A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНД ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ ТУХАЙ ЖУРАМ
Бүлэг: 1979

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 

2014 оны 01 дугаар сарын 06-ны өдрийн

А-03 тоот тушаалын хавсралт

 

БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНД

ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ ТУХАЙ ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий зүйл

 

1.1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2. Олон нийтийн оролцоог хангахад дараах зарчмыг баримтална:

1.2.1.мэдээллийг түгээж, ил тод хүртээмжтэй байлгах; 

1.2.2.хөгжлийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, түүнийг санаачлан боловсруулагч салбарын яам, төсөл хэрэгжүүлэгч болон нөлөөлөлд өртөж болзошгүй иргэд /”Нөлөөлөлд өртөж болзошгүй иргэд” гэж төслийн нөлөөлөлд шууд ба шууд бус хэлбэрээр өртсөн болон өртөж болзошгүй тухайн төсөл хэрэгжиж буй нутгийн иргэд, орон нутгийн болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл багтсан өргөн хүрээтэй ойлголтыг хэлнэ/ хоорондын мэдээлэл солилцох, зөвлөлдөх, зөвшилцөх боломжийг  хангах;

1.2.3.төслийн учирч болзошгүй нөлөөллөөс урьдчилан сэргийлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ, хянах тогтолцоог бүрдүүлэхэд шинжлэх ухааны загвар, тоон мэдээллийг оролцогч талуудын санал бодолтой хослуулах;

1.2.4.оролцогч талууд үнэлгээний үйл явцад хариуцлагатай хандах;

1.2.5.орон нутгийн иргэдийн уламжлалт соёл, зан заншил, үнэт зүйл, амьдралын уламжлалт хэвшил, эрхийг хүндэтгэх.

1.3.Аливаа төсөл, хөгжлийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний байгаль орчин, хүний эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй мэдээлэл нийтэд нээлттэй байх ба иргэд, олон нийт бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн талаарх мэдээлэл олж авах нөхцөлөөр хангагдсан байна. 

 

1.4.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага нь олон нийтийн оролцоог хангахад шаардагдах бодлогын баримт бичиг, байгаль орчинд нөлөөлөх байдлын  үнэлгээний тухай холбогдох журам, заавар, аргачлалыг иргэд, олон нийтэд нээлттэй байлгана.

1.5.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь стратегийн үнэлгээ хийгдсэн хөгжлийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд хамрагдсан төслүүдийн талаарх, аймаг, нийслэлийн байгаль орчны алба нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд хамрагдсан төслүүдийн талаарх  мэдээллийг цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулна. Менежментийн төлөвлөгөөг олон нийтэд нээлттэй байлгана.

Хоёр. Үнэлгээн дэх олон нийтийн оролцоо

 

2.1.Байгаль орчны стратегийн үнэлгээний явцад олон нийтийн оролцоог дараах байдлаар хангана:

2.1.1.стратегийн үнэлгээ хийх мэргэжлийн баг нь үнэлгээний үйл ажиллагаанд олон нийтээс санал авах тухай мэдээллийг санал авч эхлэхээс өмнө олон нийтэд мэдээлж, ажлын 21 хоногт багтаан санал авах;  

2.1.2.стратегийн үнэлгээ хийх явцад гарч байгаа урьдчилсан дүгнэлт, зөвлөмжийн талаарх олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг хөгжлийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөг санаачлан боловсруулагч салбарын яам нь стратеги үнэлгээ хийх мэргэжлийн багтай хамтран зохион байгуулах;

2.1.3.стратегийн үнэлгээ хийх мэргэжлийн баг нь олон нийтээс санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулсан арга хэлбэр, гарсан санал, шүүмжийг хэрхэн тусгасан талаар тайланд тусгах.

2.2.Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний явцад олон нийтийн оролцоог  дараах байдлаар хангана:

2.2.1.хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийхээр сонгогдсон баг нь хуримтлагдах  нөлөөллийн үнэлгээнд тухайн орон  нутгийн иргэд, байгууллагаас санал авч, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах хэлэлцэх;

2.2.2.хэлэлцүүлэгийн хүрээнд тухайн бүс нутаг, нутаг дэвсгэрийн хэмжээнд байгаль орчны суурь төлөв байдал түүний өөрчлөлтийг авч үзэх;  

2.2.3.хуримтлагдах нөлөөллөөс байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд үзүүлсэн болон үзүүлж буй гол сөрөг нөлөөлөл, түүний үр дагаврын тухай; төслүүдийн хуримтлагдсан нөлөөллийн эрчим, цар хүрээ (цаг хугацаа, орон зай), тархалтыг тогтоох;

2.2.4.нөлөөллийг бууруулахад чиглэсэн арга хэмжээний талаарх санал, зөвлөмжийг тусгах.

2.3.Нээлттэй хэлэлцүүлгийн үр дүнг хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайланд тусгана.   

2.4. Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний явцад олон нийтийн оролцоог дараах байдлаар хангана:

2.4.1.орон нутгийн захиргааны байгууллага нь тухайн орон нутагт хэрэгжих төслийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгах;

2.4.2.байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв  болон  орон нутгийн байгууллага нь байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний шийдвэр, тухайн төсөлд иргэд, олон нийтээс өгсөн саналыг байгаль орчны  мэдээллийн санд оруулах.

