- Нүүр
- Сайдын тушаал
- ЕРӨНХИЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЖУРАМ /СС-ын 2017 оны 234 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
/СС-ын 2017 оны 234 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Сангийн сайдын 2013 оны 9 дүгээр сарын
25-ны өдрийн 213 дугаар тушаалын
нэгдүгээр хавсралт
ЕРӨНХИЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Энэхүү журмын зорилго нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан /цаашид “хууль” гэх/ бараа, ажил, үйлчилгээг ерөнхий гэрээ байгуулан худалдан авахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2.Захиалагч ерөнхий гэрээ байгуулан бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэхүү журам болон холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгоно.
Хоёр. Нэр томъёо
2.1 .Энэхүү журамд заасан нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
2.1.1. “Мэргэжлийн байгууллага” гэж хуулийн 53.1-д заасан үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газрыг;
2.1.2. “Худалдан авалтын захиалга” гэж захиалагч байгууллагаас ирүүлж буй худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоо хэмжээг;
2.1.3. “Ерөнхий гэрээ” гэж хуулийн 5.1.23-т заасныг;
2.1.4. “Цахим дэлгүүр” гэж Ерөнхий гэрээ байгуулан худалдан авах бараа, ажил, үйлчилгээний мэдээлэл бүхий Цахим худалдан авах ажиллагааны системийн бүрэлдэхүүн хэсгийг.
Гурав. Ерөнхий гэрээ
3.1. Ерөнхий гэрээ байгуулах журмын дагуу худалдан авах бараа, ажил, үйлчилгээг хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу тендерийн баримт бичгийг боловсруулан цахим хэлбэрээр зохион байгуулна.
3.2. Мэргэжлийн байгууллага нь энэхүү журмын 5.1-т заасны дагуу зохион байгуулсан тендер шалгаруулалтад “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн нэг болон түүнээс дээш нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч, гүйцэтгэгчтэй 3 хүртэл жилийн хугацаанд үнэ болон бусад нөхцлийг тохирч ерөнхий гэрээ байгуулна.
3.3. Ерөнхий гэрээг энэхүү журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу холбогдох жишиг баримт бичгийн гэрээний нөхцөлөөр байгуулна.
3.4. Мэргэжлийн байгууллага ерөнхий гэрээг Цахим худалдан авах ажиллагааны системийн “Цахим дэлгүүр” хэсэгт байршуулна.
3.5. Ерөнхий гэрээнд гэрээний хэрэгжих хугацаа, захиалгын нөхцөл, үнэ болон бусад шаардлагуудыг тодорхойлж, бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолт, ажлын даалгавар, бараа нийлүүлэх, ажил, үйлчилгээ гүйцэтгэх хуваарь, захиалагчаас ирүүлсэн бараа захиалгын хуудас зэргийг хавсаргана.
3.6. Ерөнхий гэрээнд заасан үнэ гэрээний үндсэн үнэ байх бөгөөд гэрээний хүчинтэй хугацааны турш тогтмол байна. Зөвхөн хуулийн 40.4-т заасан нөхцөл үүссэн үед гэрээнд үнийн тохируулга хийж болох бөгөөд энэ нь хуулийн 41 дүгээр заалттай нийцсэн байна.
3.7. Захиалагч нь ерөнхий гэрээний дагуу худалдан авах бараа, ажил, үйлчилгээг Цахим худалдан авах ажиллагааны системийн “Цахим дэлгүүр” хэсэгт байршуулсан нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч, гүйцэтгэгч этгээдүүдээс ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай, өрсөлдөх тэгш боломжтой байх зарчмыг үндэслэн сонгож, худалдан авна.
Дөрөв. Мэргэжлийн байгууллагын үүрэг
4.1. Хуулийн 45.5-д заасан худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад тухайн төсвийн жилд ерөнхий гэрээ байгуулан худалдан авах бараа, ажил, үйлчилгээний жагсаалтыг нэгтгэн төсвийн асуудал эрхлэх төрийн захиргааны төв байгууллагад, улсын төсөв батлагдсанаас хойш ажлын 5 хоногийн дотор Засгийн газарт тус тус хүргүүлнэ.
4.2. Мэргэжлийн байгууллага нь энэхүү журмын 4.1-д заасан жагсаалтад багтсан Ерөнхий гэрээ байгуулан худалдан авах бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааг жагсаалт батлагдсан даруйд эхлүүлнэ.
