- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “ТӨР, ЗАСГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХ ГАЗАР” ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДҮРЭМ
Засгийн газрын 2014 оны 149 дүгээр
тогтоолын хавсралт
“ТӨР, ЗАСГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХ ГАЗАР”
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. ”Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар” (цаашид “газар” гэнэ) нь Монгол Улсын Засгийн Газрын нийтлэг үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг хангах, Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэхэд шаардлагатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, нийтлэг үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар мөн.
1.2. Газар нь үйл ажиллагаандаа Төрийн ордны тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг мөрдлөг болгон ажиллана.
1.3. Энэхүү дүрмээр газрын үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг тогтоох, удирдлага, зохион байгуулалтын бүтэц, газрын эд хөрөнгийн эрх, түүний өөрчлөлт, бүртгэл зэрэгтэй холбогдсон харилцааг хууль тогтоомжид нийцүүлэн зохицуулна.
1.4. Энэхүү дүрмийн 1.1-д заасан газрын үйл ажиллагааг гэрээний зарчмаар санхүүжүүлнэ. Аж ахуйн үйл ажиллагааны явцад бий болсон эд хөрөнгө, өөрийн үйл ажиллагааны орлого, санхүүгийн нөөц нь байгууллагын үйл ажиллагааны хөрөнгийн эх үүсвэр болно.
1.5. Газраас Төр, засгийн байгууллагуудад үзүүлэх нийтлэг үйлчилгээний журмыг холбогдох Тамгын газар, ажлын албадтай зөвшилцсөний үндсэн дээр төсвийн ерөнхийлөн захирагч бөгөөд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга батлах бөгөөд үйлчилгээний үнэ тариф, зардлыг төлөвлөх, санхүүжүүлэх журмыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталж мөрдүүлнэ.
Хоёр. Газрын оноосон нэр, оршин байгаа газар
2.1. Газрын оноосон нэр нь “Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар” төрийн өмчит үйлдвэрийн газар, товчилсон нэр нь “ТЗҮЭГ” ТӨҮГ байна.
2.2. Газрын байршил нь Төрийн ордон байх бөгөөд хаягийг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.
Гурав. Газрын бэлэгдэл, тэмдэг
3.1. Газар нь өөрийн бэлэгдэл (эмблем), албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.
3.2. Бэлэгдлийн загварыг захирал тушаалаар баталж, Оюуны өмчийн газарт бүртгүүлж хэрэглэнэ.
3.3 Газрын албан ёсны шийдвэр, албан бичиг, гэрээ хэлцлийг газрын захирал, түүний тушаалаар эрх олгогдсон албан тушаалтан баталгаажуулна.
3.4 Тэмдгийг газрын захирлаас итгэмжлэн хариуцуулсан этгээд түшиж, хадгалалтыг хариуцна.
Дөрөв. Газрын алсын хараа, эрхэм зорилго, зорилт
4.1. Газрын алсын хараа нь: “Төр, засгийн байгууллагад үзүүлэх нийтлэг үйлчилгээг олон улсын жишигт хүргэх”.
4.2. Газрын эрхэм зорилго нь “Төр, засгийн байгууллагад (үйлчлүүлэгч байгууллагууд гэх) олон улсын стандартын түвшинд хүрсэн нийтлэг үйлчилгээг үзүүлж, хуулиар тогтоосон зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэх таатай орчин, нөхцөл бүрдүүлэхэд оршино”.
4.3. Газар нь дараах зорилтыг хэрэгжүүлнэ:
4.3.1. хэрэглэгчдэд үзүүлэх нийтлэг үйлчилгээг олон улсын стандартын түвшинд зохион байгуулж, үйлчилгээний үр ашигтай, хямд өртөг зардалтай дэвшилтэт хэлбэрүүдийг сонгож ажиллах;
4.3.2. үйлчлүүлэгч байгууллагын албан ажлын болон тусгай зориулалтын байрны нөхцөл, барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ, хэвийн ажиллагааг найдвартай хангах;
4.3.3. үйлчлүүлэгч байгууллага, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нийтлэг үйлчилгээг үзүүлж, үр дүнг санхүүжүүлэх, санхүү, нягтлан бодох бүртгэлийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх;
4.3.4. нийтлэг үйлчилгээний үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийн, хүний нөөцийн хэрэгцээг төлөвлөх, мэргэшүүлэх, давтан сургах ажлыг зохион байгуулах, мэдээллийн технологи, дэвшилтэт арга, шинэ санааг хэрэгжүүлэх.
