- Нүүр
- Сайдын тушаал
- ХҮНСНИЙ ЭРХИЙН БИЧИГ ОЛГОХ ЖУРАМ
/ХНХС-ын 2021 оны А/103 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын
2014 оны А/32 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
ХҮНСНИЙ ЭРХИЙН БИЧИГ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.Нийгмийн халамжийн тухай хуулийн 22.1.1-д заасан хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн /цаашид “өрхийн гишүүн-иргэн” гэх/-д хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /цаашид “хүнсний эрхийн бичиг” гэх/ олгох, санхүүжилт хийх, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, хүнсний эрхийн бичгийн олголтыг зогсоохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Дараахь нөхцөлийг хангасан өрхийн гишүүн-иргэнд хүнсний эрхийн бичиг олгоно:
1.2.1.Үндэсний статистикийн хороо болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хамтран баталсан аргачлал[1]-ын дагуу амьжиргааны түвшингээ үнэлүүлж, өрхийн гишүүн-иргэний мэдээллийн нэгдсэн сан (цаашид “мэдээллийн нэгдсэн сан” гэх)-д орсон;
1.2.2.нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнээс амьжиргааны түвшингийн үнэлгээ нь тухайн онд хүнсний эрхийн бичиг олгохоор Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан босго оноо[2]той тэнцүү буюу түүнээс доогуур байгаа.
1.3. Тухайн өрхийн хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай боловч хөдөлмөр эрхлээгүй гишүүнд хүнсний эрхийн бичгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, үйлчилгээнд хамрагдах нөхцөлтэйгээр олгоно.
1.4. Энэхүү журмын 1.3-т заасан иргэн хүнсний эрхийн бичгийг авах эхний 6 сарын хугацаанд дараах болзлыг хангана:
1.4.1. ажил хайж аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн;
1.4.2. ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээнд хамрагдаж, зөвлөгөө авсан.
1.5. Энэхүү журмын 1.3-т заасан иргэн хүнсний эрхийн бичигт хамрагдсан эхний 6 сараас хойш хөдөлмөр эрхлэлтийн байгууллагаас санал болгосон дараах арга хэмжээнээс 2-оос доошгүй үйл ажиллагаанд хамрагдсан тохиолдолд хүнсний эрхийн бичгийг үргэлжлүүлэн олгоно.
1.5.1. хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамрагдсан байх;
1.5.2. хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн хүрээнд бий болсон түр ажлын байр болон нийтийг хамарсан ажилд хамрагдсан байх;
1.5.3. сайн дурын байгууллага, ажилтнаас зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцсон байх;
1.5.4. ажил хайгчаар бүртгүүлснээс хойш 2-оос доошгүй ажил олгогчтой уулзаж ажил идэвхтэй хайсан байх,
1.5.5. ажилд зуучлуулж, тогтвортой ажил хөдөлмөр эрхэлсэн байх.
1.6. Сум, хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн энэхүү журмын 1.4, 1.5-д заасан иргэнийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамруулах бүх талын зөвлөгөө, дэмжлэг туслалцааг үзүүлнэ.
1.7. Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага энэ журмын 1.4, 1.5-д заасан иргэнийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд тэргүүн ээлжинд хамруулах чиглэлийг баримтална.
1.8. Энэхүү журмын 1.4, 1.5-д заасан нөхцөлийг хангасан эсэхэд сумын нийгмийн ажилтан, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын холбогдох асуудал хариуцсан мэргэжилтэн хяналт тавьж, үйлчилгээнд хамрагдсан эсэхийг тодорхойлох бөгөөд энэ тухай мэдээллийг сар бүрийн 01-ний дотор мэдээллийн санд оруулж, тухайн өрхийн хүнсний эрхийн бичгийг шинэчлэн тогтоох нөхцөлийг бүрдүүлж ажиллана.
1.9. Энэхүү журмын 1.4, 1.5 дахь заалт нь дараах иргэнд хамаарахгүй:
1.9.1. жирэмсэн болон амаржсан эх;
1.9.2. хүүхэд нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй бол 6 хүртэлх насны хүүхэд асарч байгаа эх /эцэг/;
1.9.3. Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.6-д заасан байнгын асаргаа шаардлагатай хүнийг асарч байгаа;
1.9.4. суралцаж байгаа /их, дээд сургууль, коллеж, МСҮТ/;
1.9.5.хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан иргэн;
1.9.6.малчин.
