- Нүүр
- Сайдын тушаал
- БУРХАН ХАЛДУН ХАЙРХАНД АЯЛАХ, УЛАМЖЛАЛТ ЗАН ҮЙЛИЙН ЁСЛОЛ ҮЙЛДЭХ ЖУРАМ
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын
2013 оны 12 сарын 11-ний өдрийн
А-361 тоот тушаалын хавсралт
БУРХАН ХАЛДУН ХАЙРХАНД АЯЛАХ, УЛАМЖЛАЛТ
ЗАН ҮЙЛИЙН ЁСЛОЛ ҮЙЛДЭХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Монгол түмний Үндэсний бахархалт Бурхан Халдун хайрханд хамгаалалтын горим дэглэмийг мөрдүүлэх, тогтоосон маршрутын дагуу аялах болон төрийн тахилга, уламжлалт зан үйлийн ёслол үйлдэх, хамгаалалтын хэвийн үйл ажиллагааг хангуулах харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2. Энэхүү журам нь Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Хог хаягдлын тухай болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 110 дугаар шийдвэр, 2009 оны 32 дугаар зарлигаар батлагдсан “Төрийн тахилгатай уул, овооны тэнгэрийн тайх тахилгын ёслолын журам”, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2010 оны А-121 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн тахилгын үед тусгай хамгаалалттай газар нутагт горим, дэглэм сахиулахад олон нийтийн мөрдөх нийтлэг журам”, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-159 дүгээр “Аялалын зам, маршрут тогтоох тухай” тушаал, хамгаалалтын захиргааны менежментийн төлөвлөгөө, түүнтэй нийцүүлэн гаргасан журам, эрх зүйн бусад актад нийцсэн байна.
ХОЁР. ТОГТООСОН МАРШРУТЫН ДАГУУ АЯЛАХ
БА ЗӨВШӨӨРӨГДСӨН ҮЙЛ АЖИЛЛАГАА
2.1. Энэхүү журмын 3 дахь зүйлд заасан төрийн тахилгаас бусад тохиолдолд иргэн, аялагчид тогтоосон маршрутын дагуу аялана.
2.2. Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын нэвтрэх цэг нь Бурхан Халдун хайрханаас баруун урд зүгт 40 км-т Хойд Хориуд гэх газарт байрлах ба аялагчид тасалбар, аялалын маршрут бүхий танилцуулга авна. Энэхүү тасалбарыг авсанаар аялалын зөвшөөрөл олгогдсонд тооцно.
2.3. Хойд Хориуд гэх газрын орчимд Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан аялагчид амрах зочид буудал, зоогийн газар, авто зогсоол, угтах үйлчилгээ болон хоол хүнс, бэлэг дурсгалын үйлчилгээ явуулах орчныхоо өнгөтэй зохицсон архитектур, дизайны шийдэл бүхий байгальд орчинд сөрөг нөлөөгүй аргаар шийдсэн, зөөвөрлөх боломжтой байгууламж, отоглох гэр барьж болно.
2.4. Хойд Хориуд гэх газраас зүүн хойд зүгт Илүүрийн гол,Сайханы гол, түүний орчимд отоглох цэг байрлана. Хамгаалалтын захиргаа нь отоглох цэгийн эрүүл ахуйн нөхцлийг хангах, замын тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, машин зогсоол гаргах тохижилтыг иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулна. Отоглох цэг нь үнэ төлбөргүй бөгөөд иргэн, аялагч нь өөртөө үйлчилнэ.
2.5. Иргэн, аялагчид зөвхөн хөтөчтэй, батлагдсан маршрутын дагуу аялана.
2.6. Өдөрт аялах аялагчид болон морины тоо, хөтөчийг хамгаалалтын захиргаанаас баталсан хуваарийн дагуу явуулна. Өдрийн явган аялал нь зуны цагт өглөө 9:00 цаг, өвлийн цагт өглөө 7:00 цагт, морин аялал нь зуны цагт 11:00 цаг, өвлийн цагт 9:00 цагт багтаж эхлэн 20:00 цагт дуусгахаар зохион байгуулна.
2.7. Бурхан Халдун хайрханы аялалын маршрутыг зуны улиралд 06 дугаар сарын 10-наас 09–р сарын 20-ны хооронд, өвлийн улиралд 11-р сарын 10-нээс 03-р сарын 20-ны хооронд аялна. Хавар, намрын хуурайшилтийн үеэр гал түймэр гаргахгүй байх тухай баталгаа гаргаж, хөтөчтэй аялана.
