх хэсэгт заасан сонгон шалгаруулалт зарлах тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаал гарна.
2.3.Шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4-7 дугаар зүйлд заасан шаардлага хангасан хуульч, шүүгч нэрээ дэвшүүлнэ.
2.4.Нэр дэвшигч нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан баримт бичгийг бүрдүүлэн Мэргэшлийн хорооны
Ажлын алба /цаашид “Ажлын алба” гэх/-д ирүүлнэ. Нэр дэвшигч баримт бичгийг нотариатаар гэрчлүүлсэн байна.
2.5.Ажлын алба нэр дэвшигчийн дараах баримт бичгийг холбогдох байгууллагуудаас авч нягтлан шалгана:
2.5.1.ял шийтгүүлж байгаагүй, шүүгчид нэр дэвших үед гэмт хэрэгт холбогдоогүй буюу сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй тухай;
2.5.2.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл болон тус үйл ажиллагааг эрхэлж байгаа хугацааны тухай;
2.5.3.бусдад хугацаа хэтэрсэн зээлийн өр, төлбөргүй тухай;
2.5.4.эрхэлсэн ажил, нэр хүнд, зан төлөвийн тухай;
2.5.5.шүүгчийн албан тушаалд томилогдоход харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн дүгнэлт;
2.5.6.Нэр дэвшигч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн сүүлийн 12 сарын хугацаанд шүүгч, прокурор эсвэл өмгөөлөгчөөр ажиллахад мэргэжлийн үйл ажиллагааны түвшингээр тэнцэхгүй гэсэн үндэслэлээр чөлөөлөгдсөн эсэх тухай;
2.5.7.Нэр дэвшигч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хугацаанд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, Шүүгчийн ёс зүйн дүрэм зэрэг холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргаж хариуцлага хүлээсэн эсэх.
2.6.Нэр дэвшигчийн баримт бичгийг Ажлын алба хүлээн авч, бүрэн гүйцэд, үнэн зөв эсэхийг нягтлан шалгаж, шүүгчид нэр дэвшигчээр бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ. Ажлын алба Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан баримт бичгийг бүрэн бүрдүүлээгүй эсхүл бүрдүүлсэн баримт бичиг нь шаардлага хангаагүй нэр дэвшигчийг бүртгэхгүй.
2.7.Ажлын алба бүртгэсэн нэр дэвшигчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ. Нэр дэвшигчийн талаар Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу ирүүлсэн өргөдөл, гомдлыг Ажлын алба нягтлан шалгаж, Шүүхийн ерөнхий зөвлөлд танилцуулна.
2.8.Ажлын алба нэр дэвшигчдийн материалыг нягтлан шалгаж, бүртгэж дууссанаас хойш ажлын 2 өдрийн дотор Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт заасны дагуу Мэргэшлийн хороонд хүргүүлнэ. Мөн нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан дүгнэлт гаргуулахаар Хуульчдын холбоонд хүргүүлнэ.
Гурав.Нэр дэвшигчдийг үнэлж дүгнэх шалгуур
3.1.Нэр дэвшигч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4-7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг дараах шалгуураар үнэлж дүгнэнэ:
3.1.1.шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар;
3.1.2.мэргэжлийн ёс зүй;
3.1.3.шүүгчээр ажиллах зан төлөв.
Дөрөв.Шүүгчээр ажиллах мэдлэг, чадварыг дүгнэх
4.1.Мэргэшлийн хороо Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1.6-4.1.8 дугаар зүйлд заасан шүүгчийн мэдлэг, чадварын шаардлагыг шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшигч хангасан эсэхийг дараах арга ажиллагаагаар үнэлж дүгнэнэ:
4.1.1.Материаллаг болон процессын хэм хэмжээг үйл баримтад тохируулан сонгож, тайлбарлан хэрэглэх чадвараар эрх зүйн мэдлэг, туршлагыг шалгана. Шалгах ажиллагааг эрх зүйн тохиолдол /case study/ шийдвэрлүүлэх аргаар хэрэгжүүлнэ. Эрх зүйн тохиолдол нь тухайн шүүгчийн орон тоонд тавигдах мэргэшсэн салбар эрх зүйн шаардлагад нийцсэн байна;
4.1.2.Монгол хэлний ярианы болон бичгийн соёл, чадварыг мэргэшлийн чиглэлээр тодорхой сэдэв сонгуулан эссэ бичүүлж, түүнийгээ тайлбарлан илтгэх аргаар шалгана;
4.1.3.Мэдээллийн технологийн хэрэглээний програм ашиглах чадварыг түгээмэл болон шүүхийн хэрэглээний програм дээр даалгавар өгч шалгана.