1.10.Энэхүү журмын 1.9.1-д заасан иргэнийг өрх, сумын эмч, 1.9.4-т заасан иргэнийг суралцаж байгаа сургалтын байгууллага, бусад иргэнийг харьяалах сум, хорооны нийгмийн ажилтан, Засаг дарга нь тодорхойлно.
1.11.Хүнсний эрхийн бичигт хамрагдсан өрх нь бага насны хүүхдийг товлолын дагуу заавал хийх дархлаажуулалт, сургуулийн насны хүүхдийг албан ба албан боловсролд тус тус хамруулах үүрэгтэй. /1.3-1.11 дэх хэсгийг ХНХС-ын 2018 оны А/13-р тушаалаар нэмсэн./
1.12.Хүнсний эрхийн бичиг нь өрхийн гишүүн-иргэний тухайн сарын хүнсний хэрэгцээнд дэмжлэг үзүүлэхэд зориулсан төлбөрийн нэгжийг төлөөлөх үнэт цаас байна./ХНХС-ын 2018 оны А/13-р тушаалаар дугаарыг өөрчилсөн./
1.13.Хүнсний эрхийн бичиг нь цаасан болон цахим хэлбэртэй байна./ХНХС-ын 2018 оны А/13-р тушаалаар дугаарыг өөрчилсөн./
Хоёр. Хүнсний эрхийн бичиг авах нөхцөл хангасан өрхийн гишүүн-иргэний жагсаалт хүргүүлэх, хүсэлтийг хянан шийдвэрлэх
2.1.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдээллийн нэгдсэн сангаас амьжиргааны түвшингийн үнэлгээ нь энэ журмын 1.2-т заасан нөхцөл хангасан өрхийн гишүүн-иргэний жагсаалтыг аймаг, дүүрэг, сум, хороо тус бүрээр гаргаж, албан бичгээр болон цахим хэлбэрээр аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.
2.2.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэ журмын 2.1-д заасан жагсаалтад орсон өрхийн гишүүн-иргэнээс тухайн сум, хороонд харьяалагдах өрхийн гишүүн-иргэний жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр гаргаж, сум, хорооны нийгмийн ажилтанд хүргүүлнэ. Хэрэв өрхийн гишүүн-иргэн хүнсний эрхийн бичгийг цахим хэлбэрээр авах бол нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулсан банк (цаашид “харилцагч банк” гэнэ)-нд нэрсийн жагсаалтыг хүргүүлнэ./ХНХС-ын 2018 оны А/13-р тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./
2.3.Сум, хорооны нийгмийн ажилтан нь энэ журмын 2.1-д заасан жагсаалтад орсон өрхийн гишүүн-иргэнд хүнсний эрхийн бичиг авах болсон тухай мэдэгдлийг жагсаалт хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хүргүүлнэ.
2.4.Мэдэгдэл авсан өрхийн гишүүн-иргэдийг төлөөлөн 16 насанд хүрсэн аль нэг гишүүн сум, хорооны нийгмийн ажилтанд хандаж өргөдөл гаргах бөгөөд дараахь баримт бичгийг бүрдүүлж өгнө:
2.4.1. өрхийн гишүүн-иргэн бүрийн иргэний цахим үнэмлэх, хуулбарын хамт, хэрэв 16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
2.4.2.өрхийн гишүүн-иргэний хаяг, ам бүлийн талаархи баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
2.4.3.өрхийн гишүүн-иргэдийг төлөөлөн хүнсний эрхийн бичиг авах иргэний 3*4 хэмжээтэй цээж зураг.
2.5.Өргөдөлд өрхийн гишүүн-иргэдийг төлөөлөн хүнсний эрхийн бичиг авах насанд хүрсэн нэг гишүүнийг тодорхойлсон байна.
2.6.Сум, хорооны нийгмийн ажилтан нь хүнсний эрхийн бичиг авах нөхцөл хангасан өрхийн гишүүн-иргэдэд хувийн хэрэг, дэвтэр нээж, үйлчлүүлэх дэлгүүрийн байршил, хүнсний эрхийн бичгээр олгох бүтээгдэхүүний талаар болон холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг өгнө. Хэрэв өрхийн гишүүн-иргэн хүнсний цахим эрхийн бичиг авах бол үйлчлүүлэх банкийг мэдэгдэж, цахим эрхийн бичгээр худалдан авалт хийхтэй холбоотой нэмэлт мэдээллийг өгнө.
