- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БАЙГАЛЬ ОРЧНЫ СТРАТЕГИЙН БОЛОН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРАМ
Засгийн газрын 2013 оны 374 дүгээр
тогтоолын 1 дүгээр хавсралт
БАЙГАЛЬ ОРЧНЫ СТРАТЕГИЙН БОЛОН ХУРИМТЛАГДАХ
НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРАМ
1. Журмын зорилго
1.1. Энэхүү журмын зорилго нь байгаль орчны стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2. Байгаль орчны стратегийн үнэлгээ хийх
2.1. Стратегийн үнэлгээг улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад тухайн асуудлыг хариуцсан яам хийлгэнэ.
2.2. Байгаль орчны стратегийн үнэлгээ хийх явцад дараах зарчмыг баримтална:
2.2.1. бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах эхний үе шатанд байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийн зорилтыг тодорхойлж, уг баримт бичигт тусгах;
2.2.2. байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэл, сөрөг нөлөөллөөс зайлсхийх боломжит хувилбар болон хэрэгжүүлэхээс татгалзах хувилбарыг тодорхойлох;
2.2.3. бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулахтай холбоотой шийдвэр, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах;
2.2.4. стратегийн үнэлгээний үр дүн, дүгнэлтийг судалгааны баримтад тулгуурлан боловсруулах;
2.2.5. оролцогч талууд стратегийн үнэлгээ хийх явцад хариуцлагатай хандах.
2.3. Стратегийн үнэлгээ хийхийн өмнө бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг санаачлан боловсруулж байгаа яам болон стратегийн үнэлгээ хийх мэргэжлийн байгууллага нь нөлөөлөлд өртөх байгалийн нөөц, экосистем, хүн амын эрүүл мэндийн өнөөгийн төлөв байдлын үнэлгээний товч танилцуулга, байгаль хамгаалах, ногоон хөгжлийг хангах зорилт, стратегийн үнэлгээний ажлын удирдамжийн төслийг боловсруулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
2.4. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 2.3 дахь хэсэгт заасан бичиг баримтыг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан стратегийн үнэлгээний ажлын удирдамжийн төсөлд санал, чиглэл өгнө.
2.5. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас өгсөн санал, чиглэлийг үндэслэн бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг санаачлан боловсруулагч салбарын яам стратегийн үнэлгээний ажлын удирдамжийг батална.
2.6. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 5.2-т заасны дагуу мэргэжлийн баг стратегийн үнэлгээг хийнэ.
2.7. Бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг санаачлан боловсруулж байгаа яам нь стратегийн үнэлгээ хийх мэргэжлийн багийг тухай бүр бүрдүүлнэ.
2.8. Стратегийн үнэлгээ хийх мэргэжлийн баг нь хөгжлийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах эхний үе шатанд стратегийн үнэлгээний хамрах хүрээг тодорхойлж, нөлөөлөлд өртөх байгалийн нөөц, экосистем, хүн амын эрүүл мэндийн өнөөгийн төлөв байдлын үнэлгээг хийж, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийн зорилтыг тодорхойлно.
2.9. Стратегийн үнэлгээ хийх мэргэжлийн баг нь батлагдсан удирдамжийн дагуу стратегийн үнэлгээг хийж тайлан дүгнэлт гаргана. Тайлан, дүгнэлт нь дараах мэдээллийг агуулна:
2.9.1. бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөний төслийн товч агуулга, түүний зорилго, зорилт, хэрэгжүүлэх гол арга хэмжээ;
2.9.2. нөлөөлөлд өртөх болон өртөж болзошгүй байгалийн нөөц, экосистемийн өнөөгийн төлөв байдал, хэтийн хандлага;
2.9.3. байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэл, сөрөг нөлөөлөл, түүний үр дагавар, хуримтлагдах сөрөг нөлөөлөл;
2.9.4. сөрөг нөлөөллөөс зайлсхийх, бууруулах боломжит хувилбар болон хэрэгжүүлэхээс татгалзах хувилбар, тэдгээрийн байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийн харьцуулалт;
2.9.5. эрсдэл, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулахад чиглэсэн арга хэмжээ;
2.9.6. сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах арга хэмжээг бүрэн гүйцэд хэрэгжүүлсэн тохиолдолд байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөөлөл;
2.9.7. бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө нь байгаль хамгаалах, ногоон хөгжлийг хангах зорилт болон тухайн асуудлаархи төрийн бодлого, хөтөлбөртэй нийцэж байгаа эсэх;
2.9.8. бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад стратегийн үнэлгээний дүгнэлт (зөвлөмж)-ийн хэрэгжилтийг хянах арга зам, үнэлэх шалгуур үзүүлэлт.
