A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2013 оны 298 дугаар
                                                                            тогтоолын 1 дүгээр хавсралт

 

"ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ" ТӨРИЙН ӨМЧИТ
ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. "Төрийн орон сууцны корпораци" Төрийн өмчит үйлдвэрийн газар нь Монгол Улсын хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах бие даасан аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар мөн.

1.2. "Төрийн орон сууцны корпораци" нь (цаашид "корпораци" гэх)  Монгол Улсын Иргэний хууль, Хот байгуулалтын тухай, Барилгын тухай, Орон сууцны тухай, Газрын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тогтоол, шийдвэр болон энэхүү дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа эрхэлнэ.

1.3. Энэхүү дүрмийн зорилго нь корпорацийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг тогтоох, удирдлага, зохион байгуулалтын бүтэц, хяналт, корпорацийн эд хөрөнгийн эрх, түүнийг өөрчлөн байгуулах, бүртгүүлэх зэрэгтэй холбогдсон харилцааг хууль тогтоомжид нийцүүлэн зохицуулахад оршино.

1.4. Корпорацийн өмчлөгч нь төр байх бөгөөд төлөөлөл хэрэгжүүлэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд байна.

 

Хоёр. Корпорацийн оноосон нэр, оршин байгаа газар

 

2.1. Корпорацийн оноосон бүтэн нэр нь "Төрийн орон сууцны корпораци" Төрийн өмчит үйлдвэрийн газар байх бөгөөд товчилсон нэр нь "ТОСК" ТӨҮГ байна.

2.2. Корпорацийн байршил нь түүний удирдлага байрлаж байгаа хаягаар тодорхойлогдох бөгөөд хаягийн өөрчлөлтийг корпорацийн удирдлага тухай бүр улсын бүртгэлд бүртгүүлнэ.

 

Гурав. Корпорацийн бэлэгдэл, тэмдэг

 

3.1. Корпораци нь өөрийн бэлэгдэл (эмблем), албан бичгийн хэвлэмэл хуудас, өөрийн нэр бүхий тамга, тэмдэг хэрэглэнэ.

3.2. Бэлэгдлийн загварыг корпорацийн ерөнхий захирлын тушаалаар баталж, Оюуны өмчийн газарт бүртгүүлэх бөгөөд түүнийг хэрэглэх эрхийг зөвхөн корпораци эдлэнэ.

3.3.  Тамгаар корпорацийн албан ёсны шийдвэр, албан бичиг, гэрээ хэлцлийг баталгаажуулна.

3.4.  Корпорацийн ерөнхий захирлаас итгэмжлэн хариуцуулсан этгээд тамга тэмдгийн ашиглалт, хамгаалалт, хадгалалтыг хариуцна.

 


Дөрөв. Корпорацийн үйл ажиллагааны чиглэл,
            үйл ажиллагаа явуулах хугацаа

 

4.1. Корпораци нь Монгол Улсын хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд дараах үйл ажиллагааг эрхэлнэ:

4.1.1. төрийн өмнөөс Монгол Улсын нутаг дэвсгэрт орон сууц бариулах, худалдан борлуулах;

4.1.2. төрийн өмчлөлийн орон сууцны санг бүрдүүлж, түүний эзэмшил, ашиглалт (түрээслүүлэх, иргэдэд эзэмшүүлэх), менежментийг хэрэгжүүлэх;

4.1.3. корпорацийн санхүүжилтээр баригдсан түрээсийн орон сууцыг шаардлагатай гэж үзвэл орон нутгийн өмчлөлд төлбөртэйгээр шилжүүлэх санал боловсруулж, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх;

4.1.4. корпорацийн захиалан бариулах орон сууцны хотхон, хорооллын инженерийн шугам сүлжээний дэд бүтцийг шинээр бариулах, шинэчлэн сайжруулах, захиалагчийн үүрэг гүйцэтгэж, хяналт тавих;