2.7.Өрхийн гишүүн-иргэдийн хувийн хэрэг, дэвтрийн загварыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
2.8.Сум, хорооны нийгмийн ажилтан нь энэ журмын 2.1-д заасан жагсаалтыг тухайн шатны Засаг дарга, Амьжиргааг дэмжих зөвлөлд танилцуулах бөгөөд олон нийтэд нээлттэй, ил тод байрлуулна.
Гурав.Хүнсний эрхийн бичиг олголт
3.1.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь өрхийн гишүүн-иргэний тухайн сард авах хүнсний эрхийн бичгийн мөнгөн дүнг тооцож нэрсийн жагсаалтыг шинэчлэх бөгөөд энэхүү нэрсийн жагсаалтыг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага болон харилцагч банкинд мэдээллийн сангаар дамжуулан цахим хэлбэрээр сар бүрийн 1-ний өдрийн дотор тус тус хүргүүлнэ.
3.2.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэхүү журмын 3.1-д заасан нэрсийн жагсаалтыг хүлээн авснаас хойш ажлын 2 хоногийн дотор сум, хорооны нийгмийн ажилтанд хүргүүлнэ. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэхүү жагсаалтад тухайн сард хүнсний эрхийн бичиг төлөөлөн авах өрхийн гишүүн-иргэн өөрчлөгдсөн, хүнсний эрхийн бичиг авах өрх шинээр нэмэгдсэн, хасагдсан өрхийн дансны талаарх нэмэлт мэдээллийг багтаасан байна.
3.3.Хүнсний цаасан эрхийн бичгийг дараахь байдлаар олгоно:
3.3.1.нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хүнсний цаасан эрхийн бичгийг өрхийн гишүүн-иргэнд сар тутам олгохоор тооцон, сонгон шалгарсан үнэт цаасны байгууллагаар хэвлүүлж, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ;
3.3.2.аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь сар бүрийн 5-ны дотор тухайн сарын хүнсний цаасан эрхийн бичгийг сум, хорооны нийгмийн ажилтанд хүргүүлнэ;
3.3.3. сум, хорооны нийгмийн ажилтан энэ журмын 3.2-т заасан жагсаалтын дагуу хүнсний цаасан эрхийн бичгийг сар бүрийн 10-ны дотор өрхийн гишүүн-иргэнд олгоно.
3.4.Хөдөөгийн алслагдсан сум, багт амьдардаг өрхийн гишүүн-иргэний хүнсний цаасан эрхийн бичиг нь 2 сарын хугацаанд хүчинтэй.
3.5.Хүнсний цахим эрхийн бичгийг дараах байдлаар олгоно:
3.5.1.аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэ журмын 3.1-д заасан жагсаалтын дагуу хүнсний цахим эрхийн бичгийн санхүүжилтийг харилцагч банкинд сар бүрийн 15-ны дотор шилжүүлнэ.
3.5.2.Харилцагч банк нь энэ журмын 3.1-д заасан жагсаалтын дагуу өрхийн гишүүн-иргэдийг төлөөлөн хүнсний эрхийн бичиг авах иргэний харилцах дансанд төлбөрийг сар бүрийн 15-ны өдрийн дотор байршуулна;
3.6.Өрхийн гишүүн-иргэдийг төлөөлөн хүнсний эрхийн бичиг авах иргэн цаасан эрхийн бичгийг нийгмийн ажилтнаас, цахим эрхийн бичгийг банкнаас өөрийн биеэр ирж авна. Хүнсний эрхийн бичгээ өөрийн биеэр ирж авч чадахгүй нөхцөлд итгэмжлэгдсэн хүнээр авахуулж болно. Итгэмжлэлийг Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу нотариатч олгоно. Хэрэв суманд нотариатч ажиллаагүй бол сумын Засаг даргын тамгын газрын дарга Нотариатын тухай хуулийн 10.2-т заасны дагуу итгэмжлэл олгоно.
3.7.Шинээр төрсөн хүүхэд, 18 насанд хүрсэн болон шилжиж ирсэн өрхийн гишүүн-иргэдийн хүнсний эрхийн бичгийн мөнгөн дүнг мэдээллийн санд оруулсан сарын дараагийн сараас тус тус нэмж, нас барсан гишүүний мөнгөн дүнг нас барсан сарын дараагийн сараас хасч тооцно.
3.8.Сум, хорооны нийгмийн ажилтан нь өрхийн гишүүн-иргэнд хүнсний эрхийн бичиг олгосон талаар хувийн хэрэг болон дэвтэрт бичилт хийж, гарын үсэг зуруулж, баталгаажуулна.
