A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • НАСАНД ХҮРЭГЧДИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 01 дүгээр сарын 30-ний
өдрийн А/21 тоот тушаалын хоёрдугаар  хавсралт 

 

НАСАНД ХҮРЭГЧДИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл


1.1. Олон улсын олимпийн хорооны ивээл дор явагдаж байгаа болон олон улсын шинжтэй тэмцээнд Монгол Улсыг төлөөлж оролцох насанд хүрэгчдийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, дасгалжуулагчийг сонгон шалгаруулахад энэхүү журмыг баримтлана.
1.2. Насанд хүрэгчдийн орон тооны Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, дасгалжуулагчийг сонгон шалгаруулахдаа шударга өрсөлдөөн, ил тод байдлын зарчмыг үндэслэн бэлтгэсэн тамирчдын амжилт, мэргэжил, мэргэшлийн мэдлэг, ур чадвар, туршлага, манлайлал, сахилга бат, ёс суртахуун зэргийг тооцон үзнэ.
1.3. Ахлах дасгалжуулагч, дасгалжуулагчид үйл ажиллагаандаа хүний эрх, эрх чөлөө, үзэл бодлыг хүндэтгэн, удирдах, удирдуулах ёсыг эрхэмлэн ялгаварлан гадуурхах, дарамтлах, бэлгийн дарамт, шударга бус өрсөлдөөн, ашиг сонирхолын зөрчил, авилга хээл хахуулаас ангид байх зарчмыг баримтлана.
1.4. Олимпийн наадмаас алтан медальтан төрүүлсэн дасгалжуулагч дасгалжуулагч энэ журмын 2 дугаар зүйлд заасан сонгон шалгаруулалтад оролцоогүй, эсвэл оролцоод шалгараагүй бол насанд хүрэгчдийн орон тооны үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчтай зөвшилцсөний үндсэн дээр тухайн спортын төрөлдөө үндэсний шигшээ багийн орон тооны бус зөвлөх дасгалжуулагчаар хамтран ажиллаж болно.

                                                                                   Хоёр. Ахлах дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтыг зарлах, мэдээлэх

2.1. Сонгон шалгаруулалтын товыг шалгаруулалт эхлэхээс 20 хоногийн өмнө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах бөгөөд  дараах зүйлийг тусгана;
2.1.1. сонгон шалгаруулалт явуулах газар, огноо, цаг,
2.1.2. сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх хугацаа,
2.1.3. сонгон шалгаруулалтад бүрдүүлэх материал.
2.2. Сонгон шалгаруулалтын тухай мэдээ, мэдээллийг Соёл, спорт, аялал жуулчлалын яам /www.mcst.gov.mn/, Спортын бэлтгэлийн төвийн цахим хуудсаар  /www.sport.gov.mn/ олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

 

                                                                                        Гурав. Сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх:


3.1. Дасгалжуулагч тухайн спортын холбооноос болон бие даан сонгон шалгаруулалтад орж болно.
3.2. Сонгон шалгаруулалтанд оролцогчид сонгон шалгаруулалт эхлэхээс ажлын 5 хоногийн өмнө Соёл, Спорт, Аялал жуулчлалын Яамны харъяа Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багийн албанд бүртгүүлсэн байна.
3.3. Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ Үүнд;
- Өргөдөл,
- Төрийн албан хаагчийн анкет, маягт 1
- Иргэний үнэмлэхний хуулбар, /нотариатаар баталгаажуулсан/
- Мэргэжлийн диплом болон мэргэжил дээшлүүлсэн үнэмлэх, диплом,  сертификатийн хуулбар, /нотариатаар баталгаажуулсан/
- Нийгмийн  даатгал  болон  хөдөлмөрийн  дэвтрийн хуулбар,
- Спортын цолны үнэмлэхийн хуулбар,
- Цээж зураг 4 хувь, /3x4/
- Эрүүл  мэндийн ерөнхий үзлэгт орсон магадлагаа,
- Ажлын дадлага туршлагын тухай урьд ажиллаж байсан байгууллага, үндсэн  байгууллагын  болон  тухайн  спортын  хороо, холбооны  тодорхойлолт,

                                                                                                               Дөрөв. Сонгон шалгаруулалт:


