- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ЭЗЭНГҮЙ ЦОГЦСЫГ ОРШУУЛАХ ЖУРАМ
Нийслэлийн Засаг даргын 2009 оны
627 дугаар захирамжийн хавсралт
ЭЗЭНГҮЙ ЦОГЦСЫГ ОРШУУЛАХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Нийслэлийн нутаг дэвсгэрт олдсон эзэнгүй цогцсыг оршуулахад гарах зардлыг санхүүжүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
1.2.Оршин суугаа хаяг, овог нэр нь тодорхойгүй, бичиг баримтгүй боловч ганц бие, ах дүү төрөл садангүй болох нь тогтоогдсон, аль ч албан байгууллагад харьяалагдахгүй оршуулах хүнгүй цогцсыг эзэнгүй цогцос гэнэ.
Хоёр. Цогцсыг оршуулах
2.1.Эзэнгүй цогцсыг цагдаагийн байгууллагын шийдвэрээр Нийслэлийн Шүүхийн шинжилгээний албаны шарил хадгалах газарт 21-30 хоногийн хугацаагаар хадгална.
2.2.Эзэнгүй цогцсыг оршуулах ажлыг Нийслэлийн Шүүхийн шинжилгээний алба хариуцан гүйцэтгэнэ.
2.3.Нийслэлийн Шүүхийн шинжилгээний алба нь эзэнгүй цогцсыг оршуулахдаа шинжээч томилсон байгууллагын шийдвэр, задлан шинжилгээ хийсэн эмчийн овог нэр, тогтоосон актны дугаар, уг цогцсын таних болон онцлог шинж зэргийг тусгасан бэхжүүлэх тэмдэглэл үйлдэн цогцсыг таних гэрэл зураг, хурууны хээ, үсний дээжийг авч хаана, ямар байдалтай оршуулсан тухай гэрэл болон схем зурагтай бүртгэл лавлагааны материалыг 3 хувь үйлдэн Нийслэлийн Засаг дарга Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газарт тус тус хүргүүлэн үлдэх хувийг өөрийн архивт хадгална.
2.4.Улсын асрамжинд байсан хүний цогцсыг оршуулах асуудлыг асрамжийн байгууллага хариуцана.
2.5.Эмнэлэгт нас барсан асран хамгаалагчгүй хүний цогцос оршуулах асуудлыг тухайн эмнэлэг хариуцах ба зардпыг энэ журмын дагуу төсвөөс олгоно.
2.6.Ил задгай тавьсан цогцсыг цагдаагийн байгууллага шалгаж тухайн дүүргийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг, эзэнгүй цогцсыг Нийслэлийн Шүүхийн шинжилгээний алба оршуулах ажлыг гүйцэтгэнэ.
2.7.Хожим нь эзэн, хаяг нь тодорхой болсон тохиолдолд иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээг бүртгэлээс хасуулах ажлыг ар гэр болон “Улаанбаатар буян” ХХК хариуцна.
Гурав. Оршуулгын зардал, түүнийг санхүүжүүлэх
3.1.Нийслэлийн Шүүхийн шинжилгээний алба болон холбогдох байгууллагууд эзэнгүй, цогцос оршуулахад гарсан зардлыг энэхүү Захирамжийн хоёрдугаар хавсралтаар батласан үнэлгээний дагуу тооцож, оршуулсан тухай албан ёсны протоколын хамт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст ирүүлэн хянуулж, дараахь зардлыг төсвөөс гүйцэтгэлээр нь санхүүжүүлнэ. Үүнд:
а.Магадлан шинжилгээний төлбөр
б.Ороох боох материал, уут, хадаг
в.Цогцос оршуулах нүх ухах зардал
г.Тээврийн зардал
д.Хөргөгчинд цогцос хадгалсаны хөлс
е.Шарилын хайрцаг
ё.Оршуулгын ажлыг гүйцэтгэсэн хүмүүст олгох ажлын хөлс
ж.Гэрэл зургийн хальс хор цаасны үнэ
3.2.Цогцос оршуулах нүхийг ухаж бэлтгэх ажлыг нийслэлийн Цагдаагийн газар зохион байгуулах ба хийсэн ажлын гүйцэтгэлээр нь санхүүжилтийг төсвөөс олгоно.
3.3.Цагдаагийн газар ухсан нүхийг Шүүхийн шинжилгээний албанд актаар хүлээлгэн өгнө.
3.4.Шүүхийн шинжилгээний алба нь эзэнгүй цогцсыг оршуулсан зардлыг сүүлийн 3 жилийн дунджаар тооцон дараа оны төсвийн төслийг тухайн оны 7 дугаар сарын 1-ний дотор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү төсвийн асуудал хариуцсан хэлтэст ирүүлж, уг тооцоо судалгааны үндсэн дээр эзэнгүй цогцос оршуулах зардлын төсвийг жил бүрийн төсөвт тусгана.
Текст томруулах
A
A
A