A

A

A

Бүлэг: 1979

Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 01 дүгээр сарын 30-ний
өдрийн А/21 тоот тушаалын нэгдүгээр  хавсралт 


НАСАНД ХҮРЭГЧДИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙГ БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ
 

 

                                                                                                                       Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Биеийн тамир, спортын тухай хуулийн 18.3, 18.4-т заасан сонгон шалгаруулалт явуулах спортын төрөл сонгоход энэхүү журмыг баримтална.
1.2. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн тамирчдыг бүрдүүлэх спортын төрөл, тамирчин, дасгалжуулагчийг сонгон шалгаруулах ажлыг орон тооны бус Зөвлөл /цаашид Зөвлөл гэх/ эрхлэн гүйцэтгэнэ.
1.3. Сонгон шалгаруулалт явуулах бэлтгэл ажлыг яамны харъяа Спортын бэлтгэлийн төв хариуцна.
1.4. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг байгуулахдаа “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн 18.5 дахь заалтын дагуу насанд хүрэгчид, залуучуудын ангилалаар тухайн спортын төрлийн хөгжил, тамирчдын амжилт, олимпийн наадамд оролцсон байдал, олон улсын чансааг үндэслэн Олимпийн циклийн хугацаанд болон тодорхой спортын төрлөөр олон улсын тэмцээнд бэлтгэн оролцуулахаас Олимпийн наадам дуусах хүртэл хугацаанд байгуулна.
1.5. Насанд хүрэгчдийн Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх спортын төрлийг Олимпийн наадам дууссан өдрөөс хойш 90 хоногийн дотор шийдвэрлэнэ.
 

                                                                                                      Хоёр. Зөвлөлийн бүрэлдэхүүн, бүрэн эрх

2.1. Зөвлөлийг яамны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга тэргүүлэх бөгөөд бүрэлдэхүүнд нь Соёл, спорт, аялал жуулчлалын яам, ССАЖЯ-ны харъяа Спортын бэлтгэлийн төв, Монголын үндэсний олимпийн хороо, Монголын паралимпийн хороо, Спортын салбарын эрдэмтэн, судлаачдын төлөөлөл орно.
2.2. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд шийдвэрээ олонхийн саналаар гаргана.
2.3. Зөвлөл нь дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
2.3.1. сонгон шалгаруулалтын шалгалтын даалгавар боловсруулах ажлыг зохион байгуулах,
2.3.2. сонгон шалгаруулалт явуулах газар, хугацааг товлон зарлах,
2.3.3. шалгалтын хэсгийн бүрэлдэхүүнийг батлуулахаар сайдад хүргүүлэх,
2.3.4. насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн тамирчдыг бүрдүүлэх спортын төрөл болон шаардлагыг хангасан этгээдийг тамирчин, дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад оролцуулахаар бүртгэх;
2.3.5. сонгон шалгаруулалтын явцад хяналт тавих
2.3.6. сонгон шалгаруулалтын дүнг мэдээлэх;
2.3.7. сонгон шалгаруулалтад тэнцсэн тамирчин, дасгалжуулагчийн нэрсийг сайдад танилцуулах
2.3.8. сонгон шалгаруулалтын шалгалт нь бичиг баримтын бүрдэлт, дасгалжуулалтын онолын шалгалт, хэлний шалгалт, ярилцлагаас бүрдэнэ.
2.4. Зөвлөл нь зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлаа хуралд оролцож буй гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх бөгөөд гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд хурал даргалагчийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
2.5. Зөвлөл Спортын бэлтгэлийн төв, спортын холбоо, тамирчин, дасгалжуулагчдын гаргасан санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч хуралдаанаар хэлэлцүүлэн үндэсний шигшээ багт шинээр томилох, чөлөөлөх, шилжүүлэх эсэхэд дүгнэлт гаргаж Сайдад танилцуулна.
2.6. Үндэсний шигшээ багийн тамирчин сонгон шалгаруулах журмын  5 дугаар зүйл, насанд хүрэгчдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журмын 5 дугаар зүйлийг баримтлан  Сонгон шалгаруулах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг үндэслэн Сайд чөлөөлөх шийдвэрийг гарган Спортын бэлтгэлийн төвийн захиралд гэрээ цуцлуулахаар хүргүүлнэ.
2.7. Зөвлөл нь дүгнэлтээ хурлын тэмдэглэлийн хамт Сайдад хүргүүлнэ. Тэмдэглэлд хурал даргалагч, тэмдэглэл хөтлөгч гарын  үсэг зурсан байна.