3.9.Өрхийн гишүүн-иргэдийг төлөөлөн хүнсний эрхийн бичиг авах насанд хүрсэн гишүүнгүй болсон тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1-д заасан шийдвэрийг үндэслэн тухайн өрхийн насанд хүрээгүй гишүүн-иргэдийн хүнсний эрхийн бичгийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчид олгоно.
3.10.Өрхийн гишүүн-иргэн хүнсний цаасан эрхийн бичгийг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөн олгохгүй. Хүнсний цахим эрхийн бичгийг хаяж үрэгдүүлсэн, соронзон туузыг гэмтээсэн тохиолдолд дахин олгоход шаардагдах зардлыг тухайн өрхийн гишүүн-иргэн өөрөө хариуцна.
Дөрөв. Өрхийн гишүүн-иргэний шилжилт хөдөлгөөнийг бүртгэх
4.1. Хүнсний эрхийн бичиг авч байгаа өрхийн гишүүн-иргэн нь нас барсан, шилжин явсан, хүүхэд төрүүлсэн, үрчлэн авсан болон үрчлүүлсэн зэрэг өөрчлөлтийг 14 хоногийн дотор сум, хорооныхоо нийгмийн ажилтанд мэдэгдэнэ.
4.2.Сум, хорооны нийгмийн ажилтан нь өрхийн гишүүн-иргэний шилжилт хөдөлгөөний өөрчлөлтийн талаархи мэдээллийг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын баталсан “Өрхийн гишүүн-иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийн маягт”-ын дагуу гаргаж холбогдох баримт бичгийн хуулбарын хамт аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад бичгээр болон цахим хэлбэрээр сар бүрийн сүүлийн өдөр хүргүүлнэ.
4.3.Энэ журмын 4.2-т заасны дагуу ирүүлсэн мэдээллийг нягтлан шалгаж, нэгтгэн, аймгийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь нийслэлийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад дараа сарын 03-ны дотор тус тус хүргүүлнэ.
4.4.Нийслэлийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэ журмын 4.3-т заасан жагсаалтыг нэгтгэн, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ажлын 2 хоногийн дотор хүргүүлнэ.
4.5.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь өрхийн гишүүн-иргэн нас барсан, хүүхэд төрүүлсэн, үрчлэн авсан, үрчлүүлсэн, шилжсэн тохиолдолд хүнсний эрхийн бичгийн тухайн гишүүн-иргэнд ногдох мөнгөн дүнг нэмэх, эсхүл хасах замаар хүнсний эрхийн бичгийн мөнгөн дүнг өөрчлөн тогтооно.
4.6.Өрхийн гишүүн-иргэдийг төлөөлөн хүнсний эрхийн бичиг авах иргэн нас барсан, шилжсэн болон бусад шалтгаанаар авч чадахгүй болсон тохиолдолд 16 насанд хүрсэн өөр гишүүнд хүнсний эрхийн бичиг авах эрх шилжүүлэх тухай хүсэлтийг өрхийн бусад гишүүдийн зөвшөөрснөөр тухайн өрхийн аль нэг гишүүн-иргэн сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана.
4.7.Сум, хорооны нийгмийн ажилтан нь энэ журмын 4.1-д заасан өөрчлөлтийг хувийн хэрэгт тэмдэглэж, баталгаажуулна.
4.8.Хүнсний эрхийн бичиг авч байгаа өрхийн гишүүн-иргэд өөр аймаг хооронд болон дүүрэг хооронд шилжсэн бол тухайн сум, хорооны нийгмийн ажилтан хувийн хэргийг хуулбарлан үлдээж, эх хувийг нь тухайн өрхийн гишүүн-иргэнд өгнө.
4.9.Хүнсний эрхийн бичиг авч байгаа өрхийн гишүүн-иргэд нь шилжин ирсэн засаг захиргааны нэгжийн нийгмийн ажилтанд хувийн хэргээ хүлээлгэн өгнө. Сум, хорооны нийгмийн ажилтан нь энэ журмын 4.2-т заасны дагуу шилжин ирсэн өрхийн гишүүн-иргэний мэдээллийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь мэдээллийн нэгдсэн санд энэ тухай тэмдэглэнэ. Өрхийн гишүүн-иргэний хүнсний эрхийн бичгийг бүртгүүлсний дараагийн сараас эхлэн тооцож үргэлжлүүлэн олгоно.
