A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2012 оны 193 дугаар

                                                                                    тогтоолын 1 дүгээр хавсралт

 

ХОРИХ АНГИЙН ТӨРӨЛ, ДЭГЛЭМИЙГ НЭЭЛТТЭЙ БОЛОН ХААЛТТАЙ

ТОГТОЛЦООНД ШИЛЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

Эрүүгийн хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хорих ялыг жирийн, чанга, онцгой дэглэмтэй хорих анги болон гянданд эдлүүлэхээр заасан бөгөөд улсын хэмжээнд жирийн дэглэмтэй хорих анги 10, насанд хүрээгүйчүүдийн хорих анги 1, эмэгтэйчүүдийн хорих анги 1, баривчлах ял эдлүүлэх анги 1, дамжин өнгөрүүлэх анги 1, эмчилгээний хорих анги 1, чанга дэглэмтэй хорих анги 7, онцгой дэглэмтэй хорих анги 1, гяндан 1 үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Хорих ял эдлүүлэх дэглэм хоорондын ялгааг ялтны эргэлт, уулзалтын давтамж, захидал харилцаа, илгээмжийн тоон хязгаарлалт, ажлын цаг, хоолны илчлэгийн зөрүү, хамгаалалтын бүс, түүнд ашиглагдаж байгаа техник, хэрэгсэл зэрэг үзүүлэлтээр жирийн дэглэмээс онцгой дэглэм рүү нөхцөлийг хүндрүүлэх шинж чанартайгаар тодорхойлсон байна.

 

Хорих ял эдлүүлэх дэглэмийн ялгаа нь ахуйн болон зарим шаардлагагүй хязгаарлалтыг хэлбэрийн төдий агуулж байгаа нь хорих ялын үр нөлөөг дээшлүүлэх цаг үеийн шаардлагыг хангаж чадахгүй байна.

 

Монгол Улс хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах, эрх зүйт төрийг төлөвшүүлэх зорилго тавин ажиллаж байгаа энэ цаг үед нийгмийн чухал үнэт зүйл болох хүн, хүний хөгжлийг эрхэмлэх бодит зүй тогтолд хорих ял эдлүүлэх үйл ажиллагааг нийцүүлэх нь ял эдлүүлэх дэглэм, нөлөөг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм. 

 

Хорих ангийн нээлттэй болон хаалттай дэглэмийн гол агуулга нь ялтныг сургах, байнгын тасралтгүй ажлын байраар хангах, ял эдлүүлэх орчин нөхцөлийг хүний эрхийг хангасан стандартын дагуу бүрдүүлэх зэрэг асуудлыг цогц хэлбэрээр шийдвэрлэж, хорих ял эдэлж байгаа хүмүүсийг нийгэмшүүлэхэд чиглэгддэг.

 

Нээлттэй дэглэмийн онцлог нь ялтны хувийн зан төлөв, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, шинж чанар, хувь хүний нөөц боломжийг харгалзан нийгмээс бүрэн тусгаарлалгүйгээр, тухайн хүнийг гэр бүл, хамт олон зэрэг эерэг орчны нөлөөлөл дор ял эдлүүлэх явдал юм.

 

Нээлттэй дэглэм нь ялтанд урьд суралцаж, ажиллаж байсан байгууллагад тодорхой хяналтын дор үргэлжлүүлэн суралцах, ажиллах, мөн тухайн ялтны эерэг чиг баримжааг нээн хөгжүүлэхэд чиглэгдсэн хяналт, хязгаарлалт багатай орчинд ял эдлэх  боломжийг олгодгоороо сэтгэл зүйн хувьд давуу тал бий болгодог.

 

Нээлттэй дэглэмийн ялтан дотоод журам зөрчсөн, зан төлөвийн хувьд сөрөг хандлага  давамгайлсан нь илэрхий болсон тохиолдолд хаалттай хорих ангид шилжүүлэх, хаалттай хорих ангиас нээлттэй дэглэмд шилжүүлэх асуудлыг мөн тухайн ялтны хувийн зан төлөв, ялын байдлыг харгалзан тусгайлсан комисс хуралдан шийдвэрлэх бөгөөд ингэхдээ давтан гэмт хэрэг үйлдсэн, удаа дараа хорих ял шийтгэгдсэн эсэх болон үйлдсэн гэмт хэрэг бусад хувийн онцлогт тулгуурлан тусгаарласан буюу бие биедээ сөрөг нөлөөлөл үзүүлэх боломжгүйгээр ялыг эдлүүлнэ.

