A

A

A

Бүлэг: 1979


Засгийн газрын 2014 оны 52 дугаар
                                                                               тогтоолын хавсралт

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ
БАЙГУУЛАХ ЖУРАМ

 

1. Нийтлэг үндэслэл

 

1.1. Энэхүү журмын зорилго нь Засгийн газар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсад 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хөрөнгө оруулагч болон тогтворжуулах гэрчилгээ аваагүй хөрөнгө оруулагч хуулийн этгээдтэй Хөрөнгө оруулалтын тухай хууль болон бусад хууль, журмын хүрээнд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

1.2. Энэхүү журам нь Хөрөнгө оруулалтын тухай болон Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан хөрөнгө оруулагчид хамаарна.


1.3. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7-д заасан цөмийн энергийн салбарт хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад болон Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.4, 5.5 дахь хэсэгт заасан орд ашиглах гэрээ, Газрын тосны тухай хуулийн дагуу бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахад энэхүү журам хамаарахгүй.

 

2. Хөрөнгө оруулалтын гэрээ
байгуулах хүсэлт гаргах

 

2.1. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 болон 20.5-д заасны дагуу 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагч хуулийн этгээд нь Хөрөнгө оруулалтын тухай хууль болон энэхүү журмын дагуу хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлтээ хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд хүсэлтэд дор дурдсан баримт бичгийг хавсаргасан байна:

 

        2.1.1. тогтвортой ажлын байр бий болгох талаархи мэдээлэл;
        2.1.2. дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх талаархи мэдээлэл;
        2.1.3. хүсэлт гаргагч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчид, үйл ажиллагаа болон өмнө хэрэгжүүлсэн төслийн талаархи мэдээлэл;
        2.1.4. хүсэлт гаргагч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон хуульд заасан тохиолдолд эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, бусад эрхийн гэрчилгээ болон тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч бол уг гэрчилгээний хуулбарыг тус тус;
      2.1.5. хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь 500 тэрбум төгрөг буюу түүнээс дээш хэмжээнд хүрэхээр байгаа бөгөөд төслийн үйл ажиллагаа хамаарах салбарын төрийн захиргааны төв байгууллага эсхүл түүний дэргэдэх шинжлэх ухаан, техникийн зөвлөлөөр баталгаажсан техник, эдийн засгийн үндэслэл;                 

       2.1.6. хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу зөвшөөрөл авах шаардлагатай бол авсан зөвшөөрлийн хуулбар;       
       2.1.7. байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайлан.

 

2.2. Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэхүү журмын 2.1-д заасан хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлтийг хүлээн авч хянана.

 

2.3. Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хүсэлтийг хянах явцдаа хөрөнгө оруулагч хуулийн этгээдээс энэхүү журмын 2.1-д зааснаас бусад шаардлагатай бичиг баримтыг нэмж авч болно.

 

2.4. Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дор дурдсан үндэслэлээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээ хийхээс татгалзаж болно:

      2.4.1. хөрөнгө оруулагчийн аливаа үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын шинж чанар нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд харшилсан;

          2.4.2. хөрөнгө оруулалт нь үр ашиггүй, Монгол Улсын төсөв, санхүүгийн орлого, бодлогод сөрөг нөлөөлөл үзүүлэх бол;

          2.4.3. хөрөнгө оруулагчийн оруулах хөрөнгө оруулалтын дүн нь 500 тэрбум төгрөгт хүрэхгүй болох нь техник, эдийн засгийн үндэслэлд заасан тооцоолол болон санхүүгийн баримтаар тогтоогдсон;

          2.4.4. хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан зөвшөөрлийг авах шаардлагатай хуулийн этгээд уг зөвшөөрлийг аваагүй;

          2.4.5. хөрөнгө оруулалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан шалгуурыг хангаагүй болох нь тогтоогдсон;

          2.4.6. хөрөнгө оруулагчийн аливаа үйл ажиллагаа, хөрөнгө оруулах төсөл, хөтөлбөр нь байгаль орчинд их хэмжээний хохирол учруулахаар бол.

 

2.5. Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэхүү журмын 2.4-т заасан нөхцөл үүссэн эсэхийг нягтлах явцдаа холбогдох байгууллагын санал, дүгнэлтийг авна.