                                                                                                   Гурав. Спортын төрлийг сонгох шалгуур үзүүлэлт

3.1. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн спортын төрлийг зохих болзол шалгуурыг хангасан байдлыг үнэлж спортын тодорхой төрөл, зай, жингээр бүрдүүлнэ.
3.2. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн тамирчдыг бүрдүүлэх спортын төрөл /цаашид спортын төрөл гэх/ сонгохдоо шударга өрсөлдөөн, ил тод байдлын зарчмыг үндэслэн тухайн спортын төрлөөр тамирчдын амжилтын тогтвортой байдал, залгамж шинж чанар, өндөр амжилт гаргах магадлал зэргийг тооцон үзнэ.
3.3. Спортын төрлийг сонгохдоо дараах шалгуурыг харгалзан үзнэ. Үүнд:
3.3.1. өмнөх олимпийн наадамд эрх авч оролцсон байдал, амжилтын түвшин
3.3.2. тухайн спортын төрлөөр дэлхийн аварга шалгаруулах сүүлийн гурван тэмцээнд шагналт байранд шалгарсан байдал,
3.3.3. тухайн спортын төрлөөр ази тивийн наадам, аварга шалгаруулах тэмцээнээс медаль авсан байдал,
3.3.4. тухайн спортын төрлөөр бэлтгэгдсэн мэргэжлийн дасгалжуулагчийн хүрэлцээ, мэргэшсэн байдал,
3.3.5. материаллаг баазын хүрэлцээ хангамж,
3.3.6. спортын холбооноос үндэсний шигшээ багт зарцуулсан зардлын хэмжээ, /сүүлийн  3 жилээр/

                                                                                                  Дөрөв. Нэр дэвших спортын төрлийг сонгон шалгаруулах

4.1. Зөвлөл спортын төрөл сонгон шалгаруулалтын товыг шалгаруулалт эхлэхээс хуанлийн 20-оос доошгүй хоногийн өмнө өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.
4.2. Зарлалд сонгон шалгаруулалтад спортын төрлөө нэр дэвшүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг, бүртгүүлэх хугацааг тусгана.
4.3. Сонгон шалгаруулалтад оролцох спортын холбоод дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлэн ирүүлнэ.
4.3.1. нэр дэвшүүлэх тухай холбооны хүсэлт, /шигшээ баг бүрдүүлэх үндэслэлийг тодорхой дурьдсан байна/
4.3.2. олон улсын спортын холбоогоор хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны батламж
4.3.3. “төрийн бус байгууллагын тухай хууль”-ийн 23 дугаар зүйлд заасан тайлангийн хувь
4.3.4. журмын 3.3-т заасан бүртгэл мэдээлэл, судалгааны материалууд,
4.3.5. үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө, төсөв
4.4. Спортын холбоодын нэр дэвшүүлэх хүсэлтийг сонгон шалгаруулалтыг зохион байгуулах өдрөөс 5 хоногийн өмнө дуусгавар болгоно.
4.5. Зөвлөл нь сонгон шалгаруулалт зохион байгуулсан өдрөөс хойш  10 хоногт багтаан дүгнэлтийг  Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.

                                                                                                   Тав.Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн хэлбэр

5.1. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг тухайн спортын төрлийн хөгжил, тамирчдын амжилт, олимпийн наадамд оролцсон байдал, олон улсын чансааг үндэслэн байнгын болон байнгын бус гэсэн хэлбэрээр байгуулна.
5.2. Насанд хүрэгчдийн байнгын үндэсний шигшээ багийг Олимпийн циклийн хугацаанд, байнгын бус үндэсний шигшээ багийг тодорхой болзолтойгоор олимп, тивийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэн оролцуулах зорилгоор тус тус байгуулна.
5.3. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ баг байгуулах спортын төрлүүдээр тамирчин, дасгалжуулагчыг сонгон шалгаруулж багийг бүрдүүлнэ.

 

                                                                                  Зургаа. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн санхүүжилт

 

6.1. Насанд хүрэгчдийн байнгын үндэсний шигшээ багийн үйл ажиллагаанд “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн 22 дугаар зүйлд зааснаар төрөөс дэмжлэг үзүүлэн ажиллана.
6.2. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас насанд хүрэгчдийн байнгын бус шигшээ багт дор дурдсан дэмжлэгийг үзүүлнэ:
6.2.1. багийн бүрэлдэхүүнийг спортын анагаах ухааны үзлэг, сорил, шинжилгээнд жилд 2 удаа хамруулах,
6.2.2. сургалт дасгалжуулалтын төлөвлөлтөд зөвлөмж чиглэл өгөх, спортын эрдэм шинжилгээний сургалт семинарт хамруулах ажлыг зохион байгуулах,
6.2.3. багийн бүрэлдэхүүнийг сургалт дасгалжуулалтын төлөвлөгөөний дагуу жилд хоёр удаа дотоодын цугларалтанд гаргах,
6.2.4. насанд хүрэгчдийн байнгын үндэсний шигшээ багийн бэлгэдэл бүхий бэлтгэлийн хувцсаар хангах
 

 

----------------оОо--------------