- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТИЙН ДҮРЭМ
Засгийн газрын 2012 оны 180 дугаар
тогтоолын хавсралт
БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
“Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-ийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг энэхүү дүрмээр зохицуулна.
1.1. “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт” нь сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах болон бусад ажилтан, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн ерөнхий боловсролын багш (цаашид “багш” гэх)-ийн мэргэжлийг дээшлүүлэх чиг үүрэг бүхий сургалт, арга зүй, судалгааны байгууллага мөн.
1.2. “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт” (цаашид “институт” гэх) нь үйл ажиллагаандаа Сургуулийн өмнөх боловсролын тухай, Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү дүрмийг мөрдлөг болгоно.
1.3. Институт нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
1.4. Институт нь өдөр тутмын үйл ажиллагаагаа институтийн удирдах байгууллагын шийдвэр болон хөдөлмөрийн дотоод журмын дагуу явуулна.
Хоёр. Институтийн үйл ажиллагааны зарчим,
үндсэн чиглэл
2.1. Институт нь үйл ажиллагаандаа дараахь зарчмыг баримтална:
2.1.1. багшийн хөгжлийн талаархи олон улсын жишиг, чиг хандлагыг баримжаалах;
2.1.2. багш бүрийг мэргэжил, арга зүйн ур чадвараа дээшлүүлэх адил тэгш боломжоор хангах;
2.1.3. мэргэжил дээшлүүлэх сонголттой, нээлттэй, уян хатан, тасралтгүй үйлчилгээг бий болгох;
2.1.4. мэргэжил дээшлүүлэх сургалтад мэргэжлийн байгууллагын оролцоог хангах.
2.2. Институт нь өөрийн чиг үүргийн хүрээнд дараахь үйл ажиллагааг явуулна:
2.2.1. багшийн мэргэжил дээшлүүлэх нөхцөл байдал, хөгжлийн хандлага, эрэлт, нийлүүлэлтийн уялдаа, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд үр дүнгийн үнэлгээ хийх;
2.2.2. мэргэжил дээшлүүлэх сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг олон улсын хөгжлийн жишиг хандлага, өөрийн орны онцлог, багшийн мэргэжлийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн боловсруулж, боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр батлуулж үйл ажиллагаандаа мөрдөх;
2.2.3. улс болон бүс нутаг, боловсролын байгууллагын түвшинд багш, удирдах ажилтны мэргэжлийг дээшлүүлэх нэгдсэн зохицуулалтыг хангах;
2.2.4. багшийн мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр орон нутгийн боловсролын байгууллагын удирдлага, тухайн боловсролын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, орон нутгийн түвшинд багш нарын мэргэжлийг ерөнхий боловсролын лаборатори сургуулиудад түшиглэн дээшлүүлэх;
2.2.5. багшийн мэргэжлийг зайны сургалтаар дээшлүүлэх мэдээлэл, холбооны технологид суурилсан үндэсний сүлжээг бий болгох;
2.2.6. цахим сүлжээнд суурилсан сургалтын нээлттэй хэрэглэгдэхүүний үйлчилгээг бий болгох;
2.2.7. багш нарын мэргэжлийг 5 жил тутамд дээшлүүлэх сургалт зохион байгуулах;
2.2.8. боловсролын байгууллагын ажилтан, сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтны мэргэжлийг дээшлүүлэх төвлөрсөн болон орон нутгийн сургалтыг зохион байгуулах;
2.2.9. багш нарын мэргэжлийг дээшлүүлсэн талаархи бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;
2.2.10. багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хэрэглэгдэх ном, гарын авлага, зөвлөмж, электрон материалыг бэлтгэх;
2.2.11. багш, удирдах ажилтны мэргэжлийг дээшлүүлэх зорилго бүхий сургалтын хөтөлбөрт үнэлгээ дүгнэлт өгөх, үр дүнгийн мэдээ тайланг авах;
2.2.12. багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, мэргэжил дээшлүүлэх сургалтын чанар, үр дүнд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх;
2.2.13. багш нарын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх талаар гаргаж байгаа бүтээлч санаачилгыг дэмжих, тэргүүний арга барил, туршлагыг судлан нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;
2.2.14. багш бэлтгэх, давтан бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах;
2.2.15. багшийн мэргэжлийг дээшлүүлэх асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал, зөвлөгөөн, семинар зохион байгуулах;
2.2.16. гадаад орны ижил төрлийн байгууллагатай хамтран ажиллаж, багш, удирдах ажилтны мэргэжлийг гадаад орнуудад дээшлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
2.2.17. багшлах эрх болон мэргэжлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах;
2.2.18. багшийн ур чадварын уралдаан зохион байгуулж, оны шилдэг багш шалгаруулах.