4.2.Энэ журмын 4.1 дэх хэсэгт заасан мэдлэг чадварыг 100 хүртэлх оноогоор дараах байдлаар дүгнэнэ:
4.2.1.Эрх зүйн тохиолдол шийдвэрлүүлэх 0-50 оноо;
4.2.2.Эссэ бичиж, илтгэх 0-30 оноо;
4.2.3.Мэдээллийн технологийн хэрэглээний чадвар 0-20 оноо.
Тав.Давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллах мэдлэг, чадварыг дүгнэх
5.1.Мэргэшлийн хороо давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн шүүгчээр ажиллах мэдлэг, чадварын шаардлага хангасан эсэхийг энэ журмын 4 дүгээр зүйлд зааснаас гадна дараах арга ажиллагаагаар үнэлж дүгнэнэ:
5.1.1.Нэр дэвшигч Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Шүүх эрх мэдэл", Улсын дээд шүүхийн “Монголын төр, эрх зүй”, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хууль дээдлэх ёс”, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн “Эрх зүй” зэрэг мэргэжлийн хэвлэлд хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал дэвшүүлэх эсхүл эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх талаар 1500-аас доошгүй үгтэй, 2-оос дээш өгүүлэл нийтлүүлсэн эсэхийг нягтлан шалгаж, үнэлгээ дүгнэлт өгсөн байна;
5.1.2.Нэр дэвшигч анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллах хугацаанд дангаар шийдвэрлэсэн 6 хүртэлх хэрэг, маргааны шийдвэрийг тохиолдлын журмаар сонгон авч, тухайн хэрэг, маргааныг холбогдох эрх зүйн эх сурвалжийг тайлбарлан хэрэглэж, тодорхой, ойлгомжтой шийдвэрлэсэн эсэхийг задлан шинжилж, дүгнэнэ;
5.1.3.Нэр дэвшигчийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажилласан сүүлийн 24 сарын хугацаанд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасны дагуу үнэлүүлсэн мэргэжлийн үйл ажиллагааны түвшингийн дүнг хувилж 30 хүртэлх оноогоор дүгнэнэ.
5.2.Энэ журмын 5.1 дэх хэсэгт заасан мэдлэг, чадварыг 100 хүртэлх оноогоор дараах байдлаар дүгнэнэ:
5.2.1.Мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэх 0-20 оноо;
5.2.2.Шийдвэрийн чанар 0-50 оноо;
5.2.3.Мэргэжлийн үйл ажиллагааны түвшингийн дүн 0-30 оноо.
5.3.Мэргэшлийн хороо давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн шүүгчээр ажиллах мэдлэг, чадварын дүнг энэ журмын 4.2 болон 5.2 дахь хэсэгт дүгнэсэн онооны голчоор тодорхойлно.
Зургаа.Хяналтын шатны шүүхийн шүүгчээр ажиллах мэдлэг, чадварыг дүгнэх
6.1.Мэргэшлийн хороо хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн шүүгчээр ажиллах мэдлэг, чадварын шаардлага хангасан эсэхийг энэ журмын 4 дүгээр зүйлд зааснаас гадна дараах арга ажиллагаагаар үнэлж дүгнэнэ:
6.1.1.Нэр дэвшигч Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Шүүх эрх мэдэл", Улсын дээд шүүхийн “Монголын төр, эрх зүй”, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хууль дээдлэх ёс”, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн “Эрх зүй” зэрэг мэргэжлийн хэвлэлд хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал дэвшүүлэх эсхүл эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх талаар 1500-аас доошгүй үгтэй, 3-аас дээш өгүүлэл нийтлүүлсэн эсэхийг нягтлан шалгаж, үнэлгээ дүгнэлт өгсөн байна.
