A

A

A

Бүлэг: 1979

/ХСУХАТАҮЗЗ-ийн 2019 оны 09 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/

                                              

      Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын
      ашиглалт, үйлчилгээг  зохицуулах зөвлөлийн                           
   2013 оны 10 дугаар сарын 25 -ны өдрийн 36 тоот
      тогтоолын хавсралт


Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд
хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журам

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Барилга, байгууламжийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбох техникийн нөхцөл  /цаашид техникийн нөхцөл гэх/ олгох журам нь Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль[1] -ийн 10 дугаар зүйлийн 10.1.9 дэх заалт, 11 дүгээр зүйл, Монгол Улсын стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль[2]-ийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасны дагуу батлагдсан стандартыг удирдлага болгон техникийн нөхцөл олгох ажлыг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2. Энэхүү журмын зорилго нь барилга байгууламжийг ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбох, техникийн нөхцөл авахаар хүсэлт гаргасан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд чирэгдэл, сааталгүй түргэн шуурхай үйлчлэхэд оршино.
1.3. Техникийн нөхцөл олгох зөвлөл /Цаашид зөвлөл гэх/  нь ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд Хэрэглэгч /Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13 дах заалт/-ийн хүсэлтийг үндэслэн Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасны дагуу батлуулсан стандартын дагуу техникийн нөхцөл олгох, өөрчлөх, хүчингүй болгох чиг үүрэгтэй байна.
1.4 . Техникийн нөхцөл олгох зөвлөл нь дараах бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:
1.4.1 Нийслэл хотод:
1.4.1.1 Зөвлөлийн дарга нь Хангагч /Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14/ байгууллагын дарга ба нарийн бичгийн даргаар Хангагч байгууллагын техникийн нөхцлийн инженер байна.
1.4.1.2 Бусад гишүүд нь тухайн нийслэлийн Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс болон Ерөнхий төлөвлөгөөний газрын холбогдох мэргэжилтнүүд, ОСНААУГ-ын холбогдох албан тушаалтан, хангагч байгууллагын ерөнхий инженер, горимын инженер зэрэг 5 эсвэл 7 хүний бүрэлдэхүүнтэй байна.
1.4.2 Аймаг, орон нутагт:
1.4.2.1 Зөвлөлийн дарга нь хангагч байгууллагын дарга ба нарийн бичгийн даргаар хангагч байгууллагын ерөнхий инженер байна.
1.4.2.2  Бусад гишүүд нь тухайн орон нутгийн Засаг даргын тамгийн газрын дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн зэрэг 3 эсвэл 5 хүний бүрэлдэхүүнтэй байна.
1.5. Зөвлөлийн шийдвэрээр техникийн нөхцлийг Монгол Улсын стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасны дагуу батлагдсан “Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл” үндэсний стандартад заасан маягтын дагуу олгоно.

Хоёр. Зөвлөлийн эрх үүрэг

2.1.  Зөвлөлийн эрх
2.1.1 Техникийн нөхцөл олгох талаар гаргасан хууль, тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулж, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх.
2.1.2 Техникийн нөхцөл олгох үйл ажиллагаанд оролцогч байгууллага, хувь хүмүүст тодорхой асуудлаар зөвөлгөө өгөх, шаардлага тавих.
2.1.3 Зөвлөл нь хот, суурины ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, байршлын зураг, тухайн орон нутаг, нийслэлийн Засаг Даргын газар олголтын захирамж, хот, суурины ус хангамж, ариутгах татуургын сүлжээний хүчин чадлыг үндэслэн техникийн нөхцөл олгох.
2.1.4 Техникийн нөхцөл олгох асуудлаар шаардлагатай мэдээ, судалгааг  холбогдох байгууллага, хувь хүнээс гаргуулж авах.
2.1.5 Хангагч байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалах зардлаас бусад Техникийн нөхцөл олгох үйл ажиллагаатай холбоотой зардлыг хэрэглэгчдээс гаргуулах.
2.1.6 Техникийн нөхцөлд тусгагдсан шаардлагыг зөрчсөн, хүчинтэй байх хугацаа дуусахад холболтын ажлыг хийж гүйцэтгээгүй эсвэл тухайн хэрэглэгчийн хэрэглээний горим болон инженерийн байгууламжид өөрчлөлт ороход хэрэглэгч нь хангагч байгууллагад албан ёсоор мэдэгдээгүй, анхны техникийн нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулах, сунгуулах буюу шинээр техникийн нөхцөл аваагүй бол техникийн нөхцөлийг хүчингүй болгоно. 
2.1.7 Үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон бусад эрх.

