A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХОГ ХАЯГДЛЫН УЛСЫН ТОО БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ /БОАЖС-ын 2018 оны А/428 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОАЖС-ын 2018 оны А/428  дугаар тушаалаар хүчингүй болсон/

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-116 дугаар тушаалын хавсралт
          


ХОГ ХАЯГДЛЫН УЛСЫН ТОО БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл


1.1. Энэхүү журмын зорилго нь хог хаягдлын тоо бүртгэлийг хөтөлж, нэгтгэн боловсруулах, тайлагнах, албан ёсны статистик мэдээллийг бүрдүүлэхтэй холбогдсон төрийн захиргаа, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хоорондын харилцааг зохицуулахад оршино.
1.2. Тус журмыг Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт хог хаягдал үүсгэгч (эх үүсвэр) болон хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах, хадгалах зөвшөөрөл авсан /цаашид эрх бүхий этгээд гэх/, бүх шатны төрийн захиргааны байгууллагууд хог хаягдлын тоо бүртгэл хөтлөх, тайлагнах, албан ёсны статистик мэдээллийг бүрдүүлэх үйл ажиллагаанд дагаж мөрдөнө.
1.3. Хог хаягдлын улсын тоо бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх зарчмыг хангахын тулд уг бүртгэл нь холбогдох төрийн захиргааны төв байгууллага, Үндэсний статистикийн хороо, Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар холбогдох мэдээллийн сантай мэдээлэл солилцох, баяжуулах боломжтой байх нөхцлийг хангасан байна.
1.4. Хог хаягдлын тоо бүртгэлийг Үндэсний статистикийн хорооноос баталсан маягт  болон “Эх үүсвэрээс гарах хог хаягдлын кодчилсон жагсаалт” -ын ангилал, зэрэглэл, кодын дагуу хөтөлнө. Эдгээр маягт, жагсаалт шинэчлэгдсэн батлагдсан тохиолдолд сүүлчийн хувилбарыг бүртгэлд ашиглана.
1.5. Хог хаягдлын улсын тоо бүртгэлийн тайлан, мэдээлэл нь “Албан ёсны статистикийн  мэдээлэл” болно.
1.6. Хог хаягдлын тоо бүртгэл, тайлан мэдээлэл нь хог хаягдлын мэдээллийн сангийн бүрэлдэхүүн хэсэг байна.           

          
Хоёр. Хог хаягдлын тоо бүртгэлийн шатлал


2.1. Хог хаягдлын тоо бүртгэл нь дараах шатлалтай байна:
2.1.1. Улсын тоо бүртгэл;
2.1.2. Дунд шатны тоо бүртгэл;
2.1.3. Анхан шатны тоо бүртгэл;
2.2. Улсын тоо бүртгэлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтлөн явуулна.
2.3. Дунд  шатны тоо бүртгэлийг аймаг, нийслэлийн Засаг дарга хөтлөн явуулна.
2.4. Анхан шатны тоо бүртгэлийг сум, дүүргийн Засаг дарга хөтлөн явуулна.

