A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР СУДАЛЖ ТОГТООСОН ГАЗРЫН ДООРХ УСНЫ НӨӨЦИЙН ЭРЭЛ, ХАЙГУУЛ, СУДАЛГААНЫ ЗАРДЛЫГ УС АШИГЛАГЧААР ЭРГҮҮЛЭН ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2014 оны 12 дугаар
                                                                               тогтоолын хавсралт


УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР СУДАЛЖ ТОГТООСОН ГАЗРЫН
ДООРХ УСНЫ НӨӨЦИЙН ЭРЭЛ, ХАЙГУУЛ, СУДАЛГААНЫ ЗАРДЛЫГ
УС АШИГЛАГЧААР ЭРГҮҮЛЭН ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ

 

1. Нийтлэг үндэслэл

 

Улсын төсвийн хөрөнгөөр судалж тогтоосон газрын доорх усны нөөцийн эрэл, хайгуул, судалгаа, үнэлгээний бүх шатны ажлын (цаашид “Хайгуулын ажил” гэх) зардлыг ус ашиглагчаар төсөвт эргүүлэн нөхөн төлүүлэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

 

2. Хайгуулын ажлын зардал, төлбөр
тооцох үндсэн аргачлал   

 

2.1. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг зохих журмаар баталгаажсан, геологийн фонд болон улсын усны мэдээллийн санд хадгалагдаж байгаа тухайн хайгуулын тайланд тусгагдсан зардлыг үндэслэн тогтооно.

2.2. Усны ордын нөхөн төлбөрийг тооцохдоо тухайн ордын батлагдсан усны нөөцийн 1 шоо метр/ хоногт ногдох гэрээ байгуулахаас өмнөх оны түвшинд шилжүүлэн тооцсон зардлын хэмжээг ашиглах усны хэмжээ буюу ус хэрэглээ (м3/хоног) -гээр үржүүлэн тооцно.

НТЗ=ХЗш*Vх                      (1)

HТ3 - нөхөн төлөх зардлын хэмжээ, мян.төгрөг
X3ш- нэг м3/хоног усанд ногдох шинэчлэн тогтоосон зардал,
мян.төг/ (м3/хоног)
Vх - ашиглах усны хэмжээ буюу ус хэрэглээ, м3/хоног

2.3. Нэг м3/хоног усанд ногдох шинэчлэн тогтоосон зардлыг тооцохдоо шинэчлэн тогтоосон нийт зардлыг батлагдсан нөөцийн хэмжээнд хувааж олно.

X3ш=НЗш/Vб   (2)

НЗш - нийт шинэчлэн тогтоосон зардал, мян.төгрөг
Vб - батлагдсан нөөцийн хэмжээ, м3/хоног

2.4. Шинэчлэн тогтоосон нийт зардал нь тухайн үеийн хайгуулын зардлыг хайгуулын ажлын үнийн өөрчлөлтийн индексээр үржүүлсэнтэй тэнцүү байна. Гэхдээ хайгуулын ажил хийгдсэн оноос хамааран дараах байдлаар тооцно:

2.4.1. 1991 оноос өмнө усны нөөц тогтоогдсон бол тухайн үеийн хайгуулын зардлыг 1991 оны 1 дүгээр сарын 16-ны үнийн түвшинд дараах томъёо (3)-гоор шилжүүлнэ.

НЗС91=НЗб*Ки                     (3)

H3_c^91 - 1991 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн үнийн түвшинд шилжүүлэн тооцсон хайгуулын нийт суурь зардал, мян.төгрөг
Н3_б – тухайн оны хайгуулын зардал, мян.төгрөг
  Ки –  Засгийн газрын 1991 оны 20 дугаар тогтоолын хавсралтаар тогтоосон хайгуулын ажлын үнийг өсгөх илтгэлцүүр бөгөөд  энэ итгэлцүүр 1.5-тай тэнцүү байна.

2.4.2. нийт шинэчилсэн зардлыг 1991 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн  үнийн түвшинд шилжүүлэн тооцсон зардлыг инженер-хайгуулын ажлын үнийн өөрчлөлтийн ерөнхий индексээр үржүүлэн тооцно.

H3_ш=H3_c^91*EN             (4)

H3_c^91 – нэг шоо метр усны ногдох 1991 оны 1-р сарын 16-ны өдрийн үнийн түвшинд шилжүүлэн тооцсон  зардал, мян. төгрөг
EN- нөхөн төлбөр тооцох оны үнийн өөрчлөлтийн ерөнхий индекс.   (Барилгын (инженер-хайгуулын) ажлын үнийн ерөнхий индексийг жил бүр барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нийтэд зарлан мэдээлнэ)

2.4.3. 1991 оны 1 дүгээр сарын 16-наас хойш нөөц нь тогтоогдсон ордын хайгуулын шинэчилсэн нийт зардлыг дараах томъёо (5)-гоор тодорхойлно.