4.10.Хүнсний эрхийн бичиг авч байгаа өрхөд шинээр гишүүн шилжин ирсэн тохиолдолд тухайн гишүүнд хүнсний эрхийн бичиг олгохгүй. Хэрэв тухайн өрхийн гишүүд шинээр шилжин ирсэн гишүүнийг хүнсний эрхийн бичигт нэмж хамруулах хүсэлт гаргасан тохиолдолд амьжиргааны түвшинг дахин үнэлнэ.
4.11.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас энэ журмын 4.10-т заасан өрхийн амьжиргааны түвшинг дахин үнэлж, хүнсний эрхийн бичиг авах нөхцөл хангасан өрхийн гишүүн-иргэдийн мэдээллийг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлэх бөгөөд шинээр нэмэгдсэн өрхийн гишүүн-иргэнд хүнсний эрхийн бичиг олгох ажлыг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага энэ журмын дагуу зохион байгуулна.
Тав. Хүнсний эрхийн бичиг олголтыг зогсоох, түдгэлзүүлэх
5.1. Хүнсний эрхийн бичиг олголтыг дараахь тохиолдолд зогсооно:
5.1.1. дахин үнэлгээгээр амьжиргааны түвшингийн үнэлгээ нь энэ журмын 1.2.2-т заасан босго онооноос дээш гарсан;
5.1.2. өрхийн гишүүн-иргэн өөрийн хүсэлтээр хүнсний эрхийн бичиг авахаас татгалзсан;
5.1.3. өрхийн гишүүн-иргэн Монгол Улсын харьяатаас гарсан;
5.1.4.хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, худал мэдээлсэн нь тогтоогдсон;
5.1.5.хүнсний эрхийн бичиг авах эрх үүсэхгүй нь хяналт, шалгалтаар тогтоогдсон.
5.1.6. Өрхийн гишүүн-иргэн нь хаягийн зөрчилтэй, өрх нь хаягандаа амьдрахгүй байгаа./ХНХС-ын 2018 оны А/13-р тушаалаар нэмэлт орсныг тусгав./
5.2. Хүнсний эрхийн бичиг олголтыг дараах тохиолдолд түдгэлзүүлнэ:
5.2.1. гурав ба түүнээс дээш гишүүн ам бүлийн тооноос хасагдсан;
5.2.2. өрхийн гишүүн-иргэд аймаг, нийслэл хооронд шилжсэн бол;
5.2.3 хүнсний эрхийн бичгийг 4 сарын хугацаанд аваагүй болон ашиглаагүй.
5.3.Энэ журмын 5.2.1, 5.2.2-т заасны дагуу түдгэлзүүлсэн тохиолдолд тухайн өрхийн амьжиргааны түвшинг дахин үнэлнэ. Хэрэв тухайн өрхийн амьжиргааны түвшингийн үнэлгээ нь энэ журмын 1.2-т заасан нөхцөлийг хангаж байвал олгогдоогүй хугацааны хүнсний эрхийн бичгийг нөхөн олгоно.
5.4.Энэ журмын 5.3-т заасны дагуу хүнсний эрхийн бичиг нөхөн олгох тохиолдолд өрхийн гишүүн-иргэн шилжин суурьшсан нутаг дэвсгэрийн захиргаандаа 180-аас дээш хоногт бүртгүүлээгүй бол бүртгэлгүй байсан хугацааны хүнсний эрхийн бичгийг нөхөн олгохгүй.
5.5.Энэ журмын 5.2.3-т заасны дагуу түдгэлзүүлсэн тохиолдолд тухайн өрхийн гишүүн-иргэд хүнсний эрхийн бичиг авах эрхээ сэргээлгэх хүсэлт гаргавал сум, хорооны нийгмийн ажилтан судлан үзэж, АДЗ-ийн хурлаар хэлэлцүүлэн, эрх сэргээх үндэстэй гэж үзвэл холбогдох санал, тайлбарын хамт аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ. Хэрэв хүнсний эрхийн бичиг авах эрхийг сэргээх үндэслэлгүй гэж үзвэл сум, хорооны нийгмийн ажилтан энэ тухай мэдээллийг иргэнд мэдэгдэнэ.
5.6.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэ журмын 5.5-д заасан өрхийн гишүүн-иргэний хүсэлт, холбогдох санал, тайлбарыг нягтлан шалгаж, тухайн өрхийн гишүүн-иргэдэд хүнсний эрхийн бичиг олгох эсэхийг шийдвэрлэнэ. Хэрэв тухайн өрхийн гишүүн-иргэдэд хүнсний эрхийн бичиг олгохоор шийдвэрлэсэн бол үргэлжлүүлэн олгох бөгөөд түдгэлзүүлсэн хугацааны хүнсний эрхийн бичгийг нөхөн олгохгүй. Бусад тохиолдолд энэ журмын 9.3-9.5-д заасны дагуу шийдвэрлэнэ.