 

Хаалттай дэглэмийн онцлог нь хорих ангийн хамгаалалтын бүсэд буюу хатуу  хяналтан дор ял эдлүүлэхийн зэрэгцээ амьдрах байр нь ялтны зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байдлаар зохион байгуулагдсан байдаг. Түүнчлэн зөвхөн хорих ангийн үйлдвэрлэлийн бүсэд ажиллах, бусадтай харилцах боломж нь хязгаарлагдмал, өндөр ачаалал бүхий нийгэм, сэтгэл зүйн сургалт, нөлөөллийн арга хэмжээнд хамрагддаг зэрэг онцлогийг агуулдаг.

    

Монгол Улсын хорих ял эдлүүлэх тогтолцоонд дээрх дэглэмүүдийн давуу талуудыг өөрийн орны онцлог нөхцөл байдалтай уялдуулан шилжүүлэхдээ ялтныг нийгэмшүүлэх, ял эдлүүлэх орчны стандартыг олон улсын жишигт хүргэх, ялтныг байнгын хөдөлмөр эрхлүүлэх замаар төлөвшүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах, суллагдахын өмнө нийгмийн харилцаанд идэвхтэй, зөв байр суурьтай оролцоход бэлтгэх зэрэг нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий асуудлуудыг цогц байдлаар шийдвэрлэх нь үр дүнд хүргэх тооцоо гарч байна.

 

Манай улсын хувьд цаашид нээлттэй, хаалттай хорих ангийн тогтолцоонд шилжихдээ:

 

-Нээлттэй хорих ангид хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэг анх удаа санаатай үйлдэж хорих ял шийтгүүлсэн насанд хүрсэн эрэгтэй, хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй этгээд болон эмэгтэй  ялтны хорих ялыг эдлүүлнэ. Өмнө нь хорих ял эдэлж байсан, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй ялтан, хүнд болон онц хүнд гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон эмэгтэй  ялтны хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангийн хаалттай хэсэгт эдлүүлнэ. Түүнчлэн санамсар болгоомжгүйгээр болон бусад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн бол;

 

-Хаалттай хорих ангид онц хүнд гэмт хэрэг үйлдсэн эсхүл өмнө нь хорих ял эдэлж байсан буюу онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон эрэгтэй ялтны хорих ялыг тус тус эдлүүлэхээр урьдчилан төлөвлөж байна.

 

Хоёр. Хөтөлбөр боловсруулах үндэслэл, шаардлага

 

Монгол Улсын хорих ял эдлүүлэх дэглэмийг нээлттэй, хаалттай тогтолцоонд шилжүүлэх нийгэм, эдийн засгийн болон эрх зүйн дараахь үндэслэл, шаардлага байна:

 

2.1. Улсын Их Хурлын 2009 оны 38 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх зүйн орчныг боловсронгуй болгоно” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.2.11-д ”Хорих ангийн төрөл, дэглэмийг нээлттэй болон хаалттай тогтолцоонд шилжүүлэх асуудлыг тодорхой үе шаттайгаар зохион байгуулж, ялтныг хуульд заасан шаардлага, олон улсын стандарт, жишигт нийцсэн нөхцөлд ял эдлүүлнэ” гэж тус тус заасан;

 

2.2. Нэгдсэн Үндэстний Байгууллагаас батлан гаргасан Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Ялтантай харьцах жишиг дүрэм, Хоригдолтой харьцах үндсэн зарчим зэрэг олон улсын баримт бичгийн хэрэгжилтийг өөрийн орны хорих ял эдлүүлэх ажиллагаанд хангах, ялтныг хуульд заасан шаардлага, олон улсын жишигт нийцсэн нөхцөлд ял эдлүүлэх, тэдний дунд явуулж байгаа нийгэмшүүлэх ажлыг орчин үеийн нийгмийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулах;

 

2.3. Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулж байгаа эрүүгийн ял эдлүүлэхтэй холбогдсон харилцаан дахь зарим хууль зүйн нэр томьёо, зохицуулалтыг шинэчлэх зүй ёсны шаардлага байна. Тухайлбал, эрүүгийн ялын зорилго, ялтныг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох, ял шийтгэгдсэн этгээдийн нэршил, ял эдлүүлэх тогтолцооны чиг хандлага, хорих ял эдлүүлэх байгууллагын төрөл, дэглэмтэй холбоотой асуудал;

 

2.4. Хорих ангиудын харилцаа холбоо, хяналт, хамгаалалтын системд орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх замаар хяналт, хамгаалалтын зохион байгуулалтыг шинэчлэн хөгжингүй орнуудын түвшинд хүргэх; 

 

2.5. Хорих байгууллагын үйл ажиллагааны стандарт, зохион байгуулалтын шинэчлэлийг албан хаагчдын ур чадвар, ажлын бүтээмжийг дээшлүүлэхтэй хамт хэрэгжүүлэх;

