A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Их Хурлын 2009 оны

78 дугаар тогтоолын хавсралт

 

ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2010 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

 

Төрийн мөнгөний бодлогын үндсэн зорилт нь ойрын болон дунд хугацаанд инфляцийг нам түвшинд тогтворжуулахад оршино. Энэхүү үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн өсөлтийг сэргээж, тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг төсвийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлнэ. 

 

1. Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд

 

1.1.2010 онд хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляцийг найман хувиас хэтрүүлэхгүй түвшинд байлгаж, цаашид тогтворжуулах, эдийн засгийн мөчлөгийн сөрөг нөлөөг бууруулж, эдийн засгийн өсөлтийг сэргээх бодлого баримтална.

 

1.2.Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш макро эдийн засгийн суурь нөхцөлөөр тодорхойлогдон уян хатан тогтож байх зарчмыг баримтална.  Дэлхийн санхүүгийн зах зээлийн болон гадаад худалдааны нөхцөлийн огцом өөрчлөлтийг төгрөгийн гадаад валюттай харьцах уян хатан ханш, мөнгөний бодлогын арга хэрэгслээр дамжуулан зохицуулж, гадаад валютын албан нөөцийг хамгаална.

 

1.3.Гадаад валютын дотоод дахь зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлж, төгрөгийн ханш уян хатан тогтох нөхцөлийг сайжруулна.

 

1.4. Банкны салбарт үүссэн зээлийн тасалдлыг зогсоож, банкны салбараас зээл олгох, зээл авах идэвхийг сэргээх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

 

2. Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах,

цаашид өөрчлөн сайжруулах хүрээнд

 

2.1.Банкны өөрийн хөрөнгийн хүндрэлийг арилгах, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг бэхжүүлэх, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогыг Засгийн газартай хамтран олон улсын санхүүгийн байгууллагын дэмжлэгтэйгээр боловсруулж, хэрэгжүүлнэ.

 

2.2.Иргэд, бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдаас банкны салбарт итгэх итгэлийг нэмэгдүүлэх, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг тууштай хамгаалах зорилгоор банкны хяналт шалгалтын нэгдсэн тогтолцоог холбогдох байгууллагуудтай хамтран нэвтрүүлнэ.

 

2.3.Эрсдэлд суурилсан банкны зохистой харьцааны үзүүлэлтийг хангуулан, санхүүгийн сахилга батыг чангатгаж, банкны санхүүгийн тайлан болон өмчлөлийн байдлыг олон нийтэд нээлттэй, ил тод болгоно.

 

2.4.Банкны системд бүтцийн өөрчлөлт хийж, эрсдэл даах чадвартай, удирдлагын сайн засаглалын зарчимд тулгуурласан, санхүүгийн зуучлалыг үр өгөөжтэй явуулахуйц банкны тогтолцоог бий болгох дунд хугацааны хөтөлбөрийг Засгийн газартай хамтран боловсруулан хэрэгжүүлж эхэлнэ.

 

2.5.Засгийн газар, Монголбанк хамтарч арилжааны банкны зээлийн хүүг дэс дараатай бууруулах, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд ач холбогдол өгч, энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж болон хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний импортыг орлох жижиг, дунд үйлдвэрлэлийг зээлийн бодлогоор дэмжинэ.

    

3. Төв банкны бусад үйл ажиллагааны хүрээнд

 

3.1.Монголбанкны үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх, мөнгөний бодлогын талаархи олон нийтийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор мөнгөний бодлогын зорилт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, түүний хүлээгдэж байгаа үр дүнгийн талаар тогтмол тайлбарлан таниулж, мөнгөний бодлогын зорилтоо хангаж, олон нийтийн мөнгөний бодлогод итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.

 

3.2.Монгол Улсын төлбөр тооцооны системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангаж, мэдээллийн технологид суурилсан бэлэн бус төлбөрийн хэрэгсэл (мобайл, интернет, карт гэх мэт)-ээр хийх төлбөр тооцооны эрх зүйн орчныг бүрдүүлэх эхлэлийг тавьж, картын гүйлгээг банк хооронд 24 цагаар тасралтгүй дамжуулдаг клирингийн үйлчилгээг нэвтрүүлнэ.

 

3.3.Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгож, банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдээс мэдээлэл авах үйл ажиллагааг эхлүүлж, хуулийн байгууллагатай хамтын ажиллагаагаа сайжруулна.  

 

 

 

 

 

______оОо_______