- Нүүр
- Сайдын тушаал
- “МИАТ” ХК-ИЙН ГАДААД НИСЛЭГЭЭР ЗОРЧИХ ЖУРАМ
Зам, тээврийн сайд, Сангийн сайд, Төрийн өмчийн
хорооны даргын 2013 оны 12 дугаар сарын 31-ны
өдрийн А/06/290/314 дугаар тушаалын хавсралт
“МИАТ” ХК-ИЙН ГАДААД НИСЛЭГЭЭР
ЗОРЧИХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь “МИАТ ХК-ийн нислэгээр үйлчлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 274 дүгээр тогтоолыг мөрдүүлэхэд оршино.
1.2. Монгол Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”, “МИАТ ХК-ийн нислэгээр үйлчлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 274 дугаар тогтоол нь энэхүү журмын хууль зүйн үндэслэл болно.
1.3. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой дараах хуулийн этгээдийн албан хаагч, ажилтан /цаашид “үйлчлүүлэгч” гэнэ/-ууд нь төсвийн болон тухайн байгууллагын зардлаар гадаад улсад “МИАТ” /Монголын иргэний агаарын тээвэр/ ХК-ийн нислэгээр зорчино:
- Засгийн газрын хэрэг эрхлэх газар;
- төрийн захиргааны төв байгууллага;
- Засгийн газрын агентлаг;
- Засгийн газар, яам, агентлагийн харъяа болон дэргэдэх төрийн бусад байгууллага;
- төрийн өмчит үйлдвэрийн газар;
- тавиас дээш хувийн төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд.
Хоёр. Нислэгийн тийз захиалах
2.1. Үйлчлүүлэгч нь зорчих нислэгийн эхлэл, төгсгөлийн цэг хооронд зөвхөн “МИАТ” ХК-ийн нислэг болон гадаадын агаарын тээвэрлэгчтэй аялалын дугаар хамтран эзэмшиж буй нислэгээр, цааш бусад улсад дамжих тохиолдолд “МИАТ” ХК-ийн аль ойртох нислэгийн чиглэлээр тийзийг захиална.
2.2. Үйлчлүүлэгч нь нислэгийн тийзийг “МИАТ” ХК-ийн нислэгийн тийз борлуулах төв болон тийз борлуулагч агентаар дамжуулан захиалах бөгөөд тухайн тийз захиалгын хадгалах хугацаа, төлбөрийн нөхцлийг баримтална.
2.3. “МИАТ” ХК болон тус компанийн нислэгийн тийз борлуулагч гэрээт агент нь үйлчлүүлэгчид дараах үйлчилгээг үзүүлнэ:
2.3.1. “МИАТ” ХК-ийн байнгын нислэг үйлдэж буй Улаанбаатараас Бээжин, Сөүл, Хонг Конг, Токио, Осака, Берлин, Москва, Эрээний болон цаашид нээгдэх бусад чиглэлд тухайн нислэгийн бүртгэл эхлэхээс 72 цагийн өмнө тийз захиалсан үйлчлүүлэгчийг суудлаар хангах шаардлагатай арга хэмжээг авах;
2.3.2. үйлчлүүлэгчид аялал бүрт тохирсон маршрутыг санал болгон, зөвлөгөө өгөх;
2.3.3. үйлчлүүлэгчээс тухайн тийзний захиалгын хүчинтэй хугацаанд тийзийг валютийн ханшийн өөрчлөлттэйгээс бусад тохиолдолд захиалга ирүүлсэн үеийн тарифаар худалдах;
2.3.4. захиалга ирүүлсэн нислэгийн чиглэлд “МИАТ” ХК-ийн болон аялалын дугаар хамтран эзэмшигчийн нислэгийн тийз дууссан тохиолдолд энэ тухай үйлчлүүлэгчид нэн даруй мэдэгдэх.
2.4. Албан томилолтын шаардлага нь нислэг эхлэхээс өмнө 72 цагийн дотор үүссэнээр энэхүү журмын 2.1-д заасан тийз захиалга дууссан, эсхүл энэхүү журмын 2.1-д заасан шууд нислэггүй тохиолдолд үйлчлүүлэгч нь бусад агаарын тээвэрлэгчийн нислэгээр зорчих ба “МИАТ” ХК-ийн нислэгээр зорчоогүй үндэслэлээ томилолтын тооцооны баримтанд хавсаргана.