 

2.6. Хорих ял эдлүүлэх дэглэм нь үндсэндээ ижил нөхцөлтэй байгаа нь хорих ялын зорилго бүрэн утгаараа хэрэгжихгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна. Иймээс ял эдлүүлэх дэглэмийг ялтныг нийгэмшүүлэх үйл ажиллагаатай уялдуулж, шинэчлэн өөрчлөх;

 

            2.7. Ялтны хөдөлмөрийг улс орны бүтээн байгуулалтад түлхүү чиглүүлэн, ялтанд хөдөлмөрийн дадлага, мэргэжил олгох замаар нийгмийн харилцаанд бие даан оролцох чадвартай болгон төлөвшүүлэх, суллагдсаны дараа дахин гэмт хэрэг үйлдэх явдлыг бууруулахад нөлөөлөх;

 

            2.8. Хорих байгууллагын дотоодын үйлдвэрлэлийг өргөжүүлэх, ялтныг ажлын байраар хангах  асуудлыг тодорхой үе шаттайгаар шийдвэрлэж, тэдний үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын  нөхөн төлөлтийн хувь хэмжээг нэмэгдүүлэх.

 

Гурав. Хөтөлбөрийн зорилго, зорилт, зарчим, хамрах хүрээ

 

3.1. Хөтөлбөрийн зорилго нь хорих ялын зорилгыг хангах, хорих ял эдлүүлэх дэглэм, түүний  эрх зүйн зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгоход оршино.

 

3.2. Дээрх зорилгыг хангах ажлын хүрээнд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:

 

3.2.1. хорих ял эдлүүлэх ажиллагааг зохицуулж байгаа хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

 

            3.2.2. нээлттэй, хаалттай хорих ангийн харуул хамгаалалтад орчин үеийн техник, тоног төхөөрөмж ашиглах, хорих байгууллагын албан хаагчийн аюулгүй, хэвийн орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

           3.2.3. хорих ял эдлүүлэх нөхцөл, журмыг олон улсын жишигт хүргэх;

 

            3.2.4. ялтныг нийгэмшүүлэх ажлыг шинэ шатанд гаргах, хорих ял эдлэгсдийг суллагдахад бэлтгэх тогтолцоог бий болгох, энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлэх, холбогдох төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах;

 

            3.2.5. хорих байгууллагын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өргөжүүлэн, ялтны ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлыг тодорхой үе шаттайгаар шийдвэрлэх.

   

3.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:

 

            3.3.1. дэлхийн улс орнуудын хорих ял эдлүүлэх оновчтой зохион байгуулалт, хөгжлийн чиг хандлагыг нэвтрүүлэх;

 

            3.3.2. шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний арга зүйд үндэслэх;

 

                        3.3.3. төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлах;

 

3.3.4. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль зүйн салбарын хөгжлийн стратеги, хөтөлбөртэй уялдуулах;

 

3.3.5. үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй хэлбэрээр явуулах, шинэ санал, санаачлагыг хүлээн авч хэрэгжүүлэх;

 

3.3.6. техник, технологийн хөгжлийн ололт, амжилтыг нэвтрүүлэх;

 

3.3.7. хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, гүйцэтгэлийн үр дүнг үнэлэх тогтолцоог бий болгох.

 

 3.4. Хөтөлбөрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа нийт хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хэмжээнд хэрэгжүүлнэ. Хорих ангийн төрөл, дэглэмийг нээлттэй, хаалттай тогтолцоонд шилжүүлэхдээ тухайн орон нутгийн газар зүйн байршил, хүн амын нягтаршил, дэд бүтэц, үйлдвэрлэлийн чиглэл зэрэг бусад нөхцөл байдлыг харгалзан зохион байгуулна.

 

Дөрөв. Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

 

4.1. Хөтөлбөрийн 3.2.1-д заасан зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

4.1.1. гадаад орнуудын хорих байгууллагын үйл ажиллагаа, хорих ял эдлүүлэх дэглэмийг нээлттэй, хаалттай тогтолцоонд шилжүүлсэн туршлагыг судлах;

 

 

4.1.2. ялтны ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөрлөх үйл ажиллагааг дэмжих, хорих анги улсын чанартай ажил, үйлчилгээг гүйцэтгэх эрх зүйн орчныг бий болгох зорилгоор хуулийн төсөл боловсруулж, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх;

 

4.1.3. хорих байгууллагын  үйлдвэрлэлийн  үйл ажиллагаанд техник, эдийн засаг, зах зээлийн судалгаа хийж, цаашдын хөгжлийг тодорхойлох;