4.1.5. корпорацийн захиалан бариулсан орон сууцны хотхон, хороололтой цогцоор нь барьсан арилжааны зориулалттай барилга байгууламж, талбайг ашиг олох зорилгоор түрээслүүлэх, худалдан борлуулах;

4.1.6. орон сууцны зориулалттай газрыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн эзэмших, ашиглах;

4.1.7. орон нутагт орон сууцжуулах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ захиалагчийн эрх, үүргийг хариуцан ажиллах;

4.1.8. хувийн хэвшлийн байгууллагаас орон сууцны хотхон, хороолол барихаар хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт эргэн төлөгдэх нөхцөлтэйгээр богино хугацааны хөрөнгө оруулалт хийж, тохиролцсон хэмжээнд хувь аван, түүнийг худалдан борлуулах, түрээслүүлэх, ашгаас хувь хүртэх зарчмаар ажиллаж корпорацийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх.

4.2. Төрөөс иргэдийг орон сууцаар хангах ажлын хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, орон сууцны хотхон, хороолол барих зэргээр иргэдийг орон сууцжуулах үйл ажиллагааг зохион байгуулна.

4.3. Өндөр хөгжилтэй орнуудын дэвшилтэт технологийг орон сууцны салбарт нэвтрүүлэх, газар хөдлөлийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг зохион байгуулна.

4.4. Иргэдийг орон сууцжуулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын судалгаа, төслийг хэрэгжүүлэх боломж, үндэслэлийг судлан,                техник-эдийн засгийн үндэслэл, төсөл хэрэгжүүлэх талаар санал боловсруулж холбогдох эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэн хэрэгжүүлэх.

4.5. Корпораци нь үндсэн зорилтод нийцсэн хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагааг эрхэлж болно.

4.6. Корпораци нь тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагаа эрхлэхээр бол холбогдох эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч, улсын бүртгэлд бүртгүүлсний дараа тухайн үйл ажиллагааг эрхэлнэ.

4.7. Хуульд заасан эрх бүхий байгууллагын шийдвэрээр өөрчлөн байгуулах, хувьчлах, татан буулгахаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд корпораци нь үйл ажиллагаагаа хугацаагүй явуулна.

 

Тав. Корпорацийн эд хөрөнгийн эрх, үүрэг

 

5.1 Корпораци нь өөрийн эзэмшиж байгаа эд хөрөнгийн хэмжээгээр эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Үүнд:

5.1.1. өөрт олгогдсон үл хөдлөх хөрөнгийг дүрэмд заасан үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн эзэмших, ашиглах;

5.1.2. корпорацийн үйл ажиллагааны үр дүнд олсон ашгаас хуульд заасан татвар хураамжийг төлсний дараа үлдэх хэсгийг зориулалтын тусгай санд төвлөрүүлж, Засгийн газрын шийдвэрээр дараагийн хөрөнгө оруулалтын ажилд захиран зарцуулах;

5.1.3. корпораци нь үндсэн хөрөнгийг зөвхөн Төрийн өмчийн хорооны шийдвэрийг үндэслэн олж авах, акталж данснаас хасах, худалдан борлуулах, устгах, шилжүүлэх эрхтэй.

 

Зургаа. Корпорацийн удирдлага, бүтэц

 

6.1. Корпорацийг ерөнхий бодлогоор хангах Бодлого зохицуулалтын хороо ажиллах бөгөөд хорооны бүрэлдэхүүн, түүний ажиллах журмыг Ерөнхий сайд батална.

6.2. Корпорацийн өдөр тутмын үйл ажиллагааг ерөнхий захирал удирдана. Ерөнхий захирлыг Монгол Улсын Ерөнхий сайд томилж, чөлөөлнө.

6.3. Корпорацийн ерөнхий захирал нь Ерөнхий сайдтай гэрээ байгуулан ажиллах бөгөөд түүний өмнө гэрээний биелэлтийг хариуцна.