4.3. Мэргэжлийн байгууллага нь ерөнхий гэрээг байгуулах, хэрэгжүүлэх, боловсронгуй болгох чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ
4.3.1. Ерөнхий гэрээ байгуулан худалдан авах бараа, ажил, үйлчилгээг тодорхойлох, энэхүү журмын 3 дугаар хавсралтаар батлагдсан судалгааг жил бүрийн 3-р улиралд багтаан шинэчлэн хийх;
4.3.2. Захиалагч байгууллагын шаардлага болон нийлүүлэгчдийн чадварыг энэхүү журмын 4.3.1-т заасан судалгаанд үндэслэн тогтоох;
4.3.3. Ерөнхий гэрээний үргэлжлэх хугацаа болон нэг гэрээнд байх нийлүүлэгчдийн тоог тогтоох;
4.3.4. Ерөнхий гэрээг боловсронгуй болгон сайжруулах санал боловсруулж, Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
4.3.5. Ерөнхий гэрээний тендер шалгаруулалтыг зохион байгуулах, үнэлэх, гүйцэтгэгчийг сонгох, ерөнхий гэрээ байгуулах;
4.3.6. Энэхүү журмын 3 дахь заалтад заасны дагуу байгуулсан Ерөнхий гэрээний худалдан авалтын захиалгыг цахим хэлбэрээр хийх нөхцлийг бүрдүүлэх;
4.3.7. Нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч, гүйцэтгэгчид нь холбогдох шаардлагын дагуу гэрээ гүйцэтгэсэн эсэхэд хяналт тавих;
4.3.8. Худалдан авалтын захиалгын дүн захиалагч байгууллага бүрийн хэрэглээний тоо хэмжээтэй тохирч байгаа эсэхэд хяналт тавих;
4.3.9. Шаардлагатай тохиолдолд гэрээнд хуулийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээг хүчингүй болгох;
4.3.10. Ерөнхий гэрээний хэрэгжилт болон үр дүнгийн тайланг гаргах маягтыг боловсруулж, тус маягтын дагуу тайланг нэгтгэн улирал бүр Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээллэх;
4.3.11. Худалдан авалтын захиалгыг цахим хэлбэрээр хийх зааврыг боловсруулж, Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагаар батлуулж, мөрдөх.
4.4. Мэргэжлийн байгууллага нь энэхүү журмын дагуу ерөнхий гэрээ байгуулах талаар олон нийтэд сургалт, сурталчилгаа хийж, холбогдох мэдээллээр хангаж ажиллана.
Тав. Захиалагч байгууллагын үүрэг
5.1. Захиалагч байгууллагууд ерөнхий гэрээ байгуулах хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
5.1.1. Энэхүү журмын 4.3.1-д заасны дагуу Мэргэжлийн байгууллагаас хийх судалгаанд хэрэгцээт бараа, ажил, үйлчилгээний тоо хэмжээг үндэслэлтэй тодорхойлж, мэргэжлийн байгууллагад жил бүрийн 6 дугаар сарын 1-ны дотор хүргүүлэх;
5.1.2. Худалдан авалтын захиалгыг цахим хэлбэрээр Мэргэжлийн байгууллагын баталсан зааврын дагуу хийх;
5.1.3. Худалдан авалтын захиалга хийх бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг батлагдсан эсэхийг шалгасан байх;
5.1.4. Худалдан авалтын захиалгын хуудсанд заасан тоо хэмжээ нь шаардагдаж буй хэрэгцээг хангаж байгаа эсэхийг нягтлан, баталгаажуулсан байх;
5.1.5. Гэрээний дагуу хүлээн авсан барааг чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж турших, “Цахим дэлгүүр”-т холбогдох үнэлгээг өгөх, холбогдох төлбөрийг саадгүй гүйцэтгэх;
5.1.6. Ерөнхий гэрээний хэрэгжилт болон үр дүнгийн тайланг батлагдсан маягтын дагуу улирал бүр Мэргэжлийн байгууллагад тайлагнах.
5.2. Захиалагч ерөнхий гэрээ байгуулан худалдан авахаар тодорхойлсон бараа, ажил, үйлчилгээг цахим дэлгүүрт байршуулснаас өөр эх сурвалжаас худалдан авахыг хориглоно.
5.3. Нэг удаа хийгдэх захиалгын үнэ хуулийн 8.1.1-д заасан харьцуулалтын босго үнийн дээд хязгаараас хэтрэхгүй байна.
5.4. Цахим дэлгүүрт зөвхөн ганц нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч, гүйцэтгэгч байх тохиолдолд шууд сонголт хийх бөгөөд бусад тохиолдолд нэгж үнэ, нийлүүлэх хугацаа болон бараа нийлүүлэлтийн хуваарь, энэхүү журмын 3.7-д заасан зарчмыг үндэслэл болгон сонгоно.
Зургаа. Ерөнхий гэрээний сонгон шалгаруулалт
6.1. Мэргэжлийн байгууллага нь ерөнхий гэрээнд хамрагдах гүйцэтгэгчийг хуулийн дагуу нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэн, Сангийн сайдын 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулна.
6.2. Ерөнхий гэрээ байгуулсан оролцогчдын нэр, барааны зураг, гэрээний дугаар, бараа нийлүүлэлтийн хуваарь, нэгж үнэ, нийлүүлэх хугацаа, барааны гарал үүсэл, барааны тэмдгийг Цахим дэлгүүрт байршуулна.
6.3. Ерөнхий гэрээний хүчин төгөлдөр хугацаанд шинээр нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч, гүйцэтгэгчийг энэхүү журамд заасны дагуу тендер шалгаруулалт зарлан нэмж оруулж болно.
Долоо. Гэрээг цуцлах
7.1. Дараахь тохиолдолд мэргэжлийн байгууллагын шийдвэрээр гэрээг цуцалж болно.
7.1.1. Гэрээний хүчин төгөлдөр хугацаанд 3 буюу түүнээс дээш удаагийн худалдан авалтын захиалга хийхэд гүйцэтгэгч ажлын 5 хоногт хариу өгөөгүй;
7.1.2. Захиалагч байгууллага нь нийлүүлэгчтэй үгсэн хуйвалдсаныг эрх бүхий этгээд тогтоосон;
7.1.3. Нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч, гүйцэтгэгч нь ерөнхий гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
7.1.4. Ерөнхий гэрээ нь бодитойгоор хэрэгжихгүй байгаа нь тогтоогдсон;
7.1.5. Гэрээнд заасан бусад.
7.2. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулна.
--о0о-—
Текст томруулах
A
A
A