 

2.6. Энэхүү журмын 2.4-т заасан хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээ хийхээс татгалзах үндэслэл тогтоогдсон нөхцөлд хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүсэлт гаргагч хуулийн этгээдэд бичгээр хариу өгнө.

/ЗГ-ын 2015-6-22-ны өдрийн 255-р тогтоолоор 2.1-2.6 дахь хэсгийн заалтад өөрчлөлт орсон/

 

3. Хэлэлцээ хийх, гэрээ байгуулах

 

3.1. Энэхүү журмын 2.4-т заасан татгалзах үндэслэл тогтоогдоогүй нөхцөлд хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хүсэлт гаргагч хуулийн этгээдийг хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээнд урина. /ЗГ-ын 2015-6-22-ны өдрийн 255-р тогтоолоор өөрчлөлт орсон/

 

3.2. Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хүсэлт гаргагч хуулийн этгээдтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээг хийх ажлын хэсгийг шаардлагатай гэж үзвэл байгуулна. Ажлын хэсэгт тухайн салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн эсхүл түүний томилсон эрх бүхий этгээдийг оролцуулах бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар батална. /ЗГ-ын 2015-6-22-ны өдрийн 255-р тогтоолоор өөрчлөлт орсон/

 

3.3. Ажлын хэсэг нь хэлэлцээ хийх явцдаа мэргэжлийн эрдэмтэн, шинжээчдээс бүрдсэн хөндлөнгийн зөвлөх үйлчилгээг авч болох бөгөөд холбогдох зардлыг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухай бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлэнэ.

 

3.4. Энэхүү журмын 3.2-т заасан ажлын хэсэг нь тухайн үед мөрдөгдөж байгаа хууль, журмын хүрээнд хэлэлцээ хийж, хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хүсэлт гаргагч хуулийн этгээдтэй тохиролцоно.

 

3.5. Ажлын хэсгийн ахлагч эсхүл хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын холбогдох албан тушаалтан хэлэлцээний явцын талаар хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тогтмол мэдээлэх үүрэгтэй. /ЗГ-ын 2015-6-22-ны өдрийн 255-р тогтоолоор өөрчлөлт орсон/

 

3.6. Талууд хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцээний үр дүнд харилцан бүрэн тохиролцсоны дараа хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна.

 

3.7. Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг дэмжсэн тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, холбогдох журмын дагуу асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

 

3.8. Засгийн газар тухайн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах эсэх талаар холбогдох хууль, журмын дагуу тогтоол гаргана.

 

3.9. Засгийн газар тухайн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг дэмжсэн тохиолдолд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар эрх олгосон Засгийн газрын гишүүн гарын үсэг зурах эрх авч, хүсэлт гаргагч хуулийн этгээдтэй хөрөнгө оруулалтын гэрээг байгуулна. /ЗГ-ын 2015-6-22-ны өдрийн 255-р тогтоолоор өөрчлөлт орсон/

 

4. Гэрээний агуулга

 

4.1. Хөрөнгө оруулалтын гэрээг бичгээр монгол, англи хэл дээр байгуулах бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээнд доор дурдсан зүйлийг тусгана.

 

      4.1.1. хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хууль, эрх зүйн үндэслэл;

     4.1.2. хөрөнгө оруулалтын гэрээний талууд, тэдгээрийн хувьцаа эзэмших хувь, хэмжээ;     

   4.1.3. хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулалтын төслийг хуулийн этгээдийн нэгдэл, түншлэлийн бүтэцтэйгээр эсхүл харилцан хамаарал бүхий хуулийн этгээдийн хамт хэрэгжүүлэх бол хөрөнгө оруулалтын гэрээний зохицуулалтад хамаарах хуулийн этгээдийн оноосон нэр, улсын бүртгэлийн болон татвар төлөгчийн гэрчилгээний дугаар;

      4.1.4. хөрөнгө оруулалтын зорилго, үндсэн үйл ажиллагаа;

      4.1.5. хөрөнгө оруулалтын хэмжээ, эх үүсвэр;

      4.1.6. хөрөнгө оруулах хугацаа, үе шат;