Гурав. Удирдлага, зохион байгуулалтын бүтэц
3.1. Институтийн удирдлага нь удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагаас бүрдэнэ.
3.2. Институтийн бүтэц, орон тоог боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
3.3. Институтийн ажилтны эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг байгууллагын дотоод журмаар зохицуулна.
3.4. Удирдах зөвлөл:
3.4.1. Удирдах зөвлөл нь институтийн сургалт, арга зүй, судалгааны ажлын үндсэн чиглэлийг тодорхойлох, үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг батлах, гүйцэтгэлд нь хяналт тавих, үр дүнг үнэлэх эрх бүхий хамтын удирдлагын байгууллага мөн;
3.4.2. Удирдах зөвлөлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга ахлах бөгөөд удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална;
3.4.3. Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргана.
3.5. Захирал:
3.5.1. институтийн өдөр тутмын үйл ажиллагааг захирал удирдана. Захирлыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно;
3.5.2. захирал нь сургалт, хүний нөөц, захиргаа, санхүү, төсвийн зарцуулалт зэрэг асуудлаар институтийг шуурхай удирдлагаар ханган ажиллаж, удирдах зөвлөл болон боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад ажлаа тайлагнана;
3.5.3. захирал нь институт түүний нэгжүүдийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг батлах, гүйцэтгэлд нь хяналт тавих, үр дүнг үнэлж дүгнэх, нэгжүүдийн ажлын уялдаа холбоог хангах, баталсан төсвийн хүрээнд хөрөнгө захиран зарцуулах, дэд захирал болон нэгжийн удирдлага, бусад албан тушаалтан, ажилтныг ажилд томилох, чөлөөлөх, шагнаж урамшуулах, хариуцлага тооцох болон хууль тогтоомжоор олгогдсон бусад эрхийг эдэлнэ;
3.5.4. захирал өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргана;
3.5.5. захирал нь боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй үр дүнгийн гэрээ байгуулж, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
3.6. Захирлын дэргэд институтийн дэд захирал, сургалтын албаны дарга, тэнхимийн эрхлэгч нараас бүрдэх зөвлөл ажиллана.
Захирлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг захирлын тушаалаар батална. Зөвлөл нь захиралд зөвлөх чиг үүрэг гүйцэтгэнэ.
3.7. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дэргэд сургалтын чиглэл бүрийн тэргүүлэх мэргэжилтнүүдээс бүрдсэн орон тооны бус мэргэжлийн зөвлөл ажиллана:
3.7.1. орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг институтийн захирлын тушаалаар батална;
3.7.2. орон тооны бус мэргэжлийн зөвлөл нь багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийн агуулга, сургалтад хэрэглэгдэх ном, гарын авлага, зөвлөмж, электрон материалыг хэлэлцэж, дүгнэлт гаргана;
3.7.3. орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн гишүүдэд урамшуулал өгч болно. Урамшуулалд шаардагдах хөрөнгийг институтийн төсөвт багтаан шийдвэрлэнэ.
3.8. Нэгжийн удирдлага, бусад ажилтнуудын эрх, үүрэг, хариуцлагыг институтийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр нарийвчлан тодорхойлно.
Дөрөв. Институтийн санхүүжилт
4.1. Институтийн үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
4.1.1. улсын төсвийн хөрөнгө;
4.1.2. олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;
4.1.3. эрдэм шинжилгээ, судалгааны төслийн санхүүжилт;
4.1.4. хууль тогтоомжоор хориглоогүй санхүүгийн бусад эх үүсвэр.
------оОо------
Текст томруулах
A
A
A