- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- УСТ ЦЭГИЙГ ӨМЧЛӨХ, ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЖУРАМ
Аймгийн Засаг даргын 2002 оны
165 дугаар захирамжийн хавсралт
УСТ ЦЭГИЙГ ӨМЧЛӨХ, ЭЗЭМШИХ,
АШИГЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.Журмын зорилго нь худаг уст цэгийг тодорхой эзэнтэй болгож, уст цэгийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн ашиглалт, эзэмшилтийг сайжруулан, байнгын ажиллагаатай байлгаж, хүн ам, мал сүргийг усаар тогтмол хангахад оршино.
2.Энэхүү журмыг инженерийн хийцтэй /өрөмдмөл, богино яндант, бөтон хашлагат/ уст цэгийг ашиглах, эзэмших, өмчлөх харилцааг зохицуулахад мөрдлөг болгоно.
3.Усны баялаг төрийн өмч тул энэ журмаар зохицуулагдаж байгаа харилцаанд зөвхөн худгийн байшин барилга, тоног төхөөрөмж нь хамаарагдана.
Хоёр. Уст цэгийг өмчлөгчийн эрх, үүрэг
1. Аймгийн хэмжээнд байгаа инженерийн хийцтэй бүх уст цэг нь орон нутгийн өмч бөгөөд өмчлөгч нь тухайн сумын ИТХ байна.
2. Инженерийн хийцтэй уст цэгийн өмчлөлт, эзэмшилт, ашиглалтын бүх асуудлыг тухайн сумын ИТХ-ын ажлын алба Засаг даргын Тамгын газар хариуцан гүйцэтгэнэ.
3. Инженерийн хийцтэй уст цэгийг орон нутгийн өмчийн албаны мэргэжил, арга зүйн удирдлагын дор хувьчилж болно.
4. Шинээр гаргасан, сэргээн засварласан инженерийн хийцтэй болон гар насостай энгийн уурхайн худгийг ашиглалтанд хүлээн авч, үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэж, худгийн паспортонд тухай бүр баяжилт хийж байна.
5. Ашиглалтын жишиг норм, нормативыг тогтоож мөрдүүлнэ.
6.Инженерийн хийцтэй уст цэгийг тухайн нутгийн оршин суугч /оршин үйл ажиллагаагаа явуулдаг/, худгийг эзэмших чадвартай, иргэн, аж ахуйн нэгжид хариуцуулан гэрээгээр эзэмшүүлж, эзэмшигчийг томилно.
7.Худгийн их засвар, шинэчлэлтийг элэгдпийн сан байгуулах замаар хэрэгжүүлнэ.
8.Уст цэгийн эзэмшилт, ашиглалтанд байнгын хяналт тавина.
9.Худагт засвар хийхэд холбогдох байгууллагад зуучлан, шаардлагатай сэлбэг хэрэгслэл, хүн хүч, мэргэжпийн хүмүүсээр үйлчлүүлэхэд туслалцаа үзүүлнэ.
10.Ашиглалтын хугацаа дуусч ашиглах боломжгүй, засвар авахгүй худгийг аймгийн Засаг даргын Тамгын газарт материалыг ирүүлсний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулан шийдвэрлүүлнэ.
11.Инженерийн хийцтэй уст цэгийг Усны дэд хөтөлбөр болон бусад төлөвлөгөө төселд заагдсаны дагуу улсын төвлөрсөн төсөв, орон нутгийн төсөв, эзэмшигч, ашиглагчийн өөрийн хөрөнгө, гадаад дотоодын төсөл, зээл тусламжаар засварлуулах ажлыг зохион байгуулна.
12.Засварыг тендер зарлан мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ.
Гурав. Уст цэгийг эзэмшигчийн эрх, үүрэг
1. Худгийн ашиглалтыг сайжруулан тохижилт, бүрэн бүтэн байдлыг хэвээр хадгалан зориулалтаар эзэмшиж хүн, малыг усаар хангана.
2. Худагт техникийн үйлчилгээг тогтмол хийнэ.
3. Худгийг ажиллуулахад шаардагдах шатах, тослох материал, сэлбэг хэрэгслэл, засвар үйлчилгээний зардлыг бүрдүүлж зарцуулна.
4. Ус ашигласны төлбөр бүрдүүлэх ажлыг зохион байгуулна.
5. Худгийн ариун цэврийн нөхцөлийг сайжруулж, усны нөөцийг бохирдох, хомсдохоос хамгаална.
6. Уст цэгийн орчмын нутгийг бохирдох, талхлагдахаас хамгаалах арга хэмжээ авна.
7. Худгийн барилга, тоног төхөөрөмжийг эвдэж хэмхлэх, алдаж үрэгдүүлэх зэргээр орон нутгийн өмчид хохирол учруулбал тухайн хохирлыг зах зээлийн ханшаар тооцож хохиролгүй болгоно.
Дөрөв. Уст цэгийг ашиглагчийн эрх, үүрэг
1. Нутаг дэвсгэрийн харъяалал харгалзахгүйгээр малчин өрхүүд нь тухайн худгийг ашиглан хэрэгцээний усаа авч, малаа услуулна.
2. Түлш, шатахууны болон урсгал засварын зардал, элэгдлийн шимтгэл, үйлчилгээний хөлсийг батлагдсан жишиг норм, нормативыг үндэслэн гэрээний дагуу төлнө.
3. Үйлчилгээний чанарт хяналт тавина.
4. Бусдын бэлчээрийг өөрийн малаар идүүлж, талхлуулахгүй байх нөхцөлийг хангана.
Тав. Усны аж ахуйн мэргэжлийн байгууллагын эрх, үүрэг
1. Уст цэгийн засвар, шинэчлэлтийн ажлыг тендерт оролцон гүйцэтгэнэ.
2. Уст цэгийн засвар шинэчлэлтийн ажлыг худаг ажиллуулсан хоногоор тооцсон 6 сарын баталгаат хугацаатай засварлана.
3. Баталгаат засварын хугацаанд гарсан эвдрэл гэмтлийг /эзэмшигчийн буруугаас биш/ өөрийн хөрөнгөөр засварлана.
4. Урсгал засвар, техникийн үйлчилгээг эзэмшигч, ашиглагчийн зардлаар гүйцэтгэнэ.
5. Их засвар, шинэчлэлт хийсний дараа худгийн паспортонд бичилт хийж, худгийг ашиглах, техникийн үйлчилгээг хийх зааврын хамт ашиглалтанд хүлээлгэн өгнө.
6. Шатах, тослох материалын орц, элэгдлийн норм, нормативыг боловсруулж сумдын Засаг даргын Тамгын газарт худаг хүлээлцэх үеэр хүлээлгэн өгнө.
7. Уст цэгийн өмчлөлт, эзэмшилт, ашиглалтанд мэргэжпийн хяналт тавина.
Аймгийн Засаг даргын Тамгын газар
Текст томруулах
A
A
A