 

4.1.4. хорих байгууллагыг нээлттэй, хаалттай хорих ангийн тогтолцоонд шилжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төсөл боловсруулж, эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулах;

 

4.1.5. хорих байгууллагын үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг судлах зорилго бүхий судалгаа, шинжилгээний төвийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэд байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх;

 

4.1.6. нээлттэй хорих анги төслийг Дархан-Уул аймаг дахь хорих 445 дугаар анги, хорих 407, 421 дүгээр ангиудад туршин хэрэгжүүлэх;

 

4.1.7. хорих ангиудыг нээлттэй, хаалттай дэглэмд шилжүүлэх, тэдний байршил, үйлдвэрлэлийн чиглэлийг шинэчлэн тогтоох талаар санал боловсруулж шийдвэрлүүлэх;

 

4.1.8. хорих ангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өргөжүүлэх, ялтны хөдөлмөр эрхлэлтийн хувь хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах.

 

4.2. Хөтөлбөрийн 3.2.2-т заасан зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

            4.2.1. нээлттэй дэглэмийн хорих ангийн ялтныг гадуур ажиллах, суралцах явцад нь хянах цахим дохиолол бүхий хяналтын системийг нэвтрүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх;

 

            4.2.2. хаалттай хорих ангийн харуул хамгаалалтын тоног төхөөрөмж, инженерийн байгууламжийн стандартыг шинэчлэх;

 

          4.2.3. нээлттэй болон хаалттай хорих ангийн харуул хамгаалалтын албаны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн тогтоох;

 

          4.2.4. хорих байгууллагын үйл ажиллагааны стандартыг мөрдүүлэх зорилгоор харуул хамгаалалтын ажилтны ажлын байранд тавигдах шаардлагыг дээд боловсролтой, цэргийн алба хаасан байхаар тооцон өөрчлөх, зөвхөн харуул хамгаалалт, аюулгүй байдлын чиглэлээр үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдыг цэргийн цолтой ажиллуулах, ахлагчийн бүрэлдэхүүний цалин, урамшууллыг офицерын цолны шатлалтай дүйцүүлэн нэмэгдүүлэх;

 

          4.2.5. хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албадын газар зүйн байршлыг харгалзан удирдлагын менежментийг бүсчилсэн удирдлагын тогтолцоонд шилжүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх;

 

          4.2.6. хорих байгууллагын албан хаагчдыг хамгаалалтын шаардлага хангасан орчин үеийн галт зэвсэг, тусгай техник, хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулах;

 

          4.2.7. хорих ангиудыг цахим сүлжээнд холбох ажлыг хэрэгжүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт нэгдсэн удирдлагын “Шуурхай удирдлагын төв”-ийг байгуулан ажиллуулах асуудлыг судалж шийдвэрлэх;

 

            4.2.8. харилцаа холбооны байгууллагуудтай хамтран хорих анги бүрт суурин харилцаа холбооны хэрэгсэл суурилуулах асуудлыг судалж шийдвэрлэх;

 

            4.2.9. хаалттай хорих ангийн бүсэд үйлдвэрийн бүс шинээр байгуулж, аюулгүй байдлын шаардлага хангасан түвшинд хамгаалалтын тоног төхөөрөмжөөр тоноглох;         

 

            4.2.10. нээлттэй хорих ангийн ялтан гадуур ажиллах үед хяналт тавих үүрэг бүхий авто эргүүлийг бий болгох.

 

   4.3. Хөтөлбөрийн 3.2.3-т заасан зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

4.3.1. нээлттэй, хаалттай хорих ангийн хорих байрны стандартыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран шинээр тогтоон мөрдүүлэх;

 

4.3.2. баруун бүсийн хөгжлийн тулгуур төвийг түшиглэн Ховд аймгийн хорих ангийг нээлттэй дэглэмтэй, 250 хүний багтаамжтайгаар өргөтгөн зохион байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх;

 

4.3.3. Өмнөговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дэргэд 250 хүний багтаамжтай ялтны байр бүхий нээлттэй хорих анги шинээр байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх;

 

4.3.4. ялтны дунд урлаг, спортын уралдаан, тэмцээн зохион явуулах шаардлага хангасан биеийн тамирын танхим, талбай, соёлын төвийг шаардлагатай газруудад барьж ашиглалтад оруулах;

 

4.3.5. хорих ангийн гал тогоо, нийтийн халуун ус, бие засах газар, угаалгын газрыг эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагад нийцүүлэн засварлан тохижуулах;

 

4.3.6. ялтны эргэлт, уулзалтын байрыг энгийн иргэний амьдрах орчинтой нийцсэн байхаар тохижуулах;

 

            4.3.7.  хорих ангийн цэвэр усны хангамж, дулааны системийн найдвартай байдлыг хангахтай холбогдсон тоног төхөөрөмжийг суурилуулах.

