A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2013 оны 374 дүгээр
                                                                             тогтоолын 2 дугаар хавсралт

 

БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ
ЖУРАМ

 

1. Журмын зорилго

 

1.1. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх, түүнтэй холбогдсон шийдвэр гаргах, оролцогч талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

 

2. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ

 

2.1. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг төслийн анхан шатны баримт бичгийг боловсруулах үе шатанд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн хүрээнд хийнэ.

2.2. Энэ журмын 2.1-д заасан үнэлгээг дараах төсөлд хийлгэнэ:

     2.2.1. байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас ерөнхий үнэлгээ хийгдэх төсөл;

     2.2.2. ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын төсөл;

     2.2.3. бусад шаардлагатай төсөл.

2.3. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланд төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй газар нутгийн байгаль орчны төлөв байдал (усан орчин, цаг уур, геологи, гидрогеологи, геоморфологи, уур амьсгалын нөхцөл, агаарын чанар, хөрс, ургамал, амьтан г.м) болон төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй иргэдийн суурьшил, түүх, соёлын үнэт зүйлсийн талаархи мэдээлэл, газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдсан байдал зэрэг асуудлыг тусгасан байна.

2.4. Газрын тос, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, байгалийн хий, аюултай хог хаягдал хадгалах, боловсруулах, устгах, тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүс болон ой, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хэрэгжүүлэх төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд үнэлгээ хийж байгаа мэргэжлийн байгууллага нь байгаль орчны асуудал хариуцсан  төрийн захиргааны төв байгууллагаас  санал авна.  

2.5. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээтэй холбогдон гарах зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна.

2.6. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийхтэй холбогдон гарсан маргааныг захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.

 

3. Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ,
түүнд тавигдах шаардлага

 

3.1. Төсөл хэрэгжүүлэгч Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.3-т зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлэн, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эсхүл аймаг, нийслэлийн байгаль орчны албанд хандан ерөнхий үнэлгээ хийлгэнэ:
 
     3.1.1. энэ журмын 2.4-т заагдсан төслийн хувьд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрт хийгдсэн байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан;

     3.1.2. төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ, газар ашиглах, эзэмших, ашигт малтмал хайх, ашиглах талаархи эрх бүхий байгууллагын шийдвэр эсхүл тусгай зөвшөөрөл, түүний эрхийг шилжүүлсэн тухай баримтын хуулбар;

     3.1.3. төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байдлын тодорхойлолт;

    3.1.4. газрын тос, байгалийн хий, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын төсөлд хайгуулын ажлын батлагдсан төлөвлөгөө, тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал;

    3.1.5. аймаг, нийслэлийн байгаль орчны албанаас ерөнхий үнэлгээ хийгдэх төслийн хувьд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт.

3.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хавсралтад заагдсан аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцаж байгаа төслийг хэрэгжүүлснээс үүдэн гарах сөрөг нөлөөллийг байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний түвшинд тогтоох боломжгүй, нэмэлт судалгаа, шинжилгээ хийх зайлшгүй шаардлагатай бол байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.3. Энэ журмын 3.2-т зааснаас бусад тохиолдолд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.4.1, 7.4.2-т заасны дагуу дүгнэлт гаргана.

 

4. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ,
түүнд тавигдах шаардлага

 

4.1. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу эрх авсан аж ахуйн нэгж гүйцэтгэх бөгөөд аж ахуйн нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд нь үнэлгээ хийлгэх төсөл хэрэгжүүлэгчтэй ашиг сонирхлын зөрчилгүй байна. 

4.2. Үнэлгээ хийх эрхийг дор дурдсан чиглэлээр олгох бөгөөд нэг аж ахуйн нэгж хэд хэдэн чиглэлээр эрх авч болно:

     4.2.1. уул уурхайн салбар;

     4.2.2. дэд бүтцийн салбар;

     4.2.3. үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар;

     4.2.4. үйлчилгээний салбар.

4.3. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх авахыг хүссэн аж ахуйн нэгжийн удирдлага байгаль орчны чиглэлээр мэргэшсэн, тухайн салбарт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байна. 

