- Нүүр
- Сайдын тушаал
- Монгол Улсаас гадаад улстай байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”-ийн харилцан тохирох ажиллагааг хэрэгжүүлэх журам /Сангийн сайдын 2019 оны 293 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/Сангийн сайдын 2019 оны 293 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Сангийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 20–ны өдрийн
260 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
Монгол Улсаас гадаад улстай байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”-ийн харилцан тохирох ажиллагааг хэрэгжүүлэх журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь Монгол Улсаас гадаад улстай байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” (цаашид Хэлэлцээр гэх)-ийн харилцан тохирох журмыг хэрэгжүүлэхэд оршино.
1.2. Энэхүү журамд заасан аливаа зохицуулалт нь Хэлэлцээрт туссан аливаа харилцаа, эрх үүргийг хязгаарлах, нэмэгдүүлэх эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.
Хоёр. Нэр томъёо
2.1.Энэхүү журамд хэрэглэсэн нэр томьёог Хэлэлцээрт заасны дагуу ойлгоно.
2.2. “Эрх бүхий этгээд, түүний эрх бүхий төлөөлөгч” гэснийг Хэлэлцээрт зааснаар ойлгох бөгөөд Монгол Улсын хувьд хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол Эрх бүхий этгээд нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, эрх бүхий төлөөлөгч нь түүний томилсон албан тушаалтан байна.
2.3. “Хүсэлт” гэж Хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад Хэлэлцэн тохирогч улсуудын татварын албадын татвар ногдуулах үйл ажиллагаа нь Хэлэлцээрийн холбогдох заалтуудтай нийцэхгүй байгааг залруулах талаар оршин суугч татвар төлөгчөөс Монгол Улсын Эрх бүхий этгээд, түүний эрх бүхий төлөөлөгчид холбогдох маягтын дагуу бичгээр гаргасан баримтыг хэлнэ.
2.4. “Үйл ажиллагааны орлого” гэдгийг Хэлэлцээрийн “Аж ахуйн үйл ажиллагааны ашиг” зүйл, “Бие даасан хувийн үйлчилгээ” зүйлд тус тус зааснаар ойлгоно.
2.5. “Ажил, үйлчилгээ эрхэлснээс олсон орлого” гэдгийг “Бие даасан бус хувийн үйлчилгээ” зүйлд зааснаар ойлгоно.
2.6. “Татварын албанаас гаргасан шийдвэр” гэж Татварын ерөнхий хуульд заасны дагуу татварын албанаас гаргасан баримт бичгийг хэлнэ.
2.7. “Тохируулга” гэж оршин суугч татвар төлөгч, түүний салбар, төлөөний газрын орлого, холбогдох татварын дүнг Хэлэлцэн тохирогч аль нэг улсад өөрчлөх зохицуулалтыг хэлнэ.
2.8. “Залруулга” гэж үнэ шилжилтийн тохируулга болон тохируулгын улмаас үүссэн татварын давхардлыг арилгах зорилгоор татварын албанаас хийх зохицуулалтыг хэлнэ.
2.9. “Үнэлгээ” гэж татвар төлөгчийн хүсэлтэд дурдсан асуудлыг судалж, хянан үзэж хэлэлцэн тохирох ажиллагааг эхлүүлэх эсэх талаар Татварын ерөнхий газраас /цаашид “ТЕГ” гэх/ дүгнэсэн баримт бичгийг хэлнэ.