 

4.4. Хөтөлбөрийн 3.2.4-т заасан зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

 

 

4.4.1. хорих ангиас суллагдах ялтныг тодорхой хугацаанд байршуулан, нийгмийн амьдралд бэлтгэх, ажлын байранд зуучлах, туслалцаа үзүүлэх зорилго бүхий “Шинэ амьдрал” төсөл хэрэгжүүлэх;

 

4.4.2. хорих ангийн харуул хамгаалалтын ажилтан, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарыг өндөр хөгжилтэй улс оронд мэргэжил эзэмшүүлэх, давтан сургах асуудлыг судалж шийдвэрлэх;

 

4.4.3. ялтныг нийгэмшүүлэх ажлын үр дүнг дээшлүүлэх, мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах зорилго бүхий төрийн байгууллага болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн мэргэжлийн салбар зөвлөл байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх;

 

4.4.4. хорих ангиудад ардын уламжлалт, шашны зан үйлийн болон бусад нийгмийн үйлчилгээ үзүүлэх өрөө, тасалгааг бий болгох;

 

4.4.5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, албадад нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээг тогтворжуулах зорилгоор мэргэжлийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчийн орон тоог нэгж бүрт бий болгох асуудлыг судалж шийдвэрлэх;

 

4.4.6. сэтгэл зүйчийн ажлын хүрээнд олон улсын стандарт, шаардлагад нийцсэн мэргэжлийн сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө өгөх цэгийг бий болгох;

 

4.4.7. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хорих 421 дүгээр ангийн барилга, байгууламжийг орчин үеийн тоног төхөөрөмж, материаллаг баазаар бэхжүүлэн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болгон өргөтгөж, коллежийн зэрэглэлийн түвшинд хүргэх асуудлыг судалж шийдвэрлэх;

 

4.4.8. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд хорих ангиудаас ялтныг тодорхой үзүүлэлтээр шалгаруулан 12 төрлийн мэргэжлийн сургалтыг зохион байгуулж хэвшүүлэх;

 

4.4.9. хорих анги бүрт гадаад хэл, комьпютерийн болон бусад төрлийн сургалт явуулах шаардлага хангасан тоног төхөөрөмж бүхий сургалтын танхим бий болгох;

 

4.4.10. ялтанд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх зорилгоор хорих байгууллагын эмнэлэгийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх;

 

4.4.11. ялтныг нийгмийн даатгалд хамруулах асуудлыг судалж шийдвэрлэх;

 

4.4.12. ялтанд бичиг баримт олгох асуудлыг иргэний бүртгэлийн байгууллага, бусад төрийн байгууллагуудтай хамтран шийдвэрлэх;

 

4.4.13. ялтны ял эдлэх хугацаанд гаргасан ажлын үр дүн, бүтээлч үйл ажиллагаа, зан үйлийн сөрөг хандлагын өөрчлөлтийг дүгнэж, авьяас чадвар, нөөц боломжийг нь хөхиүлэн дэмжих зорилго бүхий урамшууллын шинэ тогтолцоог нэвтрүүлэх;

 

4.4.14. ялтныг бага, бүрэн бус, бүрэн дунд, тусгай дунд болон бакалаврын сургалтад хамруулах ажлыг холбогдох сургалтын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;

 

4.4.15. хуульд заасан ялтны эрхийг хангах, хууль зүйн зөвлөгөө өгөх зорилгоор мэргэшсэн өмгөөлөгчийг хорих байгууллагад ажиллуулах асуудлыг судалж шийдвэрлэх.

 

4.5. Хөтөлбөрийн 3.2.5-д заасан зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

4.5.1. хорих ангиудын дэд бүтцийг сайжруулах, улсын хилээр үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, бараа материал импортоор оруулах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхэд нь татварын болон бусад хөнгөлөлт үзүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх;

 

4.5.2. орон нутгийн засаг захиргаанаас тухайн орон нутаг дахь хорих ангийг үйлдвэржүүлэх, ялтныг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлүүлэх;

 

4.5.3. улс орныг хамарсан их бүтээн байгуулалтын тодорхой ажилд ялтны хөдөлмөрийг чиглүүлэх, хорих ангийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх талаар бодлого боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх;   

 

4.5.4. Төв аймгийн Авдрантын хорих 403 дугаар ангид байгалийн орд газрыг ашиглан сайн чанарын ногоон боржин чулуун бүтээгдэхүүн хийх үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх асуудлыг судалж шийдвэрлэх;