      4.1.7. хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа;

      4.1.8. Хөрөнгө оруулалтын хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т заасны дагуу татварын орчныг тогтворжуулах, зохицуулалтын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөл;

      4.1.9. гэрээг үндэслэн байгуулж байгаа төслийн техник, эдийн засгийн үндэслэл, түүнд өөрчлөлт орох тохиолдолд гэрээг хэрхэн дахин авч үзэх;

      4.1.10. хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх байдал, сөрөг нөлөөллийг арилгах, бууруулах арга зам, шийдлийн талаар;

      4.1.11. бусад үйлдвэрлэл, үйлчилгээнд үзүүлэх нөлөөлөл;

      4.1.12. бүс нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр;

      4.1.13. хөдөлмөрийн харилцааны талаархи хууль тогтоомжийг мөрдөх, шинэ ажлын байр бий болгох, боловсон хүчнийг бэлтгэх тухай;

      4.1.14. дэд бүтцийн асуудал, хот тосгон, нийгэм, соёлын асуудлыг хэрхэн шийдэх талаар;

      4.1.15. Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүдэд бизнесийн боломж бий болгох эсэх;

      4.1.16. хөрөнгө оруулагчийн үндсэн үйл ажиллагааны явцад үйлдвэрлэх, боловсруулах, борлуулах бүтээгдэхүүний хэмжээ, үнэ ханшийн талаар;

      4.1.17. давагдашгүй хүчин зүйлийн тохиолдолд авах арга хэмжээ;

      4.1.18. Засгийн газрын эрх, хүлээх үүрэг;

      4.1.19. хөрөнгө оруулагч хуулийн этгээдийн эрх, хүлээх үүрэг;

      4.1.20. хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл;

      4.1.21. гэрээг хүчингүй болгох, гэрээ дуусгавар болох үндэслэл;

      4.1.22. маргаан шийдвэрлэх;

      4.1.23. талууд гэрээний хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих;

     4.1.24. хөрөнгө оруулагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хөрөнгө оруулалт хуулиар тогтоосон хэмжээнд хүрээгүй тохиолдолд хөрөнгө оруулагчид үзүүлсэн татварын дэмжлэг болон тогтворжуулалтыг хүчингүйд тооцож, гэрээний хүрээнд эдлүүлсэн татварын дүнг нэхэмжлэх талаар;

      4.1.25. талууд харилцан тохиролцсон бусад нөхцөлүүд.

4.2. Гэрээг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудад нийцүүлэн байгуулна.

 

5. Гэрээний хэрэгжилтэд хяналт тавих

 

5.1. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагч хуулийн этгээд нь Хөрөнгө оруулалтын тухай хууль болон хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, төслийн хэрэгжилтийн талаархи тайлангаа дараа жилийн 1 дүгээр улиралд багтаан хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй. /ЗГ-ын 2015-6-22-ны өдрийн 255-р тогтоолоор өөрчлөлт орсон/

 

5.2. Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавих бөгөөд шаардлагатай тохиолдолд салбарын болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж болно. /ЗГ-ын 2015-6-22-ны өдрийн 255-р тогтоолоор өөрчлөлт орсон/

 

5.3. Хөрөнгө оруулалтын гэрээний явцад үүссэн зөрчил, дутагдлын талаар хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд шуурхай мэдэгдэж зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч ажиллана. /ЗГ-ын 2015-6-22-ны өдрийн 255-р тогтоолоор өөрчлөлт орсон/

 

5.4. Хөрөнгө оруулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг түдгэлзүүлэх, цуцлах эрх нь Засгийн газарт байна.

 

5.5. Хөрөнгө оруулалтын гэрээний харилцаанаас үүсэх маргааныг Монгол Улсын хууль болон тухайн гэрээнд заасны дагуу шийдвэрлэнэ.

 

6. Бусад

 

6.1. Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хөрөнгө оруулагч этгээдтэй байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний талаархи мэдээллийг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын 5 өдөрт багтаан мэдэгдэнэ. /ЗГ-ын 2015-6-22-ны өдрийн 255-р тогтоолоор өөрчлөлт орсон/

 

 

 


------oOo-----