A

A

A

Бүлэг: 1979

ОЛИМПИЙН БЭЛГЭ ТЭМДГИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ НАЙРОБЫН ГЭРЭЭ

 

Найроби хотноо 1981 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр

баталсан

 

I БҮЛЭГ

ЕРӨНХИЙ ЗААЛТ

 

1 дүгээр зүйл

 

Улсуудын хүлээх үүрэг

 

Энэхүү гэрээнд оролцогч аливаа улс Олон улсын олимпийн хороо зөвшөөрснөөс бусад тохиолдолд Олон улсын олимпийн хорооны дүрэмд тодорхойлсон олимпийн бэлгэ тэмдэг, эсхүл бэлгэ тэмдгийг агуулсан аливаа илэрхийллийг тэмдгийн хувьд 2, 3 дугаар зүйлд заасны дагуу бүртгэхээс татгалзах эсхүл бүртгэлийг хүчингүй болгох буюу арилжааны зорилгоор ашиглахыг зохих арга хэмжээ авах замаар хориглох үүрэгтэй. Дээр дурдсан бэлгэ тэмдгийн тодорхойлолт болон зураг дүрслэлийг хавсралтаар үзүүлэв.

 

2 дугаар зүйл

 

Үүргээс чөлөөлөх

 

(1) 1 дүгээр зүйлд заасан үүрэг нь дараахь тохиолдолд энэхүү гэрээнд оролцогч улсад хамаарахгүй:

           

(i)            олимпийн бэлгэ тэмдгээс бүрдсэн болон уг бэлгэ тэмдгийг агуулсан аливаа дүрсэн илэрхийлэл нь тухайн улсад энэхүү гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө бүртгэгдсэн, эсхүл 1 дүгээр зүйлд заасан үүргийг хэрэгжүүлэх үйл явцыг 3 дугаар зүйлд заасны дагуу зогсоосон хугацаанд;

 

(ii)          тухайн улсын хувьд энэхүү гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө аливаа хувь хүн болон аж ахуйн нэгж олимпийн бэлгэ тэмдгээс бүрдсэн болон уг бэлгэ тэмдгийг агуулсан тэмдэг, эсхүл аливаа дүрсэн илэрхийллийг тухайн улсад арилжааны зорилгоор хууль ёсоор үргэлжлүүлэн ашиглах эсхүл тухайн улсын хувьд 1 дүгээр зүйлд заасан үүргийг 3 дугаар зүйлд заасны дагуу зогсоосон хугацаанд.

(2) Тухайн улс оролцогч тал нь болсон гэрээний дагуу бүртгэгдэж, тус улсад хүчинтэй байгаа тэмдэгт 1 дэх хэсгийн (i) дэд хэсгийг мөн хэрэглэнэ.

 

(3) 1 дэх хэсгийн (ii) дэд хэсэгт дурдсан хувь хүн буюу аж ахуйн нэгжийн зөвшөөрлөөр ашиглах нь энэ заалтыг хэрэгжүүлэх зорилгын хувьд тухайн хувь хүн, аж ахуйн нэгж ашиглаж буйтай адилтган үзнэ.

 

(4) Хэрэв олимпийн хөдөлгөөний болон уг хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэх зорилгоор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олимпийн бэлгэ тэмдгийг хэрэглэж байвал энэхүү гэрээнд оролцогч нэг ч улс түүнийг хориглох ёсгүй.

 

3 дугаар зүйл

 

Үүргийн хэрэгжилтийг зогсоох

 

Олон улсын олимпийн хороо болон тухайн улсын Үндэсний олимпийн хорооны хооронд олимпийн бэлгэ тэмдгийг хэрэглэх зөвшөөрлийг тухайн улсад олгох болон уг зөвшөөрлийг олгосноороо Олон улсын олимпийн хороонд орох аливаа орлогоос Үндэсний олимпийн хороо авах хувийн талаар хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээ байгуулаагүй бүх үеийн туршид 1 дүгээр зүйлд дурдсан үүргийн хэрэгжилтийг зогсоосонд тооцож болно.

 

II БҮЛЭГ

УЛСУУДЫН ХОЛБОО

 

4 дүгээр зүйл

 

I бүлгээс чөлөөлөх

 

I бүлгийн заалт нь энэхүү гэрээнд оролцогч бөгөөд гаалийн холбоо, худалдааны чөлөөт бүс, эдийн засгийн бусад холбоо, бүс нутгийн болон дэд бүсийн холбооны гишүүн аливаа улсын хувьд эдгээр холбоо, бүс, бүлэглэлийг байгуулах тухай хэлэлцээрээс үүдэлтэй, ялангуяа бараа, үйлчилгээг чөлөөтэй солилцох асуудлыг зохицуулсан хэлэлцээрээр хүлээж буй үүргийг хөндөхгүй.