2.8. Иргэн, аялагчид өвлийн улиралд автомашин, ердийн хөсөг болон явганаар, бусад улиралд зөвхөн ердийн хөсөг, явганаар аялана.
2.9.Илүүрийн голын отоглох цэгээс зүүн хойд зүгт 20 км-т орших Тарвагатайн Тэгсгэр уулан дээр Бурхан Халдун хайрханыг ажиглах тоног төхөөрөмж, дуран авиа бүхий цогцолбор байх бөгөөд иргэд, аялагчид уламжлалт зан үйлийг үйлдэнэ.
2.10. Цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд зөвхөн хөтөчийн зааврын дагуу хоноглох газрыг сонгоно.
2.11. Аялагч нь байгаль орчин, түүх соёлын дурсгалыг хамгаалах, үл хөндөх үүрэг хүлээнэ.
2.12. Бурхан Халдун хайрханд цаас, хуванцар саванд боогоогүй хүнс, цагаан идээгээр цацал өргөж болно.
2.13. Бурхан Халдун хайрханы орчим уламжлалт зан үйлийг хийхдээ хамгаалалтын захиргаа, байгаль хамгаалагчид мэдэгдэж, зохих зөвшөөрөл авсан байна.
2.13. Аялалын явцад түүх, соёлын эд өлгийн зүйлс олдсон тохиолдолд Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч, Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад даруй мэдээлнэ.
ГУРАВ. БУРХАН ХАЛДУН ХАЙРХАНЫ
ТӨРИЙН ТАХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАХ
3.1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 4 жил тутам Бурхан Халдун хайрханы төрийн тахилгыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, орон нутгийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа хамтран зохион байгуулна.
3.2. Бурхан Халдун хайрханы төрийн тахилгын ёслолыг Бурхан халдун хайрханы Тэнгэрийн овооны бэлд үйлдэнэ.
3.3. Бурхан Халдун хайрханы тахилгын дэг, хугацааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тогтооно.
3.4. Бурхан Халдун хайрханы төрийн тахилгад оролцох хүмүүсийн нэрсийн жагсаалт, зочдын тээврийн хэрэгслийн жагсаалтыг Төрийн ёслолын алба батлах бөгөөд зөвхөн Төрийн ёслолын албанаас ирүүлсэн жагсаалтын дагуу нэвтрүүлнэ.
3.5. Бурхан Халдун хайрханы тайлгын наадмыг тусгай хамгалалттай газрын гадна талд зохион байгуулна.
ДӨРӨВ. ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ ҮҮРЭГ
4.1. Хамгаалалтын захиргаа нь батлагдсан маршрутын дагуу отоглох, хоноглох болон түр амрах цэгүүд, замын тэмдэг, тэмдэглэгээг бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран стандартын дагуу хийж тохижуулна.
4.2. Хамгаалалтын захиргаа нь Бурхан Халдун хайрханы хамгаалалтын горим, дэглэмийг сахиулан, гадаад, дотоодын аялагч, амрагчдыг Бурхан Халдун хайрханы талаарх танилцуулга, гарын авлага, материалаар хангах, мэдээллийн төвөөр үйлчлэх.
4.3. Отоглох, хоноглох болон түр амрах цэгүүдийн хог хаягдлын менежментийг нутгийн иргэдийн нөхөрлөлтэй хамтран зохион байгуулна.
4.4. Хориудын постоос Тарвагатайн Тэгсгэр уул хүртэл маршрутын дагуу ердийн хөсгөөр аялагчдад хөтөчөөр аялуулна.
ТАВ. АЯЛАЛЫН ЭРҮҮЛ АХУЙ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА
5.1. Батлагдсан маршрутын дагуу аялахад дараахь эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны дэглэмийг мөрдөнө.
5.2. Аялагч бүр Хориудын постоос аялалд гарахын өмнө “Байгальд үл шингэх хог хаягдал, дахиварын мэдүүлэг”-ийг хоёр хувь бөглөх бөгөөд нэг хувийг нэвтрэх цэгт үлдээж, нөгөө хувийг аялалын туршид биедээ авч явна.
5.3. Мэдүүлгийн үнэн зөв байдлыг хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч, эргүүл, идэвхтэн байгаль хамгаалагч аялалын туршид хяналт тавьна.
5.4. Аялалын явцад гарсан байгальд үл шингэх хог хаягдлыг аялагч байгальд үлдээлгүйгээр хог хаягдал, дахивараар ялган зориулалтын хогийн дээр буцаан авч явна.