4.4. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд 3-аас дээш удаа техникийн болон мэргэжлийн шинжтэй алдаа гаргасан, ерөнхий үнэлгээгээр тогтоосон нөхцөл болзол, батлагдсан аргачлалын дагуу гүйцэтгээгүй, шаардлагатай материалыг бүрдүүлээгүй, төслийн техник технологийн шийдлийг байгаль орчинд халгүй байхаар санал болгож, шаардлагыг тодорхойлоогүй нь үнэлгээний шинжилгээгээр тогтоогдсон тохиолдолд үнэлгээ хийх эрхийг хугацаанаас нь өмнө цуцална.

4.5. Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээс гадна дараах мэдээллийг хянан үзэж байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ:

     4.5.1. тухайн аж ахуйн нэгж ус, хөрс, ургамал, амьтан, уур амьсгал, агаарын бохирдлын асуудал хариуцсан мэргэжлийн орон тооны ажилтантай эсэх (харъяалагдах нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт, ажилтнуудын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар);

     4.5.2. эрхийн хугацаанд хийсэн нарийвчилсан үнэлгээний ажлын үр дүн, мэдээллийн санд тайлан, мэдээг тогтмол оруулж, үнэлгээний ажилд мэргэжлийн экспертүүдийг байнга татан оролцуулдаг эсэх;

      4.5.3. эрх бүхий аж ахуйн нэгж нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийхэд үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлж ажилласан эсэх зэрэг болно.

4.6. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8.4-т заасан асуудлыг багтаасан нөлөөллийн үнэлгээний судалгаа, нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээ, техник, технологийн шийдлийн зөвлөмжийг агуулсан тайлан болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнөөс бүрдэнэ.

4.7. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний судалгааны үр дүн нь үнэлгээний тайлан, батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө байна. Тайлан, менежментийн төлөвлөгөөний бүтэц, агуулгын талаар үнэлгээний аргачлалд тодорхой тусгана.

4.8. Томоохон хэмжээний дулааны цахилгаан станц, химийн хортой болон аюултай бодис, цацраг идэвхт бодис, аюултай хог хаягдлыг хадгалах, боловсруулах төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний судалгаанд орчныг бохирдуулах бодисын тархалтын хүрээг тогтоосон судалгааны үр дүнг заавал тусгасан байна. 

4.9. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний судалгааны явцад бүрдүүлсэн хээрийн бичиглэлийн хуудас, маягтууд, тайлбар бүхий фото зургууд, видео бичлэг, дагалдах мэдээллүүдийн хавсралт, загварчлал, тооцооллуудын эх хувийг үнэлгээ хийсэн эрх бүхий аж ахуйн нэгж өөрийн мэдээллийн санд хадгалах бөгөөд шаардлагатай тохиолдолд үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн хуралд танилцуулна.

4.10. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний судалгааны явцад төсөл хэрэгжиж буй орчинд хуримтлагдах нөлөөлөл үүсгэж буй эх үүсвэр, бусад төслүүдийн судалгааг хийж, нөлөөллийн шинж чанарыг тодорхойлсон байна.

4.11. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний явцад олон нийтийн оролцоог хангахдаа Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18.5-т заасан журмыг баримтална.

4.12. Нарийвчилсан үнэлгээний тайланг Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд уг тайланг боловсруулсан аж ахуйн нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд (ус, хөрс, ургамал, амьтан, уур амьсгал, орчны бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн), төсөл хэрэгжүүлэгч байгууллагын удирдлагыг заавал оролцуулна.

4.13. Мэргэжлийн зөвлөлийн хурлаас 3-оос доошгүй хоногийн өмнө хэлэлцүүлэх тайлангийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Мэргэжлийн зөвлөлийн гишүүдэд хүргүүлсэн байна.    

4.14. Хэрэгжиж байгаа төслийн техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), зураг төсөл шинэчлэгдэх, өргөтгөл хийх (техник, технологийг шинэчлэх, түүхий эд, байгалийн нөөц баялгийг ашиглах хэмжээ, хүчин чадал, газрын байрлал өөрчлөх болон байгаль орчны аудитын зөвлөмжөөр нэмэлт тодотгол хийлгэх шаардлагатай гэж үзсэн зэрэг) болон тухайн төсөлтэй холбогдох харилцааг зохицуулах эрх зүйн гол баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд нэмэлт тодотгол хийнэ.

4.15. Байгалийн нөөц ашиглан үйл ажиллагаа явуулж буй төслийн  байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд нэмэлт тодотгол хийлгэхдээ тухайн төсөлд хийлгэсэн байгаль орчны хуваарьт аудитын зөвлөмж, тайланг ирүүлнэ.