2.2.  Зөвлөлийн үүрэг
2.2.1 Техникийн нөхцөл олгох, цуцлах, өөрчлөх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах.
2.2.2  Зөвлөл нь техникийн нөхцөл олгохдоо “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай“ хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу захиалагч буюу хэрэглэгчдэд зохих шаардлагыг тавина.
2.2.3 Техникийн нөхцөл олгох үйл ажиллагаатай холбогдож гарсан өргөдөл, гомдлыг ажлын 10 хоногийн хугацаанд багтаан хянаж, шийдвэрлэх
2.2.4 Техникийн нөхцөл олгох талаар иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэн шийдвэрт санал зөрөлдсөн, маргаан үүссэн бол асуудлыг Зохицуулах зөвлөлд тавьж шийдвэрлүүлэх. 
2.2.5 Техникийн нөхцөл олгох үйл ажиллагаатай холбоотой хууль, тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэх ажил зохион байгуулах.
2.2.6 Үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон бусад үүрэг.

Гурав. Зөвлөлийн үйл ажиллагаа

3.1. Зөвлөл сард хоёроос доошгүй удаа хуралдах ба ээлжит бус хурлыг зөвлөлийн дарга зарлан хуралдуулна. Хуралд шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийг оролцуулж болно.
3.2. Гишүүдийн дийлэнх олонхи нь хүрэлцэн ирснээр зөвлөлийн хурлыг явуулна. Хүндэтгэх шалтгаангүйгээр хуралд оролцоогүй гишүүдийн саналыг татгалзаагүйд тооцно.
3.3. Зөвлөлийн дарга хуралд оролцоогүй нөхцөлд хурлыг хангагч байгууллагын ерөнхий инженер удирдан явуулна.
3.4. Техникийн зөвлөлийн нарийн бичгийн дарга нь хуралд орох материалыг хянаж, ажлын 10 хоногийн дотор зөвлөлийн хуралд танилцуулна. Шийдвэрлэх хугацаа нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрмийн 2.2-т заасан хугацаанд багтана.
3.5. Техникийн зөвлөлийн гишүүд тус бүр шийдвэрээ шууд илэрхийлнэ. Зөвлөлийн гишүүдийн олонхийн шийдвэрийг үндэслэн, санал хураасны дүнд хурлын шийдвэрийг эцэслэн гаргана.
3.6. Зөвлөлийн шийдвэр, зөвлөмжийн биелэлтийн явцад зөвлөлийн нарийн бичгийн дарга хяналт тавьж, зөвлөлд илтгэнэ.
3.7. Зөвлөлийн хэлэлцсэн асуудлаар нарийн бичгийн дарга хурлын тэмдэглэл хөтөлж, зөвлөлийн дарга гарын үсэг зурж,  баталгаажуулна. Хурлын тэмдэглэлийн 1 хувийг архивт үлдэх материалд хавсаргана.

                                                                                                                               Дөрөв. Техникийн нөхцөл олгох

4.1. Хэрэглэгч нь хүсэлтээ хангагч байгууллагад гаргана.
4.2. Хүсэлт нь ус хангамж, ариутгах татуургын сүлжээнд холбож өгөхийг хүссэн албан тоот, газар олголтын захирамж, архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг, шинээр холбогдох барилга, байгууламжийн ус хангамж, ариутгах татуургын системийн хүчин чадал, хэрэглэгчийн байрлалын тойм зураг зэргээс бүрдэнэ.
4.3. Зөвлөл нь хурлын шийдвэрээр техникийн нөхцөл олгохдоо  Монгол улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрмийн 2.2-т заасан хугацаанд багтаан хэрэглэгчид олгоно.
4.4. Техникийн нөхцөл нь зөвлөлийн дарга баталж, тухайн нийслэл, орон нутгийн инженерийн байгууламж, дэд бүтэц хариуцсан газар, хэлтсийн эрх бүхий албан тушаалтан зөвшөөрснөөр  хүчин төгөлдөр болно.
4.5. Энэхүү техникийн нөхцөл нь олгосон өдрөөс хойш 2 жилийн хугацаанд  хүчинтэй байна.
4.6. Хангагч байгууллага нь хэрэглэгчийг төслөөр хийгдэх шугамд холбож, хангахаар бол техникийн нөхцөлд хугацааг тодорхой зааж өгнө.
4.7. Техникийн нөхцөлийг 4 хувь үйлдэж холбогдох байгуулагад хүргүүлнэ.

