A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
  • ДАРХАН-УУЛ АЙМАГТ ТӨРИЙН ЁСЛОЛ, ХҮНДЭТГЭЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД БАРИМТЛАХ ЗААВАР ДАРХАН-УУЛ АЙМАГТ ТӨРИЙН ЁСЛОЛ, ХҮНДЭТГЭЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД БАРИМТЛАХ ЗААВАР /ЗД-ын 2016 оны А/380 дүгээр захирамжаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/ЗД-ын 2016 оны А/380 дүгээр захирамжаар хүчингүй болгосон/

Аймгийн Засаг даргын 2003 оны

223 дугаар захирамжийн хавсралт

 

 

ДАРХАН-УУЛ АЙМАГТ ТӨРИЙН ЁСЛОЛ, ХҮНДЭТГЭЛИЙГ

ЗОХИОН БАЙГУУЛАХАД БАРИМТЛАХ ЗААВАР

 

 

Энэхүү зааврын зорилт нь аймгийн ЗДТГ-ын болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээн дэх агентлаг, хэлтсийн ажилтнуудад Монгол Улсын төрийн ёслол, түүний үйл ажиллагааг таниулах улмаар Монгол Улсын төрийн ёслолын журмыг мөрдөж ажиллахад оршино.

Төрийн ёслол гэдэг нь Монгол Улсын үндэсний баяр ёслол тэмдэглэлт ой, үйл явдлыг тэмдэглэх, ёслол хүндэтгэлийн бүх арга хэмжээг зохион байгуулах, төр засгийн удирдагчдыг ёслолын арга хэмжээнд оролцуулах, тэдэнтэй уулзах гадаадын зочин төлөөлөгчдийг хүлээн авах зэрэг үйл ажиллагааг зохицуулахдаа төрийн зүгээс баримтлах бодлогыг илэрхийлэгч хэрэгсэл мөн.

Төрийн ёслол үндэсний болон дипломат гэсэн хоёр чиглэлтэй.

 

А. ХЭСЭГ. МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ҮНДЭСНИЙ ЁСЛОЛ.

Төрийн үндэсний ёслол нь Монгол Улсын хэмжээнд баяр ёслол тэмдэглэлт үйл явдлыг ёслон тэмдэглэх төрийн тэргүүн, төрийн түшээ нарт төрийн ёс жаягийг зааж сургах, эмгэнэл гашуудал илэрхийлэх хүртэл өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулахдаа сонгодог ёс, уламжлал - заншил, шинэ хандлагыг хослуулан хэрэглэж боловсронгуй болгож байх үүрэгтэй.

 

Нэг. Баяр, тэмдэглэлт үйл явдлыг тэмдэглэх.

1.1. Монгол Улсын үндэсний их баяр Наадам, Ардын хувьсгалын ой.

1.1.1  Монгол Улсын үндэсний гол баяр болох Монгол Улсын үндэсний их баяр Наадам, Ардын хувьсгалын ой /цаашид “Наадам” гэнэ/-г Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 1.4-т заасан өдрүүдэд тэмдэглэнэ.

1.1.2  Аймагт наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг Засаг даргын шийдвэрээр байгуулагдсан, Засаг даргын орлогчоор ахлуулсан аймгийн төв комисс хариуцан зохион байгуулна.

1.1.3 Наадмаар зохиох гол арга хэмжээнүүд:

         a. Тэгш ойгоор баярын хурал хийж, бусад ойгоор хүндэтгэлийн концерт тоглоно. Баярын хурал болон концерт эхлэхийн өмнө төрийн дуулал эгшиглэнэ.

         b.   Эрийн гурван наадам явуулна. Үүнд:

-  7 дугаар сарын 11-нд хотын цэнгэлдэх хүрээлэнд энэ заавар болон төв комиссын гаргасан төлөвлөгөөний дагуу наадмын нээлтийг хийнэ.

-  Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв асарт Засаг дарга, ИТХТ-ийн дарга, орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг, сумын ИТХ-ын тэргүүлэгчид, агентлаг хэлтсийн дарга нар, УИХ-д суудалтай улс төрийн намуудын дарга нар, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтнүүд, хөдөлмөрийн баатар, гавьяатнууд, Дархан хот дахь ОХУ-ын ЕКГ-ын тэргүүн, дипломат ажилтнууд, ОУБ-ын удирдлагууд, гадаадын зочин төлөөлөгч нар сууна.

- Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмыг нээх цаг болоход аймгийн тэргүүний төлөөлөгчид төрийн далбаа мандуулмагц иргэд, хөдөлмөрчдөд хандаж аймгийн Засаг дарга баяр хүргэж үг хэлнэ. Үг хэлж дуусмагц нь төрийн дуулал эгшиглүүлнэ. Энэ үед наадамчид суудлаасаа босч хүндэтгэл үзүүлнэ.

- Баяр наадмын арга хэмжээ баталсан төлөвлөгөөний дагуу явагдана. Үндэсний бөхийн барилдаан нэгийн даваа эхэлнэ. Мөн спортын бусад уралдаан тэмцээн, урлагийн тоглолт явагдана.

-  Аймгийн удирдлага үндэсний сур харваа болон хурдан морины барианы газар очиж морины уралдаан үзнэ.

-  7 дугаар сарын 12-нд наадам үргэлжлэх бөгөөд аймгийн удирдлага төв цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн очиж үндэсний бөхийн барилдаан, бусад уралдаан тэмцээн үзнэ. Аймгийн Засаг дарга, ИТХТ-ын дарга нар түрүүлсэн морь унасан хүүхдүүд, түрүүлсэн, үзүүрлэсэн бөх, түрүүлсэн мэргэн харваач нарт шагнал, диплом гардуулна. Тогтсон журмын дагуу мэргэн харваач, уяач, бөхчүүдэд цол, чимэг олгоно.

      с. Аймгийн Засаг дарга наадмыг тохиолдуулан 7 дугаар сарын 11-нд дайллага хийнэ.

Дайллаганд аймгийн удирдлагууд, орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг, сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга нар, агентлаг хэлтсийн дарга нар, УИХ-д суудалтай улс төрийн намуудын дарга нар, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтнүүд, хөдөлмөрийн баатар, гавьяатнууд, Дархан хот дахь ОХУ-ын ЕКГ-ын дипломат ажилтнууд, ОУБ-ын удирдлагууд, гадаадын зочин төлөөлөгч, аймгийн зарим байгуулагын удирдлагуудыг урилгаар оролцуулна. Засаг даргаас дайллагыг нээж үг хэлнэ.

1.1.4 Аймаг, хот, сум байгуулагдсаны тэгш ойг Наадамтай хамтатган тэмдэглэнэ. Онцгойлон шалтгаанаар өөр өдөр тэмдэглэх бол Засгийн газрын тогтоол гаргуулна. /Дархан-Уул аймгийн Засаг даргын 271 дүгээр захирамжаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн/

1.2  Бүгд найрамдах улсыг тунхагласны баярыг тэмдэглэх

1.2.1 Бүгд найрамдах улсыг тунхагласны баярыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиин 76 дугаар зүйлийн 1.5-т заасан өдөр тэмдэглэнэ.

1.2.2 Тэмдэглэлт ойгоор нь баярын хурал хийж, хүндэтгэлийн концерт тоглоно.

1.2.3 Аймгийн ИТХТ-ийн дарга орон нутгийн радио, телевизээр баяр хүргэж үг хэлнэ.

1.3 Цагаан сарыг тэмдэглэх

1.3.1 Цагаан сарыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 1.2-т заасан өдөр тэмдэглэнэ.

1.3.2 Аймгийн ИТХТ-ийн дарга ард түмэндээ хандаж орон нутгийн радио, телевизээр баяр хүргэж хэлнэ.

1.3.3 Битүүнд үндэсний бөхийн барилдаан зохион байгуулна.

1.3.4 Битүүнд Дархан хот дахь ОХУ-ын ЕКГ-ын дипломат ажилтнууд, ОУБ-ын удирдлагуудад бэлэг хүргүүлнэ.

1.3.5 Шинийн 3-нд аймгийн удирдлагад аймгийн ЗДТГ-ын хэлтэс болон агентлагийн ажилтнууд хурлын зааланд ирж золгоно. Дараа нь аймгийн удирдлага Төв ганданд очно.

1.5 Шинэ жилийг тэмдэглэх

1.5.1 Аймгийн удирдлага Хүүхдийн төлөө төвөөс эрхлэн зохион байгуулсан аймгийн хүүхдийн сүлд модны төв наадамд оролцоно.

1.5.2 Аймгийн Засаг дарга аймгийн тэргүүний хүүхдүүдэд шагнал, диплом гардуулна.

1.5.3 Аймгийн Засаг дарга ард түмэндээ хандаж орон нутгийн радио телевизээр үг хэлнэ.

1.5.4  Дархан хот дахь ОХУ-ын ЕКГ-ын дипломат ажилтнууд, ОУБ-ын удирдлагуудад бэлэг хүргүүлнэ.