4.16. Нэмэлт тодотголыг ерөнхий үнэлгээгээр өгөгдсөн чиглэл, хуваарийн дагуу хийнэ.

 

5. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө

 

5.1. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд төслийн гол болон болзошгүй нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээг бүрэн тусгахаас гадна дараах зүйлийг тусгана:

     5.1.1. уул уурхайн төслийн хаалтын үед авч хэрэгжүүлэх гол арга хэмжээ, хамрах хүрээ;
     5.1.2. байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүний нөөц, байгаль орчны удирдлагын бүтэц, зохион байгуулалт;

     5.1.3. байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнг холбогдох төрийн байгууллага, олон нийтэд тайлагнах төлөвлөгөө;   

 

5.1.4. нүүлгэн шилжүүлэх, нутгийн иргэдийн эрүүл мэнд, эрх ашиг, амьжиргаа, соёлын өвийг хамгаалах болон бусад төлөвлөлттэй хэрхэн уялдсан байдал.

5.2. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг тусгах ба дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ нь дараах зарчмыг хангасан байна:

      5.2.1. дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх газар нь тухайн нөлөөлөлд өртсөн газартай адил байгаль экологийн нөхцөлтэй байх;  

     5.2.2. дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний зардлын тооцоо нь үнэн бодит судалгаа, мэдээлэлд үндэслэсэн байх;

     5.2.3. дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ нь төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс хуулиар хүлээсэн нөлөөллийг бууруулах, арилгах, нөхөн сэргээх үүргээс зайлсхийх нөхцөл болохгүй байх;

     5.2.4. дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө, үр дүнг тайлагнах хэлбэр, хяналт тавих механизм зэргийг тодорхой тусгасан байх;

5.3. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний улсын нэгдсэн бүртгэлийг байгаль орчны нөлөөллийн үнэлгээний мэдээллийн санд оруулна. 

5.4. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийг төслийн бүх үе шатанд хэрэгжүүлэх ба уг хөтөлбөрт дараах асуудлыг нарийвчлан тусгасан байна:
 
     5.4.1. нөлөөлөлд өртөж болзошгүй байгаль орчин, хүний эрүүл мэнд, нийгмийн төлөв байдлын суурь мэдээлэл ба төсөл хэрэгжсэнээр түүнд гарч болзошгүй тоон ба чанарын өөрчлөлт;

     5.4.2. нөлөөллийг багасгах, арилгах, нөхөн сэргээх, хоргүйжүүлэх, саармагжуулах арга хэмжээний үр дүнг хэмжих тоон ба чанарын үзүүлэлтүүд;

     5.4.3. төсөл хэрэгжүүлэгчийн дагаж мөрдөх Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, Монгол Улсын хууль тогтоомж, стандарт болон хэм хэмжээний үзүүлэлтүүд;

     5.4.4. хяналт-шинжилгээ хийх шаардлагатай байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүд, сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, нөхөн сэргээх арга хэмжээнүүд, нөлөөллийг хэмжих хэмжигдэхүүн;

     5.4.5. сорьц авах, хэмжилт хийх, түүнд дүн шинжилгээ хийх арга, байршил, хугацаа, давтамж.

5.5. Орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад төслийн үйл ажиллагаанаас байгаль орчин, хүний эрүүл мэнд, нийгэмд урьдчилан тооцоолоогүй сөрөг нөлөөлөл үзүүлсэн нь тогтоогдсон тохиолдолд холбогдох төрийн байгууллагууд нь төсөл хэрэгжүүлэгчээс нэн даруй арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг шаардана. 

5.6. Төсөл хэрэгжүүлэгч энэ журмын 5.5-т заасан шаардлагыг биелүүлээгүй, сөрөг нөлөөллийг арилгах талаар тодорхой арга хэмжээ аваагүй тохиолдолд холбогдох төрийн байгууллага уг төслийн үйл ажиллагааг тухайн сөрөг нөлөөллийг арилгах хүртэл түр түдгэлзүүлнэ.

5.7. Төсөл хэрэгжүүлэгч нь нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний хүрээнд боловсруулан батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тулгуурлан тухайн жилд хэрэгжүүлэх менежментийн төлөвлөгөөг боловсруулан, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулна. Уг төлөвлөгөөг шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулна.