Тав. Газрын үйл ажиллагааны чиглэл
5.1. Нийтлэг үйлчилгээний чиглэлээр
5.1.1. хууль тогтоомж, Засгийн газрын нийтлэг үйлчилгээний бодлогын хүрээнд үйлчлүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах үйлчилгээг холбогдох шийдвэр, гэрээ, захиалгын дагуу батлагдсан зардал, норм, стандартын хүрээнд эрхлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангах;
5.1.2. Төрийн ордон, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын дотоод болон гадна орчны цэвэрлэгээ, ариун цэвэр, тохижилт, засвар, байр ашиглалтын болон үйлчлүүлэгч байгууллагуудын нийтлэг үйлчилгээг хариуцан гүйцэтгэх;
5.1.3. төр, засгийн урилгаар ирсэн зочин, төлөөлөгчийг угтах, үдэх ёслолын арга хэмжээний нийтлэг үйлчилгээг хариуцан зохион байгуулах;
5.1.4. төр, засгийн дээд байгууллагуудад төсвийн ерөнхийлөн болон шууд захирагчтай байгуулсан гэрээ, захиалгын дагуу нийтлэг үйлчилгээ үзүүлэх;
5.1.5. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүд, тэдгээрийн ажлын албадын удирдах дээд албан тушаалтанд үйлчлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гүйцэтгэх;
5.1.6. балансад бүртгэлтэй төрийн өмчийн хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалттай холбоотой арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
5.1.7. шаардлагатай тохиолдолд нутгийн захиргааны ижил төстэй байгууллага болон бусад үйлчилгээний байгууллагыг мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах, гэрээний үндсэн дээр шаардлагатай техник, тоног төхөөрөмж, эд хогшил, материал бэлтгэн нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх;
5.1.8. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Төрийн ёслолын албатай хамтран ёслол хүндэтгэл, төрийн нийтлэг үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон асуудлаар нутгийн захиргааны нийтлэг үйлчилгээний байгууллагуудад зөвлөмж өгөх;
5.1.9. хариуцсан ажлын чиглэлээр дотоодын болон гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжтэй холбоо тогтоож, хамтран ажиллах, эрхлэх ажлын хүрээнд хяналт-шинжилгээ, судалгаа хийх;
5.1.10. чиг үүргийн хүрээнд гадаад худалдааны үйл ажиллагаа эрхлэх;
5.1.11. нийтлэг үйлчилгээний мэргэшсэн ажилтан бэлтгэх, давтан сургах ажлыг зохион байгуулах;
5.1.12. Монгол Улсын төрийн болон гадаадын бусад орны төрийн далбааг стандартын дагуу үйлдвэрлэж төрийн байгууллагуудыг хангах, хэвлэлийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх;
5.1.13. Төрийн ордонд ажиллагсад болон иргэдэд нийтийн хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ үзүүлэх.
5.2. Байр ашиглалтын чиглэлээр
5.2.1. Төрийн ордон, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, салхивч, агааржуулалтын системийн хангамжийн үл тасалдах нөхцөлийг бүрдүүлж, барилга байр ашиглалт, засварын стандартыг хангаж, Төрийн ордны тухай хуулийн 10.4-т заасны дагуу мэргэжлийн албадын байнгын тасралтгүй хяналтад байлгах онцгой хариуцлагатай үүрэг хүлээнэ;
5.2.2. Төрийн ордны тусгай зориулалтын байрны ашиглалтын үйлчилгээг хариуцаж, хэвийн ажиллагааг хангана;
5.2.3. Төрийн ордны нийтийн хоол үйлдвэрлэлийн болон заал танхимуудын агааржуулалт, салхивч, чийгшилийг эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны стандарт, нормд байлгаж, тэдгээрийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээг хариуцна;
5.2.4. Төрийн ордон, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын барилгын урсгал засвар, тохижилтын ажлыг батлагдсан зураг төсөв, хөрөнгийн эх үүсвэрийн дагуу хийж гүйцэтгэнэ;
5.2.5. Төрийн ордны шинэчлэл, их засвар хийх, дотоод засвар, стандартад нийцсэн, тохирсон шаардлагын дагуу төлөвлөж, тавилга, эд хогшил бэлтгэх зэрэг хөрөнгө оруулалт шаардагдах арга хэмжээний санал, төсөв, төслийг хийж Төрийн ордны тухай хуулийн 10.6-д заасны дагуу холбогдох Тамгын газруудад тавьж шийдвэрлүүлэх;
5.2.6. газрын балансад байгаа барилга байгууламжийн ажиллагааны хэвийн байдлыг хадгалан хамгаалж, түүний ашиглалтыг хариуцна.
