A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • МОНГОЛ УЛСЫН ТӨРӨӨС ДОНОРЫН ЦУС, ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО
Бүлэг: 1979

Улсын Их Хурлын 2007 оны 45 дугаар

тогтоолын хавсралт

 

 

МОНГОЛ УЛСЫН ТӨРӨӨС ДОНОРЫН ЦУС, ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР БАРИМТЛАХ  БОДЛОГО

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. “Монгол Улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах  талаар баримтлах бодлого”-ын зорилго нь эмчилгээний үр дүн сайтай, аюулгүй, чанарын баталгаатай цус, цусан бүтээгдэхүүнээр эрүүл мэндийн байгууллагыг тасралтгүй хангах,  гамшгийн  үеийн хүрэлцээтэй нөөцийг улсын хэмжээнд бүрдүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлоход оршино.

 

1.2. Донорын цус, цусан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хангамжийн асуудал нь төрийн анхаарал, ивээлд  байна.

 

1.3. Энэхүү  бодлогын баримт бичиг нь донорын цусны аюулгүй, найдвартай байдал, цус, цусан бүтээгдэхүүнээр хангах ажлын зохион байгуулалт, материаллаг нөхцөл бололцоо, техник, технологийн хангамж, хүний нөөцийн чадамжийг олон улсын түвшинд хүргэж, 2015 он хүртэл хөгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлно.

 

Хоёр. Донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг

сайжруулах, аюулгүй байдлыг хангах үйл

ажиллагааны зорилт

 

            2.1.Эрүүл мэндийн байгууллагыг аюулгүй, чанарын баталгаатай донорын цус, цусан бүтээгдэхүүнээр  жигд, тэгш, хүртээмжтэй, бүрэн хангана.

 

2.2.Гамшгийн үед шаардагдах цус, цусан бүтээгдэхүүний найдвартай, аюулгүй, хүрэлцээтэй нөөцийг бүрдүүлж, бэлэн байдлыг хангана.

 

2.3.Сайн дураар, төлбөргүйгээр цусаа өгсөн донор нь цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй, найдвартай хангамжийн эх үндэс болдог тул донорын хөдөлгөөнийг олон улсын зарчимд нийцүүлэн өргөжүүлж, сургалт, сурталчилгааны ажилд эрүүл мэндийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон, иргэний оролцоог нэмэгдүүлнэ.

 

2.4.Донорын цус, цусан бүтээгдэхүүнийг шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэхэд орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ.

 

2.5.Энэхүү бодлогын баримт бичгийн 3.3.1-д заасан байгууллагууд  донорын цусны хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар гадаадын болон олон улсын байгууллагатай  хамтран ажиллахыг төрөөс дэмжинэ.

 

 

Гурав.  Донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг

сайжруулах, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг

хэрэгжүүлэх арга зам

 

3.1.Мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг дараахь чиглэлээр боловсронгуй болгоно:

 

3.1.1.донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамж, аюулгүй байдлын чиглэлээр төв, орон нутаг дахь эрүүл мэндийн байгууллагыг мэргэжлийн удирдлагаар хангах үүргийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа цус сэлбэлт судлалын үндэсний төв гүйцэтгэх;

 

3.1.2.энэхүү бодлогын баримт бичгийн 3.1.1-д заасан төв дээр донорын цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал, хангамжийн талаархи мэдээллийн улсын нэгдсэн сүлжээ бий болгох.

 

3.2. Донорын хөдөлгөөнийг өрнүүлэх чиглэлээр хүн амын дунд сургалт, сурталчилгааг дор дурдсанаар зохион байгуулна:

 

3.2.1.эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь  Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран хүн амын дунд донорын хөдөлгөөнийг өрнүүлэн, сурталчилж, донорын үйлсэд идэвхтэй оролцсон иргэнийг урамшуулах ажлыг өргөжүүлэх;

 

3.2.2.донорын хөдөлгөөнийг дэмжигч аймаг, нийслэл, дүүрэг, сум болон байгууллага, хамт олны үүсгэл санаачилгыг төрөөс бүх талаар дэмжих.

 

3.3. Дараахь арга замаар донорын цус, цусан бүтээгдэхүүнээр найдвартай хангаж, хүрэлцээтэй нөөц бүрдүүлнэ:

 

3.3.1.цус сэлбэлт судлалын үндэсний болон бүсийн оношлогоо, эмчилгээний төв, аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх цусны албадад зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүн бэлтгэх, шинжлэх, хадгалах нөхцөл, техник, технологийг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх;

 

                        3.3.2. байгалийн гамшиг, олныг хамарсан осол, өвчин гарсан үед чанарын баталгаатай цус, цусан бүтээгдэхүүнээр найдвартай хангах, хүрэлцээтэй нөөц бүрдүүлэх асуудлыг онцгой  байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Монголын улаан загалмай нийгэмлэгийн оролцоотойгоор эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцах.

 

3.4.Донорын цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээг дараахь байдлаар төлөвшүүлнэ:

 

3.4.1. эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу эрүүл мэндийн байгууллага цус, цусан бүтээгдэхүүнийг хэрэглэх журам,  стандарт, аргачлал боловсруулах;

           

3.4.2. донорын цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэх ажилбарын үе шат бүрт энэхүү бодлогын баримт бичгийн 3.4.1-д заасан журам, стандарт, аргачлалыг мөрдүүлэх;

 

3.4.3. стандарт, аргачлалын сургалтад цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэх ажилбарт оролцдог  эмнэлгийн мэргэжилтнийг бүрэн  хамруулах.

 

3.5. Энэхүү бодлогын баримт бичгийн 3.3.1-д заасан байгууллагад  чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, тэдгээрийн бүтэц, үйл ажиллагаа, бүтээгдэхүүний стандартыг шинэчлэн, олон улсын түвшинд хүргэх замаар донорын цус, цусан бүтээгдэхүүний чанарын баталгааг хангана.

 

3.6. Хүний нөөцийн сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дор дурдсанаар зохион байгуулна:

 

3.6.1.энэхүү бодлогын баримт бичгийн 3.3.1-д заасан байгууллагад  ажиллах мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах үйл ажиллагааг эрчимжүүлэх;

 

3.6.2. анагаах ухааны чиглэлээр сургалт явуулдаг сургалтын байгууллагын төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараахь төлөвлөгөө, сургалтын хөтөлбөрт эмчилгээний цус сэлбэлт судлалын анхны мэдэгдэхүүний талаар тусгаж, мэргэжлийн байгууллагын хэрэгцээг харгалзан цус сэлбэлт судлалын мэргэшсэн ажилтнаар хангах;

 

3.6.3.эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага нь донорын цусны аюулгүй байдлыг хангах, цусны бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх,  энэхүү бодлогын баримт бичгийн 3.3.1-д заасан  байгууллагад шинэ техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр гадаад орны холбогдох байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх.

 

 

 

---оОо---