Гурав.  Хог хаягдлын бүртгэл хөтлөх, тайлагнахад оролцогч талуудын эрх, үүрэг


3.1. Үндэсний статистикийн хороо болон аймаг, нийслэл, сум дүүргийн статистикийн газар хэлтэс  нь хог хаягдлын тоо бүртгэл хөтлөх, тайлагнах үйл ажиллагааг  удирдлага, арга зүйгээр хангаж ажиллах;
3.2. Үндэсний статистикийн хороо нь хог хаягдлын улсын тоо бүртгэлийн тайланг хэрэглэгчдэд тараах, мэдээллийн ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах;
3.3. Хог хаягдлын тухай хуулийн  7.2, 7.3, 7.4-т заасан төрийн захиргааны төв байгууллага хог хаягдлын тоо бүртгэл хөтлөх, тайлагнах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчилах, мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах;
3.4. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь 4 жил тутамд Монгол улсын нутаг дэвсгэрт улсын бүртгэлд хамрагдаагүй хог хаягдлын хуримтлал, эх үүсвэрийг бүртгэх, анхан шатны бүртгэлийн үйл ажиллагааг цэгцлэх, хянах зорилгоор улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттай тоо бүртгэлийн арга хэмжээг зохион байгуулах;
3.5. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дунд шатын тоо бүртгэлийн тайланг нэгтгэн боловсруулж, хог хаягдлын улсын тоо бүртгэлийн тайланг гаргаж, мэдээллэх;
3.6. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь анхан шатын тоо бүртгэлийн тайланг нэгтгэн боловсруулж, хог хаягдлын дунд шатны тоо бүртгэлийн тайланг гаргаж, мэдээллэх;
3.7. Сум дүүргийн Засаг дарга нь харъяалах нутаг дэвсгэртээ хог хаягдлын анхан шатны тоо бүртгэлийн тайланг хог хаягдал үүсгэгч болон эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргуулж авах ажлыг зохион байгуулах, мэдээллэх ба хог хаягдлын төвлөрсөн цэг, боловсруулах үйлдвэр, байгууламж зэргийг засаж тохижуулах, шинэ арга технологи нэвтрүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг аливаа өөрчлөлт бүрийг хог хаягдлын анхан шатны тоо бүртгэлийн тайланд тусгах;
3.8. Хог хаягдал үүсгэгч болон эрх бүхий иргэн, аж ахуйн, нэгж байгууллага нь батлагдсан маягт болон “эх үүсвэрээс гарах хог хаягдлын хор аюулын зэрэглэлээр кодчилсон жагсаалт”-ын дагуу хог хаягдлын тоо бүртгэлээ тухай бүр хөтөлж, энэ журмаар тогтоосон хугацаанд тайлангаа сум дүүргийн Засаг дарга эсхүл түүний түүний томилсон этгээдэд гаргаж өгөх;
3.9. Хэрэв хог хаягдал үүсгэгч болон эрх бүхий иргэн,  аж ахуйн нэгж, байгууллага нь хэд хэдэн аймаг, сумын нутаг дэвсгэрийг дамнан үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд тухайн үйл ажиллагааны ихэнх хэсэг нь төвлөрч байгаа засаг захиргааны нэгжид хог хаягдлын бүртгэлийн  тайлангаа гаргаж өгөх;
3.10. Хог хаягдал үүсгэгч этгээд (хог хаягдлын эх үүсвэр)нь өөрийн төлөөлөл болон гэрээгээр үүрэг хүлээсэн гуравдагч этгээдээр дамжуулан хог хаягдлын мэдээлэл, тайлангаа өгч болно. Энэ нь хог хаягдлын мэдээллийн үнэн зөв ёстой байх үүргээс хог хаягдал үүсгэгчийг чөлөөлөх үндэслэл болохгүй;
3.11. Аюултай хог хаягдал үүсгэгч, хадгалагч, тээвэрлэгч, экспортлох болон устгах үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдлын бүртгэлээ Хог хаягдлын тухай хуулийн 7.1.6-д заасан “Аюултай хог хаягдлын бүртгэл болон тайлангийн маягт” –ын дагуу хөтлөн явуулах.


Дөрөв. Хог хаягдлын тоо бүртгэл хөтлөх, тайлагнах хугацаа


4.1. Хог хаягдал үүсгэгч болон эрх бүхий иргэн, аж ахуйн, нэгж байгууллага нь хог хаягдлын бүртгэлийн тайлангаа улиралд нэг удаа гаргах ба дараа улирлын эхний сарын  10-ны дотор харъяалах сум дүүргийн Засаг даргад гаргаж өгнө.
4.1.1. 1 дүгээр улирлын тайланд 11, 12, 01 дүгээр сарын тоо, бүртгэл
4.1.2. 2 дугаар улирлын тайланд 2, 3, 4 дүгээр сарын тоо, бүртгэл 
4.1.3. 3 дугаар улирлын тайланд 5, 6, 7 дугаар сарын тоо, бүртгэл
4.1.4. 4 дүгээр улирлын тайланд 8, 9, 10 дугаар сарын тоо, бүртгэл тус тус хамаарна.
4.2. Сум, дүүргийн засаг дарга нь хог хаягдлын анхан шатын тоо бүртгэлийн тайлан, мэдээллээ дараа улирлын эхний сарын 20-ны  дотор Аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ.
4.3. Аймаг, нийслэлийн засаг дарга нь хог хаягдлын дунд шатны тоо бүртгэлийн тайлан, мэдээллээ дараа улирлын эхний сарын 30-ны дотор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
4.4. Энэ журмын 3.3-т заасан төрийн захиргааны төв байгууллага хог хаягдлын бүртгэлийн тайланг жил бүр гаргах 12 дугаар сарын 20-ны дотор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
4.5. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хог хаягдлын улсын тоо бүртгэлийн тайланг жил бүр гаргах ба дараа оны 1 дүгээр сарын 20-ны  дотор Үндэсний статистикийн хороонд хүргүүлнэ.

Тав. Хог хаягдлын тоо бүртгэлийг хөтлөх,тайлагнахад шаардагдах санхүүжилт


5.1. Хог хаягдал үүсгэгч болон эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдлын тоо бүртгэл хөтлөх, тайлагнах үйл ажиллагааны зардлыг өөрөө хариуцна.
5.2. Хог хаягдлын анхан  болон дунд шатны тоо бүртгэлийг хөтлөх, тайлагнах үйл ажиллагааг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн /орон нутгийн/ төсвийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.
5.3. Хог хаягдлын улсын тоо бүртгэл хөтлөх, тайлагнах үйл ажиллагааг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.
5.4. Холбогдох төрийн захиргааны төв байгууллага нь салбарын хог хаягдлын тоо бүртгэл хөтлөх, тайлагнах, сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулахад шаардагдах санхүүжилтыг улсын төсөвт тусгах замаар санхүүжүүлнэ.


———————-000————————