1.6 Эх үрсийн баярыг тэмдэглэх

1.6.1 Эх үрсийн баярыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 1.3-т заасан өдөр тэмдэглэнэ.

1.6.2  Аймгийн удирдлагууд төв талбайд болон бусад газарт зохиогдох баярын хэмжээнд оролцож, эхчүүдэд алдарт эхийн одон гардуулна.

 

Хоёр .Тангараг өргөх.

2.1. Төрийн албан хаагч тангараг өргөх.

2.1.1 Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо: ”Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ“ хэмээн төрийн сүлдэнд ёс төртэйгээр тангараг өргөнө.

2.1.2 Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол аймгийн ЗДТГ-ын төрийн хүндэтгэлийн танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журмын дагуу явагдана.

2.2 Аймгийн ИТХ-ын ээлжит сонгуулийн анхдугаар хуралдааныг нээх

2.2.1 Аймгийн ИТХ-ын ээлжит сонгуулийн анхдугаар хуралдааныг сонгууль болсноос хойш 20 хоногийн дотор өмнөх хурлын тэргүүлэгчид зарлан хуралдуулна.

2.2.2 Анхдугаар хуралдааныг өмнөх хурлын тэргүүлэгчдийн дарга нээж, тухайн хуралдааныг удирдах дарга, нарийн бичгийн даргыг хурлын төлөөлөгчдийн дотроос сонгоно.

2.2.3 Хуралдаанд УИХ-ын гишүүд, төр, нам, ТББ, хэвлэл мэдээллийн байгуулагын ажилтнууд урилгаар оролцуулна.

 

Гурав. Төрийн сүлд, далбаа, туг, төрийн дуулал.

3.1 Төрийн сүлд байрлуулах, төрийн далбаа мандуулах, төрийн дуулал эгшиглүүлэхдээ Монгол Улсын төрийн бэлэг тэмдгийн тухай хуульд заасан журмыг баримтлана.

 

Дөрөв. Тамга шилжүүлэх.

4.1  Аймгийн ИТХ-ын ээлжит сонгуулийн анхдугаар хуралдаан дээр ИТХТ-ийн дарга сонгогдмогц ИТХ-ын тамга шилжүүлэх ёслол болно.

4.2  Шинээр сонгогдсон ИТХТ-ийн дарга ИТХ-ын тамгыг гардаж адис аваад ИТХТ-ийн нарийн бичгийн даргад шилжүүлэн хадгална.

4.1.3  ИТХТ-ийн дарга ИТХ-д хандаж үг хэлнэ. Өмнөх ИТХТ-ийн дарга шинээр томилогдсон ИТХТ-ийн даргад хадаг мөнгөн аягатай сүү барина. ИТХТ-ийн дарга талархал илэрхийлнэ.

4.1.4 Аймгийн Засаг дарга шинээр томилогдмогц Засаг даргын тамгыг шилжүүлэх ёслол аймгийн ЗДТГ-ын төрийн хүндэтгэлийн танхимд болно. Ёслолд түрүүчийн Засаг дарга, ЗДТГ-ын болон хэлтсийн дарга нар танхимд жагсан зогссон байна. Шинээр сонгогдсон Засаг дарга тамгыг гардаж адис аваад Засаг даргын туслахад шилжүүлэн хадгална.

4.1.5 Өмнөх Засаг дарга шинээр томилогдсон Засаг даргад хадагтай тамга гардуулсны дараа, шинээр томилогдсон Засаг дарга хуучин Засаг даргад хадаг мөнгөн аягатай сүү барина. Засаг дарга талархал илэрхийлнэ.

4.1.6 Тамга гардуулан өгсний дараа аймгийн эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн нэгтгэлд хуучин, шинэ Засаг дарга нар гарын үсэг зурж,  2 хувь үйлдэн нэг, нэг хувийг авч хадгална.

 

Тав. Төр засгийн шагнал гардуулах.

5.1 Дээд шагнал, Монгол Улсын одон, медаль, Засгийн газрын шагнал гардуулах.

5.1.1 Ерөнхийлөгч болон Засгийн газрын даалгавраар төр, засгийн удирдах албан тушаалтан , аймгийн ИТХТ-ийн дарга, Засаг дарга нар шагнал гардуулна.

5.1.2 Төрийн шагнал хүртээх ёслол аймгийн ЗДТГ-ын төрийн хүндэтгэлийн танхимд болно.

5.1.3 Шагнал хүртэгсэд танхимийн баруун талд зогссон байна. Ёслол эхлэх цаг болоход ИТХТ-ийн дарга, Засаг дарга нар шагнал хүртэгсэдтэй мэндлээд танхимын төвд байраа эзэлнэ. Шагнал гардуулахад Засаг даргын орлогч, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга, харьяа хэлтэс, агентлаг, ААНБ-ын удирдлага байлцана.