 

III БҮЛЭГ

ТӨГСГӨЛИЙН ЗААЛТ

 

5 дугаар зүйл

 

Гэрээнд оролцогч тал болох

 

(1) Дэлхийн оюуны өмчийн байгууллага (цаашид “байгууллага” гэнэ) эсхүл Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах олон улсын (Парисын) холбоо (цаашид “Парисын холбоо” гэнэ)-ны гишүүн аливаа улс дараахь замаар энэхүү гэрээнд оролцогч болж болно:

 

(i)            гарын үсэг зурж, батламж жуух бичиг буюу нэгдэн орсон, эсхүл баталсан тухай баримт бичгийг дараа нь хадгалуулахаар өгөх;

(ii)          нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгөх.

 

(2) Энэ зүйлийн (1) дэх хэсэгт дурдаагүй Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүнтэй холбоотой аль нэг төрөлжсөн байгууллагын гишүүн аливаа улс нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгөх замаар энэхүү гэрээний оролцогч болж болно.

 

(3) Батламж жуух бичиг, эсхүл нэгдэн орсон буюу баталсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгийг байгууллагын ерөнхий захирал (цаашид” ерөнхий захирал” гэнэ)-д хадгалуулахаар өгнө.

 

6 дугаар зүйл

 

Гэрээ хүчин төгөлдөр болох

 

(1) Батламж жуух бичиг, эсхүл нэгдэн орсон буюу баталсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн эхний гурван улсын хувьд энэхүү гэрээ гурав дахь батламж жуух бичиг, нэгдэн орсон буюу баталсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгийг хадгалуулахаар өгснөөс хойш нэг сарын дараа хүчин төгөлдөр болно.

 

(2) Батламж жуух бичиг, нэгдэн орсон буюу баталсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн бусад улсын хувьд энэхүү гэрээ тэдгээрийг хадгалуулахаар өгснөөс хойш нэг сарын дараа хүчин төгөлдөр болно.

 

7 дугаар зүйл

 

Гэрээг цуцлах

 

(1) Аливаа улс ерөнхий захиралд мэдэгдэл илгээх замаар энэхүү гэрээг цуцалж болно.

 

(2) Цуцлалт нь ерөнхий захирал мэдэгдлийг хүлээж авснаас хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно.

 

8 дугаар зүйл

 

Гэрээнд гарын үсэг зурах, гэрээг үйлдэх хэл

 

(1) Энэхүү гэрээг англи, испани, орос, франц хэлээр нэг эх хувь үйлдэж гарын үсэг зурсан бөгөөд эх бичвэрүүд адил хүчинтэй.

 

(2) Гэрээний албан ёсны эх бичвэрийг ерөнхий захирал сонирхогч засгийн газартай зөвлөлдсөний дараа араб, итали, герман, португали хэлээр болон байгууллагын бага хурал эсхүл Парисын холбооны Ассамблейн тогтоосон бусад хэлээр үйлдэнэ.

 

(3) Энэхүү гэрээ нь Найроби хотноо 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс Женев хотноо 1983 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл гарын үсэг зурахад нээлттэй байна.

 

9 дүгээр зүйл

 

Гэрээг хадгалах, хуулбарыг илгээх, гэрээг бүртгэх

 

(1) Энэхүү гэрээний эх хувийг Найроби хотноо гарын үсэг зурахад хаалттай  болсны дараа ерөнхий захиралд хадгалуулахаар өгнө.

 

(2) Ерөнхий захирал энэхүү гэрээний баталгаажуулсан хоёр хуулбарыг 5 дугаар зүйлийн (1), (2) дахь хэсэгт дурдсан болон хүсэлт гаргасан аливаа улсад илгээнэ.

 

(3) Энэхүү гэрээг ерөнхий захирал Нэгдсэн Үндэстний Байгууллагын нарийн бичгийн дарга нарын газарт бүртгүүлнэ.

 

10 дугаар зүйл

 

Мэдээлэх

 

Ерөнхий захирал 5 дугаар зүйлийн (1), (2) дахь хэсэгт дурдсан улсад дараахь зүйлийг мэдээлнэ:

 

(i)            8 дугаар зүйлд заасны дагуу гарын үсэг зурсан тухай;

 

(ii)          5 дугаар зүйлийн (3) дахь хэсэгт заасны дагуу батламж жуух бичиг, эсхүл нэгдэн орсон буюу баталсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгийг хүлээн авсан тухай;

 

(iii)         6 дугаар зүйлийн (1) дэх хэсэгт заасны дагуу энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрийн тухай;

 

(iv)         7 дугаар зүйлд заасны дагуу энэхүү гэрээг цуцалсан тухай.

 

Хавсралт

 

Олимпийн бэлгэ тэмдэг нь зүүнээс баруун тийш цэнхэр, шар, хар, ногоон, улаан гэсэн дарааллаар хэлхэлдсэн таван цагиргаас бүрдэнэ. Олимпийн бэлгэ тэмдэг нь  нэг эсхүл өөр өөр өнгийн олимпийн цагиргаас бүрдэнэ.