A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2014 оны 40 дүгээр
                                                                               тогтоолын 1 дүгээр хавсралт

 


ОЮУТАН-ЦЭРЭГ ХӨТӨЛБӨР

 

1. Нийтлэг үндэслэл

 

Зэвсэгт хүчнийг 1990-ээд оноос цомхотгож, хугацаат цэргийн алба хаагчийн тоо цөөрсөн, хуулийн дагуу их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн албанаас чөлөөлж байгаагаас иргэн бүр “Монгол Улсын Үндсэн хууль”-аар хүлээсэн “эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үүргээ биелүүлж чадахгүй байна.

 

Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэрэгт мөрдөж байгаа өнөөгийн орон тоогоор жил тутам цэргийн насанд (18) хүрч байгаа нийт залуусын 30 хувийг л хугацаат цэргийн албанд татах боломжтой.

 

Ийм нөхцөл байдал 20 гаруй жил үргэлжилснээр цэргийн зохих бэлтгэлтэй Зэвсэгт хүчний дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний хомсдолд орж, улс орны батлан хамгаалах чадавхийг сулруулаад зогсохгүй залуусын эх оронч хүмүүжил, төлөвшил, эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд сөргөөр нөлөөлж байгаагаас гадна Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ албанд ажиллах нөхцөлийг хязгаарлаж байна.

 

Цэргийн насны залуусын цэргийн алба хаах хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд төрөөс анхаарал хандуулах шаардлага гарч байна. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Цэргийн алба хаагчдыг нөхөн хангах бодлогыг шинэчлэн, холимог тогтолцоог төлөвшүүлж, иргэдийн цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийх” зорилтыг тусгасан ба Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлиг гарсан нь энэхүү хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болж байна.

 

2. Хөтөлбөрийн зорилго, зорилт

 

2.1. Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орныг батлан хамгаалах чадавхийг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

 

2.2. Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлж байна:

 

       2.2.1. Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь сайн дурын үндсэн дээр цэргийн алба хаах эрх зүйн орчинг бүрдүүлэх;


       2.2.2. оюутнуудыг суралцах хугацаанд нь сайн дурын үндсэн дээр сонгон суралцахаар цэргийн алба хаах, цэргийн бэлтгэл сургалтад хамруулах;

     2.2.3. хөтөлбөрийг хэрэгжүүлэх цэргийн сургалтын төвийг Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах их сургуулийн сургалтын материаллаг баазыг түшиглэн байгуулах.

 

3. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

 

3.1. Хөтөлбөрийн 1 дүгээр зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

     3.1.1. Монгол улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах;

     3.1.2. их, дээд сургуулийн оюутан залуусыг суралцах хугацаанд нь цэргийн алба хаалгах журам боловсруулан батлах;

     3.1.3. “Оюутан-цэрэг хөтөлбөр”-т зориулсан цэргийн алба, сургалтыг зохион байгуулах заавар боловсруулан гаргах.

 

3.2. Хөтөлбөрийн 2 дугаар зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

     3.2.1. “Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийн цэргийн сургалтын тусгай хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж батлуулах;

     3.2.2. их, дээд сургуулиудтай хамтран сайн дурын үндсэн дээр цэргийн алба хаах сонирхолтой оюутнуудад “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлийг (2 кредит, 96 цаг) сонгон суралцуулах;

     3.2.3. уг хөтөлбөрийн 3.2.2-т заасан шаардлагыг хангасан оюутан залуусыг цэргийн тусгай бэлтгэл сургалтад (12 кредит, 560 цаг) хамруулж, дайчилгааны нөөцийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэж, хугацаат цэргийн албыг хаасанд тооцох.

 

3.3. Хөтөлбөрийн 3 дугаар зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

      3.3.1. хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын орчин, материалаг баазыг  бүрдүүлэхэд шаардлагатай төсөв, хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх;

     3.3.2. сургалтын төвийн байр, анги, танхимуудын барилгын ажлыг дуусгаж, цэргийн сургалт явуулах нөхцөлийг бүрдүүлж, жилийн турш тасралтгүй сургалт явуулах нөхцөлийг бүрдүүлэх.

 

4. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт

 

4.1. Зэвсэгт хүчний жанжин штаб болон Батлан хамгаалах их сургууль нь “Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлыг хариуцаж, сургалт, зохион байгуулалт, материаллаг баазаар хангана.

 

4.2. Батлан хамгаалахын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь “Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц, үр дүнд тогтмол хяналт тавьж, удирдлагаар хангаж ажиллана.

 

4.3. “Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй ажлын явцын талаар жил бүрийн 12 дугаар сард багтаан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид илтгэж, олон нийтэд мэдээлэл хийх ажлыг Батлан хамгаалах асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн хариуцна.

 

4.4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг улсын төсвөөс бүрдүүлнэ.

 

5. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарах үр дүн

 

5.1. Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнууд суралцах хугацаандаа цэргийн алба хаах хууль, эрх зүйн орчин бүрдсэн байна.

 

5.2. Оюутнууд цэргийн алба хаах болсноор Зэвсэгт хүчний дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөц нэмэгдэж, улс орны батлан хамгаалах чадавх сайжирч, их, дээд сургуулийн төгсөгчид төрийн албанд орох нөхцөл бүрдэнэ.

 

5.3. Оюутан залуус их, дээд сургуульд суралцах хугацаандаа цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн тусгай бэлтгэл сургалтад хамрагдах замаар цэргийн жинхэнэ албыг биеэр хаах боломж бүрдэнэ.

 

5.4. Цэрэг эх оронч хүмүүжил, төлөвшилтэй, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй иргэдийн тоо нэмэгдэнэ.

 

 

 

--- о0о ---