5.1.4 Шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолыг ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга уншихад ИТХТ-ийн дарга, Засаг дарга нар одон, медаль, тэмдгийг зүүж, үнэмлэхийг гардуулж өгнө. Шагнал хүртэгсдийн төлөөлөгч талархал илэрхийлж хариу үг хэлж болно. ИТХТ-ийн дарга, Засаг дарга шагнагдагсдад баяр хүргэнэ. Хэвлэл мэдээллийн ажилтнууд байж болно.

 

Зургаа. Төр засгийн удирдагчид орон нутагт

6.Төр засгийн удирдагчид сонгогдож, томилогдсоныхоо дараа анх удаа аймаг, орон нутагт очиход аймгийн төвд хүндэт харуул жагсан, хүндэтгэн угтах, үдэх ёслол болно. Аймгийн Засаг дарга Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга нар, хөдөлмөрчдийн төлөөлөгчид угтана. Аймгийн Засаг дарга хадаг, аягатай сүү барина. Аймгийн нутгаар аймгийн Засаг дарга, аюулаас хамгаалах албаны төлөөлөгч, цагдаагийн газрын дарга дагалдан явна.

6.1.1 Төр засгийн удирдагчид аймаг, сумдын төвд хүрэлцэн очиход аймаг, сумын ИТХТ-ийн дарга, Засаг дарга нар Тамгын газрынхаа даргын хамт угтаж, үднэ.

6.1.2 УИХ-ын дэд дарга, ЗГХЭГ-ын дарга нарыг аймаг, орон нутагт ажиллахад аймаг, сумын нутгаар ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, Засаг даргын орлогч эсвэл ЗДТГ-ын дарга дагалдан явна

 

Долоо. Уулзалт, арга хэмжээ, бэлэг дурсгал

7.1 Аймгийн удирдлага гадаадын зочид, төлөөлөгчидтэй уулзах.

7.1.1 Аймгийн удирдлагыг тус улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, гишүүд, гадаадын зочид, төлөөлөгчидтэй уулзуулах асуудлыг Засаг даргын туслах, ЗДТГ-ын гадаад харилцаа хариуцсан ажилтнаар дамжуулан гүйцэтгэнэ.

7.1.2 Аймгийн удирдлагатай гадаадын үйлдвэр, худалдаа, нам болон ТББ-дын шугамаар ирсэн зочид, төлөөлөгчдийг уулзуулах асуудлыг Засаг даргын туслах, ЗДТГ-ын гадаад харилцаа хариуцсан ажилтнаар дамжуулан гүйцэтгэнэ.

Тухайн зочин, төлөөлөгчдийг урьж ирүүлсэн байгуулага, хувь хүн зочид төлөөлөгчдийн ирсэн зорилго, тэдгээрийн талаархи товч танилцуулгыг танилцуулна.

7.1.3 Уулзалтын цаг, байр, үйлчилгээг Засаг даргын туслах зохицуулан холбогдох хүмүүст мэдээ. зочдыг угтах, үдэх асуудлыг ЗДТГ-ын гадаад харилцаа хариуцсан ажилтан хариуцна.

7.1.4 Аймгийн удирдлагын гадаадын дээд, өндөр хэмжээний төлөөлөгчидтэй хийсэн уулзалтыг гэрэл зургаар баримтжуулж жил бүр архивт шилжүүлэх ажлыг Засаг даргын туслах хариуцна.

7.1.5 Аймгийн удирдлагын гадаадын дээд, өндөр хэмжээний төлөөлөгчидтэй хийх уулзалтад албан ёсны орчуулагч, тэмдэглэл хөтлөх ажилтанг байлцуулна.

7.1.6 Аймгийн удирдлагаас ярилцлага авах асуудлыг ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, Засаг даргын туслах хариуцан зохион байгуулна.

7.1.7 Аймгийн удирдлагуудыг гадаадын дээд, өндөр хэмжээний төлөөлөгчид хүндэтгэж хүлээн авалт, зоогт урьсан тохиолдолд аймгийн ИТХТ-ийн дарга, Засаг даргын аль нэг нь оролцоно.

7.2 Бэлэг дурсгалын зүйл хүлээн авах

7.2.1 Аймгийн удирдлага, удирдах албан тушаалтан бэлэг дурсгалын зүйл хүлээн авах, өгөх асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 198 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын заалтыг үндэслэн шийдвэрлэж байна.