5.5. Маршрутын дагуу аялагчид аялалын туршид үүргэвчиндээ дараахь эд зүйлсийг заавал авч явна.
5.6.1.шүдэнз;
5.6.2.цаас;
5.6.3.цэвэр ус;
5.6.4.эмийн сан;
5.6.5.хуурай хүнс;
5.6.6.гэрэлтүүлэгч /гар чийдэн/;
5.6.7.дохио өгөх хэрэгсэл;
5.6.8.хуурай хувцас;
5.6.9.борооны цув, нөмрөг;
ЗУРГАА. ХОРИГЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
6.1. Бурхан Халдун хайрханд аялах үед дараах үйл ажиллагааг хориглоно:
6.1.1. “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” Монгол улсын хууль болон тухайн газрын хамгаалалтын нийтлэг горим, байгаль хамгаалах бусад хууль тогтоомжийг зөрчсөн үйл ажиллагаа явуулах;
6.1.2. Бурхан Халдун хайрханы үзэгдэх орчныг халхалсан, түүний сүр бараа дарах, салхинд хийсч унах, хог хаягдал үүсгэж болзошгүй шон, самбар байрлуулах, туг далбаа хатгах, хадаг уях, овоо босгох;
6.1.3. цаг агаарын хүндрэлтэй үед /гол үертэй, үргэлжилсэн бороотой, хүчтэй салхи, шуургатай/ Бурхан Халдун хайрханд аялах;
6.1.4. Аялалын явцад хөтөчийн зааврыг үл хүндэтгэж зорчих;
6.1.5.Тогтоосон зам чиглэл, амрах, отоглох цэгийг дур мэдэн өөрчлөх, тогтоосноос бусад газарт ил задгай гал түлэх болон үнс нурмаа унтраахгүй орхих;
6.1.6. ан амьтныг үргээх;
6.1.7. ургаа мод, хад, чулуу, булаг, шанд, гол усны эхэнд хадаг самбай уях;
6.1.8. зөвшөөрөлгүйгээр байгалийн дагалт баялаг ашиглах, хөрс, ус болон байгалийн баялгаас дээж авах;
6.1.9. түүх соёлын дурсгалт зүйлсийг гэмтээх, байрнаас нь хөдөлгөх, устгах;
6.1.10. хуурай хог хаягдлыг ил задгай хаяж хөрс, ургамал, агаарыг бохирдуулах болон байгаль орчны тэнцвэрт байдалд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулах;
6.1.11.тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч, төрийн тусгай албаны албан хаагчдаас бусад хүн галт зэвсэг биедээ авч явах;
6.1.12. аялалын явцад гол горхийг бохирдуулах, усанд хоол хүнс, органик материал, хог хаягдал, химийн болон ариун цэврийн бодис оруулах, зэрлэг ан амьтан татахуйц хурц үнэртэй хоол, хүнс хэрэглэх;
6.1.13. аялалын явцад ургаа мод хугалах, огтлох, хөрөөдөх, цэцэг түүх, ургамлын үндэс ухах, зөвшөөрөлгүй самар, жимс, мөөг түүх, зөвшөөрөгдөөгүй цэгт гал түлэх, галын наадам хийх, шувууны үүрт сүүдрээ тусгах, зэрлэг ан амьтан, жигүүртэн, загас жараахайг хооллох;
6.1.14. мод, хад чулуу, байгууламж дээр бичих, сараачих, зураг зурах, байгалийн унаган өнгө төрхийг алдагдуулах;
6.1.15. металл хайгч, судалгааны, хайгуулын багаж, тоног төхөөрөмж авч явах;
6.1.16. зөвшөөрөлгүй судалгаа, шинжилгээний ажил хийх, зураг авах, бичлэг хийх;
6.1.17. тасалбаргүй зорчих;
6.1.18. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.8-д заасны дагуу хамгаалалтын захиргаанаас урьдчилан авсан зөвшөөрөлгүйгээр нислэг үйлдэх;
6.1.19. энэ журмын 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаас бусад байгууламж барих,
6.1.20. хуульд заасан бусад хориглосон үйл ажиллагаа;
ДОЛОО. БУСАД ЗҮЙЛ
7.1. Энэхүү журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцно.
7.2. Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагч нь энэхүү журмын хэрэгжилтэд хуульд заасан эрх, үүргийн дагуу хяналт тавьж ажиллана.
---000---
Текст томруулах
A
A
A