Гурав. Хүсэлт гаргах үндэслэл
3.1. Монгол Улсын оршин суугч татвар төлөгч (цаашид татвар төлөгч гэх)нь Хэлэлцээрийн “Харилцан тохирох журам” зүйлд заасны дагуу дараах үндэслэлээр ТЕГ-т хүсэлт гаргана. Үүнд:
3.1.1. Татвар төлөгчийн Хэлэлцэн тохирогч нөгөө Улс дахь харилцан хамаарал бүхий этгээдтэй хийсэн ажил, гүйлгээнд Хэлэлцэн тохирогч аль нэг улс үнэ шилжилтийн тохируулга хийсний улмаас татвар давхардан ногдсон бол;
3.1.2. Татвар төлөгчийг Хэлэлцэн тохирогч нөгөө Улс төлөөний газартай гэж үзэн тус улсаас эх үүсвэртэй үйл ажиллагааны орлогод Хэлэлцээрт үл нийцэх байдлаар татвар ногдуулсан гэж үзвэл;
3.1.3. Татвар төлөгчийн Хэлэлцэн тохирогч нөгөө Улсад байрлах төлөөний газрын татвар ногдох орлогод Хэлэлцэн тохирогч нөгөө Улс тохируулга хийсний улмаас татвар давхардан ногдсон бол;
3.1.4. Татвар төлөгчийн Хэлэлцэн тохирогч нөгөө Улсад олсон орлогоос Хэлэлцэн тохирогч тухайн Улс Хэлэлцээрт үл нийцэх байдлаар татвар суутгасан гэж үзвэл;
3.1.5. Монгол Улсын оршин суугч татвар төлөгч боловч Хэлэлцэн тохирогч нөгөө Улсын дотоодын хуулийн дагуу тухайн улсын оршин суугч татвар төлөгч гэж тодорхойлогдсон этгээд аль улсад татвар төлөхийг тодорхойлох зорилгоор;
3.1.6. Татвар төлөгч хувь хүний Хэлэлцэн тохирогч нөгөө Улсад ажил, үйлчилгээ эрхэлснээс олсон орлогод Хэлэлцэн тохирогч тэр Улс Хэлэлцээрт үл нийцэх байдлаар татвар ногдуулсан гэж үзвэл;
3.1.7. Хэлэлцээрийн “Харилцан тохирох журам” зүйлд заасан Хэлэлцээрийг хэрэглэхтэй холбоотой үүссэн бусад маргаантай асуудлаар.
3.2. Харилцан тохирох ажиллагааг эхлүүлэх нь татвар төлөхгүй байх үндэслэл болохгүй.
Дөрөв. Хүсэлт гаргах хугацаа
4.1. Татвар төлөгч Хэлэлцээрийн “Харилцан тохирох журам” зүйлд заасан хугацаанд, Хэлэлцээрт хугацаа заагаагүй бол Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д заасан хугацаанд ТЕГ-т хүсэлт гаргана.
Тав. Хүсэлт гаргах, бүрдүүлэх баримт
5.1. Татвар төлөгч нь Хэлэлцээрийн “Харилцан тохирох журам” зүйлд заасан болон энэхүү журмын дагуу дараах материалыг бүрдүүлж ТЕГ-т бичгээр хүсэлт гаргана. Үүнд:
5.1.1. “Эрх бүхий этгээдээс туслалцаа авах хүсэлт” маягт ДT-05;
5.1.2. Хүсэлт гаргах болсон асуудлын талаарх дэлгэрэнгүй танилцуулга. Танилцуулгад дор дурдсан зүйлийг заавал тусгана. Үүнд:
а) Тухайн асуудалд хамааралтай ажил гүйлгээ, арга хэмжээ, эсвэл бусад нөхцөл байдлын тухай;
б) Татвар төлөгч болон тухайн асуудалтайхолбоотой талуудын хоорондын харилцан хамаарлын тухай;
в) “Эрх бүхий этгээдээс туслалцаа авах хүсэлт” гаргах ДT-05 маягтын 9 дүгээр хэсэгт тусгаснаас бусад тухайн асуудалд хамааралтай этгээдүүдийн улсын харъяалал, нэр, хаяг, холбогдох татвар төлөгчийн дугаар;
г) Харилцагч татварын алба эсхүл Хэлэлцэн тохирогч нөгөө Улсын татварын албанаас тухайн асуудалтай холбоотойгоор хийгдсэн аливаа ажиллагаа, шийдвэр, тэдгээрийн явцын талаар;
д) Орлогын төрөл, дүн, татварын дүнг төгрөгөөр болон холбогдох улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр гаргасан тооцоолол.
