A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2013 оны 402
дугаар тогтоолын хавсралт


МОНГОЛ СУДЛАЛЫГ ДЭМЖИХ САНГИЙН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.33-т заасан Монгол судлалын сангийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахад энэхүү дүрмийг дагаж мөрдөнө.

1.2. Монгол судлалыг дэмжих сан (цаашид энэ дүрэмд “Сан” гэх) нь Монгол судлалыг хөгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, санхүүжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх байгууллага мөн.

1.3. Сан нь шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдан үйл ажиллагаагаа явуулна.

1.4. Сангийн хөрөнгийг шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний жил бүрийн төсвийн багцад тусгана.

1.5. Сан нь зохих журмын дагуу үйлдсэн тэмдэг, бэлгэдэл, хэвлэмэл хуудас ашиглана.

 

Хоёр. Сангийн хөрөнгийн эх үүсвэр

 

2.1. Сангийн хөрөнгө нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 215 дугаар зүйлийн 215.1-д заасан эх үүсвэрээс бүрдэнэ.

2.2. Шинжлэх ухааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь улсын төсвөөс Санд олгох хөрөнгийн хэмжээг өмнөх онд олгосон хөрөнгийн хэмжээ, ирэх онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт шаардагдах зардал, Сангийн дотоод үйл ажиллагааны зардал зэргийг тооцон төлөвлөнө.

 

Гурав. Сангийн удирдлага

 

3.1. Шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь Сангийн үйл ажиллагааг удирдлагаар ханган, хөрөнгийн бүрдүүлэлт, хуваарилалтын талаар шийдвэр гаргах, зарцуулалтад хяналт тавих чиг үүргийг  хэрэгжүүлнэ.

3.2. Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг сангийн захирал удирдан зохион байгуулах бөгөөд захирлыг шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.

3.3. Сангийн захирал дараах эрх үүрэгтэй байна:

      3.3.1. Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах;     

      3.3.2. үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний гаргасан шийдвэрийг мөрдөж ажиллах;

      3.3.3. Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтыг шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийн дагуу захиран зарцуулах;

      3.3.4. улсын төсвөөс Санд хуваарилах хөрөнгийн хэмжээний талаар санал боловсруулж, шинжлэх ухааны асуудал хариуцсан  төрийн захиргааны төв болон холбогдох бусад байгууллагад хуульд заасан хугацаанд хүргүүлэх;

      3.3.5. Сангийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг сар, улирал, жилээр хуульд заасан хугацаанд гаргаж холбогдох байгууллагад хүргүүлэх, үр дүнг бие даан хариуцах;

      3.3.6. шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвшөөрснөөр Санг төлөөлж дотоод, гадаадын болон олон улсын байгууллагатай харилцах;

      3.3.7. байгууллагын хэмжээнд хөдөлмөрийн дотоод журам баталж, мөрдүүлэх;

      3.3.8. Сангийн ажилтныг сонгон шалгаруулж авах, ажилтныг чөлөөлөх асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх;

      3.3.9. Сангийн үйл ажиллагааны талаар хууль тогтоомжийн хүрээнд тушаал гаргах, санхүүгийн баримтад нэгдүгээр гарын үсэг зурах.



Дөрөв. Сангийн чиг үүрэг

 

4.1. Сан нь дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:

        4.1.1. монгол судлалыг дэмжих талаархи хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, биелэлт, үр дүнг тайлагнах;

        4.1.2. монгол судлалыг хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлж, олгосон хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, зохицуулалт хийх, тайлан тэнцлийг гаргуулан авч дүн шинжилгээ хийх, илэрсэн зөрчил доголдлыг арилгах;

        4.1.3. Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн захиалагч, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавих;


        4.1.4. Сангийн хөрөнгөөр гүйцэтгэсэн төсөл, хөтөлбөр, эрдэм шинжилгээний ажлын талаар мэдээллийн нэгдсэн сан хөтлөх, тайлан мэдээ гаргах, хадгалах;

        4.1.5. гадаадын болон олон улсын ижил чиг үүрэг бүхий байгууллагатай хамтарч ажиллах, хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх;

        4.1.6. монгол судлалыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, семинар, үзэсгэлэн зохион байгуулах;

        4.1.7. монгол судлалын чиглэлээрх эрдэм шинжилгээний байгууллагын материаллаг бааз, судалгааны лабораторийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

        4.1.8. хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

 

Тав. Сангийн хөрөнгийг зарцуулах

 

5.1. Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах бөгөөд зарцуулах шийдвэрийг шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.

5.2. Сангийн хөрөнгийг хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрт зааснаас бусад зориулалтаар болон хэтрүүлэн зарцуулахыг хориглоно.

5.3. Олон улсын ижил чиг үүрэг бүхий байгууллагаас монгол судлалын чиглэлээр олгох хөрөнгийг тухайн гэрээнд арилжааны банкинд байршуулахаар зааснаас бусад тохиолдолд сангийн хөрөнгийг төрийн сангаас гадуур байршуулахыг хориглоно.

 

Зургаа. Сангийн хөрөнгийн зарцуулалтыг
          тайлагнах, хянах

 

6.1. Сангийн тайлан, хөрөнгийн зарцуулалтад Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар бүлэгт заасны дагуу хяналт тавьж, тайлагнана.

6.2. Сангийн төсвийн бус эх үүсвэрээс олсон орлого, зарлагын тайланг харьяалах Татварын албанд тайлагнана.

 

 

----- оОо -----