- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ, ГЭРЧИЛГЭЭНИЙ ТОДОРХОЙЛОЛТ(Засгийн газрын 2019-1-9-ний өдрийн 5 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Засгийн газрын 1997 оны 51 дүгээр
тогтоолын 1 дүгээр хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ,
ГЭРЧИЛГЭЭНИЙ ТОДОРХОЙЛОЛТ
(Засгийн газрын 2019-1-9-ний өдрийн 5 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
1.Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл
/ЗГ-ын 2014-2-21-ний 48-р тогтоолоор өөрчлөн найруулсан/
Монгол Улсын Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл” нь Монгол төрийн мандан бадралыг бэлгэдсэн гурван хөлт тулгыг хүндэтгэлийн баганат суурин дээр байрлуулсан зохиомж байна.
Энэ нь “Мөнх тэнгэрийн хүчин дор Төр, улс минь оройн дээд очир лугаа бат оршиж, түмэн олон минь үеийн үед энх амгалан мандан бадарч байх болтугай. Энэ үйлсэд Таны оруулсан гавьяа зүтгэлийг мөнхжүүлэх ину” гэсэн Монгол ёсны бэлгэдлийг илтгэнэ.
Төрийн тулганы загвар нь Монголын эртний уламжлалт гурван хөлтэй, мөнгөлөг өнгөтэй байх ба баганат суурийг хар ногоон өнгийн хаш үнэт чулуугаар хийсэн байна.
Тулганы диаметр нь 50 мм, өргөн нь 60 мм байна.
Баганат суурин талууд нь 60 мм, өндөр нь 175 мм байна.
Багана нь 20 мм зузаан, 118 мм өргөн давхар суурьтай ба налуу тал дээр нь 60х15 мм алтан шармал ялтас дээр “Хүндэт …………...........................Танд” “Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл олгов. Он, сар, өдөр” гэсэн бичээс, шагнагдсан хүний овгийн эхний үсэг, нэрийг бичих зай байна.
2. Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлийн гэрчилгээ
/ЗГ-ын 2004 оны 141-р тогтоолоор өөрчлөн найруулсан/
Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлийн гэрчилгээ нь 40х28 см-ийн хэмжээтэй дэлгэмэл хуудсан дээр босоо байрлалтай байх бөгөөд гэрчилгээг жаазанд байрлуулсан байна.
Гэрчилгээний дэлгэмэл хуудсыг тойруулан мөнгөлөг өнгийн түмэн насан хээгээр хүрээлэх бөгөөд хүрээний дотор тал нь бүдэг мөнгөлөг өнгийн түмэн насан хээн дэвсгэртэй байна.
Гэрчилгээний дээд хэсэгт Төрийн сүлд, түүний дор "Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын төрд зүтгэмү" гэсэн Эзэн Богд Чингис хааны алтан гэрэгэний бичээсийг шармал өнгөөр бичнэ.
Түүний доод хэсэгт "МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛИЙН ГЭРЧИЛГЭЭ" гэж шармал өнгөөр бичиж доод талд нь гэрчилгээний дугаарыг бичнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын эцгийн болон өөрийнх нь нэрийн эхний үсгийг дугаарын индекс болгон хэрэглэнэ.
Түүний доор нь шагнагдаж байгаа хүний эцгийн болон өөрийн нэр, юуны учир шагнах болсныг бичих зай байх бөгөөд дараа нь "Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнаж гэрчилгээ олгов. Танд эрүүл энх, аз жаргалыг хүсье." гэсэн үгийг бичнэ. Түүний доод хэсэгт нь Монгол Улсын Ерөнхий сайд гарын үсэг зурахаар албан тушаалын нэр, гарын үсгийн тайллыг бичиж хэвлэсэн байна.
Гэрчилгээний доод хэсэгт Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнагдсан он, сар, өдөр болон Улаанбаатар хот гэж бичнэ.
------оОо------
Текст томруулах
A
A
A