 

4.5.5. Хэнтий аймгийн хорих 419 дүгээр ангид зүүн бүсийн аймгуудыг барилгажуулахад шаардагдах тоосгоны үйлдвэрийг өргөжүүлэх, жилд 20.0 мянган хөнгөн блок үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр, мал аж ахуйн фермер хөгжүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх;

 

4.5.6. Хөвсгөл аймгийн хорих 443 дугаар ангид Хөвсгөл аймгийн дулааны цахилгаан станцыг бүрэн хангахуйц хэмжээний нүүрс олборлох тоног төхөөрөмжийг шинэчлэн, шахмал түлшний үйлдвэр байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх;

 

4.5.7. Дархан-Уул аймгийн хорих 445 дугаар ангид бараа, бүтээгдэхүүний сав, баглаа, боодлын болон хайрганы үйлдвэр шинээр байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх;

 

4.5.8. Баянзүрх дүүрэг дэх Хонхорын хорих 431 дүгээр ангийг тоосго, барилга угсралтын иж бүрэн анги болгон шинэчлэн зохион байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх;

 

4.5.9. Баянзүрх дүүрэг дэх хорих 441 дүгээр ангийг түшиглэн  мах хадгалах мөсөн зоорь, ногооны механикжсан зоорь барих асуудлыг судалж шийдвэрлэх;

 

4.5.10. Ховд аймгийн хорих 457 дугаар ангид эсгий, эсгий эдлэлийн болон ноос угаах үйлдвэр шинээр байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх;

 

4.5.11. Баянзүрх дүүрэг дэх Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид ялтны хувцас, тусгай зориулалтын хувцас үйлдвэрлэх оёдлын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэн өргөжүүлэх, даавуун болон цаасан уутны үйлдвэр байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх;

 

4.5.12. Өмнөговь аймагт хүнд машин механизмын засварын төв, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл бүхий хорих анги шинээр зохион байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх;

 

4.5.13. Төв аймгийн хорих 417 дугаар ангийг түшиглэн мод үржүүлэх, мал аж ахуй эрхлэх асуудлыг судалж шийдвэрлэх;

 

4.5.14. Орхон аймгийн хорих 437 дугаар ангид тоосгоны үйлдвэр шинээр байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх;

 

4.5.15. Өвөрхангай аймгийн хорих 423 дугаар ангид мод үржүүлгийн аж ахуй байгуулах, тус ангийн блокны үйлдвэрийг өргөжүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх;

 

4.5.16. Баянзүрх дүүрэг дэх хорих 409 дүгээр ангид сэндвичэн хавтангийн үйлдвэр шинээр байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх;

 

4.5.17. Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн хорих 413 дугаар ангид механикжсан зоорины аж ахуй байгуулах, машин засварын төв барих асуудлыг судалж шийдвэрлэх;

 

4.5.18. Төв аймгийн Мааньт дахь хорих 415 дугаар ангид хөнгөн блокны үйлдвэр шинээр байгуулах, тус ангийн шохойн чулуу шатаах үйлдвэрийг өргөжүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх;

 

4.5.19. Говьсүмбэр аймгийн хорих 425 дугаар ангид шинээр тоосгоны үйлдвэр, зам засварын хэсэг байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх;

 

4.5.20. Багануур дүүрэг дэх хорих 427 дугаар ангид тоосгоны үйлдвэр шинээр барих асуудлыг судалж шийдвэрлэх;

 

4.5.21. Сэлэнгэ аймгийн Дарьтын хорих 433 дугаар ангид жилийн            4 улиралд ашиглах нарийн ногооны хүлэмжийн аж ахуй эрхлэх, мал аж ахуйн эрчимжсэн фермер хөгжүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх;

 

4.5.22. Сонгинохайрхан дүүргийн Таширын аманд байрлах Тахир соёотын хорих 405 дугаар ангийн хэвлэлийн цехийн тоног төхөөрөмжийг шинэчлэн өргөжүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх;

 

4.5.23. Булган аймгийн хорих 439 дүгээр ангийн блокны үйлдвэрийг өргөжүүлэх, тус ангид замаскны үйлдвэр шинээр барих асуудлыг судалж шийдвэрлэх.