6.1.2.Нэр дэвшигч давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллах хугацаанд гаргасан 6 хүртэлх магадлалыг тохиолдлын журмаар сонгон авч, тухайн хэрэг, маргааныг холбогдох эрх зүйн эх сурвалжийг тайлбарлан хэрэглэж, тодорхой, ойлгомжтой шийдвэрлэсэн эсэхийг задлан шинжилж, дүгнэнэ.
6.1.3.Нэр дэвшигчийн шүүгчээр ажилласан сүүлийн 24 сарын хугацаанд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасны дагуу үнэлүүлсэн мэргэжлийн үйл ажиллагааны түвшингийн дүнг хувилж 30 хүртэлх оноогоор дүгнэнэ.
6.2.Хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан болзол, шаардлага хангасан эсэхийг нягтлан шалгаж, тодорхойлсон байна.
6.3.Энэ журмын 6.1 дэх хэсэгт заасан мэдлэг, чадварыг 100 хүртэлх оноогоор дараах байдлаар дүгнэнэ:
6.3.1.Мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэх 0-20 оноо;
6.3.2.Шийдвэрийн чанар 0-50 оноо;
6.3.3.Мэргэжлийн үйл ажиллагааны түвшингийн дүн 0-30 оноо.
6.4.Мэргэшлийн хороо хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн шүүгчээр ажиллах мэдлэг, чадварын дүнг энэ журмын 4.2 болон 6.3 дахь хэсэгт дүгнэсэн онооны голчоор тодорхойлно.
Долоо.Ерөнхий шүүгчээр ажиллах мэдлэг, чадварыг дүгнэх
7.1.Мэргэшлийн хороо бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигч энэ журмын 4-6 дугаар зүйлд заасан тухайн шатны шүүхийн шүүгчээр ажиллах мэдлэг, чадварын шаардлага хангасан эсэхийг дүгнэхээс гадна Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлага хангасан эсэхийг нягтлан шалгаж, тодорхойлсон байна.
7.2.Нэр дэвшигчийн удирдан зохион байгуулах авьяас, манлайлах ур чадварыг урьдчилан бэлтгэсэн сорилын дагуу Мэргэшлийн хороо шалгаж, 100 хүртэлх оноогоор дүгнэнэ.
7.3.Мэргэшлийн хороо Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийн шүүгчээр ажиллах мэдлэг, чадварын дүнг энэ журмын 4-6 дугаар зүйлд заасан тухайн шатны шүүхийн шүүгчид тавигдах шаардлагын дагуу үнэлсэн дүн, энэ журмын 7.2 дахь хэсэгт дүгнэсэн онооны голчоор тодорхойлно.
Найм.Мэргэжлийн ёс зүйг дүгнэх
8.1.Мэргэжлийн ёс зүйн төлөвшил, шударга ёсыг эрхэмлэх, бусдын нөлөөнд автахгүй, хараат бус, бие даан шийдвэр гаргах чадвартай байх шаардлагыг нэр дэвшигч хэрхэн хангасныг асуулгын болон тохиолдол шийдвэрлүүлэх аргаар дүгнэнэ.
8.2.Ажлын алба нэр дэвшигчийн мэргэжлийн ёс зүйн талаар дор дурдсан шаардлага хангасан 10 хүнээс 5-ыг тохиолдлын журмаар сонгож, асуулга авна. Асуулга нь зөвхөн тухайн нэр дэвшигчийн ёс зүйн холбогдолтой мэдээлэл байна. Асуулга авах хүний нэр, албан тушаалыг тодорхой бичсэн байх бөгөөд Ажлын алба энэ тухай мэдээллийн нууцлалыг хадгална:
8.2.1.Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн мэргэжлийн ёс зүйн талаар түүний сурч, ажиллаж байсан 2-оос доошгүй байгууллагын ажилтан;
8.2.2.Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн мэргэжлийн ёс зүйн талаар шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч, прокурор, өмгөөлөгч, шүүхийн захиргааны ажилтан, тухайн нутаг дэвсгэрийн анхан шатны шүүхийн шүүгч;
8.2.3.Хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн мэргэжлийн ёс зүйн талаар шүүх хуралдаанд оролцсон прокурор, өмгөөлөгч, шүүхийн захиргааны ажилтан, давж заалдах шатны шүүхийн шүүгч.