7.2.2 Хувь хүнд ирсэн бэлэг, дурсгалын зүйлийг гадна байдлаар нь бүртгэж, боодлыг задлалгүйгээр зохих эзэнд нь шилжүүлнэ. Харин хувь хүнд ирсэн зарим нэг түүх, дурсгал, соёл урлагийн үнэт томоохон зүйлийг эзэн нь зөвшөөрвөл музейн үзмэр болгох буюу албан газартаа тусгай булан байгуулж болно.

7.2.3 Албан байгууллагад ирсэн бэлэг дурсгалын зүйлийг бүртгэн авч, байгуулага дээрээ үзмэрийн булан байгуулах хэрэгтэй.

7.2.4 Аймгийн удирдлага бэлэг дурсгалын зүйлийг аймагт ирсэн гадаадын зочидод өгөхгүй.

Харин гадаадад айлчлахдаа бэлэг дурсгалын зүйл авч явж дурсгана.

 

Найм. Төрийн ёслолын ахлал

8.1  Төрийн ёслолын ахлалыг аймаг орон нутагт тогтоохдоо Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 48 дугаар тогтоолыг үндэслэл болгон авч болно.

•  Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга.

•  Засаг дарга

•  Засаг даргын орлогч

•  Аймгийн ЗДТГ-ын дарга

•  ЗДТГ-ын ТЗУНБХ-ийн дарга

•  ЗДТГ-ын Санхүү эдийн засаг Төрийн сангийн хэлтсийн дарга

•  ЗДТГ-ын Стратегийн төлөвлөлт бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс дарга

•  ЗДТГ-ын Хууль Зүйн хэлтсийн дарга

•  Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга

•  Сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга

•  Сумдын Засаг дарга

•  Сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга

 

Ес. Оршуулгын журам

9.1 Аймгийн удирдлага таалал төгсөхөд

9.1.1 Аймгийн ИТХ, ЗДТГ-аас аймгийн удирдлага таалал төгссөн тухай гүн эмгэнэлтэйгээр мэдэгдэж, талийгаачийн зураг, намтрыг хэвлэлд нийтлүүлж, мэдээлнэ.

9.1.2 ЗДТГ-аас талийгаачийг оршуулах ажлыг зохион байгуулах комисс томилох бөгөөд уг комисс орон нутагт гашуудал зарлах өдрийг тогтоож, талийгаачийн шарилыг хаана байрлуулж, ямар хугацаанд салах ёс гүйцэтгэх, хэзээ, хаана оршуулахыг шийдвэрлэж зарлана.

9.1.3 Ажил үүргээ гүйцэтгэж байгаад таалал төгссөн ИТХТ-ийн дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга, ЗДТГ-ын хэлтсийн даргын шарилыг аймгийн ЗДТГ-ын төрийн хүндэтгэлийн танхимд байрлуулах ба аймгийн ИТХТ-ийн дарга, Засаг дарга, хотын дарга байсан хүмүүс болон хотын хүндэт иргэний шарилыг уг танхимд байрлуулах эсэхийг ар гэрийнхний саналаар шийдвэрлэнэ.

9.1.4 Талийгаачийн жаазтай том зургийг шарилын толгой талд тусгай бүрээстэй өндөр тавцанд байрлуулж, хадгаар бүтээн, жаазны зүүн доод өнцгийг хар, улаан даавуугаар чагтлана. Зургийн баруун талд төрийн далбааг бөхийлгөн зална.

9.1.5 Талийгаачийг оршуулах ажлыг зохион байгуулах комиссын дарга үг хэлж гашуудлын цуглааныг нээж, хаана. Хөгжимд гашуудлын аялгуу эгшиглэнэ.

9.1.6 Төрийн ёслолын алба төр, засгийн удирдагчид гарын үсэг зурах эмгэнэлийн бичгийг нийтлэх, мэдээлэх зөвшөөрлийг олгоно.

 

Б. ХЭСЭГ. МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДИПЛОМАТ ЁСЛОЛ.

Арав. Нийтлэг үндэслэл.

Монгол Улсын гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд баримталдаг зарчим, зан заншил, ёс журам, тогтсон хэм хэмжээг бүхэлд нь төрийн дипломат ёслол буюу товчоор хэлбэл ёслол гэнэ.

Монгол Улсын төрийн дипломат ёслол нь үндэснийхээ онцлог, зан заншлыг илэрхийлэхийн хамт олон улсын хэмжээнд тогтсон уламжлал, заншил, нийтлэг зарчим, хэм хэмжээнд нийцэж байвал зохино. Дипломат ёслолын журам бол олон улсын хэмжээнд тогтон уламжлагдаж ирсэн зарчим, заншил дээр үндэслэгддэг бөгөөд төр улсаа төлөөлөн хүндэтгэл үзүүлэх гэсэн ойлголт юм.