 

Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, үе шат, санхүүжилт

 

5.1. Хөтөлбөрийг 2011-2018 он хүртэл дараахь үе шаттайгаар хэрэгжүүлнэ:

 

5.1.1. I үе шат 2011-2014 он;

 

5.1.2. II үе шат 2014-2018 он.

 

5.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

 

5.2.1. yлсын болон орон нутгийн төсөв;

 

5.2.2. хандивлагч орон, олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн санаачилгаар хуримтлуулсан хөрөнгө, зээл, тусламж, хандив;

 

5.2.3. байгууллагын дотоод орлого;

 

5.2.4. жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалт;

 

5.2.5. Засгийн газрын хөтөлбөрийн санхүүжилт;

 

5.2.6. бусад нэмэлт эх үүсвэр.

 

Зургаа. Хүрэх үр дүн

 

6.1. Хөтөлбөрийн 3.2.1-д заасан зорилтын хүрээнд:

 

6.1.1. нээлттэй, хаалттай хорих анги үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдсэн байна;

 

6.1.2. хорих ял эдлүүлэх үйл ажиллагааг зохицуулж байгаа эрх зүйн зохицуулалт олон улсын чиг хандлага, үзэл баримтлалд нийцсэн байна.

 

6.2. Хөтөлбөрийн 3.2.2-т заасан зорилтын хүрээнд: 

 

6.2.1. нээлттэй, хаалттай хорих ангийн үйл ажиллагаанд орчин үеийн техник, технологийн дэвшил нэвтэрч, олон улсын жишигт нийцнэ;

 

6.2.2. харуул хамгаалалтын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн бүрдэл зохих стандартад нийцэж, ашиглалт сайжирна;

 

6.2.3. хорих ангиудыг холбосон цахим сүлжээ бий болж, мэдээлэл, харилцаа холбооны хэвийн ажиллагаа хангагдана;

 

6.2.4. хорих байгууллагын албан хаагчдын ажиллах орчин, нөхцөл сайжирна;

 

6.2.5. хорих байгууллагын албан хаагчийн ажлын үр дүн дээшлэх нөхцөл бүрдэнэ.

 

6.3. Хөтөлбөрийн 3.2.3-т заасан зорилтын хүрээнд:

 

6.3.1. хорих анги бүрт эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан гал тогоо, нийтийн халуун ус, бие засах газар, угаалгын газрыг засварлан тохижуулж, ялтны амьдрах орчин нөхцөл олон улсын жишигт нийцнэ;

 

6.3.2. ялтны хуулиар олгогдсон эрх, хэрэгцээ хангагдах нөхцөл бүрдэнэ;

 

6.3.3. урлаг, спортын уралдаан, тэмцээн зохион явуулах шаардлага хангасан биеийн тамирын заал, талбай, соёлын төв шаардлагатай газруудад баригдаж ашиглалтад орсон байна;

 

6.3.4. ялтны эргэлт, уулзалтын байр энгийн иргэний амьдрах орчинтой нийцсэн байдлаар ажиллана;

 

6.3.5. хорих ангийн цэвэр усны хангамж, дулааны системийн тоног төхөөрөмжийг суурилуулан найдвартай байдал хангагдана;

 

6.3.6. олон улсын шаардлагад нийцсэн хэлбэрээр хорих ангиуд бүсийн хөгжлийн тулгуур төвүүдэд байгуулагдана.

 

6.4. Хөтөлбөрийн 3.2.4-т заасан зорилтын хүрээнд:

 

6.4.1. хөтөлбөр бүрэн хэрэгжсэнээр ялтны зүгээс хорих ангид гэмт хэрэг, ноцтой зөрчил үйлдэх явдал  зохих хувиар буурна;

 

6.4.2. хорих ангиудад ялтныг нийгэмшүүлэх олон улсын жишигт нийцсэн орчин нөхцөл, боломж бүрдэнэ;

 

6.4.3. ялтнуудын дунд зохион байгуулах нийгмийн ажилд оролцох төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа нэмэгдэж, хорих ял эдлүүлэх ажиллагаа нийгэмд нээлттэй болж, олон нийтийн хяналтын тогтолцоо бий болно;

 

6.4.4. хорих анги бүрт нийгмийн ажилтан, сэтгэл зүйч ажиллаж эхлэн, ялтан нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ хүлээн авч, өөрийн нөөц боломжийг нээн хөгжүүлэх, төлөвших, сэтгэлгээний шинэ хандлага бий болно;

 

6.4.5. мэргэжил эзэмшүүлэх төв нь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон өргөжиж, коллежийн зэрэглэлийн түвшинд хүрч, ялтанд мэргэжлийн чиг баримжаа олгох тогтолцоо бүрдэнэ;

6.4.6. ялтанд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээ олон улсын жишигт хүрч, орчин үеийн шаардлагад нийцсэн эмнэлгийн техник, тоног төхөөрөмжтэй болсон байна;

 

