A

A

A

Бүлэг: 1979

Аймгийн Засаг даргын 2003 оны

60 дугаар захирамжийн хавсралт

 

 

ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРҮҮДИЙН

АВААРЫН ҮЕД АЖИЛЛАХ ЖУРАМ

 

 

Нэг. Ерөнхий зүйл.

Зорилго нь:Дэд бүтцийн салбарын үйлдвэрүүдийн хэвийн ажиллагаа алдагдсан, байгалийн бэрхшээл тохиолдсон, ус, цахилгаан, дулааны эрчим хүчний хангамж тасалдсан зэрэг аймаг орон нутаг, үйлдвэр аж ахуйн газарт ноцтой хохирол учирч болох нөхцөл байдал бий болсон үеийн ажиллагааг шуурхай зохицуулахад чиглэгдэнэ.

 

Хоёр. Онцгой нөхцөл байдал .

Онцгой нөхцөл байдал үүссэн гэж дараах тохиолдлуудыг хэлнэ. Үүнд:

1.Эрчим хүчний үндсэн тоног төхөөрөмжинд гэнэтийн эвдрэл гэмтэл гарч тодорхой бус хугацаагаар дулаан, цахилгааны хангамж тасалдахад хүргэсэн /Цахилгаан, дулааны шугам сүлжээнд эвдрэл гарч хэрэглэгчид бүхэлдээ буюу хэсэгчлэн хамарагдсан Үндсэн тоноглол ажиллагаанаас гаргахад хүргэж урт хугацаагаар цахилгаан, дулааны эрчим хүчний хангамж тасалдахад хүргэсэн буюу бэлтгэл тоноглолгүй болгосон/

2.Байгаль цаг уурын гамшигт үзэгдлийн улмаас бий болох онцгой нөхцөл байдлын улмаас харилцаа холбоо, дулаан, цахилгааны үйлдвэрлэл зогсоход хүрсэн

3.Цаг агаарын хэт хүйтрэлт, цас зудын хүнд байдалд орсноос хөдөө аж ахуйд хүндрэл учирч шуудан тээврийн үйл ажиллагаа саатахад хүрсэн

4.Зам харгуй хаагдаж хөдөөгийн хөдөлмөрчидтэйгээ холбоо тасалдахад хүргэсэн тохиолдлууд

 

Гурав. Онцгой нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх талаар.

1.Бүх албан байгууллагууд байгаа аваарын зориулалтаар ажиллах дизель цахилгаан станцууд, онцгой нөхцөл байдлын үед ажиллах машин механизмын ээлжит үзлэг шалгалтыг хийж акт протоколоор ашиглалтанд шилжүүлж, өдөр тутмын ба ээлжит үзлэгийг тогтоосон хугацаанд нь хийж болзошгүй осол аваарын үед ажилуулахад шаардагдах түлш, маслын зохих нөөцтэй байлгах.

/Аваарын зориулалтаар ажиллах дизель гэдэг нь: "Сүхбаатар эрчим"-д байгаа Г-72 маркийн дизель станцууд, Холбооны газарт байгаа ДЭС-60 дизель, Хөдөө сумдад байгаа ДЭС-125К, ДЭС-165К маркийн дизелүүд, Өндөр хүчдэлд холбогдсон сумдад байгаа ДЭС- 60 маркийн дизелүүдийг хэлж байгаа болно./

2.Болзошгүй аваар саатлын үед ажиллах журмыг Дэд бүтцийн сайдын 2000 оны 181-р тушаалын дагуу байгууллага нэг бүр өөрсдийн ажлын онцлогт тохируулан боловсруулан батлаж ажилчиддаа сургах арга хэмжээг авах.

3.Цахилгаан ба дулааны шугам сүлжээний ээлжит засвар үйлчилгээ, трансформаторын дэд өртөө, холбооны шугам сүлжээ, цахилгаан дамжуулах агаарын шугмыг аянганаас хамгаалах бэлтгэл ажлыг тогтоосон хугацаанд нь хийж гүйцэтгэх.

4.Дизель хөдөлгүүрийн хөргөлтийн системын хэвийн ажиллагааг хангах арга хэмжээг тогтмол авч байх.