Олон улсын хурал зөвөлгөөн зохион явуулах, олон улсын гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах төлөөлөгч, зочдыг айлчлуулах, хэлэлцээ хийх, хүлээн авах, уулзалт яриа хийх, дипломат бичиг баримт бэлтгэх, зоог дайллага хийх, төрөл бүрийн баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлуудыг тэмдэглэх зэрэг ёслол бүх үйл ажиллагааг гагцхүү дипломат ёслолын журмыг удирдлага болгон гүйцэтгэдэг.

Ёслолын үйл ажиллагаанд гаргасан алдаа дутагдал нь улс орны харилцаанд нөлөөлж болох учраас ёслолын арга хэмжээг зохиоход маш анхааралтай хандаж, ёслолын үйл ажиллагааны хэм хэмжээг сайн мэдэж, зөв эзэмшиж, хэрэглэх явдал зайлшгүй шаардлагатай байдаг. Ёслол бол “найрамдлын илэрхиийлэл” гэдгийг үйл ажиллагаанд оролцогч хүн бүр санаж явууштай. Дипломат ёс, ёслол, ёслолын дэг журамд бага юм гэж байдаггүй. Бүгд л том дүгнэлтэнд хүргэдэг учраас санамсаргүй гаргасан өчүүхэн алдаа улс төрийн гүнзгий үр дагавартай дүгнэлтэнд хүргэж болно.

 

Арван нэг. Дипломат корпус

11.1 Гадаад улс, Засгийн газар хоорондын олон улсын байгууллагаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамд, ЕКГ болон суурин төлөөлөгчийн газрууд, тэдгээрт ажиллагсдыг “дипломат корпус” гэдэг ойлголтод хамааруулна. Уг ойлголтод тэдгээр ажиллагсдын гэр бүлийн гишүүд /нөхөр буюу гэргий, гэрлээгүй охид, насанд хүрээгүй хүүхэд / мөн хамаарна.

11.2 ОХУ-аас Дархан хотод шинээр томилогдсон ЕКГ-ын тэргүүнийг үүрэгт ажилдаа эхлэн орох гэж байгаатай нь холбогдуулан, /мөн өөрийн нь санаачлагаар/ аймгийн удирдлага хүлээн авч уулзаж болно. Энэ тохиолдолд аймгийн ИТХТ-ийн дарга ЕКГ-ын тэргүүнийг баруун гар талдаа дагуулан явна. Тухайн улсын төрийн далбааг баруун гар талд, Монгол Улсын төрийн далбааг зүүн гар талд  байрлуулна.

11.3 ОХУ-ын ЕКГ-аас зохиох аливаа зоог, хүлээн авалт, дипломат ёслолын бусад арга хэмжээнд ямар түвшинд оролцохыг тухай бүр жич шийдвэрлэнэ.

11.4 Наадмаар хийх төрийн /хүндэтгэлийн/ дайллаганд Дархан хот дахь ОХУ-ын ЕКГ-ын тэргүүныг урина.

11.5 Дархан хот дахь ОХУ-ын ЕКГ-ын тэргүүн эх орондоо бүр мөсөн буцахад аймгийн удирдлагаас аль нэг нь зоог барьж, дурсгалын зүйл өгч болно.

11.6 Аймгийн удирдлага шинээр сонгогдох болон томилогдоход Дархан хот дахь ОХУ-ын ЕКГ-ын тэргүүн аймгийн ЗДТГ-т ирж баяр хүргэж болно.

11.7 Аймгийн удирдлага аргын тооллын шинэ жилийг тохиолдуулан гадаад улсын холбогдох албан тушаалтанд мэндчилгээний хуудас илгээж баяр хүргэнэ.

11.8 ОХУ-ын төр, засгийн газрын дээд болон өндөр албан тушаалтан нас нөгчвөл аймгийн удирдлагаас аль нэгэн нь Дархан хот дахь ОХУ-ын ЕКГ-т очиж эмгэнэл илэрхийлж болно.

11.9 Ах дүү болон шууд харилцаат гадаадын хотуудын үндэсний баяраар болон хотын дарга шинээр сонгогдоход аймгийн Засаг дарга тухайн хотын даргад баяр хүргэж цахилгаан утас илгээнэ.

11.10 Гадаадад албан ёсны болон ажлын айлчлал хийсэн аймгийн удирдлага тухайн улсын хотын удирдлагад захидал илгээж талархал илэрхийлж болно.