5.1.3. Хүсэлтэд хамаарах асуудлаар харилцагч татварын алба эсхүл Хэлэлцэн тохирогч нөгөө Улсын татварын албаны гаргасан баримт, бичгийн баталгаажсан хуулбар, албан ёсны орчуулгын хамт;
5.1.4. Төлөөлөгчөөр дамжуулан хүсэлт гаргасан тохиолдолд татвар төлөгчийг төлөөлөх итгэмжлэл;
5.1.5. Хүсэлтэд хамаарах асуудал үнэ шилжилтийн тохируулгатай холбоотой бол үнэ шилжилтийг зохицуулах эрх зүйн баримт бичгийн дагуу бүрдүүлэх материал, холбогдох мэдээлэл;
5.1.6. Хэлэлцэн тохирогч нөгөө Улсын Эрх бүхий этгээдэд гаргасан хүсэлт, холбогдох баримт, материал, ирүүлсэн хариу зэрэг тухайн асуудалд хамаарах баримтуудын баталгаажсан хуулбар, албан ёсны орчуулгын хамт;
5.1.7. Хүсэлт гаргахаас өмнө татвар төлөгч тухайн асуудал эсхүл ижил төрлийн асуудлаар Татварын ерөнхий газарт хүсэлт гаргаж шийдвэрлүүлж байсан эсэх талаарх мэдээлэл;
5.1.8. Тухайн асуудлаар Хэлэлцэн тохирогч улсуудад мөрдөгдөж буй хөөн хэлэлцэх хугацааны талаарх мэдээлэл;
5.1.9. Энэхүү харилцан тохирох ажиллагаанд хамаарах асуудлаар Хэлэлцэн тохирогч нөгөө Улсын Эрх бүхий этгээд шийдвэр гаргасан бол түүний баталгаажсан хуулбар, албан ёсны орчуулгын хамт;
5.2. ТЕГ-т хүсэлт гаргаснаас хойш “Эрх бүхий этгээдээс туслалцаа авах хүсэлт” гаргах ДT-05 маягт болон бусад холбогдох баримт, материалд өөрчлөлт орсон тохиолдолд энэ талаар нэн даруй мэдэгдэнэ.
5.3. Татвар төлөгч нь ТЕГ-т хүсэлт гаргахаас өмнө тухайн асуудлаар зөвлөгөө авах зорилгоор урьдчилсан уулзалт хийж болно.
5.4. Уулзалт хийх тухай хүсэлтэд Хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад үүссэн маргаантай асуудлыг танилцуулсан байна.
5.5.ТЕГ нь татвар төлөгчөөс энэ журмын 5.3-т заасан уулзалт хийх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын тав (5) хоногийн дотор уулзалт зохион байгуулна.
5.6. ТЕГ уулзалтын үеэр татвар төлөгчөөс гаргасан хүсэлтийг хянан үзэж, албан ёсны хүсэлтийг гаргах нөхцөл бүрдсэн эсэх, холбогдох баримт, материалын бүрдүүлэлт шаардлагад нийцсэн эсэх талаар зөвлөгөө өгнө.
Зургаа. ТЕГ-аас хэрэгжүүлэх үйл ажиллагаа
6.1. Татвар төлөгчийн хүсэлт, холбогдох баримт, материалыг судлан тухайн асуудлаар хүсэлт хүлээн авснаас хойш хуанлийн (30) хоногийн дотор үнэлгээ хийж татвар төлөгчид бичгээр хариу мэдэгдэнэ.
6.2. Татвар төлөгч өөрийн хүсэлтэд нэмэлт, өөрчлөлт оруулсан, татвар төлөгчөөс ТЕГ-аас нэмэлт мэдээлэл, тодруулга авсан өдрөөс эхлэн хариу мэдэгдэх хугацааг тооцож болно.
6.3. ТЕГ ирүүлсэн хүсэлт, холбогдох баримт, материалд тусгасан мэдээллийн үнэн зөвийг нягталж үзнэ.
6.4. Татвар төлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хэлэлцэх явцад олж авсан мэдээллийг Хэлэлцээр болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ашиглах, нууцыг хадгалах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
6.5. ТЕГ хүсэлтэд дурдсан асуудлыг Хэлэлцэн тохирогч нөгөө улсын Эрх бүхий этгээдийн оролцоогүйгээр хэлэлцэх боломж байгаа эсэхийг нягталж үзнэ.