6.4.7. хорих ангиас суллагдах ялтныг тодорхой хугацаанд байршуулан, нийгмийн амьдралд бэлтгэх, ажлын байранд зуучлах, туслалцаа үзүүлэх  зорилго бүхий “Шинэ амьдрал” төсөл хэрэгжиж зорилгын хүрээнд үр дүнгээ өгсөн байна;

 

6.4.8. суллагдах ялтныг ажлын байраар хангах, нийгэм, эдийн засгийн туслалцаа үзүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо нэмэгдэнэ;

 

6.4.9. ялтныг хууль сахин биелүүлэгч, нийгэмшсэн иргэн болгон төлөвшүүлэх хөгжлийн шинэ чиг хандлага нээгдэнэ;

 

6.4.10. ялтан хорих ангиас суллагдсаны дараа давтан үйлдэх гэмт хэргийн гаралт 20-30 хүртэл хувь буурна;

 

6.4.11. ялтан бүр иргэний бүртгэлд хамрагдан, Хүний хөгжил сангаас хувь хишиг хүртэх зэргээр Монгол Улсын иргэний хувьд нийгмийн бүхий л харилцаанд оролцох нөхцөл бүрдэнэ.

 

6.5. Хөтөлбөрийн 3.2.5-д заасан зорилтын хүрээнд:

 

6.5.1. улсын болон орон нутгийн шинж чанартай бүтээн байгуулалтад хорих байгууллагын оролцоо нэмэгдэнэ;

 

6.5.2. хорих байгууллагын үйлдвэрлэл өргөжин дотоод орлого 50 хүртэл хувь, ялтныг ажлын байраар хангах асуудал нийт ялтны дунд эзлэх хувиар 80 хүртэл хувиар нэмэгдэж, улсын төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ өснө;

 

6.5.3. ялтны үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан хувь нэмэгдэнэ;

 

6.5.4. улсын төсөвт хорих ял эдлүүлэх чиглэлээр үзүүлэх ачаалал буурч, 10-15 жилийн дараа орлогоороо үйл ажиллагааныхаа тодорхой хэсгийг  санхүүжүүлдэг болно.

 

Долоо. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

 

7.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, төлөвлөгөөний биелэлтийг хангах өдөр тутмын үйл ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, хөтөлбөрийн явцад хяналт тавих ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яам тус тус хариуцан гүйцэтгэнэ.

 

7.2. Яам, Засгийн газрын агентлаг нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хариуцсан чиг үүргийнхээ дагуу нарийвчлан боловсруулж хэрэгжүүлнэ.

 

7.3. Хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд бодлогын болон мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын уялдааг хангах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, олон нийтийн болон судалгаа, шинжилгээний бусад байгууллагын төлөөлөл бүхий орон тооны бус Зөвлөл байгуулан ажиллуулна.

 

Найм. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ

 

8.1. Хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлын тайлан, мэдээг хагас, бүтэн жилээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нэгтгэж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлнэ.

 

8.2. Хөтөлбөрийг дараахь шалгуур үзүүлэлтүүдээр үнэлж дүгнэнэ:

 

8.2.1. хөтөлбөрт тусгагдсан эрх зүй, эдийн засгийн арга хэмжээний биелэлт;

 

8.2.2. хөтөлбөрийн хүрээнд хийсэн судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, түүнийг хөтөлбөрийн төлөвлөлтөд тусгасан байдал;

 

8.2.3. ялтныг нийгэмшүүлэх буюу бие даан хөгжих, нийгмийн харилцаанд оролцох чадварыг нэмэгдүүлсэн байдал;

 

8.2.4. ялтны хөдөлмөр эрхлэлтийн хувь хэмжээг дээшлүүлэх чиглэлээр төлөвлөсөн ажлын үр дүн;

 

8.2.5. гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах “Хохирол барагдуулах сан“ байгуулах ажлын явц, үр дүн;

 

8.2.6. хорих ангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны орлогын болон өрсөлдөх чадварын өсөлт;

 

8.2.7. хорих ангиас суллагдахын өмнөх ажлын зохион байгуулалт, үр дүн, үзүүлсэн эрх зүйн туслалцааны байдал;

 

8.2.8. дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, шинжлэх ухааны ололт амжилтыг нэвтрүүлж ашигласан байдал;

 

8.2.9. хөтөлбөрийн санхүүжилтийн явц, тайлан мэдээ, хөрөнгийн зарцуулалт.

 

8.3. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээний дүнг орон тооны бус Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн цаашдын бодлого төлөвлөлт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж, дараа жилийн ажлын төлөвлөгөөнд тусган ажиллана.

 

8.4. Хууль зүй, дотоод хэргийн яам хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байна.

 

 

 

------оОо-----