- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2013 оны 425 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Эрүүл мэндийн үндэсний зөвлөл (цаашид “үндэсний зөвлөл” гэх)-ийн үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Үндэсний зөвлөл нь төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл байна.
1.3. Үндэсний зөвлөл нь үйл ажиллагаандаа нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, Эрүүл мэндийн тухай хууль, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, бусад хууль, тогтоомж, үндэсний хөтөлбөр, стратеги зэрэг бодлогын баримт бичгүүдийг удирдлага болгоно.
1.4. Үндэсний зөвлөл нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудастай байна.
Хоёр. Үндэсний зөвлөлийн ажиллах журам
2.1. Удирдлага, зохион байгуулалт
2.1.1. Үндэсний зөвлөл нь Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд ажиллана.
2.1.2. Үндэсний зөвлөлийн орлогч дарга нь Эрүүл мэндийн сайд, нарийн бичгийн дарга нь Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга байна.
2.1.3. Үндэсний зөвлөл нь ажлын албатай байх бөгөөд ажлын албаны үүргийг эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газар гүйцэтгэнэ.
2.1.4. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд холбогдох яам, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл орсон байна. Үндэсний зөвлөлөөр хэлэлцэх асуудалтай уялдуулан холбогдох төрийн бус байгууллагын төлөөлөл хуралдаанд оролцоно.
2.1.5. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь зөвлөлийн хурал байна. Үндэсний зөвлөл хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргах бөгөөд тогтоолд үндэсний зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
2.1.6. Хурлын дэгийг Үндэсний зөвлөлийн гишүүд батална. Үндэсний зөвлөл нь жилд хоёр удаа хуралдах бөгөөд шаардлагатай тохиолдолд зөвлөлийн дарга ээлжит бус хурал зарлан хуралдуулж болно.
2.1.7. Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд асуудлыг хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.
2.1.8. Үндэсний зөвлөл нь эрүүл мэндийн асуудлаар бусад салбарын зайлшгүй оролцоо шаардлага бүхий бодлогын баримт бичиг, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, хөтөлбөр, санал зөвлөмжийг хэлэлцэн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
2.1.9. Үндэсний зөвлөл нь ЭМЯ-ны түвшинд бусад салбарын оролцоог хангасан дэд зөвлөлтэй байна. Үүнд:
- Хүний нөөцийн дэд зөвлөл
- Нийгмийн эрүүл мэндийн дэд зөвлөл
- Эмнэлгийн тусламж, үйлчилгээний дэд зөвлөл.
2.1.10 Дэд зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Эрүүл мэндийн сайд батална.
2.1.11. Аймаг, нийслэлийн түвшинд бусад салбарын оролцоог ханган ажиллах “Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн зөвлөл” ажиллах бөгөөд уг зөвлөлийг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга ахална.
2.1.12. Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар нь ажлын албаны үүргийг гүйцэтгэнэ.
2.1.13. Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг аймаг, нийслэлийн Засаг дарга батална.
2.1.14. Дэд зөвлөл нь өөрийн холбогдох асуудлаараа санал, бодлогын баримт бичиг боловсруулж шийдвэрлүүлэх, мөн үйл ажиллагаагаа Үндэсний зөвлөлд тайлагнана.
2.2. Үндэсний зөвлөлийн дарга
2.2.1. Хуралдааны төлөвлөгөө, хэлэлцэх асуудал болон хуралдаанаас гарсан тогтоол, шийдвэрийг баталж, шаардлагатай зарим асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүлнэ.
2.2.2. Үндэсний зөвлөлийн хуралдааныг зарлан хуралдуулж, хуралдааныг удирдана.
2.2.3. Үндэсний зөвлөлийн гишүүдэд үүрэг, даалгавар өгч биелэлтэд нь хяналт тавина.
2.2.4. Зөвлөлийн хуралдаанаас гаргасан санал зөвлөмж, тогтоолыг хэрэгжүүлэхэд холбогдох төрийн захиргааны төв байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэн удирдаж, бусад салбарын оролцоог хангуулна.
2.3. Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга
2.3.1. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг боловсруулан зөвлөлийн даргаар батлуулна.
2.3.2. Хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын бэлтгэл ажлыг хангана.
2.3.3 Хуралдааны тэмдэглэл хөтөлж гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ.
2.4. Үндэсний зөвлөлийн ажлын алба
2.4.1. Зөвлөлөөс гарсан тогтоол, шийдвэрийн биелэлтийг холбогдох төрийн захиргааны төв байгууллага, холбогдох байгууллагаас гаргуулан авч, мэдээлэл солилцоно.
2.4.2. Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан тогтоол, шийдвэрийн биелэлтийг нэгтгэж Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулна.
----оОо----
Текст томруулах
A
A
A