6.6. Татвар төлөгчийн хүсэлтэд хамаарах асуудлыг Хэлэлцэн тохирогч нөгөө Улсын Эрх бүхий этгээдийн оролцоогүйгээр шийдвэрлэх боломжтой бол ТЕГ холбогдох үнэлгээ гаргаж, энэхүү журмын 6.1-д заасан хугацаанд татвар төлөгчид бичгээр мэдэгдэнэ.
6.7. Хүсэлтэд дурдсан асуудлыг Хэлэлцэн тохирогч нөгөө улсын Эрх бүхий этгээдийн оролцоогүйгээр шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл ТЕГ үнэлгээ гаргасан өдрөөс ажлын тав (5) хоногийн дотор үнэлгээ, татвар төлөгчийн хүсэлт, холбогдох баримт, материалыг Монгол Улсын Эрх бүхий этгээдэд шилжүүлнэ.
6.8. ТЕГ нь үнэлгээ, татвар төлөгчөөс ирүүлсэн хүсэлттэй холбоотой Эрх бүхий этгээдээс шаардсан аливаа мэдээ, мэдээлэл, тайлбарыг шуурхай гаргаж өгөх үүрэгтэй.
Долоо. Хүсэлтийг хэлэлцэхээс татгалзах
7.1. ТЕГ дараах нөхцөлд татвар төлөгчийн хүсэлтэд хамаарах асуудлыг хэлэлцэхээс татгалзана.Үүнд:
7.1.1. Татвар төлөгч Хэлэлцээрийн тааламжтай нөхцөлийг эдлэх, тухайн хүсэлтэд заасан туслалцааг авах эрхгүй болохыг тогтоосон;
7.1.2. Тухайн асуудал нь Хэлэлцээрийн хүрээнд хамаарахгүй байх;
7.1.3. Татвар төлөгч өмнө нь ижил төрлийн асуудлаар ТЕГ-т хүсэлт гаргасан бөгөөдтухайн асуудлаар гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй;
7.1.4. Эрх бүхий этгээдүүдийн харилцан тохирох ажиллагаанд татвар төлөгчийг оролцуулахгүй болохыг татвар төлөгч зөвшөөрөөгүй бол;
7.1.5. Хүсэлтэд хамаарах асуудлаар ТЕГ-ын хүссэн нэмэлт тодруулга, материалыг энэхүү журмын 6.2-т заасан хугацаанд гаргаж өгөөгүй;
7.1.6. Хүсэлтэд хамаарах асуудлаар татварын алба Татварын ерөнхий хуульд заасан үндэслэлээр татварын хууль тогтоомж зөрчсөн тухай Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд заасан баримт бичиг үйлдсэн;
7.1.7. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн.
7.1.8. Энэ журмын 4.1-д заасан хугацаа хэтэрсэн;
7.1.9. Татвар төлөгч нь хүсэлтэд хамаарах асуудлаар захиргааны болон шүүхийн журмаар гомдол гаргасан бол.
7.2. Татвар төлөгчөөс ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэхээс татгалзвал холбогдох үндэслэл, тайлбарыг Шийдвэрт тусган энэ журмын 6.1-т заасан хугацаанд татвар төлөгчид бичгээр мэдэгдэнэ.