Гурав. Үйлчилгээний нөхцөл
3.1. Үйлчлүүлэгч нь захиалсан нислэгийн тийзний төлбөр тооцоог хийх, худалдан авахдаа “МИАТ” ХК-ийн өөрийн нислэгийн тийз борлуулах төв болон тийз борлуулагч агентын журмыг баримтална.
3.2. “МИАТ” ХК-иас тогтоосон тийз захиалга, үйлчилгээтэй холбоотой бүхий л хөнгөлөлт, урамшуулал нь энэ журмын дагуу үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчид нэгэн адил хамаарна.
3.3. “МИАТ” ХК-ийн тухайн нислэгийн бизнес ангилалын суудал чөлөөтэй байгаа нөхцөлд “МИАТ” ХК нь “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2002 оны 73 дугаар тогтоолын хавсралтад заагдсан энэ журмын дагуу үйлчлүүлж байгаа зорчигчийг энгийн ангиллаас нэмэлт төлбөргүйгээр дэвшүүлэн суулгана.
3.4. “МИАТ” ХК-иас тогтоосон зорчигчийн үнэгүй тээвэрлэх тээш дээр энэ журмын дагуу үйлчлүүлж байгаа зорчигч бүрт 10 кг хүртэлх тээш нэмж үнэгүй тээвэрлэх эрх олгоно.
Дөрөв. Бусад
4.1. Энэхүү журмын 1.3-д заасан байгууллага нь “Гадаад томилолтын журам”-даа энэхүү журмыг мөрдөж ажиллахаар тусган хэрэгжүүлнэ.
4.2. Үйлчлүүлэгч нь гадаадад албан томилолтоор ажиллах тухай шийдвэр гарсан даруй холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн тийзээ захиалах бөгөөд хугацаа алдсанаас учрах хохиролыг тухайн үйлчлүүлэгч хариуцна.
4.3. Үйлчлүүлэгч байгууллага нь үйл ажиллагааны онцлог, тухайн жилийн гадаад томилолтын төлөвлөгөөг үндэслэн нислэгийн чиглэл, суудал захиалга, төлбөр тооцоо, бусад нөхцлөөр энэхүү журамд нийцүүлэн “МИАТ” ХК-ийн нислэгийн тийз борлуулах төв болон бусад тийз борлуулагчтай тусгайлан гэрээ байгуулж хамтран ажиллаж болох бөгөөд гэрээ байгуулаагүй нь энэ журмыг мөрдөхгүй байх үндэслэл болохгүй.
4.4. Аяллын зорилго, чиглэл, хугацаа адил үед тийзний захиалгыг үйлчлүүлэгч нь нэгтгэн захиалах бөгөөд нэгтгэн захиалаагүйгээс тухайн зорчигчдын нислэгийн чиглэл, хугацаа, тийзний үнэ зөрөх хариуцлагыг “МИАТ” ХК хүлээхгүй.
4.5. Энэхүү журмыг зөрчиж төсвийн болон байгууллагын хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй ажилтан, албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 130, 131 дүгээр зүйл, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид зааснаар хариуцлага хүлээлгэнэ.
4.6. “МИАТ ХК-ийн нислэгээр үйлчлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 274 дүгээр тогтоол болон энэхүү журмын хэрэгжилтэд эрх бүхий байгууллагууд тус тусын эрх хэмжээний хүрээнд хяналт тавина.
4.7. “МИАТ” ХК нь үйлчилгээтэй холбоотой санал, гомдлыг (976)70049967, (976)11-333999 дугаарын утсаар болон customerservice@miat.com и-мэйл хаягаар хүлээн авч шуурхай барагдуулж ажиллана.
4.8. Энэхүү журмаар зохицуулагдаагүй бусад харилцааг Монгол улсын холбогдох хууль тогтоомж, “МИАТ” ХК-ийн дүрэм, журмаар зохицуулна.
___oOo___
Текст томруулах
A
A
A