5.7.Өрхийн гишүүн-иргэний өөрийн буруутай үйлдлийн улмаас хүнсний цахим эрхийн бичгийн данс давхар нээлгэснээс тухайн сарын санхүүжилт шилжээгүй тохиолдолд хүнсний эрхийн бичиг олголтыг түр зогсооно.
5.8.Энэ журмын 5.7-д заасны дагуу алдааг залруулсны дараа хүнсний эрхийн бичгийг үргэлжлүүлэн олгох бөгөөд түр зогсоосон хугацааны хүнсний эрхийн бичгийг нөхөн олгоно.
Зургаа.Хүнсний эрхийн бичиг олгох үйл ажиллагаанд оролцогч байгууллага, тэдгээрийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах
6.1.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хүнсний цаасан эрхийн бичиг хэвлэх үнэт цаасны байгууллагыг холбогдох хуулийн дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулна.
6.2.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хүнсний цахим эрхийн бичгээр үйлчлэх банкийг хуулийн дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулна./ХНХС-ын 2018 оны А/13-р тушаалаар нэмэлт орсныг тусгав./
6.3.Үнэт цаасны хэвлэх байгууллага нь гэрээнд заасан нөхцөлийн дагуу нууцлал, серийн дугаар бүхий хүнсний цаасан эрхийн бичгийг хэвлэнэ.
6.4.Банк нь хүнсний цахим эрхийн бичгийн батлагдсан загвар, хамтран ажиллах гэрээнд заасан нөхцөлийн дагуу хүнсний эрхийн бичгийг төлбөрийн карт хэлбэрээр хэвлүүлэх бөгөөд төлбөрийн карт нь банкны бусад картаас ялгагдах өнгө, дүрслэл, нууцлалтай байна.
6.5.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь аймгийн төвийн сум болон дүүрэгт хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулна.
6.6.Сумын Засаг дарга нь суманд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүр сонгон шалгаруулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна. Сумын нийгмийн ажилтан, хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийн эзэн/захиралтай гэрээ байгуулах бөгөөд уг гэрээг сумын Засаг дарга баталгаажуулна.
6.7. Тухайн сум, дүүрэгт хүнсний эрхийн бичгээр үйлчлэх өрхийн тоо 30 ба түүнээс дээш байх тохиолдолд үйлчлэх дэлгүүрийн тоо 2 ба түүнээс дээш байхаар тогтооно./ХНХС-ын 2018 оны А/13-р тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./
6.8. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сумын Засаг дарга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийг сонгон шалгаруулсныг хяналт шалгалтын байгууллага, эрх бүхий улсын байцаагч тогтоосон бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүлээлгэнэ./ХНХС-ын 2018 оны А/13-р тушаалаар нэмэлт орсныг тусгав./
6.9.Хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүр нь эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын баталгааг бүрэн хангасан хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлийн дундаж үнээр худалдана.
6.10.Дэлгүүр нь нэрсийн жагсаалтад бүртгэлтэй өрхийн гишүүн-иргэний баримт бичиг, дэвтрийг үндэслэн хүнсний эрхийн бичгээр үйлчилнэ.
6.11.Өрхийн гишүүн-иргэн нь нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Хүнсний эрхийн бичгээр олгох бүтээгдэхүүний жагсаалт”-д заасан нэрийн бүтээгдэхүүнийг сонгон шалгарсан дэлгүүрээс хүнсний эрхийн бичгээр авна.
6.12.Хүнсний эрхийн бичиг олгох, түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад дэлгүүр, банктай хамтран ажиллах гэрээний загварыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
6.13.Хуурамч болон хүчингүй хүнсний эрхийн бичгээр бүтээгдэхүүн худалдсан, хүнсний эрхийн бичгийг өөрийн буруутай үйл ажиллагаанаас хаяж үрэгдүүлсэн тохиолдолд төлбөрийг тухайн дэлгүүрт олгохгүй.
6.14.Хүнсний эрхийн бичгээр энэ журмын 6.7, энэхүү журмыг баталсан тушаалын 2 дугаар хавсралтад зааснаас бусад нэр, төрлийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авахыг хориглоно.