Найм.Эрх бүхий этгээдүүдийн хамтын ажиллагаа
8.1. Эрх бүхий этгээд нь Хэлэлцээрийг хэрэглэх болон тайлбарлахтай холбоотой үүссэн аливаа хүндрэлтэй болон маргаантай асуудлыг Хэлэлцэн тохирогч нөгөө Улсын Эрх бүхий этгээдтэй харилцан тохирох журмаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
8.2. Эрх бүхий этгээд нь Хэлэлцэн тохирогч нөгөө Улсын Эрх бүхий этгээдтэй харилцан тохирох ажиллагааг хэрэгжүүлэхдээ дараах зарчмыг баримтална. Үүнд:
8.2.1. Албан бичиг, факс, цахим захидал, утсан холбоо, цахим хурал болон биечлэн уулзах зэрэг харилцааны хэлбэрээс хамгийн үр дүнтэй, хэмнэлттэйг сонгож ажиллах;
8.2.3. Үүссэн хүндрэлтэй болон маргаантай асуудлаар нэмэлт мэдээлэл, лавлагааг шуурхай солилцох;
8.2.4. Хэлэлцэх асуудлын дараалал, ажлын төлөвлөгөөний дагуу хэлэлцэн шийдвэрлэх;
8.2.5. Тэмдэглэл хөтөлж, баримтжуулах.
8.3. Эрх бүхий этгээд нь ТЕГ-ын үнэлгээ, татвар төлөгчийн хүсэлт, холбогдох баримт, материалыг судлах явцдаа хугацаа хэмнэх, харилцан тохирох ажиллагааны явцыг хөнгөвчлөх үүднээс дараах мэдээллийг багтаасан ажлын явцын тайлан боловсруулан Хэлэлцэн тохирогч нөгөө Улсын Эрх бүхий этгээдэд илгээж болно. Үүнд:
- Татвар төлөгчийн нэр, татвар төлөгчийн дугаар, эрхлэх үйл ажиллагааны төрөл;
- Хэлэлцэн тохирогч нөгөө улсын оршин суугч харилцан хамаарал бүхий этгээдийн нэр, татвар төлөгчийн дугаар;
- Татвар төлөгчийн хүсэлт гаргасан огноо;
- Тохируулга, залруулгын үндэслэл;
- Холбогдох хууль тогтоомж, хэлэлцээрийн зүйл, заалт;
- Тохируулга, залруулгад хамаарах он;
- Тохируулга, залруулга хийгдсэн ажил гүйлгээний утга, хэмжээ;
- Тохируулга, залруулгын дүн, он тус бүрээр;
- Татвар төлөгчийн үйл ажиллагаа, хөрөнгө, эрсдэлийн талаар тодорхой танилцуулга;
- Үнэ шилжилтийн тохируулгын хувьд үндэслэл, түүнд хэрэглэхэд тохиромжтой үнэ шилжилтийн арга, холбогдох тайлбар;
- Шаардлагатай тоон мэдээлэл болон тооцоолох арга ажиллагаа;
- Шийдвэр гаргах үйл явцад татвар төлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэсэг;
- Хэлэлцээрийн тааламжтай нөхцлийг эдлэх хүрээнд хамаарах татварын дүн;
- Холбоо барих этгээдийн нэр, хаяг;
- Хэлэлцээрийн хүрээнд энэ тайлангийн нууцлалыг хадгалах тухай мэдэгдэл.
8.4. Эрх бүхий этгээд нь Хэлэлцэн тохирогч нөгөө Улсын Эрх бүхий этгээдийн эхлүүлсэн харилцан тохирох ажиллагаанд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ журмын 8.2-т заасныг баримтлан ажиллана.
8.5. Эрх бүхий этгээд нь Монгол Улсын болон татварын албаны эрх ашиг хөндөгдсөн гэж үзсэн аливаа тохиолдолд Хэлэлцэн тохирогч нөгөө Улсын Эрх бүхий этгээдтэй харилцан тохирох ажиллагааг санаачлан эхлүүлж болно.
Ес. Татвар төлөгчийн үүрэг, оролцоо
9.1. Татвар төлөгч нь харилцан тохирох ажиллагаанд биечлэн оролцохгүй.
9.2.Татвар төлөгч нь Эрх бүхий этгээд болон ТЕГ-т шаардлагатай баримт, материалыг шуурхай гаргаж өгөх үүрэгтэй.
9.3. Татвар төлөгч нь Хэлэлцэн тохирогч нөгөө Улсад хийгдсэн тохируулга, үнэ шилжилтийн тохируулгын улмаас үүссэн татварын давхардлыг зөвхөн ТЕГ-т хүсэлт гаргаж шийдвэрлүүлнэ.