 

Арван хоёр. Гадаадын зочдыг хүлээн авч айлчлуулах

Харилцан ойлголцох, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хэлбэрийн нэг нь төлөөлөгчид харилцан айлчлуулах явдал юм.

Гадаадын зочид төлөөлөгчдийг хүлээн авч айлчлуулах нь улс төрийн ач холбогдолтой чухал ажлын нэг бөгөөд энэ нь улс орны хөгжил, ард түмний амьдралыг илтгэн харуулах зорилготой байдаг учир үүнд ихээхэн анхааралтай хандах шаардлагатай байдаг.

12.1 Юуны өмнө төлөөлөгчдийн бүрэлдэхүүн, нэр, албан тушаал, айлчлах хугацаа, юу үзэж сонирхох зэргийг урьдчилан авч, ямар уналгаар хэдийд ирэхийг мэдсэн байх хэрэгтэй.

12.2 Бэлтгэл ажлын төлөвлөгөөнд төлөөлөгч, зочидтой хийх яриа, хэлэлцээний сэдэв, ёслолын арга хэмжээнүүд дээр хэлэх үгүүд, хамтран гаргах баримт бичгүүдийг бэлтгэх, яриа хэлэлцээ хийх байр тохирч, бэлтгэлийг хангах.

12.3 Байр уналга захиалах, зоог барих, төлөөлөгч, зочдын аюулгүй байдлыг хангах, үзүүлэх үйлдвэр болон байгууллагыг бэлтгүүлэх зэрэг бүх бэлтгэл ажлыг хугацаа, хариуцах эзэнтэйгээр зааж оруулна.

12.4 Айлчлалын товч хөтөлбөрийг зочдын хэрэгцээнд зориулах учир ирэх өдөр цагаас эхлэн буцах өдөр цаг хүртэл зохиогдох бүх арга хэмжээг өдөр цагтайгаар аль болох товч бөгөөд боловсронгуй хийж, арга хэмжээ хаана болох, хэн хэн оролцох, хэн хариуцах зэргийг тодорхой зааж монгол болон ан хэлээр орчуулан олшруулж зочид болон хариуцах бүх хүмүүст өгнө.

12.5 Хөтөлбөр ёсоор үзэх үйлдвэр, соёлын газруудтай урьдчилан ярилцаж өдөр цаг, маршрутыг тохиролцсон байх хэрэгтэй.

12.6 Төлөөлөгч зочдыг ирэхээс өмнө хэнийг ямар байранд оруулах, ямар машинд суулгахыг тогиоож, байр, машины хуваарь хийж бэлтгэлийг шалгасан байна.

12.7 Зочдын өрөөнд тавих зочилгооны зүйлэнд ус, жимс, чихэр, цагаан идээний зүйл байж болно.

 

Арван гурав. Уулзалт хэлэлцээ, баримт бичигт гарын үсэг зурах

13.1 Төлөөлөгч зочдыг хүрэлцэн ирсний анхны өдөр аймгийн удирдлага хүлээн авч уулзах бөгөөд ёслолын уулзалт дээр гол төлөв харилцан танилцах, байх хугацааны төлөвлөгөөг танилцуулна. Уулзалт 15-20 минут үргэлжлэнэ.

13.2 Ёслолын уулзалтанд оролцогсдыг /зочны саналаар/ цай, чихэр, цагаан идээ, төрөл бүр ундаагаар зочилно. Уулзалтанд ирж байгаа зочдын албан тушаал, бүрэлдэхүүнийг харгалзан оролцох хүмүүсийг тогтоож болно. Уулзалт, хэлэлцээний яриаг тодорхой тэмдэглэхээс гадна тэмдэглэл бичих хүнийг нэр зааж оруулна.

13.3 Ёслолын уулзалтын үед эзэн хүн цонхон тал буюу орох хаалга руу харж ширээний эхэнд суух бөгөөд бусад хүмүүс ахлалын дарааллаар дээрээс доош нь сууна.

Зочид эсрэг талд нь сууна.

13.4 Хэлэлцээний үед эзэн хүн ширээний голд сууж, бусад хүмүүсийг ахлалын дарааллыг харгалзан хоёр тийш нь суулгана. Харин орчуулагчийг эзэн хүн дэргэдээ / зүүн гар талд/ авч сууж болно. Тэмдэглэл бичих хүмүүст тусгай ширээ засаж ард нь суулгана.