2.5. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний явцад олон нийтийн оролцоог  дараах байдлаар хангана:

2.5.1.үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үе шатанд олон нийтийн оролцоог хангана.

2.5.2.үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний судалгаагаар нөлөөллийг тогтоох, таамаглах, үнэлэх үе шатан дахь олон нийтийн оролцоог хангахдаа дараах асуудлыг тусгана.

2.5.3.нөлөөллийг таамаглах үе шатанд иргэдтэй уулзалт хийх, оролцооны аргаар үнэлэх аргачлалыг ашиглан иргэдийн саналыг бүрэн авах;

2.5.4.нөлөөллийн үнэлгээний үе шатанд олон нийтийн оролцоог зөвлөлгөөн, хэлэлцүүлэг, санал асуулга явуулах замаар төслийн шууд болон шууд бус нөлөөллийг үнэлж, иргэдийн амьжиргаа, нийгмийн асуудлыг тусгахад анхаарах.

2.6.Төсөл хэрэгжүүлэгч төслийн талаарх ойлголт, эерэг, сөрөг нөлөөлөл, түүнийг бууруулах арга хэмжээний талаар нөлөөлөлд өртөж болзошгүй иргэдэд дэлгэрэнгүй танилцуулж, иргэд, олон нийтийн оролцоог хангахад шаардагдах баримт бичгийг бүрдүүлж өгч болно.

2.7.Үнэлгээний эрх бүхий аж ахуйн нэгж нь төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан болон байгаль орчны менежментийн  төлөвлөгөөг  боловсруулж дууссаны дараа үнэлгээний тайлан, олон нийтийн саналын нэгдсэн дүнг  ажлын 15 өдрийн хугацаанд тухайн нутаг дэвсгэрийн баг, хорооны нийтийн хурлаар хэлэлцүүлж санал авна.

2.8.Хэрэв тухайн төсөл нь хэд хэдэн баг, сумын нутаг дэвсгэрийг хамарч хэрэгжих бол тухайн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, багийн иргэдийн нийтийн хуралд тус тусад нь танилцуулж санал авна.

2.9.Үнэлгээний эрх бүхий аж ахуйн нэгж нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн шалгуур үзүүлэлтийг боловсруулах явцад олон нийтийн оролцоог хангах арга хэмжээг төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй иргэдийн саналын дагуу тусгаж,  тэдний оролцоог хэрхэн хангах арга замыг тодорхой болгосон  байна. 

2.10.Нөлөөлөлд өртөж болзошгүй иргэд нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээтэй холбогдсон  саналаа тухайн баг, хорооны Иргэдийн нийтийн хуралд  төслийн талаар эцсийн шийдвэр гаргахаас өмнө хүргүүлсэн байна.

2.11.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний батлагдсан тайланг олон нийтэд нээлттэй байлгах үүргийг төсөл хэрэгжүүлэгч, сум дүүргийн Засаг дарга, баг, хорооны Иргэдийн нийтийн хурал болон аймаг нийслэлийн байгаль орчны газар хариуцна.

2.12.Төсөл хэрэгжүүлэгч нь батлагдсан Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх явцад  олон нийтийн оролцоог хангаж, хэрэгжилтийг жилд нэгээс доошгүй удаа тухайн төсөл хэрэгжиж буй нутгийн  иргэд, олон нийтэд танилцуулж байна.

 

Гурав. Бусад

 

3.1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангахтай холбоотой  арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг бодлого, хөтөлбөр санаачлагч, төсөл хэрэгжүүлэгч хариуцна.

3.2.Төсөл хэрэгжүүлэгч нь үнэлгээний эрх бүхий мэргэжлийн байгууллагатай  хийсэн гэрээнд орон нутгийн иргэд, олон нийтийн оролцоог хангах үйл ажиллагаатай холбогдох зардлын асуудлыг тусгасан байна.

3.3.Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрт төсөл хэрэгжүүлэгчээс төслийг танилцуулах хурал, мэргэжлийн байгууллагаас төслийн байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний талаар танилцуулах хурлын ирцийг бүрдүүлэх нэмэлт зардлыг төсөл хэрэгжүүлэгч, орон нутгийн удирдлага хамтран хариуцаж болно.

3.4.Төслийг хэлэлцэх, үнэлэх, батлах явцад олон нийтийн зүгээс тавигдах аливаа шаардлага нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд байна.

4.5.Байгаль орчны стратегийн болон нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн талаарх гомдол, маргааныг иргэд, олон нийтийн зүгээс төсөл хэрэгжүүлэгч, тухайн төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийсэн эрх бүхий аж ахуйн нэгж,  орон нутгийн удирдах байгууллагад эхлэн гаргана.

3.6.Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланд тусгагдаагүй, эсвэл  дутуу орсон, буруу хийсэн зэргээс үүдэлтэй гомдол маргааныг иргэд, олон нийтийн зүгээс төсөл, орон нутгийн удирдах байгууллага болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад  шат дараалан тавина.

3.7.Шат дараалан тавьсан гомдол, маргааны шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гаргах бөгөөд хянан шийдвэрлэсэн дүгнэлтийг иргэд, олон нийт хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй.

 

--- оОо ---