6.4. Корпорацийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Ерөнхий сайд батална. /Энэ хэсгийг ЗГ-ын 2014-9-18-ны 310-р тогтоолоор өөрчилсөн/

6.5. Корпораци нь барилга, дэд бүтцийн асуудал хариуцсан тэргүүн дэд захирал, санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан дэд захиралтай байна.

6.6. Корпораци нь нийслэл болон аймгийн төвүүдэд өөрийн салбар, төслийн нэгжтэй байж болно.

6.7. Ерөнхий захирал нь дор дурдсан эрх, үүрэгтэй байна:

6.7.1. үйл ажиллагааны болон санхүүгийн төлөвлөгөөг Бодлого зохицуулалтын хороогоор батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг хангуулах; /Энэ заалтыг ЗГ-ын 2014-9-18-ны 310-р тогтоолоор өөрчилсөн/

6.7.2. гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, корпорацийн хэвийн үйл ажиллагааг хангасны үндсэн дээр санхүү, төлбөрийн чадвар, нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа эрхлэх;

6.7.3. хувийн хөрөнгө оруулагчидтай үнэ, тоо хэмжээ, холбогдох бусад нөхцөлийг тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр хувийн хэвшлийн барьсан орон сууцны тодорхой хэсгийг худалдан авах баталгааг корпорацийн санхүүгийн нөөц бололцоотой уялдуулан гаргаж болно;

6.7.4. батлагдсан бүтэц, орон тооны хязгаарт багтаан ажилтнуудыг ажилд томилох, чөлөөлөх, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах;

6.7.5. гадаад, дотоодод болон маргаантай асуудлаар шүүх, арбитрын байгууллагад корпорацийг төлөөлөх;

6.7.6. ерөнхий захирлын эрх хэмжээнд хамаарах асуудлаар тушаал гаргаж, холбогдох дүрэм журам, заавар баталж, биелэлтийг нь зохион байгуулж, үр дүнг тооцох;

6.7.7. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

6.8. Корпорацийн ерөнхий захирал, тэргүүн дэд захирал, дэд захирал, газар, хэлтсийн дарга, нягтлан бодогч зэрэг албан тушаал эрхэлдэг этгээдийг эрх бүхий албан тушаалтанд тооцно.

6.9. Эрх бүхий албан тушаалтан болон корпорацийн ажилтнууд нь энэхүү дүрэм, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргийг биелүүлж, корпорацийн ашиг сонирхлын төлөө үнэнч шударгаар ажиллана.

6.10.  Эрх бүхий албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх хэм хэмжээг холбогдох хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журмаар тогтоох бөгөөд тэдгээрийн дагуу шийдвэрлэнэ.

 

Долоо. Корпорацийн хяналт

 

7.1. Корпораци нь санхүүгийн үйл ажиллагааг хянах дотоод хяналттай байна. Дотоод хяналтын бүтэц, ажиллах журмыг ерөнхий захирал батална.

7.2.  Төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшил, хадгалалт, хамгаалалт, ашиглалт болон санхүүгийн үйл ажиллагаанд Төрийн өмчийн хороо хяналт тавьж ажиллана.

7.3.  Өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад бүртгэлээр тавих хяналтыг ерөнхий нягтлан бодогч хариуцна.

 

Найм. Корпорацийн санхүүжилт, санхүү,
бүртгэлийн тайлан 

 

8.1. Корпорацийн тухайн жилийн орлого нь санхүүгийн дараах эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд:

     8.1.1. Засгийн газрын үнэт цаасны эх үүсвэр;

     8.1.2. Засгийн газрын болон Хөгжлийн банкны баталгаагаар гадаад, дотоодын зах зээлээс авсан зээл, борлуулсан үнэт цаасны эх үүсвэр;

     8.1.3. улсын болон орон нутгийн төсвөөс олгох санхүүжилт;

     8.1.4. гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;

     8.1.5. гадаад, дотоодын зээл тусламж;

     8.1.6. ажил, үйлчилгээнээс олсон бүх орлого;

     8.1.7. олон улсын байгууллагатай хамтарч ажиллах гэрээний дагуу олох үйлчилгээний орлого;

     8.1.8. хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бусад эх үүсвэр.

