A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2013 оны 271 дүгээр
                                                                             тогтоолын хавсралт

 


ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ СУРГУУЛЬД
ОЮУТАН СУРАЛЦУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг зүйл

 

1.1. Төрөөс сургалтын зээл олгон дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын зэргийн өдрийн ангид оюутан суралцуулахад энэхүү журмыг мөрдөнө.

1.2. Энэ журмын дагуу олгож буй сургалтын зээл нь Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.10-д заасны дагуу хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй байна.

1.3. Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Тimes Higher Education World University Rankings” (THE) болон “Academic Ranking of World Universities” (ARWU) жагсаалтад багтсан их сургуулийг дэлхийн шилдэг их сургуульд тооцно.

1.4. Энэхүү журмын 1.3.-т заасан жагсаалтын эхний 20-д багтсан их сургуулийн суралцагч мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр, 21-100-д багтсан их сургуульд Засгийн газраас тогтоосон тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцагч сургалтын зээлд хамрагдах хүсэлт гаргах эрхтэй. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

1.5. Тухайн жилд дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах оюутны тоог Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн оны 3 дугаар сард багтаан батална. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

1.6. Дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах мэргэжлийн чиглэлийг Засгийн газар өмнөх оны эхний хагас жилд багтаан тогтооно. (Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

1.7. Дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах мэргэжлийн чиглэл, тухайн жилд суралцуулах оюутны тоог Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь өөрийн цахим хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарлаж, ил тод байдлыг хангана.

1.8. Боловсролын зээлийн сан нь сургалтын зээлээр суралцагчид болон тэдний суралцаж буй их сургуультай харилцан мэдээлэл солилцож, мэдээллийн сан бүрдүүлнэ. Суралцагчдын нэр, сургууль, мэргэжлийн чиглэлийн талаарх мэдээллийг Сургалтын төрийн сангийн цахим хуудсанд байршуулна. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

1.9. Сургалтын зээлийн санхүүжилтийг зөвхөн үндсэн ангийн суралцагчид олгоно.

1.10. Сургалтын зээлд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах журам, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

1.11. Боловсролын зээлийн сангийн зээлээр болон Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадын их, дээд сургуульд суралцах эрх авсан буюу суралцаж байгаа иргэн энэхүү журамд заасан сургалтын зээлд хамрагдахгүй. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

 

Хоёр. Сургалтын зээлийн санхүүжилт

 

2.1. Дэлхийн шилдэг их сургуульд сургалтын зээлээр суралцуулахад шаардагдах зардлыг жил бүр улсын төсөвт тусгана.

2.2. Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь дэлхийн шилдэг их сургуульд сургалтын зээлээр суралцуулах тухай шийдвэрийг гаргана.

2.3. Сургалтын зээл нь сургалтын  төлбөр байна. Энэ журамд заасан гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн сургалтын төлбөрт суралцаж байгаа сургуулиас нь нэхэмжилсэн хичээлийн багц цагийн төлбөр, эрүүл мэндийн даатгал, гадаад суралцагчийн хураамж, номын сангийн үйлчилгээний төлбөр хураамжийг оруулан тооцно. (Энэ заалтад Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон бөгөөд энэ тогтоолыг 2014-9-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Мөн энэ заалтад Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

2.4. Сургалтын зээлийг тухайн их сургуулиас ирүүлсэн нэхэмжлэлийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан олгоно.

2.5. Сургалтын зээл олгох нийт хугацаа нь тухайн мэргэжлийн бакалаврын сургалтын үндсэн хугацаанаас хэтрэхгүй байна.

2.6. Сургалтын төлбөрийг суралцагчийн суралцаж буй их сургуулийн дансанд шилжүүлнэ. /ЗГ-ын 2014 оны 71-р тогтоолоор өөрчлөлт орсон. Энэ тогтоолыг 2014-9-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/



Гурав. Сургалтын зээлийн гэрээ

 

3.1. Боловсролын зээлийн сан нь суралцагчтай сургалтын зээлийн гэрээ байгуулна. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

3.2. Сургалтын зээлийн гэрээний загварыг боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

3.3. Сургалтын зээлийн гэрээнд талуудын эрх, үүрэг, гэрээний хугацаа, эргэн төлөгдөх нөхцөл, суралцагчийн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн талаарх мэдээлэл, гэрээг сунгах нөхцөл, суралцагчийн голч дүнд тавих шаардлага, барьцаа, чөлөөлөгдөх нөхцөл, гэрээний заалт зөрчигдсөн тохиолдолд талуудын хүлээх хариуцлага, гэрээг цуцлах, санхүүжилтийг зогсоох, энэ тохиолдолд олгосон зээлийг эргэн төлүүлэх нөхцөл зэргийг тодорхой тусгана.

 

Дөрөв. Бусад зүйл

 

4.1. Энэхүү журмын дагуу дэлхийн шилдэг их сургуульд суралцагчийн сургалтын зээлийн хөнгөлөлт, эргэн төлөлттэй холбогдох асуудлыг Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн    8.8-д заасан журмаар зохицуулна.

4.2. Сургалтын зээлд хамрагдахыг хүсэгч нь энэхүү журамд заасан шаардлагыг хангаагүй, бичиг баримтаа дутуу, эсхүл хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдвол сургалтын зээл олгохгүй.

4.3. Сургалтын зээлийн гэрээ, зээлийн санхүүжилттэй холбогдон гарсан маргааныг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмаар зохицуулна.  


      
------оОо------