5.8. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ажлын 21 хоногийн дотор багтаан шийдвэрлэнэ.

5.9. Холбогдох төрийн байгууллага нь орчны хяналт-шинжилгээгээр илэрсэн нөлөөллийг бууруулах нэмэлт арга хэмжээг тухайн жилийн менежментийн төлөвлөгөөнд тусгаагүй гэж үзвэл батлахаас татгалзаж, зохих засвар, өөрчлөлт хийхийг шаардах эрхтэй. 

5.10. Өмнөх жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт нь хангалтгүй бол дараа жилийн менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх үндэслэл болно.

5.11. Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулаагүй, холбогдох баталгааны хөрөнгийг байршуулалгүйгээр төслийн үйл ажиллагааг эхлэх, үргэлжлүүлэх эрхгүй.

5.12. Тухайн төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний судалгааны үр дүнг үндэслэн боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь 5 жилээс дээшгүй хугацаатай байх бөгөөд түүнээс олон жил үргэлжлэх төслийн хувьд менежментийн төлөвлөгөөг 5 жил тутамд шинэчлэн боловсруулж батлуулна.

5.13. Тухайн төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдсаны дараа байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага нь төсөл хэрэгжүүлэхийг албан бичгээр зөвшөөрнө.

 

6. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан
үнэлгээний шинжилгээ

 

6.1. Төсөл хэрэгжүүлэгч болон үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага хамтран эцэслэн боловсруулсан нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад батлуулахаар хүргүүлнэ.

6.2. Шаардлагатай тохиолдолд ерөнхий шинжээчийн шийдвэрээр үнэлгээний шинжилгээний ажилд туслах хөндлөнгийн шинжээчийг томилж болно.

6.3. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шинжээч төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүнд хийсэн үнэлгээний шинжилгээний дүгнэлт, шийдвэрийн төслийг мэргэжлийн зөвлөлийн хуралд оруулж хэлэлцүүлнэ.

6.4. Мэргэжлийн зөвлөл нь үнэлгээний шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, шийдвэрийн төсөл, үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй танилцаж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

     6.4.1. зарим шаардлагатай засвар, нэмэлт тодруулгыг тусгаж үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж, төсөл хэрэгжүүлэхийг албан бичгээр  зөвшөөрөх;

     6.4.2. байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зардал бодит бус, нэмэлт судалгаа, мэдээлэл шаардлагатай гэж үзсэн тохиолдолд батлахаас татгалзаж, төсөл хэрэгжүүлэгчид албан бичгээр буцаах;

     6.4.3. төсөл нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд нэн халтай, нөхөх боломжгүй хохирол учруулна гэж үзсэн тохиолдолд төслийг хэрэгжүүлэхээс татгалзах.

6.5. Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.6-д заасны дагуу  Байгаль орчны асуудал хариуцсан  төрийн захиргааны төв байгууллагын ерөнхий шинжээч гарын үсэг зурж албажуулна.

 

7. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний
хэрэгжилтийг тайлагнах, түүнийг хянаж хүлээн авах

 

7.1. Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд дотоод хяналт тавих үүрэг бүхий оролцогч талуудын төлөөллийг оролцуулсан хамтарсан ажлын хэсгийг байгуулж болно.

7.2. Төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний явцын болон гүйцэтгэлийн хяналтыг байгаль орчны асуудал хариуцсан  төрийн захиргааны төв байгууллагаас хяналт тавьж, газар дээр нь ажиллаж хэмжилт, судалгаа хийнэ.

7.3. Төсөл хэрэгжүүлэгч нь тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн жилийн эцсийн тайланг төсөл хэрэгжиж буй аймаг, нийслэлийн байгаль орчны газарт хүргүүлж, төлөвлөгөөний хэрэгжилтийг газар дээр нь шалгуулж ажлын хэсгийн дүгнэлт гаргуулна. 

7.4. Төсөл хэрэгжүүлэгчийн жил бүрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг газар дээр нь шалгаж дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг аймаг, нийслэлийн байгаль орчны албаар ахлуулж, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулна. 
7.5. Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, түүнд хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг хавсарган дараа жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад 12 дугаар сарын 20-ны дотор ирүүлнэ.