Долоо.Хүнсний эрхийн бичиг олголтыг тайлагнах, хяналт тавих
7.1.Сум, хорооны нийгмийн ажилтан өрхийн гишүүн-иргэнд хүнсний цаасан эрхийн бичиг олгосон тайланг батлагдсан маягтын дагуу гаргаж, олгогдоогүй үлдсэн болон хүчингүй болсон хүнсний цаасан эрхийн бичгийн хамт аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад сар бүрийн сүүлийн өдөр цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.
7.2.Хүнсний дэлгүүр нь жагсаалтад бүртгэлтэй өрхийн гишүүн-иргэнд хүнсний бүтээгдэхүүн худалдсан тухай тайланг гаргаж, сум, хорооны нийгмийн ажилтантай тооцоо нийлж өгнө.
7.3.Банк нь жагсаалтад бүртгэлтэй өрхийн гишүүн-иргэний хүнсний цахим эрхийн бичгээр хийсэн гүйлгээний тайланг батлагдсан маягтын дагуу сар бүрийн сүүлийн өдөр гаргаж, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.
7.4.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь сум, хорооны нийгмийн ажилтны гаргасан хүнсний цаасан эрхийн бичиг олгосон тайлан болон хүнсний дэлгүүртэй нийлсэн тооцоонд үндэслэн хүнсний дэлгүүрт санхүүжилтийг хоёр сар тутам нэгээс хоёр удаа шилжүүлнэ.
7.5.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэ журмын 7.1-д заасан тайланг хянаж нэгтгэх бөгөөд хүнсний цаасан болон цахим эрхийн бичгийн төлбөрт зарцуулсан хөрөнгийн тайланг батлагдсан маягтын дагуу гаргаж, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон нийслэлийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад цаасан болон цахим хэлбэрээр сар бүрийн 3-ны өдрийн дотор тус тус хүргүүлнэ.
7.6.Нийслэлийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэ журмын 7.5-д заасны дагуу дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагаас ирүүлсэн тайланг хянаж нэгтгэн, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад 5-ны дотор хүргүүлнэ.
7.7.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь олгогдоогүй үлдсэн болон хүчингүй болсон хүнсний цаасан эрхийн бичгийг байгууллагын даргын тушаалаар байгуулагдсан комиссын бүрэлдэхүүнтэйгээр устгалд оруулна.
7.8.Хүнсний эрхийн бичгийн олголт, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих үүргийг мэргэжлийн хяналтын болон аудитын байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж тус тусынхаа эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлнэ.
7.9.Хүнсний эрхийн бичгийн олголтыг зохион байгуулахад шаардагдах хүнсний эрхийн бичиг болон хувийн хэрэг, дэвтэр, маягт хэвлүүлэх, мэдээллийн сангийн хэвийн үйл ажиллагааг хангах, сургалт, мэдээлэл сурталчилгаа, өргөдөл, гомдлын дагуу амьжиргааны түвшинг дахин үнэлэх, хяналт үнэлгээ хийх болон хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бусад зардлыг Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан хуваарийн дагуу нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зарцуулна.
7.10.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хүнсний эрхийн бичгийн олгох арга хэмжээний хэрэгжилтийн мэдээг улирал бүр, тайланг тухайн оны эцэст гаргаж Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
7.11. Сум, хорооны нийгмийн ажилтан нь хүнсний эрхийн бичигт хамрагдсан өрх бүрт “Өрхийн үнэлгээний хуудас”-аар бүртгэл хөтөлж, улирал бүр нэгдсэн дүнг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь дээрх нэгдсэн дүнд хяналт үнэлгээ хийж, хүнсний эрхийн бичиг олгох арга хэмжээний хүртээмж, үр нөлөөг үнэлэх ажлыг зохион байгуулна./ХНХС-ын 2018 оны А/13-р тушаалаар нэмэлт орсныг тусгав./
7.12. Энэхүү журмын 7.11-д заасан “Өрхийн үнэлгээний хуудас”-ны загварыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална./ХНХС-ын 2018 оны А/13-р тушаалаар нэмэлт орсныг тусгав./
Найм.Удирдлага, зохион байгуулалт
8.1.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хүнсний эрхийн бичиг олгох ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, мэдээллийн нэгдсэн сан, мэдээллийн сүлжээг хэвийн ажиллуулах, шинэчлэх үүрэг хүлээнэ.
8.2.Нийслэлийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь хүнсний эрхийн бичиг олгох ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, сар бүр тайлан, хэрэгжилтийн үр дүнг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдээлнэ.