                                     Тав. Ерөнхий шаардлага

5.1. Техникийн нөхцлийг олгохдоо Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангасан байна.
5.2. Техникийн нөхцөл олгохдоо хот, суурины ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, байршлын зураг, тухайн орон нутаг, нийслэлийн засаг даргын газар олголтын захирамж, архитектур төлөвлөлтйн даалгавар, эскиз зураг, захиалагчийн хүсэлт болон бусад бичиг баримтыг үндэслэн одоогийн төслийн хүчин чадалд тооцоо судалгаа хийж, хот, суурины ус хангамжийн горимтой уялдуулна.
5.3.   Барилгын зориулалт өөрчлөгдсөн болон өргөтгөх барилгын техникийн нөхцөл авах хүсэлтийг тухайн орон нутгийн хот, суурины төлөвлөлтийн бодлого хэрэгжүүлэгч байгууллагад хүргүүлж, урьдчилан зөвшилцсөн байна.
5.4. Хэрэв барилга угсралтын явцад зургийн байгууллагын зөвшөөрлөөр инженерийн байгууламжид өөрчлөлт оруулбал хэрэглэгч тэр тухай шийдвэрийг хангагч байгууллагад мэдэгдэж техникийн нөхцөлийг өөрчилнө.
5.5. Эх үүсвэрийн хүчин чадал нь хүрэлцэхгүй бол шугам сүлжээ, усан сан, цэвэрлэх байгууламж өргөтгөх ажлын хэмжээг техникийн нөхцөлд шууд зааж өгнө.
5.6. Техникийн нөхцөл олгогдсоны дараа хэрэглэгч нь ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд барилгыг холбох холболтын ажлыг техникийн нөхцлийн хүчинтэй хугацаанд хийж гүйцэтгээгүй эсвэл тухайн хэрэглэгчийн хэрэглээний горим болон инженерийн байгууламжид өөрчлөлт орвол хэрэглэгч нь хангагч байгууллагад албан ёсоор мэдэгдэх бөгөөд шаардлагтай бол анхны техникийн нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулах, сунгуулах буюу шинээр техникийн нөхцөл авна.
5.7. Хангагч нь техникийн нөхцөл олгосны дараа Хэрэглэгч техникийн нөхцлийн анхны өгөгдлийг дур мэдэн өөрчилж, ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд  холбогдох боломжгүй болгосон бол энэ тухай тухайн хэрэглэгчид албан ёсоор мэдэгдсэнээр ажлыг зогсооно. Хэрэглэгч нь Хангагчийн тавьсан шаардлагын дагуу техникийн нөхцлийн анхны өгөгдлөө өөрчилж, дахин шинээр техникийн нөхцөл авах хүсэлтээ Хангагчид гаргана.
5.8. Техникийн нөхцлийг олгохдоо ус хангамжийн эх үүсвэр, ариутгах татуургын хүчин чадал, нэвтрүүлэх чадварыг дүүрэн ашиглах, усыг хэмнэлттэй бөгөөд зохистой зарцуулж, хэрэглэгчийн хэрэглээг бүрэн хангах, ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгагдсан хэрэглэгчдийг холбох боломж зэргийг судлан, шугам сүлжээний байгууламжийн өртөг зардлыг хямдруулах чиглэлийг баримтална.
5.9. Хангагч болон хот төлөвлөлтийн бодлого хэрэгжүүлэгч байгууллага нь барилгын ажлын зураг төслийг барилгын норм, дүрэм болон стандартад заасан техникийн нөхцлийн дагуу хийгдсэн эсэхийг ажлын 5 хоногт хянаж, шалгана.
5.10. Хангагчаас олгосон техникийн нөхцөл, зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу Хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугамаас бусад  хэрэглэгчийг холбох үйл ажиллагааг Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10 , 15.1.11 дэх заалтын дагуу зохицуулна.

Зургаа. Бусад зүйл

6.1. Энэхүү журмын хэрэгжилтэнд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, нийслэл, орон нутгийн дэд бүтэц, ерөнхий төлөвлөлтийн бодлого хэрэгжүүлэгч байгууллагын эрх бүхий ажилтан, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч тус тусын чиглэлээр хяналт тавина.
6.2. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжын дагуу хариуцлага хүлээлгэнэ.

-------оОо-------
______________________________________________________________________
[1] Хот сууриний ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 41 дугаарт нийтлэгдсэн.
[2] Монгол Улсын стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль-“ Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2003 оны 21 дугаарт нийтлэгдсэн.