Зургаа. Газрын эд хөрөнгийн эрх, үүрэг
6.1. Газар нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын өмнө өөрийн эзэмшиж байгаа эд хөрөнгийн хэмжээгээр эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
6.2. Өөрт олгогдсон үл хөдлөх хөрөнгийг дүрэмд заасан үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн эзэмших, ашиглах;
6.3. Газрын үйл ажиллагааны үр дүнд олсон орлогыг хууль, журмын дагуу захиран зарцуулах;
6.4. Үндсэн хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, мөрдөгдөж байгаа журам, дүрмийн хүрээнд бэлтгэх, олж авах, акталж данснаас хасах, шилжүүлэх;
6.5. Улсын төсвөөс олгосон хөрөнгийг Төсвийн тухай хуульд заасан журмын дагуу зарцуулж, тайлагнах.
Долоо. Газрын удирдлага
7.1. Газрын захирлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга томилж, чөлөөлнө.
7.2. Газрын өдөр тутмын үйл ажиллагааг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргатай байгуулсан гэрээ болон хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд захирал удирдан зохион байгуулна.
7.3. Газар нь дэд захиралтай байх бөгөөд түүнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргатай зөвшилцөж газрын захирал томилж, чөлөөлнө.
7.4. Захирлын түр эзгүйд түүний үүргийг дэд захирал гүйцэтгэнэ.
7.5. Газрын удирдлага, зохион байгуулалтын схем, бүтэц, орон тоог газар өөрөө тогтооно.
7.6. Газар нь захиралд зөвлөх үүрэг бүхий захирлын дэргэдэх зөвлөлтэй байж болно.
7.7. Захирал нь дараах эрх, үүрэгтэй байна:
7.7.1. хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шийдвэрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны болон санхүүгийн төлөвлөгөөг батлуулж, гүйцэтгэлийг тайлагнах;
7.7.2. гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, удирдаж байгаа газрын хэвийн үйл ажиллагааг хангасны үндсэн дээр санхүү, төлбөрийн чадвар, нэр хүндийг бүх талаар дээшлүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа эрхлэх;
7.7.3. ажил үүргээ гүйцэтгэх явцад олж авсан үйл ажиллагааны болон бизнесийн нууцыг чанд хадгалах, хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ажиллахгүй байх;
7.7.4. батлагдсан бүтэц, орон тоондоо багтаан нэгжийн удирдлага, ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн ажилд томилох, чөлөөлөх, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилтнуудын цалин хөлсний хэмжээ, шатлалыг тогтоох, тогтоосон цалингийн санд багтаан газрын ажилтнуудад мөнгөн урамшуулал олгох;
7.7.5. гадаад, дотоодод болон хууль хяналтын байгууллагад газрыг төлөөлөх;
7.7.6. захирлын эрх хэмжээнд хамаарах асуудлаар тушаал гаргаж, холбогдох дүрэм, журам, заавар батлах;
7.7.7. үйл ажиллагааныхаа талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнах;
7.7.8. эрх хэмжээнийхээ хүрээнд газрын аж ахуйн гэрээ байгуулах эд хөрөнгийг захиран зарцуулах;
7.7.9. төр, засгийн байгууллагад үзүүлэх үйлчилгээний чанар, үр дүнг олон улсын жишиг, стандартын түвшинд хүргэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах;
7.7.10. Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам батлан мөрдүүлэх;
7.7.11. ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажлын байр, ахуйн нөхцөлийг сайжруулах асуудлыг бие даан шийдвэрлэх, орлогын эх үүсвэр шинээр бий болгох;
7.7.12. газрын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, ажилтныг бэлтгэх, нийтлэг үйлчилгээний чиглэлээр ажилтнуудыг давтан сургах, мэргэшүүлэх, мэргэжлийг нь дээшлүүлэх ажлыг зохион байгуулах;
7.7.13. төр, засгийн нийтлэг үйлчилгээний ажлыг зохих ёсоор явуулах талаар тодорхой санал, шийдвэрийн төсөл боловсруулж, холбогдох эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
7.7.14. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
Найм. Газрын хяналт
8.1. Газар нь тогтоосон журмын дагуу дотоод хяналтыг бие даан зохион байгуулна.
8.2. Холбогдох хууль тогтоомжийн дагуу газрын санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудитын байгууллагын дүгнэлт гаргуулж ажиллана.
8.3. Төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшил, хадгалалт, хамгаалалт, ашиглалт болон санхүүгийн үйл ажиллагаанд Сангийн яам болон Төрийн өмчийн хорооноос шалгалт хийнэ.