13.5 Хэлэлцээний ширээнд Монгол Улсын болон тухайн улсын төрийн далбаа, хэлэлцээнд албан ёсоор оролцогсдын нэрс, микрофон, бичгийн хэрэгсэл, /дэвтэр, цаас, харандаа/ зэргийг тавина.

13.6 Баримт бичигт гарын үсэг зурах ширээнээ баруун гар талд тухайн улсын, зүүн гар талд Монгол Улсын төрийн далбаа, гарын үсэг зурах үзэг, бэх дарагч.баримт бичгийг тавьсан байна. Үсэг зурахын өмнө баримт бичгийн болон түүнд гарын үсэг зурах хүмүүсийн албан тушаал, овог нэрийг хэлж зарлана. Баримт бичигт гарын үсэг зурсан хүмүүс суудлаасаа босч баримт бичгүүдээ харилцан солилцоно. Баримт бичигт гарын үсэг зурж дуусмагц шампан дарс барина.

 

Арван дөрөв. Хүндэтгэлийн зоог, хүлээн авалт

14.Төлөөлөгч зочидод зориулан аймгийн ИТХТ-ийн дарга, Засаг даргын аль нэг нь нэг удаа зоог барих буюу дайллага хийнэ. Зоогийг 13-15 цаг буюу 19-21 цагийн хооронд барьдаг ба үргэлжлэх хугацаа 2 цагаас хэтрэхгүй байна. Зоогт уригдсан хүмүүсийг ахлалын дарааллаар урьдчилан хийж батлуулсан суудлын хуваарийн дагуу суулгана.

14.1 Хүндэтгэлийн зоогийн ширээнд кувертийн хуудас, зоогийн цэсийг тавина. Хэрэв урлагийн хэсэгчилсэн тоглолттой бол урлагийн тоглолтын хөтөлбөрийг тавина.

14.2 Төлөөлөгч зочидод зориулсан зоог буюу дайллага дээр зөвхөн хүлээн авч байгаа гол эзэн нэг товч үг хэлнэ. Харин хүн бүр үг хэлж, хундага өргөх шаардлагагүй.

14.3 Дайллагыг босоо хэлбэртэй хийх бөгөөд 2 цаг орчим үргэлжлэнэ. Дайллаганд олон хамруулдагаараа онцлог бөгөөд толгойн ширээнд байх хүмүүсийн суудлын хуваарь хийж, куверт тавина.

14.4 Дайллага, зоогт улаан, цагаан дарс, төрөл бүрийн ундаагаар үйлчилнэ.

14.5 Архи дарсыг доорхи журмаар хэрэглэнэ. Үүнд:

•     Цагаан архийг зууш болон шөлөнд

•     Хуурай цагаан дарсыг/ вино/ загас, шувууны махтай хоолонд

•     Хуурай улаан дарсыг малын болон шувууны махтай хоолонд

•     Шарзыг / коньяк/ цайны хэсэгт

•     Оргилуун дарсыг /шампанск/ зоог, дайллагын төгсгөлд

Энэ журмыг албан ёсны хүндэтгэлийн зоогийн үеэр баримталдаг.

Ердийн үдийн буюу оройн хоолонд зочны саналаар хатуу, зөөлөн ундааны аль нэгийг өгч болно. Харин өглөөний хоолонд архи хэрэглэдэггүй.

 

Арван тав. Бэлэг дурсгал, үдэх

15. Төлөөлөгч, зочдод өгөх бэлэг, дурсгалын зүйлийг урьдаас сайн бодож бэлтгэх ба голдуу үндэсний онцлогийг харуулсан соёлын чанартай дурсгалын зүйл байвал зүгээр байдаг. Мөн үндэсний хувцас /дээл, бүс, малгай, гутал/ байж болно.

15.1 Зочидод өгөх бэлгийн зүйлд гаалийн дүрмээр хориглосон түүх, дурсгалын зүйл, ангийн үс, байгалийн үнэт эрдэнэс, импортын бараа зэргийг оруулж болохгүй.

15.2 Бэлэг дурсгалын зүйлийг цэвэр үзэмжтэй боож, бэлэг өгч байгаа хүний нэрийн хуудсын хамт өгнө. Бэлэгний гадна талын үзэмж их чухал байдаг.

15.3 Онцгой тохиолдолд зочныг үдэх үдэлтийн уулзалт, зоогон дээр бэлэг дурсгалын зүйлийг өгч болно.

15.4 Айлчлалын үед авсан гэрэл зургийг тусгай хавтас буюу дугтуйд хийж зочдод дурсгал болгон өгч болно. Тэгэхдээ зураг нь гараагүй хүнд холбогдолгүй зураг өгөх шаардлагагүй.