                     НЗш=НЗс.т *(ЕN/ENс.т)                 (5)

НЗс.т - нөөцийг судалгаагаар тогтоосон үеийн хайгуулын зардал, мян. төгрөг
ЕN - нөхөн төлбөр тооцох оны үнийн өөрчлөлтийн ерөнхий индекс, бутархайгаар илэрхийлсэн хувь
ENс.т - нөөцийг  судалгаагаар тогтоосон үеийн хайгуулын ажлын үнийн өөрчлөлтийн ерөнхий индекс

 

3. Аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг

 

3.1. Ус ашиглагч нь ашиглах усны хэмжээнд ногдох улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар тооцоолуулж, төлбөрийг улсын төсөвт тушаасны дараа ус ашиглах гэрээ байгуулах хүсэлт гаргана.

3.2. Ус ашиглагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд зохих шаардлагад нийцүүлэн биелүүлэх үүрэгтэй.

3.3. Ус ашиглагч ашиглах усны хэмжээг гэрээнд заасны дагуу хатуу барих үүрэгтэй.

3.4. Ус ашиглагч байгууллага үйлчилгээний төлбөрийг усаар хангагч байгууллагаас тогтоосон тарифаар төлнө.

3.5. Ашиглагч нь ус ашиглах эрхээ бусдад шилжүүлэх тохиолдолд тэр тухайгаа эрхийн харилцаа үүсэхээс ажлын 10 хоногийн дотор байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон Сав газрын захиргаанд мэдэгдэх бөгөөд шилжүүлэн авч байгаа хуулийн этгээд нь хайгуулын ажлын зардлын төлбөрийн өмнөх гэрээг дүгнэсний дараа шинэчилсэн гэрээ байгуулна.

 

4. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны
төв байгууллагын бүрэн эрх

 

4.1. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага  нь энэ журмын 3.1-д заасан гэрээ байгуулах хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 20 хоногт багтаан шийдвэрлэнэ.

4.2. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага усны нөөцийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн усны ордыг ашиглуулах тухай гэрээ байгуулах эрхийг ус хангах байгууллага, аж ахуйн нэгжид олгоно.

 

5 . Гэрээ байгуулах, хэрэгжүүлэх түүний биелэлтэд
хяналт тавих, тайлагнах

 

5.1. Нэг усны ордоос нөөцийн хэмжээ, даацад тулгуурлан хэд хэдэн аж ахуйн нэгж ус ашиглаж болох бөгөөд ашиглагч бүртэй орд ашиглах гэрээ байгуулна.

5.2. Гэрээ нь батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр болно.

5.3. Гэрээнд  ашиглах усны хэмжээ, төлбөрийн нийт хэмжээ, хугацаа, жилд төлөх төлбөрийг  заавал тусгана.

5.4. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн газрын доорх усны нөөцийн хайгуулын ажлын зардлын нөхөн төлбөрийн хэмжээг тооцох,  төлбөрийн биелэлтэд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага  хяналт тавина.

5.5. Аж ахуйн нэгж гэрээнд заасан хэмжээнд ус ашиглаж байгаа эсэхэд Сав газрын захиргаа хяналт тавина.

5.6. Аж ахуйн нэгж нөхөн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй төлбөрийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцно.

5.7. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв  байгууллагаас нөхөн төлбөр төлөх тухай мэдэгдэл, шаардлага авснаас хойш нөхөн төлбөр, алданги төлөөгүй бол ус ашиглуулах зөвшөөрлийг цуцална.


6. Бусад

 

6.1. Гэрээг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.

6.2. Гэрээг монгол хэл дээр үйлдэх бөгөөд шаардлагатай тохиолдолд зөвшөөрөгдсөн гадаад хэл рүү хөрвүүлж албажуулна.

6.3. Унд-ахуйн ус хангамжийн зориулалтаар хайгуул хийж нөөц тогтоосон  газрын доорх усны ордыг уул уурхайн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахгүй.

6.4. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж усны нөөц тогтоосон талбайд усны нөөцийн зөвлөлийн зөвшөөрөл, дүгнэлтгүйгээр хайгуул, судалгаа хийхийг хориглоно.

 

 

---оОо---