Ес. Газрын санхүүжилт, санхүү, бүртгэл тайлан
9.1. Газрын үйл ажиллагааны орлого нь санхүүгийн дараах эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд:
9.1.1. улсын төсвөөс олгох тодорхой зорилтот санхүүжилт;
9.1.2. үндсэн үйлчлүүлэгч байгууллагуудаас батлагдсан норматив, гэрээний дагуу авсан үйлчилгээний төлбөр, санхүүжилт;
9.1.3. төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагатай хамтарч ажиллах гэрээний дагуу олох үйлчилгээний орлого;
9.1.4. хандивлагч орнуудын зээл, тусламж болон буцалтгүй тусламж;
9.1.5. хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн эх үүсвэрүүд;
9.1.6. ажил, үйлчилгээнээс олсон бусад орлого;
9.1.7. төр, засгийн төв байгууллагуудад үзүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайдын хамтарсан шийдвэрээр тогтоосон жишиг үнийг үндэслэн Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон бусад ажлын албадын төсөвт тусган улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд үйлчилгээний цар хүрээ болон жишиг үнэ өөрчлөгдсөнөөс бусад тохиолдолд төлбөрийг нэмэгдүүлэхгүй.
9.2. Газар нь санхүүгийн тайланг Нягтлах бодох бүртгэлийн тухай хууль тогтоомж, олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу жил бүр гаргаж, аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна.
9.3. Газрын санхүүгийн тайлангийн үнэн зөвийг захирал, ерөнхий нягтлан бодогч нар хариуцна.
9.4. Газрын ерөнхий нягтлан бодогч нь мэргэшсэн нягтлан бодогч байх бөгөөд түүнийг Сангийн яамны зөвшөөрөлтэйгээр захирал томилж, чөлөөлнө.
9.5. Өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад бүртгэлээр тавих хяналтыг ерөнхий нягтлан бодогч хариуцна.
9.6. Газрын санхүүгийн тайланг шалгуулж баталгаажуулах, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд бүрэн болон хэсэгчилсэн шалгалт хийлгэх зорилгоор гэрээний үндсэн дээр аудиторыг сонгон ажиллуулна.
9.7. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргатай байгуулсан гэрээний биелэлт, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Санхүү, хөрөнгө оруулалт, үйлчилгээний хэлтэс ерөнхий удирдлагаар ханган ажиллах ба тус хэлтсээс мэргэжил, арга зүйн туслалцаа авч ажиллана.
Арав. Газрын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан
10.1. Газрын санхүүгийн үйл ажиллагааг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу эрхлэн хөтөлж тайланг гарган холбогдох байгууллагад тайлагнана.
10.2. Захирал Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон холбогдох яамдад тухайн жилийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, зарцуулсан хөрөнгө санхүү, үр дүнгийн талаар дор дурдсан тайлан, илтгэх бичгийг хүргүүлнэ:
10.2.1. тайлангийн хугацаанд газрын эрхлэн явуулсан үндсэн үйл ажиллагааны талаарх танилцуулга, олгосон санхүүжилтийн тайлан, гарсан өөрчлөлтүүд болон эдгээр үйл ажиллагааны үр дүн;
10.2.2. шаардлагатай бусад мэдээлэл, тайлбар.
Арван нэг. Газрын бичиг баримтыг хадгалах
11.1. Газар нь төрийн байгууллагуудад мөрдөгдөж байгаа албан хэрэг хадгалалт, бичиг хэргийн нийтлэг журмыг мөрдөн ажиллах ба дараах бичиг баримтыг хадгална.
11.1.1. газрын дүрэм, дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт, газрыг байгуулах эрх бүхий байгууллагын шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад гэрчилгээ, сертификатууд;
11.1.2. санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангууд, түүнд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмжүүд;
11.1.3. анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтууд, түүнд тусгагдсан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нотлох бичиг баримтууд;
11.1.4. барилга, тоног төхөөрөмжийн паспорт, хувийн хэрэг, зураг төсөв, батлагдсан скиз, хөрөнгө оруулалт, их засварын ажлын төсвийн гүйцэтгэл, акт, дүгнэлт, бусад холбогдох баримт бичиг;
11.1.5. үйлчилгээний норм, нормативын баримт бичиг түүнтэй холбогдох стандарт, дүрэм, журам, зааврууд, бусад бичиг баримтууд;
11.1.6. боловсруулсан стандарт, захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр, захирлын гаргасан тушаал, шийдвэрүүд;
11.1.7. бусад баримт бичгүүд.
11.2. Дээрх бичиг баримтыг зохих журмын дагуу холбогдох этгээдээс хүлээн авч хадгалах, эрх бүхий этгээдэд танилцуулах, архивт шилжүүлэх ажлыг журмын дагуу зохион байгуулна.
Арван хоёр. Бусад
12.1. Газрын энэхүү дүрэм нь улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
12.2. Газрын дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлтийг хууль тогтоомжид заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно.
---oOo---
Текст томруулах
A
A
A