 

 

8. Байгаль орчны үнэлгээний мэдээллийн сан,
хянан магадлагаа

 

8.1. Үнэлгээний мэдээллийг нээлттэй болгох зорилгоор байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгаль орчны нөлөөллийн үнэлгээний мэдээллийн нэгдсэн санг байгуулна. Мэдээллийн сан нь дараах мэдээллийг агуулна:

     8.1.1. үнэлгээтэй холбоотой хууль эрх зүйн бүх баримт бичиг;

     8.1.2. байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлангийн товч танилцуулга;

     8.1.3. хянан магадалгааны дүгнэлт, түүний мөрөөр авсан арга хэмжээ, түүний биелэлт;

     8.1.4. жил бүрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлан, баталгааны тусгай дансны мэдээллүүд;

     8.1.5. улсын байцаагчийн хяналт шалгалтын мэдээ, түүний мөрөөр авсан арга хэмжээ, биелэлт.

8.2. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн танилцуулгыг үнэлгээ хийсэн эрх бүхий аж ахуйн нэгж мэдээллийн санд оруулах ба эх тайланг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын архивт 5 жил хадгална.

8.3. 5-аас дээш жил хадгалсан үнэлгээний эх тайланг Байгаль орчны мэдээллийн сангийн төв архивт шилжүүлнэ.

8.4. Хянан магадлагаа хийх ажлын хэсгийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан тухай бүр томилон ажиллуулах ба ажлын удирдамжийг батална. Удирдамжид  дараах асуудлыг тусгана:

     8.4.1. хянан магадлагаа хийх хугацаа;

     8.4.2. хянан магадлагаа хийх ажлын цар хүрээ;

      8.4.3. хянан магадлагааны аргачлал;

      8.4.4. бусад асуудал.

8.5. Хянан магадалгааны дүгнэлтийг холбогдох талуудыг оролцуулсан үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцүүлж болно.

 

9. Мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаа

 

9.1. Мэргэжлийн зөвлөл нь байгаль орчин, нийгэм, эрүүл мэнд, эдийн засаг, хөгжлийн салбарын төлөөллийг оролцуулсан 10-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба гишүүд нь тухайн чиглэлээрээ 10-аас дээш жил ажилласан туршлагатай байна. 

9.2. Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн нь төр, төрийн бус болон хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдэх бөгөөд зөвлөлийн гишүүн өөрийн салбарын эрх ашгийг төлөөлж ажиллахгүй.

9.3. Мэргэжлийн зөвлөлийг ерөнхий шинжээч даргална.

9.4. Мэргэжлийн зөвлөл нь сард 1 удаа хуралдах бөгөөд гишүүдийн олонхи оролцсон тохиолдолд хуралдааныг хүчин төгөлдөр гэж үзнэ.

9.5. Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт нь гишүүдийн олонхи нь гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Эсрэг саналыг мөн дүгнэлтэд тусгана.

9.6. Тухайн төслийн болон үнэлгээний ажлын цар хүрээ, онцлогоос хамааран мэргэжлийн зөвлөлийн хуралд холбогдох чиглэлийн мэргэжилтнийг татан оролцуулж болно.   

9.7. Мэргэжлийн зөвлөл тайлангаа улирал бүрийн эхний 7 хоногт байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна. Тайланд өнгөрсөн улиралд дүгнэлт гаргасан төсөл, тусгай зөвшөөрлийн жагсаалт, гаргасан шийдвэрийн талаар товч тусгана.

9.8. Мэргэжлийн зөвлөлийн гишүүдэд мөнгөн урамшуулал олгох асуудлыг байгаль орчны асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ. 

9.9. Мэргэжлийн зөвлөлийн гишүүн хүндэтгэх шалтгаангүйгээр зөвлөлийн хуралд жилд 3 удаа оролцоогүй тохиолдолд тухайн гишүүнийг хасах саналыг ерөнхий шинжээч байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тавьж шийдвэрлүүлнэ.

9.10. Мэргэжлийн зөвлөл нь ирц бүрдээгүйгээс удаа дараа хуралдаж чадаагүй тохиолдолд гишүүдийн бүрэлдэхүүнийг солих саналыг ерөнхий шинжээч байгаль орчны асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнд тавьж шийдвэрлүүлнэ.

9.11. Мэргэжлийн зөвлөлийн гишүүн нь ашиг сонирхлын зөрчилгүй байх ба холбогдох хуулийн дагуу энэ асуудлаар мэдэгдэл гаргаж өгнө.

9.12. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээтэй холбоотой гаргасан маргааныг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

 

---о0о---