Ес. Өргөдөл, гомдол шийдвэрлэх
9.1.Сум, хорооны нийгмийн ажилтан нь хүнсний эрхийн бичигтэй холбоотой асуудлаар иргэд, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч, бүртгэн шийдвэрлэнэ.
9.2.Сум, хорооны нийгмийн ажилтан нь өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг судлан шалгаж, холбогдох хуульд заасан хугацаанд иргэд, байгууллагад хариу мэдэгдэнэ. Өөрийн эрх хэмжээнээс давсан асуудлаарх өргөдөл, гомдлыг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад уламжилна.
9.3.Сум, хорооны нийгмийн ажилтан нь хүнсний эрхийн бичиг авахыг хүссэн, судалгаанд хамрагдаагүй, амьжиргааны түвшингийн үнэлгээтэй санал нийлэхгүй, хүнсний эрхийн бичиг авах нөхцөл хангаагүй өрхийн гишүүн-иргэн хамрагдсан болон энэ журмын 5.2.1, 5.2.2-т заасан асуудлаар гаргасан өргөдөл, гомдлыг Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, тухайн өрхийн амьжиргааны түвшинг үнэлэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд нэрсийн жагсаалт, хурлын санал, шийдвэр, холбогдох баримт бичгийн хамт аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.
9.4.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэ журмын 9.3-т заасан нэрсийн жагсаалт, холбогдох баримт бичгийг нягтлан шалгаж, өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг зохион байгуулж, судалгааны үр дүнг мэдээллийн санд оруулан, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
9.5.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ журмын 9.4-т заасан судалгааны үр дүнгийн дагуу өрхийн амьжиргааны түвшингийн үнэлгээ хийж, хүнсний эрхийн бичиг авах нөхцөл хангасан болон судалгааны үр дүнг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад мэдэгдэнэ.
9.6. Сум, хорооны нийгмийн ажилтан энэ журмын 9.1-д заасан өргөдөл, гомдлын мэдээг сар бүр гаргаж, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад танилцуулгын хамт хүргүүлнэ.
9.7.Энэхүү журмын 9.6-д заасан мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэлтийн явц байдалд хяналт тавьж, нэгтгэн, аймгийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь нийслэлийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад сар, улирал, жилээр гарган тус тус хүргүүлнэ.
9.8.Нийслэлийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэ журмын 9.7-д заасан мэдээллийг нэгтгэн, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
9.9. Өргөдөл, гомдол хүлээн авах маягт, тайлангийн загварыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
Арав. Бусад
10.1.Харилцагч банк, хүнсний дэлгүүр болон бусад этгээдээс хүнсний эрхийн бичгээр бэлэн мөнгө олгох, хүнсний эрхийн бичгийг бусдад арилжаалахыг хориглоно.
10.2. Хүнсний эрхийн бичиг авч байгаа өрхийн гишүүн-иргэн нь энэ журмын 2.4-т заасан баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хүнсний эрхийн бичиг авсан, энэ журмын 4.1-д заасан өөрчлөлтийг тогтоосон хугацаанд мэдэгдээгүй бол илүү авсан хугацааных нь хүнсний эрхийн бичгийн үнийн дүнг эхний удаа нөхөн төлүүлэх буюу дараа сарынх нь хүнсний эрхийн бичгийн мөнгөн дүнгээс суутгана.
10.3. Энэ журмын 10.2-д заасан зөрчлийг давтан гаргасан тохиолдолд хүнсний эрхийн бичиг олголтыг түдгэлзүүлж, Нийгмийн халамжийн тухай хуулийн 31.1-д заасан хариуцлага хүлээлгэнэ.
10.4. Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, ажилтны гаргасан алдааны улмаас илүү олгогдсон хүнсний эрхийн бичгийн үнийн дүнг буцаан суутгахгүй бөгөөд хохирлыг Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
10.5. Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, ажилтан хүнсний эрхийн бичгийг санаатайгаар шамшигдуулсаныг эрх бүхий этгээд тогтоосон тохиолдолд буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
10.6 Хүнсний эрхийн бичгээр үйлчилж буй банк болон дэлгүүр нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, энэ журмын 6.12-т заасныг зөрчсөн, бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүйгээр нэмсэн тохиолдолд талууд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
--------- o O o --------
[1] Үндэсний статистикийн хорооны дарга, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2013 оны 11 сарын 07-ны өдрийн 123/165 дугаар хамтарсан тушаал
[2] Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/32 дугаар тушаал
Текст томруулах
A
A
A