2.10. Стратегийн үнэлгээний тайлан, дүгнэлт болон түүний үр дүнг тусгасан бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөний төслийг тухайн баримт бичгийг санаачлан боловсруулж байгаа яам нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
2.11. Энэ журмын 2.10-т заасан баримт бичгийг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь өөрийн байгууллагын цахим хуудсанд байршуулж, ажлын 14 хоногийн хугацаанд олон нийтээс санал авах ажлыг зохион байгуулна.
2.12. Олон нийтийн санал, стратегийн үнэлгээний тайлан, түүний үр дүнг бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөнд хэрхэн тусгасан тухай тайлан, дүгнэлтийн төслийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4.2-т заасан мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулна.
2.13. Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн стратегийн үнэлгээний дүгнэлтийг тухайн бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг хэлэлцэх Засгийн газрын хуралдаанд хамтатган танилцуулна.
2.14. Засгийн газраас баталсан бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөнд байгаль орчны стратегийн үнэлгээний дүгнэлтийг заавал хавсаргана.
2.15. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь батлагдсан бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Засгийн газарт оруулж болно.
2.16. Засгийн газраас баталсан бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тохиолдолд тухайн хэсэгт стратегийн үнэлгээг хийх бөгөөд үнэлгээ хийхтэй холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна.
2.17. Стратегийн үнэлгээ хийхтэй холбогдон гарах зардлыг бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг санаачлан боловсруулж байгаа яам нь хариуцана.
2.18. Стратегийн үнэлгээтэй холбогдон гаргасан маргааныг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
3. Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх
3.1. Тодорхой бүс нутгийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлж байгаа хэд хэдэн төслийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 6.3-т заасны дагуу мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор хийнэ.
3.2. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь үнэлгээ хийх мэргэжлийн байгууллагыг тухай бүр нээлттэй шалгаруулалтаар сонгоно.
3.3. Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх ажлын даалгаврыг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
3.4. Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх мэргэжлийн байгууллага нь батлагдсан ажлын даалгаврын дагуу үнэлгээ хийж, дүгнэлт, зөвлөмж бүхий тайлан гаргах ба тайлан нь дараах мэдээллийг агуулна:
3.4.1. тухайн бүс нутгийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт;
3.4.2. тухайн бүс нутгийн байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд үзүүлсэн болон үзүүлж байгаа гол сөрөг нөлөөллүүд, тэдгээрийн үр дагаврын тодорхойлолт;
3.4.3. хуримтлагдах нөлөөллийн эрчим, цар хүрээ (цаг хугацаа, орон зай), тархалт;
3.4.4. хуримтлагдах нөлөөллийн эх үүсвэрүүд, түүнийг хариуцах этгээд, тэдгээрийн нөлөөлөлд эзлэх хувь хэмжээ;
3.4.5. сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээ, зардлын тойм, тэдгээрийн хувилбарууд;
3.4.6. хуримтлагдсан сөрөг нөлөөллөөс үүдэн бий болсон байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндийн хохирлын үнэлгээ;
3.4.7. цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө, түүний хэрэгжилтэд хяналт тавих шалгуур үзүүлэлтүүд;
3.4.8. нөлөөлөлд өртсөн бүс нутаг дахь олон нийтийн хэлэлцүүлгийн үр дүн;
3.4.9. дүгнэлт, зөвлөмж.
3.5. Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайланг үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага нь байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
3.6. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайлангийн хураангуй болон дүгнэлт (зөвлөмж)-ийг ажлын 14 хоногийн хугацаанд өөрийн байгууллагын цахим хуудсанд байршуулж, олон нийтийн саналыг авна.
3.7. Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайланг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4.2-т заасан мэргэжлийн зөвлөл хэлэлцэн дүгнэлт гаргаж, тухайн бүс нутагт цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийн хамт байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад танилцуулна.
3.8. Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийхэд шаардагдах зардлыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 6.5-т заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч хариуцна.
3.9. Шаардлагатай тохиолдолд үнэлгээний ажилд шаардагдах зардлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага урьдчилан гаргаж болох бөгөөд уг зардлыг үнэлгээний дүгнэлтэд үндэслэн хуримтлагдсан нөлөөллийн цар хүрээ, эзлэх хувь хэмжээг харгалзан төсөл хэрэгжүүлэгчээс гаргуулна.
3.10. Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээтэй холбоотой гарсан маргааныг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
---о0о---
Текст томруулах
A
A
A