5.Байгалийн гамшиг, үйлдвэрийн болзошгүй аваар ослын үед ажиллах хүн хүч, машин механизмыг бэлэн байдалд байлгах, аваарын үед хэрэглэх түлш шатахуун, тослох материалын нөөцтэй байх ажлыг байгууллагуудын удирдлага гартаа авч, улиралд 1-ээс доошгүй удаа ажилчдын дунд аваар эсэргүүцэх дасгал, сургуулийг хийлгэж үнэлэлт дүгнэлт өгч ажиллах

 

Дөрөв. Онцгой нөхцөл байдал үүссэн үеийн ажиллагааны талаар мэдээлэх.

Онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд дараах журмыг баримтлан мэдээлж байна. Үүнд:

1.Онцгой нөхцөл байдал үүссэн үед шуурхай мэдээллийг тамгын газрын ажил хариуцсан түшмэлд оройн цагаар 21557, 99519380 өдрийн цагаар 21237 номерын утсаар нөхцөл байдал үүссэнээс хойш 15 минутын дотор мэдэгдэнэ.

Онцгой нөхцөл байдлын мэдээлэл авсан ажил хариуцсан түшмэл нь өөрийн хариуцсан хэлтсийн даргад мэдээлэл авснаас хойш 20 минутын дотор 21674, 99519011 номерын утсаар мэдэгдэж улмаар ажил хариуцсан хэлтсийн дарга нь онцгой комисс буюу аймгийн Засаг даргад мэдээлэл авснаас хойш 30 минутын дотор 21232, 99511201 тоот утсаар мэдэгдэнэ.

2.Онцгой нөхцөл байдал бий болсон тохиолдолд нөхцөл байдал бий болсноос хойш 1 цагийн дотор ард иргэдэд холбоо болон тусгай зар суртчилгаагаар мэдээлнэ.

3.Онцгой нөхцөл байдлыг гэтлэн давах, аваарыг устгахад хүндрэл бэрхшээлтэй, хугацаа их шаардах тохиолдолд тухайн байгууллагын удирдлага, ажил хариуцсан хэлтсийн дарга, мэргэжилтэн нар хамтран авах арга хэмжээний талаар саналаа боловсруулан аймгийн Засаг даргад мэдээлнэ.

 

Тав. Онцгой нөхцөл байдал үүссэн үед ажиллах журам

1.Онцгой нөхцөл байдлын үед үйлдвэрийн үйл ажиллагааг байгууллагын дарга, эрхлэгч /сумдын Засаг дарга/ нар гартаа авч зохицуулна.

2.Онцгой нөхцөл, аваар ослын байдлаас хамруулан байгууллагын хэмжээнд онцгой байдал зарлах эсэх, байгууллагууд дээр хариуцлагатай дежур 24 цагийн туршид аваар осол устах хүртэлх хугацаанд ажилуулахыг тухайн /сумын Засаг дарга/ байгууллагын дарга хариуцна

3.Болзошгүй аваар ослын үед ажиллах ажилчдын хөдөлмөр хамгаалалд онцгой анхаарч хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг тухай бүр нь өгч ажиллагаанд нь хяналт тавих асуудлыг байгууллагын ерөнхий инженер /сумын Засаг даргын орлогч/ гүйцэтгэнэ.

4.Байгууллагууд аваарын нөөцөнд дизель түлш, нүүрс, бензин, масло тус бүр 15 хоногийнхоос багагүй хэмжээнд байлгах

5.Болзошгүй аваар саатлаар /3 цагаас дээш/ удаан хугацаагаар эрчим хүчний хангамж тасалдахад хүрвэл аваарын /нөөцөнд байгаа / зориулалтаар ажиллах дизель станцийг ажиллуулж 1 дүгээр зэргийн хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах арга хэмжээг авна.

 

 

1 дүгээр зэргийн хэрэглэгчид гэж дараах хэрэглэгчдийг хэлнэ. Үүнд:

1.    Аймаг , сумдын Засаг даргын тамгын газар

2.    Аймаг , сумдын нэгдсэн эмнэлэг.

3.    Аймаг сумдын холбооны байгууллагууд

4.    Аймаг сумдын цагдаагийн хэлтэс

5.    Өвлийн цагт Аймаг, сумдад ашиглагдаж байгаа уурын зуухнууд

6.    Ус хангамжийн обектууд /гүний худаг, носос станцууд/

7.    Цэргийн 168 дугаар анги

8.    Бохир усны станцууд

 

Зургаа. Журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

Энэхүү журмыг зөрчигсдөд Эрчим хүчний ажилчдын сахилгын дүрэм болон бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх болно.