9.4. Хэлэлцэн тохирогч нөгөө Улсад оршин сууж буй этгээд нь зөвхөн тухайн улсынхаа Эрх бүхий этгээдэд хүсэлт гаргана.
Арав. Харилцан тохирох ажиллагааны
үр дүн, холбогдох шийдвэр
10.2. Энэхүү журмын 8 дугаар зүйлд зааснаар Эрх бүхий этгээд нь Хэлэлцэн тохирогч нөгөө Улсын Эрх бүхий этгээдтэй харилцан тохирох ажиллагааг хэрэгжүүлсний үр дүнд гаргасан шийдвэр эсхүл үр дүнг эцэслэн баталгаажуулснаас хойш ажлын тав (5) хоногийн дотор ТЕГ-т бичгээр мэдэгдэнэ.
10.3. ТЕГ нь энэ журмын 10.1-т заасан харилцан тохирох ажиллагааны шийдвэр эсхүл үр дүнг Эрх бүхий этгээдээс хүлээн авсанаас хойш ажлын тав (5) хоногийн дотор татвар төлөгч болон түүний харилцагч татварын албанд бичгээр мэдэгдэнэ.
10.4. Татвар төлөгч харилцан тохирох ажиллагааны үр дүнд Эрх бүхий этгээд, ТЕГ-аасгаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн эсэхээ шийдвэр хүргүүлсэн өдрөөс хойш хуанлийн гуч (30) хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.
10.5. Татвар төлөгч шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн бол дараах арга хэмжээг авсан байна. Үүнд:
10.5.1. Шийдвэр хүргүүлснээс хойш хуанлийн гуч (30) хоногийн дотор ТЕГ-т албан бичгээр мэдэгдэнэ;
10.5.2 Харилцагч татварын албанд тухайн шийдвэрийг хэрэгжүүлэх тухай хүсэлтийг бичгээр гаргах ба холбогдох баримт бичгийн хуулбарыг хавсаргасан байна;
10.6. Харилцагч татварын алба энэ журмын 10.5.2-т заасан татвар төлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, холбогдох баримтын хувийг хүлээн авсны дараа хэрэгжилтийг хангах арга хэмжээ авна.
10.7.Харилцан тохирох ажиллагааг ТЕГ-аас дараах нөхцөлд хаана. Үүнд:
10.7.1. Энэ журмын 10.5-д заасны дагуу татвар төлөгчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн тухай албан бичгийг ТЕГ хүлээн авсан өдрийн дараагийн ажлын өдрөөс эхлэн;
10.7.2. Энэ журмын 10.4-д зааснаар татвар төлөгч хуанлийн гуч (30) хоногийн дотор хариу өгөөгүй бол тухайн 30 хоногийн хугацаа дуусах өдрийн дараагийн ажлын өдрөөс эхлэн;
10.7.3.Татвар төлөгч энэ журмын 10.4-д заасан хугацаанд шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тухайгаа албан бичгээр мэдэгдсэн бол тухайн мэдэгдсэн өдрийн дараагийн ажлын өдрөөс эхлэн;
10.7.4. Харилцан тохирох ажиллагааны дүнд шийдвэр гараагүй бол энэ журмын 10.3-т заасны дагуу ТЕГ-аас үр дүнг татвар төлөгчид мэдэгдсэн өдрийн дараагийн ажлын өдрөөс эхлэн тус тус тооцно.
10.9. ТЕГ-аас харилцан тохирох ажиллагааг хаасан тухай татвар төлөгчид бичгээр мэдэгдэнэ.
10.10. Харилцан тохирох ажиллагааны үр дүнд татвар төлөгчийн төлбөл зохих албан татварын дүн өөрчлөгдсөн бол харилцагч татварын алба холбогдох хуульд заасны дагуу арга хэмжээ авч ажиллана.
10.11. Эрх бүхий этгээд харилцан тохирох ажиллагааны үр дүнгийн талаар Хэлэлцэн тохирогч нөгөө Улсын Эрх бүхий этгээдэд мэдэгдэж харилцан тохирох ажиллагаа дууссаныг нотолсон албан захидал хүргүүлнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх