- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БООМТЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Засгийн газрын 2014 оны 44 дүгээр
тогтоолын 2 дугаар хавсралт
БООМТЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
1. Нийтлэг үндэслэл
1.1. Хилийн боомтын хөгжлийн талаар баримтлах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, Хилийн боомтын тухай хуулийн 17.2-т заасан байгууллагуудын хамтын ажиллагааг хангаж ажиллах үүрэг бүхий орон тооны бус Боомтын үндэсний зөвлөл (цаашид Үндэсний зөвлөл гэх)-ийн үйл ажиллагааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.
1.2. Үндэсний зөвлөл нь үйл ажиллагаандаа Хилийн боомтын тухай хууль болон бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг удирдлага болгон ажиллана.
1.3. Үндэсний зөвлөл ажлаа Засгийн газрын өмнө тайлагнана.
2. Бүрэлдэхүүн, зохион байгуулалт
2.1. Үндэсний зөвлөл нь Хилийн боомтын тухай хуулийн 17.2-т заасан хууль зүй, сангийн, гадаад харилцааны, эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах байгууллага, худалдаа аж үйлдвэрийн танхим, логистикийн холбооны төлөөллөөс бүрдэнэ.
2.2. Үндэсний зөвлөлийн дарга нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байна.
2.3. Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Боомтын нэгдсэн захиргааны дарга байна. Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга хуралд саналын эрхгүй оролцоно.
2.4. Үндэсний зөвлөлийн ажлын албаны үүргийг Боомтын нэгдсэн захиргаа гүйцэтгэнэ.
3. Үндэсний зөвлөлийн бүрэн эрх
3.1. Үндэсний зөвлөл нь Хилийн боомтын тухай хуулийн 17.4, 17.5-д заасан болон энэхүү дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулах;
3.2. Боомт нээх, хаах, шинээр байгуулах, өргөтгөх, боомтыг хөгжүүлэх, боомтын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх талаар нэгдсэн бодлого боловсруулах;
3.3. Боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах байгууллагын ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, боомтын үйл ажиллагааг сайжруулах талаар зөвлөмж гаргах;
3.4. Боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудлын талаар бодлого боловсруулах;
3.5. Боомтын захиргааны өмч, хөрөнгийн ашиглалт, зарцуулалтын талаар холбогдох зөвлөмж гаргах;
3.6. Боомтын нэгдсэн захиргаанаас боловсруулсан боомтыг хөгжүүлэх, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэлэлцэн баталж, үйл ажиллагааны тайланг хэлэлцэх;
3.7. Боомтод мөрдөх нийтлэг журам батлах;
3.8. Боомтын талаарх хууль тогтоомжийн биелэлт, гаргасан шийдвэр, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих;
3.9. Боомтын хяналт шалгалтын дарааллыг тогтоох;
3.10. Боомтын нэгдсэн захиргааны дарга томилох асуудлыг судалж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад танилцуулж шийдвэрлүүлэх;
3.11. Хэлэлцсэн асуудлаараа Засгийн газраас шийдвэр гаргуулах;
3.12. Боомтын нэгдсэн захиргааны дүрэм батлах;
3.13. Үндэсний зөвлөлөөс гаргасан шийдвэр, зөвлөмж, дүгнэлтийн хэрэгжилтийн талаархи Боомтын нэгдсэн захиргааны тайланг хэлэлцэх;
3.14. Боомтын нэгдсэн захиргааны үйл ажиллагааны зорилго, чиг үүрэгт хамаарах асуудлыг шийдвэрлэх;
3.15. Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
4. Үндэсний зөвлөлийн хуралдааны шийдвэр,
түүнийг хэрэгжүүлэх
4.1. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан бөгөөд хуралдааныг гишүүдийн ердийн олонх нь оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцно.
4.2. Зөвлөлийн хуралдааныг Үндэсний зөвлөлийн даргын эзгүйд түүний эрх олгосон Засгийн газрын аль нэг гишүүн удирдаж болно.
4.3. Үндэсний зөвлөл улиралд нэгээс доошгүй удаа хуралдана.
4.4. Хуралдааны товыг хуралдаан болохоос ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд мэдэгдэж, хэлэлцэх асуудлын жагсаалт, холбогдох бичиг баримтын төсөл, тооцоо, судалгаа болон шаардлагатай бусад материалыг хүргүүлэх, хурлын тэмдэглэлийг хөтлөх, албажуулах ба уг ажлыг Үндэсний зөвлөлийн Ажлын алба (Боомтын нэгдсэн захиргаа) хариуцна.
4.5. Хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд биеэр оролцох боломжгүй 3-аас дээшгүй гишүүн хуралдаан эхлэхээс ажлын 1-ээс доошгүй хоногийн өмнө саналаа бичгээр хүргүүлж болно. Эсхүл сайд болон газрын даргын эзгүйд дэд сайд болон газрын дэд дарга орлон хуралд оролцож болно.
4.6. Хуралдааны шийдвэрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналыг үндэслэж гаргана.
4.7. Шаардлагатай тохиолдолд Үндэсний зөвлөлийн хуралдаанд хэлэлцэх асуудалтай холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно.
4.8. Үндэсний зөвлөлийн хуралдаанаас бүрэн эрхийнхээ хүрээнд санал, дүгнэлт, зөвлөмж, тогтоол гаргаж, шаардлагатай асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэр гаргуулна.
4.9. Үндэсний зөвлөл нь тогтоосон журмын дагуу хийсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A