8.3.Ажлын алба нэр дэвшигчийн мэргэжлийн ёс зүйн хандлагыг тодорхойлох тохиолдлыг санамсаргүй сонголтын аргаар 3-ыг сонгон шийдвэрлүүлж, Мэргэшлийн хороо үнэлж дүгнэнэ.
8.4.Нэр дэвшигч мэргэжлийн ёс зүй шаардлага хангасан эсэхийг 100 хүртэлх оноогоор дараах байдлаар дүгнэнэ:
8.4.1.Асуулга 0-40 оноо;
8.4.2.Тохиолдол шийдвэрлүүлэх 0-60 оноо.
Ес.Шүүгчээр ажиллах зан төлөвийг тодорхойлох
9.1. Мэргэшлийн хороо нэр дэвшигчийн шүүгчээр ажиллах зан төлөвийг тохиолдол шийдвэрлүүлэх болон ярилцлагын аргаар үнэлж дүгнэнэ:
9.1.1.Шүүгчийн зан төлөвийг тодорхойлохуйц 3 тохиолдлыг тохиолдлын журмаар сонгон шийдвэрлүүлж, тайлбар бичүүлнэ;
9.1.2.Шүүгчээр ажиллах зан төлөвийг тодорхойлох ярилцлагыг урьдчилан бэлтгэсэн сорилын дагуу зохион байгуулна. Сорил нь шүүгчээр ажиллах зан төлөвийн үндсэн агуулгыг илэрхийлсэн байна.
9.2.Нэр дэвшигчийн шүүгчээр ажиллах зан төлөвийг 100 хүртэлх оноогоор дараах байдлаар дүгнэнэ:
9.2.1.Тохиолдол шийдвэрлүүлэх 0-70 оноо;
9.2.2.Ярилцлага 0-30 оноо.
Арав.Үнэлгээ гаргах
10.1.Мэргэшлийн хороо нэр дэвшигчийн үнэлгээг энэ журмын 4-9 дүгээр зүйлд заасан шалгуур тус бүрийг үнэлсэн онооны голчоор гаргана. Үүнд:
10.1.1.Үнэлгээ 60 хүртэлх буюу хангалтгүй;
10.1.2.Үнэлгээ 60 - 80 хүртэлх буюу хангалттай;
10.1.3.Үнэлгээ 80 ба түүнээс дээш буюу бүрэн хангалттай.
10.2.Мэргэшлийн хороо нэр дэвшигч тус бүрийг энэ журмын 10.1 дэх хэсэгт заасны дагуу дүгнэн, үнэлгээг нэр дэвшигч тус бүрт танилцуулна.
10.3.Мэргэшлийн хороо нэр дэвшигчдийн шалгуур тус бүрийн үнэлгээг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хугацаанд гарган, 24 цагийн дотор Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлнэ.
Арван нэг. Нэр дэвшигч гомдол гаргах
11.1.Нэр дэвшигч үнэлгээний талаарх гомдлоо Мэргэшлийн хороонд бичгээр гаргана.
11.2.Мэргэшлийн хороо нэр дэвшигчийн гаргасан гомдлыг үндэслэлтэй эсэхийг нягтлан шалгаж, бичгээр хариуг өгнө.
Арван хоёр.Нэр дэвшигчийг сонгон шалгаруулж, өргөн мэдүүлэх
12.1.Шүүхийн ерөнхий зөвлөл хангалттай болон түүнээс дээш үнэлгээ авсан нэр дэвшигчийн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу холбогдох баримт бичиг, мэдээллийг судлан үзэж, нэр дэвшигч тус бүртэй ганцаарчилсан ярилцлага зохион байгуулж, хуралдаанаараа дүгнэлт гаргана.
12.2.Шүүхийн ерөнхий зөвлөл нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу шүүгчид нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.
-о0о-
Текст томруулах
A
A
A