8.2. Корпорацийн санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх шаардлагатай тохиолдолд Засгийн газар эсхүл түүний эрх олгосон байгууллага санхүүгийн баталгаа гаргаж өгч болно.

8.3. Корпорацийн санхүүгийн тайланг Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу жил бүр гаргаж, хөндлөнгийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна.

8.4. Корпорацийн санхүүгийн тайлангийн үнэн зөвийг ерөнхий захирал, ерөнхий нягтлан бодогч нар хариуцна.

8.5. Корпорацийн санхүүгийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж, мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно.

8.6. Корпорацийн санхүүгийн тайланг шалгуулж баталгаажуулах, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд бүрэн болон хэсэгчилсэн шалгалт хийлгэх зорилгоор гэрээний үндсэн дээр аудиторыг сонгон ажиллуулна.

 

Ес. Корпорацийн санхүүгийн болон үйл
ажиллагааны тайлан

 

9.1. Корпорацийн санхүүгийн тайланд дараах зүйлийг тусгана. Үүнд:

9.1.1. баланс

9.1.2. үйл ажиллагаа, үр дүнгийн тайлан

9.1.3. мөнгөн гүйлгээний тайлан

9.1.4. өмчийн өөрчлөлтийн тайлан

9.1.5. тухайн тайлангийн хугацаанд хийсэн их хэмжээний болон сонирхлын зөрчил бүхий хэлцлийн жагсаалт, нэр төрөл, үнийн дүн, удирдлагад олгосон цалин, шагнал урамшуулал;

9.1.6. санхүүгийн тайлангийн тодруулга

9.1.7. бусад

9.2. Тайлангийн хугацаанд корпорацийн эрхлэн явуулсан үндсэн үйл ажиллагааны талаархи танилцуулга, гарсан өөрчлөлтүүд болон эдгээр үйл ажиллагааны үр дүнгийн талаар улирал бүр тайлагнана.


Арав. Корпорацийн бичиг баримтыг хадгалах

 

10.1. Корпораци нь дараах бичиг баримтыг хадгална:

10.1.1. корпорацийн дүрэм, түүнд орсон нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга, корпорацийг байгуулах эрх бүхий байгууллагын шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад гэрчилгээ;

10.1.2. санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, түүнд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмж;

10.1.3. анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтууд, түүнд тусгагдсан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нотлох бичиг баримтууд;

10.1.4. улсын төсөв, гадаад, дотоодын зээл, тусламж, төсөл хөтөлбөрийн хүрээнд баригдсан орон сууцны хотхон, хорооллын зураг төсөл болон барилгын зураг төсөл, тэдгээртэй холбоотой гаргасан хурлын тэмдэглэл, шийдвэр, ерөнхий захирлын тушаал, шийдвэрүүд, техникийн хяналт, угсралтын ажилтай холбоотой гэрээ болон холбогдох бусад бичиг баримт;

10.1.5. ач холбогдол бүхий бусад бичиг баримт.

10.2. Дээрх бичиг баримтыг зохих журмын дагуу холбогдох этгээдээс хүлээн авч хадгалах, эрх бүхий этгээдэд танилцуулах, архивт шилжүүлэх зэрэг ажиллагааг ерөнхий захирлын туслах, бичиг хэргийн ажилтан гүйцэтгэнэ.

 

Арван нэг. Корпорацийг татан буулгах

 

11.1. Корпорацийг татан буулгахад Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид заасан үндэслэл, журмыг баримтална.

 

Арван хоёр. Бусад

 

12.1. Энэхүү дүрэмд тусгагдаагүй бусад асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.

12.2. Корпорацийн энэхүү дүрэм нь улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

12.3. Корпорацийн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлтийг хууль тогтоомжид заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно.

 

------оОо------