A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2014 оны 86 дугаар
                                                                             тогтоолын хавсралт


ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД МӨНГӨН
УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ

/ЗГ-ын 2017 оны 74-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/


1. Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасан мөнгөн урамшил (цаашид “мөнгөн урамшил” гэх) олгоход Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 11, 12 дугаар зүйл болон энэхүү журмыг баримтална.

2. Цагдаагийн алба хаагч аймгийн төвөөс бусад нэг буюу хэд хэдэн суманд тасралтгүй 60 сар ажилласан бол таван жил тутам нэг удаа мөнгөн урамшил авах эрхтэй.

3. Мөнгөн урамшил олгох хугацааг аймгийн төвөөс бусад суманд томилогдсон өдрөөс эхлэн тасралтгүй ажилласан 60 сарын хугацаагаар тооцно.

4. Цагдаагийн алба хаагчийн сүүлийн 60 сард хашиж байсан албан тушаалын цалингийн сүлжээгээр тогтоосон зэрэглэл, шатлалын цалингийн дунджийг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр мөнгөн урамшлыг тооцож олгоно.

5. Аймгийн төвөөс бусад сумд томилогдон тасралтгүй 60 сар  ажилласан боловч 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө өөр албан тушаалд шилжсэн, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон эсхүл цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон боловч эргэн ажиллаж байгаа, албанаас чөлөөлөгдсөн, халагдсан цагдаагийн алба хаагчид энэ журамд заасан мөнгөн урамшлыг олгохгүй.

6. Цагдаагийн алба хаагч нь мөнгөн урамшил авах хүсэлтээ тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж буюу албан тушаалтанд бичгээр гаргана.

7. Энэ журмын 6 дугаар зүйлд заасан албан тушаалтан хүсэлтийг хүлээн авч, аймгийн төвөөс бусад сумд тасралтгүй ажилласан хугацааг тодорхойлно.

8. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь аймгийн төвөөс бусад сумд ажиллаж байгаа энэ журамд заасан мөнгөн урамшил авах шаардлагыг хангасан цагдаагийн алба хаагчдын нэр, ажилласан хугацаа, тэдэнд олгох мөнгөн урамшилд шаардагдах хөрөнгийн судалгааг жил бүр гарган цагдаагийн төв байгууллагад хүргүүлнэ.

9. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага энэ журмын 8 дугаар зүйлд заасан судалгааг хүргүүлэхдээ урамшил олгохыг хүссэн алба хаагчтай холбоотой дараах баримт бичгийг бүрдүүлж хавсаргана:

     9.1. тухайн цагдаагийн алба хаагчийг томилсон шийдвэрийн хуулбар;

     9.2. сүүлийн 60 сард хашиж байсан албан тушаалын үндсэн цалингийн тодорхойлолт;

     9.3. ажиллаж байгаа цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

     9.4. шаардлагатай тохиолдолд архивын лавлагаа.

10. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга, санхүү, хүний нөөц хариуцсан ажилтнууд цагдаагийн алба хаагчийн ажилласан хугацаа, албан тушаалын сарын үндсэн цалинг үнэн зөв тодорхойлох үүрэгтэй.

11. Энэ журмын 8, 9 дүгээр зүйлд заасан судалгаа, баримт бичгийг Цагдаагийн төв байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж хүлээн авч, аймгийн төвөөс бусад сумд тасралтгүй ажилласан хугацааг тооцон мөнгөн урамшил олгох шийдвэр гаргуулах саналаа цагдаагийн төв байгууллагын даргад уламжлан шийдвэрлүүлнэ.

12. Мөнгөн урамшил олгох шийдвэр гарсан алба хаагчид урамшлыг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагаар дамжуулан олгоно.

13. Энэ журмын 8 дугаар зүйлд заасны дагуу ирүүлсэн судалгааг цагдаагийн төв байгууллагын санхүү, хүний нөөц хариуцсан нэгжүүд хүлээн авч мөнгөн урамшил олгох алба хаагчдын тоо, шаардагдах хөрөнгийг тооцон жил бүрийн төсөвтөө тусгана.

14. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь цагдаагийн төв байгууллагаас ирүүлсэн мөнгөн урамшил олгох алба хаагчдын тоо, түүнд шаардагдах хөрөнгийн тооцоог үндэслэн дараа жилийн улсын төсөвт тусгах ажлыг зохион байгуулна.

15. Албан тушаалын сарын үндсэн цалин болон ажилласан хугацааг буруу тодорхойлох, хуурамч бичиг баримт бүрдүүлэх зэргээр мөнгөн урамшлыг буруу тогтоож олгосон албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

---о0о---