4.1. Тухайн спортын төрлийн насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулахдаа Зөвлөл шат дараалсан шалгалтыг авна.
4.1.1. материалын бүрдүүлэлт /10 оноо/
4.1.2. мэргэжлийн шалгалтын дүн /60 оноо/
4.1.3. хэлний шалгалт /10 оноо/
4.1.4. ярилцлага /20 оноо/
4.1.5. нэр дэвшигчийн үндэсний шигшээ багийн тамирчдыг бэлтгэх, сургалт дасгалжуулалтын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, амжилтыг тогтмол түвшинд хадгалах үүднээс ажиллах баг дээр хэрэгжүүлэх жил болон 4 жилийн хөтөлбөр, төлөвлөлт, төлөвлөгөө, аргачлал, гадаад, дотоодын өрсөлдөгчийн судалгаа,
4.1.6. зөвлөлийн гишүүд ярилцлага авна.
4.1.7. мэргэжлийн шалгалтанд 40-өөс дээш оноо авсан тохиолдолд хэлний шалгалт болон ярилцлагад орох эрх үүснэ. мэргэжлийн шалгалтад тэнцсэн нь сонгон шалгаруулалтад бүрэн тэнцэх үндэслэл болохгүй.
4.2. Нэр дэвшигчид үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулалтад тэнцээгүй тохиолдолд спортын холбоо дараагийн нэр дэвшигчийг санал болгон ирүүлж болно.
4.3. Нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд;
- Биеийн тамирын их, дээд сургууль төгссөн байх,
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх,
- Өндөр зэрэглэлийн тамирчидтай ажиллаж байсан туршлагатай байх,
- Удирдсан тамирчид тив, дэлхий, олон улс, улсын аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн байх,  /тэмцээний  протоколоор баталгаажна/
- Харилцааны өндөр соёлтой, хүний эрхийн талаар мэдлэгтэй байх,
- Багаар ажиллах чадвартай, сүүлийн 1 жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил ба ёс зүй, сахилгын шийтгэлгүй байх,
- Хөдөлмөрийн насны байх,
- Интернетийн орчинд ажиллах, гадаад хэлний /орос, англи/ зохих түвшний мэдлэг, ярианы чадвартай байх, /шалгалт/
- Сургалт - дасгалжуулалтын  онол, арга зүй, технологи  болон  спортын  анагаах   ухааны мэдлэгтэй  байх, /шалгалт ба ярилцлага/
4.4. Зөвлөл нь насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, дасгалжуулагчийг сонгон шалгаруулахдаа бэлтгэсэн тамирчдын амжилт, мэдлэг, ур чадвар, мэргэшсэн байдал, ажлын туршлага, манлайлал, сахилга бат, ёс зүй, харилцааны соёл зэргийг харгалзан бичиг баримтын бүрдэл, мэргэжлийн шалгалтын дүн, хэлний шалгалт, ярилцлагын онооны нийлбэрээр нь спортын төрөл тус бүрээр эрэмблэн шалгаруулна.
4.5. Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийг энэ журмын 4.1 - 4.4 дэх заалтыг баримтлан сонгон шалгаруулна.
4.6. Зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн ажлын 10 хоногт шийдвэр гаргаж ахлах дасгалжуулагч, дасгалжуулагчийн нэрсийг батлан Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харъяа Спортын бэлтгэлийн төвд хүргүүлнэ.

                                                                                     Тав. Үндэсний  шигшээ  багийн ахлах  дасгалжуулагч, дасгалжуулагчийг чөлөөлөх:


5.1. Дараахь тохиолдолд ахлах  дасгалжуулагч, дасгалжуулагчийг ҮШБ-ийн бүрэлдэхүүнээс чөлөөлөх үндэслэл болно.
5.1.1. дасгалжуулсан баг, тамирчдын амжилт буурсан, гэрээнд тусгасан амжилтын зорилтоо биелүүлээгүй буюу биелүүлэхээс татгалзсан үйл ажиллагаа явуулсан
5.1.2. эрүүл мэндийн хувьд ажиллах боломжгүй болсон нь эмнэлэгийн магадлагаагаар тогтоогдсон,
5.1.3. хариуцсан багийн тамирчдыг ялгаварлан гадуурсан, хуулийн байгууллагаар хүчирхийлэл хэрэглэсэн нь тогтоогдсон,
5.1.4. гадаад улс оронд тэмцээн, наадамд оролцох үедээ улс орны нэр хүндийг унагаасан аливаа үйлдэл гаргаж олон улсын спортын холбооноос арга хэмжээ авсан, тэмцээн оролцох эрхийг тодорхой хугацаагаар хассан бол,
5.1.5. дасгалжуулагч өөрийн буруутай үйлдлээр баг, тамирчдаа тэмцээн, наадам, тойргын тоглолт, барилдаан, тулаан, гараанаас хоцроосон бол,
5.1.6. гадаад, дотоодын бэлтгэл цугларалтад гарсан үед хүндэтгэх шалтгаангүйгээр тамирчид болон байраа орхин явсан,
5.1.7. ажлын байранд, гадаад, дотоодод бэлтгэл цугларалтад гарах, тэмцээн наадамд оролцох үедээ архидан согтуурсан, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн,
5.2. Энэ журмын 5.1 дэх зүйлд заасан шийдвэрийг гарсан даруйд Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Спортын бэлтгэлийн төвийн цахим хуудсаар олон нийтэд мэдээлнэ.

 

 

-----оОо-----------