A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ /ЗГ-ын 2016 оны 202-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

Засгийн газрын 2009 оны 70 дугаар

                      тогтоолын 4 дүгээр хавсралт

 

 

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, УЛСЫН

ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ


/ЗГ-ын 2016-12-21-ний өдрийн 202-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1. Хөрс хамгаалах дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж эрчимжүүлэх, нэгжээс хураан авах ургац, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, чанарыг  сайжруулах болон нийгэмд оруулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хувь нэмрийг урамшуулахад энэхүү журмын зорилго оршино.

2. Энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан 10 хүртэл аж ахуйн нэгж, байгууллагыг сүүлийн 6 жилийн ажлын үзүүлэлтийг үндэслэн “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, 18 хүртэл иргэнийг сүүлийн 6 жилийн ажлын үзүүлэлтийг нь үндэслэн “Улсын тэргүүний тариаланч”-аар жил бүр шалгаруулна. Үр тарианы үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжид ажиллаж байгаа тракторч-комбайнчдыг ”Улсын тэргүүний тариаланч”-д хамруулан шалгаруулж болно./ЗГ-ын 2015-2-2-ны өдрийн 40-р тогтоолоор өөрчлөлт орсон/

3. ”Улсын тэргүүний тариаланч хамт олон”, “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулан шагнах асуудлыг хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.

 

Хоёр. Шагналд тодорхойлох үндэслэл

 

4. ”Улсын тэргүүний тариаланч хамт олон”, “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараахь шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан байна:

4.1. хамт олон нь жил бүр усалгаатай нөхцөлд үр тариа, малын тэжээлийн ургамал 250 га, усалгаагүй нөхцөлд үр тариа, малын тэжээлийн ургамал 500 га, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ 10 га; иргэн нь усалгаатай нөхцөлд үр тариа, малын тэжээлийн ургамал 50 га, усалгаагүй нөхцөлд үр тариа, малын тэжээлийн ургамал 100 га, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ 0.5 га-гаас доошгүй талбайд тус тус тариалалт хийж ургац хураан авсан байна;

4.2. сүүлийн 3 жил дараалан, жил бүр га тутмаас хураан авсан үр тарианы ургац нь усалгаагүй талбайд 13 цн-ээс, усалгаатай талбайд 30 цн-ээс,  төмсний ургац нь  усалгаагүй талбайд 160 цн-ээс, усалгаатай талбайд 200 цн-ээс, малын тэжээлийн ургац нь усалгаагүй талбайд 30 цн-ээс, усалгаатай талбайд 60 цн-ээс доошгүй байх;

4.3. сүүлийн 3 жил дараалан, жил бүр га тутмаас байцаа 250 цн-ээс, үндэс үрт ногоо 180 цн-ээс, сонгинолог ургамал 120 цн-ээс, хамгаалагдсан хөрсний 1 метр квадрат талбай тутмаас өргөст хэмх 18 кг, улаан лооль 12 кг-аас доошгүй ургац хураан авсан байх;

4.4. сүүлийн 3 жил дараалан жил бүр комбайнаар шууд хураалтад шилжүүлснээр 400 га, трактораар 1200 жишмэл     га-гаас доошгүй ажил гүйцэтгэсэн байх;

4.5. хөрсний үржил шимийг хамгаалах, чийгийн хуримтлалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн, үр тарианы үйлдвэрлэлд уриншийн эзлэх хувийн жинг багасгаж, тэжээлийн ургамлыг сэлгээнд оруулсан байх;

4.6. үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчид нь эргэлтийн талбайгаа 100 хувь ашиглаж, дараа оны тариалалтад зориулан хүрэлцэхүйц хэмжээний чанар сайтай үр нөөцөлсөн байх;

4.7. аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт хийж, шинээр ажлын байр бий болгох, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан байх;

4.8. татвар, хураамж болон газрын төлбөрийг хугацаанд нь төлсөн байх;

4.9. хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний газартай болж техникийн бэлэн байдал, хангамжийг сайжруулсан байх.

 

Гурав. Тодорхойлолт бүрдүүлэх, шалгаруулах зарчим

 

5. Аймаг, нийслэлийн тэргүүний тариаланч хамт олон, тэргүүний тариаланч болсноос хойш хоёроос доошгүй жил амжилтаа тогтвортой хадгалан ажиллаж, энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан тариаланч хамт олон, тариаланчийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулахаар тодорхойлно.

6. “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, ”Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулах аж ахуйн нэгж, байгууллага, иргэний тодорхойлолт, холбогдох материалыг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, жил бүрийн  12 дугаар сарын 15-ны дотор багтаан аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.

7. Тодорхойлолт, баталгаажсан материалыг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хянан үзэж, шаардлагатай бол газар дээр нь шалгаж, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн худалдаанаар хэлэлцүүлж, хамгийн өндөр амжилт гаргасан гурав хүртэл аж ахуйн нэгж, байгууллага, тав хүртэл тариаланчийн тодорхойлолт, холбогдох материалыг жил бүрийн 1 дүгээр  сарын 5-ны дотор хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

8. ”Улсын тэргүүний тариаланч хамт олон”, “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулахаар тодорхойлохдоо дараахь материалыг бүрдүүлнэ:

8.1. аж ахуйн нэгж, байгууллага, иргэний ажил байдлын талаархи сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт;

8.2. сум, дүүрэг, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоол, санал дүгнэлт, аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлт;

8.3. энэхүү журмын хавсралтын дагуу бүрдүүлсэн сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлт;

8.4. харилцагч татварын байгууллагын тодорхойлолт, орлогын татвар төлөлтийн баримт;

8.5. хөрс хамгаалах дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн тухай тодорхойлолт;

8.6. аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас газар дээр нь шалгасан дүгнэлт.

9. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дүнд бусдаас худалдан авсан болон өр төлбөрт авсан бүтээгдэхүүнийг оруулж тооцохгүй.

10. Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь улсын тэргүүний тариаланч хамт олон, улсын тэргүүний тариаланчаар шалгаруулахаар ирүүлсэн материалыг хянан үзэж, шаардлагатай гэж үзвэл газар дээр нь шалгаж дүгнэлт гаргана. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг ажлын үзүүлэлтээр нь байр эзлүүлэн энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан хамгийн өндөр үзүүлэлт бүхий 10 хүртэл аж ахуйн нэгж, байгууллага, 15 хүртэл иргэний материалыг сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн саналаа Засгийн газарт оруулна./ЗГ-ын 2013 оны 12-р тогтоолоор "8 хүртэл аж ахуйн нэгж, байгууллага, 15 хүртэл" гэснийг 2013 онд дагаж мөрдөхгүй байхаар тогтоосон. Мөн ЗГ-ын 2015-2-2-ны өдрийн 40-р тогтоолоор өөрчлөлт орсон/

11. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, “Улсын тэргүүний  тариаланч”-аар зөвхөн нэг удаа шалгаруулна.

 

Дөрөв. Шагнал олгох

 

12. “Улсын тэргүүний тариаланч хамт олон” тус бүрийг өргөмжлөл, дурсгалын цом, тус бүр 10.0 (арван) сая төгрөгөөр, “Улсын тэргүүний тариаланч”-ийг цолны үнэмлэх, мөнгөн цар,  энгэрийн тэмдэг, 3.0 (гурван) сая төгрөгөөр шагнана. Өргөмжлөл, дурсгалын цом, энгэрийн тэмдэг, мөнгөн цар худалдан авах хөрөнгийг мөнгөн шагналаас нь санхүүжүүлнэ. /ЗГ-ын 2012-1-18-ны 18-р тогтоолоор өөрчлөлт орсон/

         

13. Шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өмнө Засгийн газрын төлөөлөгч газар дээр нь гардуулна.

 

 

 

 

 

---оОо---


                                             

              

                   ”Улсын тэргүүний тариаланч хамт олон,                                                                                                                                                                                                              Улсын тэргүүний тариаланч шалгаруулах

                          журам”-ын хавсралт

 

“УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”,

“УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ” ШАЛГАРУУЛАХ ҮЗҮҮЛЭЛТ

 

Үзүүлэлт

Онууд

Тайлбар

.. он

.. он

.. он

1. Тариалангийн эргэлтийн талбай, га

 

 

 

 

Үүнээс: -тарьсан

 

 

 

 

        -уриншилсан

 

 

 

 

2. Таримлын төрөл

 

 

 

 

3. Хураан авсан ургац, тонн

 

 

 

 

Үүнээс: -нөөцөлсөн үр, тонн

 

 

 

 

        -зах зээлд борлуулсан ургац

         тонн

 

 

 

 

4. Нэг га-гийн ургац /тарьсан талбайд цн-ээр/

 

 

 

 

Үүнээс: -усалгаатай талбайгаас /цн/

 

 

 

 

        -усалгаагүй талбайгаас /цн/

 

 

 

 

5. Нийт борлуулалт сая.төг

 

 

 

 

Үүнээс: -татварт сая.төг

 

 

 

 

        -даатгалд сая.төг

 

 

 

 

6. Ашиг сая. төг

 

 

 

 

7. Ажлын байрны тоо

 

 

 

 

8. Нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн орлого

 

 

 

 

9. Трактораар гүйцэтгэсэн ажил, жишмэл га-гаар

 

 

 

 

10. Комбайнаар хураасан талбай, шууд хураалтад шилжүүлсэнга-гаар, авсан ургац тонноор

 

 

 

 

 

Тайлбар : Энэ хүснэгтэд зөвхөн сүүлийн 3 жилийн тариалангийн үзүүлэлтийг бичнэ. Шагнагдах үндэслэлийн талаар тодорхойлолтод дэлгэрэнгүй бичиж, холбогдох байгууллагын тодорхойлолтыг үзүүлэлт тус бүрээр бүрдүүлж ирүүлсэн байна. Дээрх хүснэгтийн 9, 10-д заасан ажлын хэмжээ нь зөвхөн тракторч-комбайнчид хамаарна.

 

Үзүүлэлтийг гаргасан:

 

Сум, дүүргийн Засаг дарга ----------- ---- (...............)

 

Мэргэжилтэн ------------------------------ (...............)

 

Хянаж баталсан:

Аймаг, нийслэлийн ХХААГ-ын дарга---------- (...............)

     Мэргэжилтэн------------------------------ (...............)